Э.Бат-Үүлийн Зөвлөлт маягийн өөрчлөлт
2013 оны 7 сарын 23
Э.Бат-Үүлийн Зөвлөлт маягийн өөрчлөлт
Тийм ээ, Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн Монгол Улс бол Ази дахь ардчилсан Ерөнхийлөгчтэй Зөвлөлт сэтгэхүй бүхий цорын ганц орон. Улсын нийслэл Улаанбаатар хот нь ардчилсан Засаг даргатай, харин энэ хотын иргэдийн олонхи нь Зөвлөлт сэтгэхүйтэй.

Дэлхий дахинаа мянганы хүнээр тодорсон Чингисийн Монголд ийм “Түүхэн өөрчлөлт” гарсан нь сонирхолтой санагдахгүй байна уу. Магадгүй Ардын засгийн түүхийг баллуурдаж, эзэн Чингисийг “Сэрээсэн” нь Монголын имижийг нэн шинээр өөрчлөх ч юм билүү, хэн мэдлээ. Мөнөөх уналтад ороод байгаа аялал жуулчлалын салбар ч сэргэх биз. Хотын мэр Э.Бат-Үүл Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилснөө “Монгол Улсын түүхийн үнэн сэргэж байгаа тухай шийдвэр юм. 1990 оноос өмнөх 70 жилд манай түүхийг зөвлөлт маягийн суртлаар мушгин гуйвуулж байсан. Харин одоо Монгол Улсыг байгуулсан хүнийхээ нэрээр нэрлэж байгаа явдал бол түүхээ эргэж үнэн зөвөөр тогтоож байгаа том ажлын нэг их чухал цэг нь. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа хүмүүст үнэхээр харамсаж байна. Үнэхээр Зөвлөлт сэтгэхүйнээсээ салж чадахгүй байна” хэмээн  тайлбарласан. Харин түүнийг ийм мэдэгдэл хийсний дараахан Хэнтий аймгийнхан аймгийнхаа төвийг Чингис хот гэж нэрлэхээр болж байгаа сурагтай. Ингээд Э.Бат-Үүлийн хэрэгжүүлж эхэлсэн “Чингис”-ийг сэрээх ажиллагаа хөдөөд халдварлаж эхэллээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс Үндэсний их баяр наадмаар Төрийн ордны өмнө залуучуудад зориулсан лазер шоу зохион байгуулж “Чингис хаан маань амилан сэрэх шиг боллоо. Их хаан залуустайгаа хамт “Бүжиглэж” байна. Бүр сэнтийгээсээ босч ирээд мэргэн үгээ айлтгах шиг санагдлаа. Чингис хаан үг хэлэв” гэж цахим ертөнцөөр завсар зайгүй зарлаж байсан нь ийм учиртай байж.
 
Гэхдээ Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн оросууд одоо Зөвлөлт сэтгэхүйтэй ард түмэн хэвээр байгаа юу, аль эсвэл өөрчлөн байгуулалтын үр дүнд эрс өөрчлөгдөж баруунжсан уу. Бидний нэрлэж заншсанаар Зөвлөлт буюу ЗХУ нь Евразид 1922-с 1991 он хүртэл оршин тогтносон 15 Бүгд Найрамдах Улс болон хэд хэдэн автономит улс, хязгааруудаас тогтсон социалист орон байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн их хохирол амссан улс бол хойд хөрш. Дайн дууссаны дараа хойд хөрш маань дайнд нэрвэгдсэн хотуудаа Баатар цол олгосон байдаг. Москва, Ленинград, Сталинград зэрэг нийт 12 хотод баатар цол олгосон бөгөөд Брест цайзад "Баатар-цайз" цол олгожээ. 1988 онд ЗХУ-ын Засгийн газар "Баатар-хот" гэдэг цол олгохыг зогсоосон тул ийнхүү 12 хот, 1 цайз ийм цолтой болон үлдсэн байдаг. Орос Улс хотынхоо нэрийг тухайн цаг үедээ тааруулан өөрчилж байсан удаатай. Тухайлбал, Санкт-Петербург хот анх Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж 1924 оноос Ленинград гэж нэрлэж байв. Харин 1991 оноос Санкт-Петербург болгон өөрчилсөн байна. Түүнчлэн 1961 онд баатар хот Сталинградыг баатар хот Волгоград болгон өөрчилсөн бөгөөд Сталинградын тулаан төгссөний ойн өдөр хоёрдугаар сарын 2, Ялалтын баяр буюу тавдугаар сарын 9, Сталинградыг бөмбөгдөх үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр албан ёсны бүх арга хэмжээнд Сталинград гэдэг нэрийг хэрэглэдэг байна. Оросууд хэдийгээр баатар хотууддаа хуучны нэрийг нь эргүүлэн өгсөн ч Москва хотын нэрээрээ оролдоогүй.

1985 оны гуравдугаар сард Михаил Горбачёв нам төрийн удирдлагад гарч ирэн Өөрчлөн байгуулалт, Ил тод байдал Ардчиллыг зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьснаар Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны ардчилсан улс болсон юм.

Тэгвэл Орост бий болсон өөрчлөн байгуулалт ч манайд орж ирснээр 1990 онд Монголд Ардчилсан хувьсгал ялсан. Тэр цагаас хойш ардчилсан Монгол Улс анх удаагаа Ардчилсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай болсон. Бүр нийслэл маань ч ардчилсан Засаг даргатай болсон. АН-ынхан анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын засгийн эрхийг гартаа авч байгаа юм. Ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхийн тулд олон сайхан арга хэмжээ авч байгаа хэдий ч хотын төв талбайн нэрийг солих, Үндэсний баяр наадмаас Ардын хувьсгалын гэдэг үгийг авч хаях зэрэг өс хонзонгийн маягтай үйлдэл хийж байгаад иргэд дургүйцэж байна. Хотын мэр Э.Бат-Үүл өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Лениний хөшөөг буулгахдаа нулимсаа цийлэгнүүлэн байж “Хүн төрөлхтний түүхэнд коммунистууд шиг үндэс угсаа нэгтнээ үй олноор нь өргөн цар хүрээтэй устгаж байсан нэг ч хүчин байгаагүй” хэмээж байлаа. Харин одоо тэрбээр Зөвлөлт сэтгэхүйтэй нийслэлчүүдэд харамсаж байгаагаа илэрхийлэн, иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүйгээр төв талбайнхаа нэрийг өөрчиллөө. Хэн нь хүч түрсэн, эзэрхийлсэн үйлдэл хийж байгааг иргэд нь хараад суухаас өөрийг хийж чадахгүй нь бололтой.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив