МАН-ыг “Айл”-д өргүүлье
2013 оны 7 сарын 29
МАН-ыг “Айл”-д өргүүлье
Ер гаруй жилийн түүхтэй нам унтаж байна гэнэ. Унтахдаа бүр “Сүхээр цавчсан” ч сэрэхээргүй унтаж байгаа сурагтай. Улсын нийслэлийн төв талбайн зүүнтэй орших тансаг ордноо ч бас нам унтуулахаар шийдчихэж. Тиймээс тог цахилгаанаа таслуулаад гүн харанхуйн дунд нойрсож байгаа гэнэ. Гоё ордон нь харанхуй өнжсөн тул ажилчид нь гэр гэртээ ажлаа хийсэн сурагтай. Тэгэхээр 200 мянга гаруй гишүүнтэй МАН гэдэг том айл тэр чигээрээ унтаагүй бололтой. Угаас удирдлагын бүтэцтэй байсан тэдний зөвхөн удирдлагууд нь унтсан хэрэг. Ингэхдээ намын гишүүдээсээ дайжаад алга болчихож. Намын дарга нь Хөвсгөлийн нэг сумын баярт оролцохоор хөдөөг зорьсон сурагтай. Намын байр нь харанхуй, ажилчид нь гэрээсээ ажиллаж, эгэл гишүүд нь эцэггүй хүүхэд шиг болчихсон байхад найр хэсээд явж байдаг үгүй мөн том зүрхтэй еэ.

Аппаратын ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй, сонин хэвлэлүүдэд өрөө ч төлж чадахгүй байгаа тэд намынхаа гуравдугаар байрыг худалдах гэж байгаа сураг дуулдсан. Төв бассейнд байрлах байраа булаалгачихсан, Лениний музейн барилгаа ч алдчихсан хэрнээ үлдсэнээ зарах гээд байгаа нь тэдний санхүүгийн байдал ямар болсныг илтгэнэ. Тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан нөхдүүд сүүлээ хавчаад зугтсан. Хэзээнээсээ л тийм хүмүүс эрх мэдэлтэйд нь үйлчилж, эрх мэдэлгүй нэгнээс дүрвэдэг. Таван удаагийн дараалсан ялагдалд орсон энэ намын гишүүд эхнээсээ авлигын хэрэгт холбогдож, “аавын” хаалга татаад байгаа. Хэрэгт орооцолдоогүй нэг нь хаачсан нь мэдэгдэхгүй сураггүй болчихсон. Ийм үхмэл байдалтай байгаа намыг санхүүжүүлэх хүн Нарантуулын наймаачдаас ч олдохгүй.

Ингэхэд ер нь энэ нам 200 мянга гаруй гишүүнтэй хэрнээ ингэтлээ санхүүгийн асуудалд орчихсон байгаа нь таван удаагийн ялагдлын шокноосоо гараагүй гэхээсээ илүүтэй чадваргүй менежертэй байгаагийн шинж. Намын гишүүдээ өөр нам руу урвалаа л гэнэ. Ийм байдалтай намаас зүүгдээд байх хүн ер нь байх уу. Ер нь зайгаа бариад явсан нэг нь л хождог. Тэгэхээр сэргэлэн нэг нь явахгүй гээд яах юм.

МАН гэх энэ их айлын хэдэн зуун гишүүд бүгдээрээ толгой муутай биш. Тиймээс л хэдэн залуус намынхаа явж байгаа замыг “Нэг л биш ээ” хэмээн шинэ зам эрэлхийлж байна. Гэтэл дээрээс мундагдаад сурчихсан хэдэн дарга нар нь “Хүүхдүүд илүү зүйлд санаархаж байна” хэмээсэн үү ямартай ч залуусаасаа зугтаагаад, утсаа унтраагаад алга болчихсон. Угтаа урд иргасан чихнээс хойно ургасан эвэр урт гэдэг биш билүү. Залуу хүний сийрэг толгойг ашиглавал болохгүй зүйлгүй л байлтай.

Ер нь залуусаа тоохгүй байгаа энэ намыг захын нэг иргэн “Татан буулгая” гэж орилж байгаа нь нэгийг хэлж, нөгөөг бодогдуулаад байх шиг ээ. Урьд цагт олон хүүхэдтэй айл хоол хүнс, хувцас хунарт нь хүч хүрэхээ болиод ирэхээрээ ганц нэгийг нь айлд өргүүлчихдэг байсан. Тэгэхээр ер нь МАН-ыг “айл”-д өргүүлчихвэл яасан юм. Тэртэй тэргүй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байгаа энэ нам ингэж байж л амьд үлдэхгүй гэж үү. Хаана байна нөгөө ер гаруй жилийн түүх. Хаана байна тэр 200 гаруй мянган гишүүд. Хаана байна нөгөө энэ улсыг улсын дайтай авч явсан түүх. Бүхнийг умартаж буй энэ үед 1921 оны Ардын хувьсгалыг Монголын түүхээс арчуулахдаа тулчихаад юу санаж, сэдэж айл хэсч, айраг эргүүлж явна вэ. Тэнэгийн дотор уужуу гэдэг ч Тэнэсэн сум тархинд гэдэг үг байдгийг мартаагүй л байлтай.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив