МАН-ын цагаан ордноос маарамбын гэр хүртэл
2013 оны 7 сарын 25
МАН-ын цагаан ордноос маарамбын гэр хүртэл
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намаа таван удаагийн сонгуульд ялуулсан баатрын дүрд хувираад байгаа энэ үед МАН-ын даргын утас холбогдох боломжгүй байна. Нкс эрх баригч хүчний тэргүүний сэнтийд өнгөрсөн онд заларсан Ө.Энхтүвшин дарга үнэхээр хаачив аа. МАН-ын туг бөхийж тэрбум тэрбумаар сүндэрлүүлсэн Тусгаар тогтнолын ордон л МАН гэдэг улс төрийн хүчин “амьд” байгааг илтгэнэ. Гэвч энэ цагаан ордон ялагдсан нам л ийм байдаг гэсэн шиг нэг л эл хуль оргино. Яг л нөгөө “Сэрэлт” кинон дээр гардаг маарамбын гэр шиг.

Орос эмч ирээд маарамбын гэрт ирэх хүн цөөрч, орос эмчид дугаарлах хүн өдрөөс өдөрт нэмэгдэх үед маарамбын гэр эл хуль хоцордог. Харин орос эмчид тусалж буй Бумаа авгай л ганц удаа хадаг боож маарамбыг зорих гэж байгаад эмчдээ баригдсанаар маарамбынх руу зүглэх хүн үлдээгүй. Яг үүн шиг “Энэ яаж байна” гэж шиншлэх Бумаа авгай энэ цагт “Шинэчлэл”-ийн хэдэн залуусаас өөр байна уу.

Хэрэв МАН-ынхан эрх барьсан хэвээр байж, УИХ-д олонхийн суудал авсан бол энэ намын байр албан тушаал горилогсдын урт дараалал үүсгэсэн байх байлаа. Гэвч улс төрд хүн чанар гэж байдаггүй, эрх ашиг гэж байдаг тул цагтаа МАН-ын нэрээр албан тушаал, эрх ямба эдэлж байсан нөхдийн зарим нь АН руу, зарим нь бүр МАХН руу дайжин орсон. Тэгэхээр Тусгаар тогтнолын ордон эл хуль болж, эзгүйрэхгүй ч яах билээ дээ.

Ер нь ингэхэд МАН-ын дарга нар айраг эргүүлж, айл хэсэж явах зуур энэ намд юу болоод байна вэ. МАН-ын хэсэг залуус “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулж, намын Бага хурлаа наадмаас өмнө хуралдуулахыг шаардсан. Дараалан таван удаагийн сонгуульд ялагдсан намын залуус дуугарах цаг нь мөн үү гэвэл мөн. Энэ намыг улс төрийн тавцангаас нэг мөсөн арчин хаяж, нугачин дарахыг эрмэлзэгсэд олон байна. Түүнийг мэдэрсэн залуус дарга нараа баяр наадам хэсээд явчихаас нь өмнө намын шинэчлэл, цааүдын зорилго, зорилтоо тодорхойлъё, намаа нам шиг авч явж чадахгүй байгаа намын удирдлагуудыг өөрчилье хэмээн дуугарч байгаа нь авууштай. Гэтэл МАН-ын хэдэн гүлдгэр дарга нар гүлдийсээр байгаад утсаа салгаад алга болчихсон. Намын залуусдаа энэ сарын 20-оор Бага хурлаа хуралдуулна гэж хэлчихээд сураггүй болсон дарга нараа шинэчлэлийн залуус эрж хайхыг хүссэнгүй. Учир нь энэ нам 90 гаруй жилийн түүхтэй, 200 гаруй мянган гишүүнтэй улс төрийн ууган хүчин. Өмнө нь удирдлагын зааснаар явдаг байсан бол одоо мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ үзэл бодол, үг хэлээр явах гэнэ. МАН-ын дүрэмд намын Бага хурлыг намын дарга, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн гуравны нэг хувийн санаачилгаар хуралдуулна гэж заасан байдаг байна. Тиймээс шинэчлэлийн залуус энэ сарын 30-нд Бага хурлаа хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Гэхдээ ажиглагч нар М.Энхболд, Сү.Батболд гээд нам доторхи фракциудын хашир бурхинууд тийм ч амар Бага хурлыг хуралдуулчихгүй хэмээж байна. Сураг сонсох нь ээ МАН дахь фракциуд ч дотроо задарч байгаа гэнэ. Тиймээс намын Бага хурал дээр түүний, үүний фракци гэж гэж багцлагдахгүй байх талаар ажиглагчид хэлж байгаа. МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж болох байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчиж, ах дүү нь 17 тэрбумын тендерийн асуудалд холбогдсон гээд тэдэнд боломж байсан. Гэвч тэд юу ч хийж чадаагүй. Сөрөг хүчин хэрхэн ажилладгийг харуулаагүй. Бүр долоохон хүний шийдвэрээр жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгоход намын удирдлага нэг мэдэгдэл шиг юм гаргасан болчихоод бас л таг чиг болчихсон. Одоо бүр захын нэг иргэн экч эрх баригч хүчинг тар гэж орилж, болохгүй бол Дээд шүүхийн гадаа суулт хийж, татан буулгана хэмээж байна.

Үнэхээр МАН-д алдах юм их бий. Ер гаруй жилийн түүхтэй, 200 мянга гаруй гишүүнтэй, сайн ч, муу ч эрх барьж явсан түүх. Энэ бүхнийг тавхан сонгуулийн ялагдлаар баллуурдах юм гэж үү. Монголын хамгийн олон лидертэй гэгддэг энэ намын лидерүүд хаачив. Шил шилээ дарсан луйварын хэргүүд тэдний зүрхийг ингэтэл үхүүлчихэв үү. Үнэндээ алдах ёсгүй зүйлээсээ ч тэд эхнээсээ алдаж байна. Хамгийн түрүүнд эрх барих сэнтийгээ алдсан. Эрх барих сэнтийгээ алдсанаар эрх мэдлээ алдсан. Намын байруудаа алдаж дууслаа. Төв бассейны дэргэдэг байраа алдсан. Араас нь Лениний музейн барилгаа ч булаалгачихлаа. Одоо бүр Офицеруудын ордны тэнд байрлах намын байраа хүнсний зах болгочихоод алдах дээрээ тулаад байна.

Гэхдээ тэдний алдаж болохгүй хамгийн том зүйл бол эгэл жирийн гишүүд, дэмжигчид. Төдийгөөс өдий хүртэл намд итгэж, намынхаа төлөө зүтгэж ирсэн хүн олон бий. Ямартаа л Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын 1921 дугаарын утас руу залгаж “Тийм сайхан намыг ийм болгох гэж дээ” хэмээн уйлж байх вэ дээ. Намын шинэчлэлийн тухай ярьж байгаа залуучуудын дунд эрдэм мэдлэгтэй, боловсролтой, хүний ярьсан хэлснийг сайн ойлгох, толгой сийрэг залуус зөндөө бий. Гэтэл удирдлагууд нь тэднээс зугтаад байна вэ. Яагаад Б.Даш-Ёндон, Ш.Гунгаадорж нарын ахмадуудаа өмнөө барьчихаад нуугдаад байна вэ. Тэдэнд залуустайгаа уулзах зориг алга уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив