Сүхбаатар
2013 оны 7 сарын 31
Сүхбаатар
Х.Бүрэнтогтох
1.
Монгол улсыг Чингис хаант улс болгох л үлдлээ. Ер нь Монгол улс нэгэнтээ Чингис улс болчихсон шүү дээ. Саяхан гадаадын хүн Пикинг Ганг гуай манайд иржээ. Пикинг Ганг гуай онгоцноос буугаад Чингис буудал дээр хөл тавив. Угтаж авсан найртай сайхан ааштай, жижигхэн Чингисүүдтэй гар барив. Ер нь түүнд сайхан байна аа.
-    Хэнд сайхан байна гэж?!
-    Уншигч Та яаж ингэж цаг үеэ олоогүй асуулт тавьж чаддаг байна аа? Мэдээж хэрэг Пикинг Ганг гуайд л сайхан байгаа шүү дээ.
Одоо цаашаа үргэлжлүүлж бичлээ шүү. Тэгээд Пикинг Ганг гуай угтаж авсан жижигхэн Чингисүүдтэйгээ хамт унаанд суув. Монголчууд одоохондоо машин үйлдвэрлэдэггүй учир “Чингис” гэсэн машинд Пикинг Ганг гуай суусангүй. “Ланд круйзер” гэдэг машинд суув. Оюутолгой одоохондоо ашиглалтанд ороод удаагүй учир Монголчууд харайхан “Чингис” машин үйлдвэрлээгүй байна. Үүнийг яаж Пикинг Ганг гуай ойлгох вэ дээ. Гонжийн жоо, голионы баас. Гэхдээ гандан буурахгүй жижигхэн Чингисүүд  “Ланд круйзер” гэдэг бичгийнх нь ард “Чингис” гэж  нэмэж бичээд скочидсон байв. Тодруулж хэлбэл уг машин маань “Ланд круйзер-Чингис” гэсэн төмөр хүлэг болсон байв. Аатай байгаа биз?!
Одоо бүр аатай. Газар дээгүүр Гагарин шиг дүүлдэг “Ланд круйзер-Чингис”  төмөр хүлэг маань Чингисийн өргөн чөлөөгөөр ухаан малаггүй давхив. Яг л Чингисийн аав Есүхэйн тавьсан нум сумны эрчит сум шиг дүүлэв ээ. Тэгээд тэр “Ланд круйзер-Чингис”  маань чавхдаж, чавхдаж саарал ордны өмнөх Чингис хааны хөшөө шиг дүнгэр сайхан “Чингис” хэмээх буудалд Чингисийн 501 номерт орсон гэнэ. Пикинг Ганг гуай хорхог идэв. Түүнийгээ “Чингис хаан” шорлог гэж ойлгов. Пикинг Ганг гуай хар Чингис уув. Бас шар Чингис уув. Харин цагаан коньяк байдаг шиг цагаан Чингис байсангүй. Маргааш нь Пикинг Ганг гуайн дотор бөрзгөр болохыг нь гадарлах биш, мэдрэх биш, ойлгох бол бүр ч биш  практик амьдралаасаа, олон жилийн үе дамжсан туршилтаасаа үүдэн аксиом болгон тархиныхаа есдүгээр давхрагад тултал мэддэг болсон жижигхэн Чингисүүд   түүнд бантан нэг литрийг өгөв. Аймшигтай зовж байсан Пикинг Ганг гуай аймшиггүй гоё болов. Бантангаа Пикинг Ганг гуай Чингисийн зутан гэж дотроо нэрлэв. Пикинг Ганг гуай Сүхбаатар гуайн талбай дээр очиж цэцэг өргөх төлөвлөгөөтэй байв. Пикинг Ганг гуай Чингисийг таньдаггүй шигээ Сүхээбаатарыг бас таньдаггүй байв. Гэвч тэр аль нэгд нь цэцэг өргөв. Алинд нь өргөсөн нь Пикинг Ганг гуайд байтугай, жижигхэн Чингисүүдэд ч ялгаа байсангүй. Пикинг Ганг гуай энэ мэтчилэн Чингист цэцэг өргөсөөр Монгол улсаас буцав. Пикинг Ганг гуай Монгол улсыг Чингис хаант улс болж шинэчлэлийн бодлогоо үр өгөөжтэй хэрэгжүүлж байгааг ойлгоод буцав. Эй, бурхан минь Эзэн Чингис минь Бат-Үүлбаатар бид хоёрыг сахиусандаа аваач. Сухэ-Батор том уу, Чингис хаану том уу гэдэг уралдаан биднийг зовоож байна. Хэн нь томыг  бид байтугай Сүхбаатар, Чингис хоёр өөрсдөө мэдэхгүй байна. Тэд том жижгээ мэдэхгүй байж л гавъяагаа байгуулсан байх. Гэхдээ энэ чинь  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай даргаас зөвшөөрөл авсан юм уу? “Чингис” гэдэг брендийг чинь чихтэй болгон хэрэглэж болохгүй байх аа. Энэ чинь. Бусад талбайнууд дээр хүн цугларахгүй, ганцхан Чингис талбай дээр хүмүүс үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигнаад байвал нөгөө монополийн эсрэг хууль юу болох вэ?
О.Магнай,
- Монополиуд аа!!! Бүү давар! гэж хашигарч чадах уу? Чадахгүй л болов уу? О.Магнай бол Арчсан Хоблооны гишүүн байгаагүй шүү дээ. Бат-Үүл бол Ардчилсан холбоог байгуулсан. Тэр бол партизан хүн. Тогтох партизан гэж байсан шиг партизан хүн.
Бат-Үүлбаатар аа!
Сүхбаатарт “Сүх” гэдэг нэр эхлээд байсан. Сүүлдээ тэр “баатар” болсон. Манай Бат-Үүлд “Бат-Үүл” гээд нэр эхлээд байсан. Сүүлдээ тэр “баатар” болсон.  Түүнийг нь Эблэгдорж Ерөнхийлөгч гардуулсан юм.
2.
Дамдины Сүхбаатарын тухай би юу бичих вэ? Түүний тухай юу ч бичих шаардлагагүй. Сүхбаатар бол Чингис хаанаас хойш Монголын тусгаар тогтнолын төлөө зэвсэг бариад боссон анхны хөвүүн. 28 настай ард түмний хүү болсон хүн. Сүхбаатар Богдын засгийн үед 20 гаруйхан настай Монголын төлөө байлдаж явсан хүн.Тэр үеийн  Монголын парламентийн гишүүн. Уг нь Сүх жанжин мөхөж байсан үндэстнийг мөрөө харахтайгаа болоход их үүрэг гүйцэтгэсэн хүн. Даана ч дээ. Түүнд Монголчууд бид талтай баймаар даа. Чингис хаанд бол хуучныг хусч биш шинээр талбай, цэцэрлэгт хүрээлэн ч барьж болно доо.Д.Сүхбаатар, Е.Тэмүүжин хоёрыг сөргөлдүүлэх хэрэг байна уу. Тэднээс юу ч битгий харамла.
Пунцагийн Улаанхүү гэж алдартай эр бий. Дээр үед социал-демократ байсан хүн. Одоо ямар демократ болсныг мэдэхгүй. Тэгэхдээ л демократ байх. Байгаагүй коммунизмыг үзэн ядах талдаа шүү. Тийм учраас демократ л байж таар аа. Тэрбээр Улсын Бага хурлын гишүүн байхдаа  бил үү? Ардын Их хурал дээр бил үү? Тэр худлаа. Тэр АИХ-ын депутат байгаагүй. Тэр гишүүн байсан. Оросоор бол “член” байсан.  Бас ч гэж жижиг биш том член байсан. Тэгээд тэр Улаанбаатар хотыг Цагаанбаатар  болгох гэж оролдсон гэж хүмүүс ярьдаг юм. Тийм ч байх. Би тэр хурал дээр түүний яриаг сонсож байсан. Члений хувьд биш. Сэтгүүлчийн хувьд. Тэгэнгүүт тэр хурлын хамгийн ухаантай гишүүн: “Улаанхүү чи, Улаанбаатарыг өөрчлөх гэж байгаа бол өөрийнхөө нэрний Улааныг хас “ гэсэн. Улаанхүү нам пад болсон. Хэрэв Улаанбаатарын нэрийг өөрчилбөл Улаанхүүгийн нэр Цагаанхүү болох байв
3..  
Долоон хүн Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож гэнэ дээ. Хотын захниргааны долоо. Үүний эсрэг би долоон найзтайгаа уулзаад наймуулаа боллоо. Сүхбаатарын байж байгаад Чингисийн талбай болсон талбайг Бат-Үүлбаатарын талбай болгоё гэж шийдлээ. Бусад хүмүүс бидний шийдвэрийг дагах эсэхийг бид мэдэхгүй. Бас шаардахгүй. Тэгэхдээ л бид найм саарал ордны өмнөх, хотын захиргааны зүүнтэйх талбайг Бат-Үүлбаатарын талбай гэж нэрлэхээр хатуу шийдлээ. Тэр бол Монголын хамгийн том ардчилагч. Түүнийг л дагаж байж л бид ардчилагч гэдэг “үнэмлэхээ” авна шүү. Түүнийг дагахгүй бол бид ардчилагч биш шүү.
Уншигч Та түр хүлээнэ үү! Утас дуугарч байна. Би утсаа аваад ярьж байна.  
-    Байна уу?
-    Байна.
-    Маргааш морин цагт уулзъя.
-    Морин цаг чинь урт шүү дээ. Өдрийн 11.40-өөс 13.40 хүртэлх хугацаа шүү дээ. Маяглалгүй хэдэд уулзах аа хэлээч!
-    За тэгвэл 12.05-д уулзъя.
-    Хаана уулзах вэ?
-    Бат-Үүлбаатарын талбайд уулзъя. ОК уу?
-    ОК-оо.
Бид найм хоорондоо нэг иймэрхүү маягаар л яриад байгаа юм. Та нар яаж ярих нь Та нөхдийн сонголтын асуудал. Бид найм бол ингэж л ярина. Харин ч нэг.
Сүхбаатар ч гэж юу байлаа. Сүлжмэлийн үйлдвэр ч гэж юу байлаа. Харин ардчилал бол байгаа шүү. Бүгд хэцүүдэх юм шиг байна. Бат-Үүлбаатарынхаа талбайг баттай авч үлдье. Ардчилал бол харин байгаа шүү.
-    Хаа байгаа юм бэ? гэж үү!?
-    Тэнгэр лүү сайн хар. Тэнд гуравдахь хөрш байгаа. Тэд ч бидэнд туслаад, туслаад, туслаад өгнө дөө. Бидэнд өөрийн ухаантай байх шаардлагагүй.
Тэгэхдээ л Д.Сүхбаатар жанжин нэг байтугай нэг хэсэг талбайтай байхад ч болох хүн дээ!  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив