Хотын мэр Э.Бат-Үүл хүүгээ эрхлүүлснээс болж дахин төлөвлөлтийн ажил хойшилжээ
2013 оны 7 сарын 31
Хотын мэр Э.Бат-Үүл хүүгээ эрхлүүлснээс болж дахин төлөвлөлтийн ажил хойшилжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн жил буюу 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан оролцсон билээ. Ингэхдээ тэрбээр нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай оролцсоноос ялалт байгуулж чадсан. Харин хотын дарга болсныхоо дараа мань эр хаус хорооллоос түрүүлээд дахин төлөвлөлт нэрийн дор орон сууцжуулахаар болсон юм.

Тиймээс энэ оны гуравдугаар сард Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг  нийт аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн байна. Урилгын дагуу 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авч, эхний ээлжийн сонгон шалгаруулалтаар 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Урьдчилсан байдлаар шалгараад байгаа нэр бүхий 18 компани журамд заасан хугацааны дагуу дөрөвдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэхээр сонгосон бүсийн оршин суугч иргэдэд өөрсдийн байгууллагын талаарх мэдээлэл, танилцуулгыг дэлгэрэнгүй  танилцуулсан бөгөөд  тухайн компаниудын төслөө хэрэгжүүлэх эрхийг иргэдийн сонголтоор шийдвэрлэжээ. Тухайн үед Гэр хорооллын дахин төлөвлөж буй ажиллагаа нь анх удаа иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж  буйгаараа онцлог түүхэн үйл явдал бөгөөд санал хураалтанд иргэд маш идэвхитэй оролцсон гэж албаныхан онцолж байв. Иргэдээс авсан санал хураалтын дүнгээр дээрх 18 компанийн 14 компани нь шалгарсан бөгөөд тэд 30 хоногийн хугацаанд Төсөл хэрэгжүүлэгчид,  өмчлөгч, эзэмшигч иргэдтэй гэрээ хийх эрхийг авсан байна.

Дээрх 14 компанийн дотор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компани хоёр ч газар ялалт байгуулсан байдаг. Үүнд, Чингилтэй дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо буюу Дэнжийн мянга орчим, Баянзүрх дүүргийн 12 хороо буюу Жанжин клуб орчмын нутаг дэвсгэр хамрагдаж байгаа юм. Ингэснээр олон нийтийн дунд Э.Бат-Үүлийн хүүгийн “Гранд Лайн” компани угтаа брокер дилерийн компани байтал яагаад гэнэт барилгын салбар руу хальж, түүгээр ч үл барам барилгын салбарт туршлагатай томоохон компаниудыг ялчихав гэдэг асуулт тавьж байлаа. Үнэхээр найруулагч мэргэжилтэй Б.Чулуудайг олон нийт “Brix” шөнийн цэнгээний газрын эзэн, “Сонор” студи, “Чугу” компани зэрэг урлаг шоуны салбарт ажилладгаар нь мэдэхээс биш барилгын салбарт ажиллаж байсныг дуулаач үгүй гэж байгаа. Харин Б.Чулуудай Ховд аймагт брокер диллерийн үйлчилгээ үзүүлж байсан “Гранд лайн” компанийн үүсгэн байгуулагч Б.Ганзоригоос хувьцааг нь 100 хувь өөртөө шилжүүлснээр 2011 оны аравдугаар сард өөрийн гэсэн брокер диллерийн компанитай болсон байдаг. Тухайн үед хамтарсан Засгийн газраас “Тавантолгой” компаниас иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ хэмээж байсан тул брокер диллерийн компани борооны дараахь мөөг шиг олширч байсан цаг. Тэгэхээр Үүл баатрын хүү ухаантай л алхам хийсэн байгаа биз.
Харамсалтай нь төд удалгүй засаг солигдож, хувьцааны бизнес урагшлах биш ухарчихсан хэрэг. Харин энэ л үед аавын хүү овсгоотой загнаж аавынхаа санаачилсан гэр хорооллын дахин төлөвлөлтөд ханцу шамлан орсон хэрэг. Тэгснээр иргэдийн саналыг /Э.Бат-Үүлийн хэлснээр дахин төлөвлөлт хийлгэх компаниа иргэд өөрсдөө сонгосон гэдэг/ хоёр ч газар авч чадсан юм.

Гэвч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн “Гранд лайн” компани хоёр газар бүтээн байгуулалт хийх хэмжээний том компани биш тул Б.Чулуудай Дэнжийн мянга орчмын төлөвлөлтийг орхиод Баянзүрхийн 12 дугаар хороог сонгосон байна. Үүний шалтгаан нь Дэнжийн мянга орчмын айл өрхүүд газраа өндөр үнэлсэнтэй холбоотой гэнэ. Мэдээж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо бол хотын төвөөс зайтайд тооцогдох тул газраа Дэнжийн мянгынхны хажууд хамаагүй хямд үнэлсэн байж таараа. Үүнийгээ ч Б.Чулуудай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийнхөнд дуулгасан гэнэ. Угтаа Б.Чулуудайн “Гранд лайн” компани Дэнжийн мянгын дахин төлөвлөлтийн Б блокыг, “Өндөр буянт” компани В блокыг барилгажуулах ёстой байсан юм. Гэтэл хотын мэрийн хүү сонгогдсон газраа хаячихаад явчихсан болохоор Дэнжийн мянга орчмын дахин төлөвлөлтийг “Өндөр буянт” компани дангаар гүйцэтгэхээр болсон байна. Гэвч тус компани нийслэлийн удирдлагуудтай учраа олоогүй бололтой. Нийслэлийн зүгээс “Өндөр буянт” компанитай тохиролцож чадаагүй учраас бид журмын дагуу дахин өөр компанийг шалгаруулна хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрөөр буюу долдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэдийн санал хураалт болсон. Тус хороодын 39,7 га газарт “Алтан трейд” ХХК төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн байна. Иргэдийн санал хураалтын дүнгээр “Алтан трейд” ХХК олонхийн дэмжлэг авч чадвал гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхтэй болж, дараагийн шат болох иргэн, аж ахуйн нэгж хоорондын хоёр талт гэрээг байгуулах ёстой юм.

Гэвч санал хураалт явагдаад хоёр хонож байхад дүн нь гараагүй л байгаа аж. Иргэдийн ирц хүрээгүй юу, эсвэл саналаа өгсөн иргэдийн “Алтан трейд” компанид өгсөн санал дутсан уу ямартай ч энэ асуудал усанд хаясан чулуу мэт нам гүмхэн байна. Гэхдээ л нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү эхнээсээ л эрхлээгүй бол энд бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн ч байх байсан юм бил үү.


Н.БУДСҮРЭН  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив