Авлигын хэргүүдийг Гиннест бүртгүүлье
2013 оны 8 сарын 2
Авлигын хэргүүдийг Гиннест бүртгүүлье
Сүүлийн үед монголчууд өөрсдийн гэсэн үнэт өвд санаа тавих болж, тэднийгээ ЮНЕСКО-д болон Гиннест бүртгүүлэх боллоо. Энэ үнэхээр бахархууштай зүйл биш гэж үү. Монгол гэсэн бүхнийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэхээр улайрч байгаа хятадуудаас өрсөж Монголынх, биднийх гэдгээ баталж, үр хойчдоо үлдээхээс илүү гавьяа гэж ер нь байх уу. Бид дэлхий дахинаа өөрсдийн үнэт чанараа хадгалж чадсан. Чадах ч болно. Чадсаар ч байх болно.

Монголчууд бид одоогоор Монголын эрийн гурван наадам, монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуур, монгол наадам, хөөмий, Лимбэдэх урлаг, бүргэдийн ан зэрэг биет болон биет бус өвийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлээд байна. Цаашид Уран нугаралт, Шагайн харваа зэрэг өвүүдийг бүртгүүлэхээс гадна газар орон нутгаа ч бүртгүүлэхээр зэхэж байгаа. тухайлбал, ОХУ-ын Буриад Улсын Түнхэний аймгийн нутаг, Зүүн Саяны нурууны Баруун Хандгайт уулын хормойд орших “Чингисийн ширээ” хэмээх байгалийн дурсгалт газрыг судалгааны баг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх боломжтой гэж хэлсэн байдаг.

Нөгөө талаар Гиннест бүртгүүлэх гэдэг нэг зүйл манайд газар аваад байгаа. 2011 оны есдүгээр сард 2,8 сая хүн амтай манай улсад 6000 гаруй бөх барилдуулж Гиннесийн номд бүртгүүлж байлаа. Тэгвэл өнгөрсөн баяр наадмын үеэр 5204 биелээч Гиннест бүртгүүлэхээр төв талбайдаа биелсэн. Одоо Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  ивээл дор  ирэх сарын 9,10-нд  3000 морины уралдаан, 10000 морьтон монголчуудын их жагсаалыг Хүй долоон худагт  зохион байгуулж, дэлхийн дээд амжилт тогтоон Гиннест бүртгүүлэх гэж байна. 10000 морьтон монголчуудын их жагсаалыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд нар  сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан Төрийн их тугаа залан манлайлах гэнэ. Бид ч үнэхээр хийнэ гэснээ хийж чадаж байгаа биз дээ. Гиннесийн номд бүртгүүлнэ гэдэг нэг талаар өөрийн улсыг дэлхий нийтэд сурталчилдаг юм гэнэ билээ.

Тэгэхээр бидэнд монгол зан заншил, ахуй үйлээс өөр бас нэг онцлог давуу тал байна аа. Дэлхийн улс гүрнүүдэд байдаг ч гэлээ манайх шиг цөөхөн хүн амтай улсад дээд амжилт тогтоох хэмжээнд тулаад байгаа “Авлигын гэмт хэрэг”-үүдээ ер нь Гиннест бүртгүүлбэл ямар вэ. Яагаад болохгүй гэж.

“Transparency International” гэдэг байгууллага 107 оронд авлигын тухай олон нийтийн санал асуулга явуулан, түүндээ үндэслэн авлигад хамгийн ихээр автсан орнуудыг нэрлэхэд Монгол хоёрт жагссан гэдгийг дэлхий нийтэд зарласан. Тэгэхдээ нэгдүгээрт бичигдсэн Африкийн Либеритэй бараг нэг ижил тооны хувиар хоёрт орсон гэж байгаа. Тэгэхээр манай улс Гиннест бүртгүүлэхэд бараг асуудалгүй гэж хэлж болох юм бишүү.

Монгол Улс жилд гэхээсээ илүү долоо хоногт илрүүлсэн авлигын хэргээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн оны буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахдаа тав зургаан зуун цагдаа аваачсан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг. Ганц хүнийг баривчлахын тулд ийм олон цагдаа аваачсанаараа энэ бараг Гиннест бүртгүүлэх амжилт байж болох.

За тэгээд “Авлигын загалмайлсан эцэг”-ийн араас авлигын хэргүүд ч ундарч өгсөн дөө. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, МИАТ-ийн экс удирдлагууд, Татварын Ч.Гансүх, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт гэх мэтчилэн авлигын хэрэгт холбогдогсод олон байна. Хамгийн отгон нь гэхэд л Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн одоо АТГ-ын үүдийг сахиж байгаа. АТГ-ын үүдийг сахиж байгаа гэх юм бол ч олон тоо гарна. Тэр газрын үүдийг сахиагүй нь ч бас байна. АТГ-ынхан мэдээд байгаа хэрнээ шалгаж чадахгүй байгаа хүмүүс ч байна. Тухайлбал Төрийн өмчийн хорооны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар гэдэг нэг хүн бий. Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга байхдаа нэлээд их зүйл хийсэн гэдэг ч ямар нэг хэргээс сугараад үлдчихдэг нэгэн. Тиймээс түүнийг олон нийт “Сугардаг” Д.Сугар гээд нэрлэчихсэн гэж байгаа. Түүнчлэн “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр байна. Төрд ажлаагүй ч төрийн албаныханд нэлээд авлига өгсөн гэдэг ч түүнийг хэн ч шалгадаггүй. Гурав, дөрвөн банк дампууруулчихаад байгаа энэ нөхрийн “Олон овоот” гэх компаниас болж олон хүн чирэгдэх нь бололтой. Учир гэвэл түүний 25 тонн алтны нөөцтэй хэмээн зарсан Олон овоотын алтны уурхайн нөөц ердөө гурван тонн гаруйхан алттай гэнэ. Тэгэхээр түүнд хуурамч үнэлгээ гаргаж өгсөн хэрэгт хэд хэдэн хүн унаж магадгүй болоод байна.

Энэ мэтчилэн авлигын хэргүүдийг дурьдаад байвал алга дарам цаас байтугай нь ч багадана. Тиймээс л монголчууд бид авлигын энэ олон хэргүүдээ Гиннесийн номд бүртгүүлье гэсэн юм. Биднийг яаравчлан бүртгүүлэхгүй бол сав л хийвэл бидний өмнө гишгээд байдаг урд хөршөөс эхлээд өөр аль нэг улс бүртгүүлчихэж мэднэ шүү.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив