Наадам сайхан ч, наргих бас сайхаан
2013 оны 7 сарын 29
Наадам сайхан ч, наргих бас сайхаан
Х.БҮРЭНТОГТОХ
1.
    Монголчууд найр, наадамд сүрхий улс юм. Наадамд бол гурав, дөрвөн сарын өмнөөс бэлтгэнэ. Цагаан сард бол бүтэн жилдээ бэлтгэнэ. Улсын наадам, аймгийн наадам, сумын наадам, овооны наадам, багийн наадам. Үүнээс цааш ч наадмууд барагдахгүй. Үүнийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ? Латин Америкт тоогүй олон хувьсгал болсон доо. Сүүлдээ бүр тэр олон хувьсгалаас залхаад хувьсгалыг байтугай тоог нь анзаарах аа ч больсон доо. Үүн лүгээ манай наадам баярын тоог нь ч анзаарахаа больж байх шиг байна. Ер нь л 1921 онд Ардын хувьсгалын дараагаас 1930 он хүртэлх хугацаанд орчин цагийн бүх байгууллагын үүд хаалга нээгджээ. Эрүүл мэнд, гэгээрэл, цэцэрлэг, хүний эрүүл мэнд, мал эмнэлэг гээд. Цаашилбал  зам тээвэр, холбоо, эрчим хүч, барилга, орон сууц, бохир болон цэвэр усны хоолой, ариун цэврийн станц гээд бүгд л нэгдсэн байгууллагуудын эх суурь тавигдсан байна. Ганцхан жишээ хэлэхэд л, Гал команд гэхэд 1921 онд  морин тэргэн дээр төмөр поошиг зоогоод усан шүршүүртэй анх   бий болж байжээ. Үүнээс өмнө юу байсныг түүхийн шарласан хуудсууд хэлээд өгнө дөө. Дээр дурдагдсан бүх хот, суурин, аймаг сум, баг бригад, байгууллага, хамт олны 70, 80,90 жилийн ой одоо болон ойрын хэдэн жилүүдэд болж байна. Цаашид бас үргэлжлэн ойнууд явсаар байх болно. Бүр тэдний 5, 15, 25....75,85,95 гээд тэгшээр үргэлжилж байсан нь сондгойгоор үргэлжилдэг билээ.
Удахгүй 100-ууд үргэлжлэнэ. Тэр цагт ч аатай том баярууд ар араасаа үргэлжлэнэ дээ. 
Ер нь бол “найрчин”, “наадамчин” гэдэг манайд мэргэжлийн түвшинд очлоо. Найман настай балчираасаа наян настай буурлаа хүртэл найр, наадамд хэрхэн оролцох вэ гэдгээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Яг нарийндаа, орчин цагт, найман настай балчираасаа ч биш гурван настайгаасаа, 117 настайгаа хүртэл “үзнэ” шүү дээ, үзнэ. Найр, наадмын манлайд. Монголчууд угаасаа орчиндоо зохицон дасах агуу том чадвартай үндэстэн гэдэг. Тракторчин хүн найрчин болох бол секундын ажил. Трактораа хаялаа. Найранд очлоо. Цаашаа бол хэнээр ч заалгахгүй. Намар боллоо. Найр дууслаа. Трактороо эргэж авлаа. Сайд хүн наадамчин болох бол бүр ч амар. Кабинетээ түр орхилоо. Морио уралдууллаа. Тэр нь түрүүллээ. Засаг дарга нар бол зун намрын цагт байнгын шахуу наадмын бэлтгэлтэй.
Шинэчлэлийн үе эхэллээ гэсэн. Шинэ юм сонсдож байна аа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн маань морь түрүүллээ л гэнэ. Ажнай Бат-Эрдэнийн морь түрүүллээ л гэнэ. Энэ мэтчилэн наадам эхлэв үү, үгүй юу томчуул маань наадмын настрийг аяндаа аваад жийчих нь сайхан. Уг нь Ажнай Бат-Эрдэнэ бол Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ маань шүү дээ. Иймд сайд дарга нарыг төрийн хүнээс нь илүү наадамчин гэдгээр нь улс орон даяар цоллох жишээтэй. Тэгээд бас гоё оо, тэрний аранзал зээрд, энэний мушгиа саарал, тэрний хоцордоггүй халиун, энэний цөмөлдөг буурал ч гэдэг юм уу том том дарга удирдлагын нэрний ард элдэв зүсмийн, эрэмгий хурдан хүлэг морьдын нэр зоолттой. Бид чинь энэ том улсынхаа хүүхэд шуухдын ажил үйлс, нэр усыг мэдэхгүй. Тэр бол хаалттай шахуу. Харин  морьдынх нь зүс царай, нүд шүд, хурд угсааг мэдэхийн сайныг яана. 
Дээд дарга нар маань энэ бүхэнд буруугүй. Баталгаатай хэлье. Бид багадаа Монгол ардын үлгэр уншиж, сонсдог байв. Тэр үлгэрүүд маань их хачин төгсгөлтэй. Манай талынхан арван таван толгойтой, атгаажин хар мангасыг дарсны дараа ч юм уу. Эсвэл хорон муу санаатай дайснаа дарсны дараа ч юм уу. Заавал үлгэр маань их сонин төгсөнө. Тухайлсан төгсгөлийг дор бичлээ. 
Тэгж явж, дайснаа дарж, дархан цолоо мандуулснаа “Хундага тавихгүй архи ууж, хутга тавихгүй мах идэж амар сайхандаа жаргав аа” ч гэдэг юм уу. Байлдаж байлдаж аюулт Мангасын аманд нь ороолт хийж хахааж алаад “Жаран жилийн найр хийж, наян жилийн наадам хийж амар сайхандаа жаргав аа” гэх маягаар төгсөх жишээтэй. 
Сүүлийн 23 жилд социализмын мөхлийг үзээд жаргаж байх шиг.
Иймд ХХI зуунд үлгэрийн төгсгөл арай өөр баймаар. Ний нуугүй хэлэхэд шүү дээ. Жишээ нь миний бие, бөх барилдвал салхинд нь хийснэ. Морь уралдуулъя морь байхгүй учир ингээд байгаа юм болов уу гэж бодох юм.
Уншигч Та харин юу гэж бодож байна?
2.
Манайд чинь баяр сайхан үргэлжлэх юм аа. Заримдаа урд цагт байсан Мартын 8-н хоёр болоод ч байх шиг. Нэг  нь гуравдугаар сарын 08-н. Нөгөө нь зургаадугаар сарын нэгэн. Уг нь дээхнээ: “Зургаан сарын нэгэн бол хүүхэд бидний баяр даа” гэж дуулдаг байлаа. Одоо эх үрсийн баяр болчихоод байгаа юм. Зөвхөн хүүхдийн баяр байхад эх эцэг нь үр хүүхдээ ойр зуурын юмаар болгочихдог байв. Одоо бол ээжийг баярлуулна гэж аав далимдуулж бага Мартын 8-н болгох тал руугаа орчихлоо.  Иймэрхүү юм бол олоон. “Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо олширлоо” гэдэг шиг шинэ хувьсгалын жилүүдэд манай баяр, наадам, аялал зугаалга, овоо тахилгын үйл явдал олширлоо. Зун дарга даамлууд амраад явчихна.  Уг нь зун цаг чинь манай бүтээн байгуулалтын оргил сезон. 
Бүр сүүлдээ Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг хоёр маань Буйр нуурын эрэг дээр хамтдаа амарч байна ч гэх шиг.  Амрах нь амардаг л юм байж. “Аюулгүй байдал талаасаа ямар байдаг юм бол доо?” гэдэг асуулт гарна аа даа. Уг нь энэ хоёр албан тушаалтанд зориулж ажил төрлөө ярилцаа гэж Төрийн ордон байдаг. Хамгаалттай харж байгаа шүү гээд Их тэнгэр цогцолбор байдаг.
За энэ ч яах вэ? Энэ байтугай юм яригдахаа байсан цаг. Ер нь төрийн өндөр албан тушаалд очихыг зөвшөөрсөн бол төрийн хамгаалалтын ёс жаягийг дагах л ёстой. Манайд энэ ёс жаягийг зөрчиж ёс бус юм болсон тохиолдлууд бий шүү дээ.
3.
Ерөөсөө бид баяруудыг ард түмний эрүүл мэндийн чигт хандуулах цаг нь иржээ. Хонь хагалсан, архи айраг дэлгэрсэн баяр наадам ихэд лээ. Сүүлийн үед манайхан цасны баярыг байгууллага хамт олноороо хийдэг нь сайн хэрэг. Уг нь цана, тэшүүрээр гулгаж баярлавал сайхан. Ийм эрүүл мэндийн баяруудыг өргөжүүлэх өнөө цагтайгаа нэг долгион дээр сэтгэхийн урьдчилгаа.
Гэхдээ галт устай, цаст ууланд байх нь хэцүү.
Баярууд дагасан архи тамхи, алмай байдлаас үүдэлтэйгээс бид их өвдөж байна. “Инфаркт миокарда” гэдэг чинь испани бүжигний нэр биш. “Аюул үхэл” гэсэн хятад ханз гээд туучихад бараг алдахгүй дээ.
Өнөөдөр нөгөө ертөнцөд одогсдын 50 орчим хувь нь зүрх судасны өвчний угшилтай байна гэсэн тоо байна.  Иймд энд нэг сонин жишээ дурдахад, жил бүр Москва мужид Эрүүл зүрхний төлөө хэмээх баярыг тэмдэглэж байна. Баярт оролцогсод холестрен, саахарын хэмжээ, биеийн жингээ жигнэнэ. Бас бус зовлон бэрхшээл, өвчинтэй тэмцэх туршлагаа харилцан ярилцах. Лекц сонсох. Электрокардиограф хийх. Ийм арга хэмжээ зохиосноор Москва мужид зүрх судасны өвчнөөр өвдөгсөдийн байдал үлэмж дээшилсэн байна. Сайн тал руугаа шүү!!! Өөрөөр хэлбэл би худал санаагүй бол энэ өвчинөөр өвдөгсөд бараг хоёр дахин  цөөн түргэн тусламж дууддаг болсон үзүүлэлт байна. Дээрх баярын туршлагыг Орос орны өнцөг булан бүрт захаасаа аваад дэмжиж байна.
Иймэрхүү арга хэмжээг найр наадмаа цөөлж улс орон даяар өргөн дэлгэрүүлмээр байгаа юм. Сонгууль өгсөн хүнийг 1000 нэгжээр шагнаж болоод байгаа юм чинь ийм баярт мөнгө зарцуулахад болохгүй юу байх вэ?! Наадам хийхэд тэрбумаар нь зарцуулж болоод байгаа юм чинь бас иймэрхүү баярт 100 саяыг зарцуулахад юу байх вэ дээ?!
Та бид: “Хамгийн ажилсаг хятадууд Еэвэн сараараа, Цагаан сараараа суналзтал сайхан амрдаг. Тэгэхэд бид тэднээс дутах нь юу юм” гэж бодох вий. Хятадууд чинь  баяраа угтуулан хагас, бүтэн сайн өдрөөрөө ажиллаж хураасаар байгаад дээрх баярууддаа шилжүүлж  “суналзтал” амардаг юм билээ дээ.
Гэхдээ манайхан бас зүгээр байгаагүй. Муу зуршилтайгаа тэмцэх гэж үзээд л  байна. 1990-2000 онд улс оронд архидалт гэдэг аранз болж байлаа. Та ч санаж байгаа. Би ч дотноор санаж байна. Гэвч УИХ-ын даргаар Р.Гончигдорж гуайг ажиллаж байх үед Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль гарсан. Одоо тэр цагаас хойш архидалт үлэмж багассан. Ц.Нямдорж гуайг УИХ дарга байх үед Тамхины хяналтын тухай хууль батлагдсан тэр цагаас хойш зугааны төдий тамхичид л лав тамхинаас гарлаа. Дээр нь Л. Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд зөв нэмэлт өөрчлөлтийг санаачлан хуульчлуулсан. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж эрүүл мэндийнхээ төлөө архины оронд сүү өргөхийг уриалснаар бас ч гэж хүмүүсийн зүг хандлага зөв чигтээ явж л байна. 15 жилийн өмнө 100 татахаараа гайхуулдаг байсан бол эдүгээ архи ууснаараа ичих шинжтэй болж байна. 
Эрүүл уушигны төлөөх баяр, Эрүүл зүрхний төлөөх баярууд хэрэгтэй байна. “Ард түмний хамгийн том баялаг эрүүл мэнд” гэж сайхан үг бий. Хэн хэлснийг санахгүй байна. Тийм лоозон ч байл уу?
Дээдэс маань зөв гольдролыг нь олоод өгвөл ард олон эрүүл мэндийнхээ баярт найр, наадмаас илүү ач холбогдолтой хандана даа. “Яг ш тээ, биш шүү. Яг тэгнэ”.
Цааш нь үргэлжлүүлье.
4.
Одооны залуучуудын нилээд хэсэг нь их өөр болжээ. Бүгдээрээ биш шүү. Нилээд хэсэг нь. Миний нэг дотны хүний маань хүү гадаадын хүмүүстэй хөдөө, орон нутгаар явжээ. Тэр залуугийн нэрийг хэлээд яах вэ? Түүнийг зүгээр л “Н” гэж нэрлье. Гэтэл Н  ба гадаадын хүмүүс Сумын удирдах нөхөдтэй уулзаад юу хэрэгтэй байдаг тухай сураглажээ. Сумын нөхөд: “Манай эмнэлэгт түргэний машин байдаггүй” гэж гэнэ. Гадаадын хүмүүс “За” ч гэсэнгүй. Бас “Үгүй” ч гэсэнгүй гэнэ. Тэр суманд наадам болж байсан тул гадаадынханд “эрийн гурав”-аа сонирхуулна биз дээ. Сонирхуулалгүй ч яах вэ? Гадны хүмүүсийг найр наадмаасаа хасаад хүндээ зориулж түргэний машин, малдаа зориулж эм тарилга нэхээд байлтай биш. Наадам сайхан боллоо. Сайхан ч бололгүй яах вэ дээ? Бид чинь энэ тал дээр гаршчихсан улс юм чинь. Гэтэл түрүүлсэн бөхөд “цоотноос цоотон” шинэ төмөр хүлэг өгөх нь тэр ээ. 
Гадаадынхан гайхаж байна гэнэ. 
Нэг гадаад хүн бүр Н-ээс,
- Н-ээ, танайхан чинь түрүүлсэн бөхөөрөө дамжуулж эмнэлэгтээ машин гардуулдаг юм уу? гэж асуужээ.
“Н” маань бас гайхна биз? Тэр чинь бас Европ, Америкгүй юм үзэж, номын дуу сонссон хүн. Тэгээд аавдаа ирээд гайшралаа хэлж буй хэрэг. 
Ер нь бол манайд ч сумын дарга нь жийп унаад чавхдаж байхад сумын эмнэлэг нь ямбий ногоонтой байх тохиолдол хэвийн үзэгдэл л дээ.
Дээрхийг би юуны учир бичив ээ гэвэл нэг сайхан мэдээ сонсоод бичлээ. Маэгишира Токитэнкү А. Хүчитбаатар гэдэг сумо бөхийг Та бид андахгүй сайн мэднэ. Тэрбээр Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин өргөжээ. Бас болоогүй, төрсөн сум Алтанбулагийнхаа эмнэлэгт яг ийм автомашин бэлэглэжээ. Танд баярлалаа. Монголчуудынхаа өмнөөс шүү.
Өнөө “Н” ба гадаадын хүмүүст л энэ наадмыг үзүүлэх юмсан. 
“Юуг нь үзүүлэх гэсэн юм бэ?” гэж  Уншигч авхай Та асууж байна аа даа янз нь. 
Юуг нь байх вэ дээ. Сумогийн бөх Токитэнкү А.Хүчитбаатар хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёрын хоёр машин наадмаар зон олондоо өгч байгааг л харуулахгүй юу.  Харин “Н” ба гадаадын нөхөд өдийд хаа явж байгаа бол?  Ядаж дуулгах юмсан.
“Үнэмших болов уу?” гэж уншигч авхай бас л ам асууж байна уу?
Үнэмших нь чухал биш үнэн юм үнэнээрээ байх л сайхан.
Монгол Улсын хүү А.Хүчитбаатар Танд баярлалаа. Одоо бол хэний өмнөөс “Баярлалаа” гэж хэлэв гэж үү?! Харин ч нэг нөхөр “Н” ба гадаад хүмүүсийн өмнөөс баярлалаа. 
Эцэст нь, “Баярууд, тэмдэглэлт өдрүүд,  том жижиг найрууд, том жижиг ойнууд, том жижг овоо тахилгууд, бас бус наадмуудтай ТЭМЦЭХ тухай  хууль” гэх нь бүр хаашаа юм! “Баярууд, тэмдэглэлт өдрүүд, том жижиг найрууд, том жижиг ойнууд, том жижиг овоо тахилгууд, бас бус наадмуудын ХЯНАЛТЫН тухай хууль” гэх нь бас жаахан хаашаа юм! Ер нь л нэг иймэрхүү. Ер нь л нэг тийм. “Баярууд, тэмдэглэлт өдрүүд,  том жижиг найрууд, том жижиг ойнууд, том жижиг овоо тахилгууд, бас бус наадмуудыг ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ тухай  хууль” гэдэг ч юм уу. Нэг тийм хууль л гаргамаар юм даа.
Энэ бол марзан үг биш. Маш ноцтой үг шүү.
                                                                                             2013.07. 25

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив