Хүүхдэдээ Сүхбаатар гэдэг нэрийг битгий өгөөрэй
2013 оны 7 сарын 17
Хүүхдэдээ Сүхбаатар гэдэг нэрийг битгий өгөөрэй
Социалист нийгмийн үед Чингис хаан гэдэг нэрийг хэлэх нь байтугай бодохоос айдаг байлаа. Тэгвэл ардчилсан засгийн үед Сүхбаатар гэдэг нэр ад үзэгдэх болов.
Өнгөрсөн долоо хоногт болсон баяр наадмын үеэр тэд Ардын хувьсгалын гэдэг нэрийг авч хаяхыг оролдсон. Шадар сайд Д.Тэрбишдагвын хэлснээр Баяр наадмын комисс Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгтэй тогтоол баталсан атал дээрээс энэ үгийг аваад хаячихсан гэж байгаа. Гэтэл 1921 оны Ардын хувьсгал ялснаас хойш аварга төрж байгаагүй хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар анх удаа аварга төрөх нь тэр. Харин өчигдөрхөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн төв талбай Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж Чингис хааны нэрэмжит талбай болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр манай улс Чингис хаан нисэх буудал, Чингис зочид буудал, Чингис ресторан, Чингис архи, Чингис хуушуур, Чингисийн талбайтай боллоо. Хэн нэгэн иргэний хэлсэнчлэн одоо Чингис ариун цэврийн хэрэглэл, Чингис бэлгэвчтэй болох л үлдэх шив дээ. Угтаа Чингис гэдэг нэрийг ашиглахыг хориглоно гээд байгаагүй билүү. ШӨХТГ-ын дарга О.Магнай, УИХ-ын зарим гишүүд ийм санаачилга гаргасан. Хэдийгээр хэрэгжиж эхлээгүй ч энэ хуулийн төсөл батлагдвал иргэд төв талбайдаа жагсаал цуглаан хийнэ гэдэг юу л бол. Чингисийн талбайд өлсгөлөн зарлана гэж бүр зүүдлээд ч хэрэггүй биз.

Соц нийгмийн үед ардчиллын алтан хараацайнууд Сүхбаатарын талбайд хүйтэн цемент дээр өлсгөлөн зарлаад хэвтэж байсан. Тэдэнд тийм эрх байсан. Тэгвэл одоогийн байдлаар Сүхбаатарын хөшөөнөөс хойш Төрийн ордонд хамаарах болсон тул иргэд тэнд аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ардчилсан засаг бидэнд тийм эрх олгосон. Одоо харин Ардчилсан засгийнхан ардын засгийн үеийн түүхээс цэрвэх боллоо. Тэд Сүхбаатарын талбай гэдэг нэрийг авч хаяж, цаашлаад Сүхбаатарын хөшөөг ч буулгаж мэдэхээр байна. Хуучин эрх баригч хүчин болох МАН 2010 онд МАХН гэдэг нэрнээсээ хувьсгалт гэдэг үгийг авч хаяж чадсан. Харин төв талбайд наран ургах зүг рүү итгэл дүүрэн харах Сүхбаатарын хөшөөг хүрэл болгосон.
Бидний хэлэх гээд байгаа зүйл Сүхбаатарын талбай гэдэг нэр, Сүхбаатарын хөшөө, Сүхбаатар гэдэг нэрэндээ байгаа юм биш. Хувьсгал гэдэг үгэнд ч байгаа юм биш. Энэ үгний цаана эх орны минь тусгаар тогтнол байгаа юм. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд мэдээллийг асар хурдтай хүлээн авч байна. Тиймээс “Ард түмэн бол цагаан цаас” гэдэг үг аль хэдийн ард хоцорсон. АН-ынхан андуураад байна. Эрх баригчид түүхийг өөрсдийнхөө таашаалд нийцүүлэн өөрчилдөг цаг аль эрт ард хоцорсон.

Улс гүрэнд байтугай хүний амьдралын түүхэнд нэг нь нөгөөгөө үгүйсгэх үйлдэл нь эцэстээ үзэн ядалт, өсөрхөх үйлдлийг дэвэргэдэг. Бид хэдхэн хоногийн өмнө Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Гэтэл хамгийн ойрхон 1921 оныхоо түүхээр оролдоод байгаа биднийг хараад гадныхан юу гэх бол. Магадгүй Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой гэдэгт эргэлзэж эхэлнэ. Бүр зарим нь Монголын түүхийг засварлаад эхэлбэл яана. Монголчууд Америкийг өөрийн гэсэн үүх түүхгүй, энд тэндхийн цагаачдаас бүрдсэн гэж хэлдэг. Бүхэл бүтэн түүхээрээ оролддог, оролдоод зогсохгүй устгадаг ард түмэн монголчуудаас өөр байна уу.

АН-ын олигархиуд Сүхбаатарын талбай, хувьсгал гэдэг үгийг устгаад зогсохгүй одоо бүр 14,7 тэрбумаар боссон Тусгаар тогтнолын ордныг МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүдтэй наймалцаж байгаа сурагтай. Ялагдсан нам гэдэг өнгөгүй, мөнгөгүй байдаг. Сүүлийн үед Тусгаар тогтнолын ордны нэг давхарт байрладаг супермаркетыг худалдах гэж байгаа талаар яриа тархах болсон. Түүнийг нь далимдуулж олигархиуд өөрийн болгохыг эрмэлзэж байгаа юм байх.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэрээ “Маргааш өглөө хоёр сая 900 мянган Чингис сэрнэ” хэмээн хэлсэн. Тэрбээр таван жилийн өмнө “Хоёр сая 600 мянган монгол сэрж байна” хэмээн хэлж байлаа. Ерөнхийлөгч бүх ард түмнээ Чингис хэмээн нэрлэж байна. Тэгэхээр Монголоор дүүрэн эр, эм, хөгшин, залуу, ажилтай, ажилгүй, архичин, хоригдол Чингис байгаа хэрэг. Харин Сүхбаатар бол хориотой. Ардчиллын үед түүний нэрийг түүхээс авч хаяхыг эрмэлзэж байна. Засгийн эрх баригчдын энэ үйлдэл нь залуусын тархийг угааж байна. Ямар сайндаа л “Сүхбаатар бол коммунист баатар” гэж жиргэж байх вэ дээ. Залуус ийм л ойлголттой болж байна. Гэхдээ түүх түүхээрээ үлдэх ёстой. Түүхийн шаргал хуудсыг их болгоомжтой эргүүлэх хэрэгтэй.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив