Улаанбаатар, Анкарагийн харилцааны талаар уулзаж ярилцжээ
2013 оны 7 сарын 23
Улаанбаатар, Анкарагийн харилцааны талаар уулзаж ярилцжээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид өчигдөр  Анкара хотноо айлчилж,  тус хотын дарга, ноён Мелих Гөкчектэй уулзаж ярилцжээ.

Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх тухай ярьж, санал бодлоо илэрхийлэв. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гөкчект гардуулсан байна. Ноён М.Гөкчек Э.Бат- Үүл даргад баярласнаа илэрхийлж, мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд бололцоотой үед Улаанбаатарт дуртайяа зочилно гэв. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Түркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Түркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, ялангуяа Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай ярьж танилцуулсан байна. Ах дүүгийн харилцаатай Улаанбаатар, Анкара хотуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх ихээхэн нөөц, бололцоо байгааг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ