М.Цолмандах: Францын загварын ертөнцийнхөн надад “Чиний загварууд яг л сүнстэй мэт” гэж хэлсэн
2013 оны 8 сарын 3
М.Цолмандах: Францын загварын ертөнцийнхөн надад “Чиний загварууд яг л сүнстэй мэт” гэж хэлсэн
Бороо ороход
Эдитийн дууг чихэвчээрээ сонсоод алхана
Инээмсэглэнэ, уруул, нүдэн дээр бороо дусална
Ус биш, аз жаргал гэдгийг нь
Уйлах биш, гэрэлтэх тэнгэрийг хараад
Гуниглаж чадахгүйгээ мэдрэхдээ
Эдитийн дуунаас намуухан аялна... Хэзээ ч юм, хаана ч юм ийм нэгэн мөртийг уншиж билээ. Харин эрхэм зочин маань домогт дуучин Эдит Пиафын эх оронд юуны учир тэгтлээ их татагдсан юм бол. Франц-хайрын орон учраас тэр үү. Аль эсвэл авьяас, мэдрэмж, атаа хорсол, шунал тэчъяалаар дүүрэн загварын орон зай түүнийг соронзон мэт татах нь энэ үү. Ямартай ч загварын эх орон Франц улсад Tsolo Munkh брэндийнхээ түүхийг эхэлж, өрнөдийнхний өөнтөгч нүдэнд өртөж чадсан загвар зохион бүтээгч М.Цолмандахтай ярилцсанаа хүргэе.


-“Элдэв чимэг сэлтгүй энгийн нэгэн бүсгүй энэ бүхнийг урлалаа гэж үү”. Үнэнийг хэлэхэд, урланд тань орж ирмэгц ийм сэтгэгдэл төрлөө. Харин та бүтээлүүдтэйгээ ямар “хэл”-ээр ярилцдаг вэ?
-Таны асуулт надаас хийсвэр сэтгэлгээг шаардаж байна шүү. Миний хувьд, тэдэнтэй хайрын “хэл”-ээр ярилцдаггүй. Мэргэжил нэгтнүүд маань, бас хөндлөнгийн хүмүүс “Чиний хувцаснаас хайр мэдрэгддэг” гэж хэлж байгаагүй. Тэгэхээр загварууд минь тэдэнд огт өөр зүйлийг мэдрүүлдэг байх. Харин би чухам юуг ер бусын хүчтэй мэдэрдэг гээч. Загварын шоунд бэлтгэж, өдөржин, шөнөжин өөрийгөө мартах шахам ажилласан тэр өдрүүд ард хоцорч, хүсэн хүлээсэн мөч маань ирвэл огт өөр хүнийг өөрөөсөө олж хардаг. Тайзны гэрэл, хөгжмийн огцом хэмнэл, өнгө, өнгөөр солонгорох хувцас загварууд, үзэгчдийн харц, тэр бүхнийг мэдрэхэд хамаг биений минь шар үс босох шиг санагддаг юм. Гэхдээ яагаад ч юм бэ хүмүүс надад “Чи бүтээлүүдээ сүнстэй мэт урладаг. Яг л ховсдуулчих шиг санагдлаа” гэж хэлдэг. Бүр нэг бус удаа тэгж хэлж байсныг санаж байна. Ер нь миний бүтээлүүд эрч хүчтэй, бие даасан ертөнцтэй бүсгүйчүүдийн таашаалд ихээхэн нийцдэг.  

-Нууцлаг, зиндаархуу, хүнд, хөнгөмсөг, аальгүй... Таны загваруудаас энэ мэт олон дүр төрхийг олж харж байна. Гэвч эрхэм зочин маань өөрөө готик стильтэй юү?

-Магадгүй ээ. Зарим үед готик, рок стилийг хослуулдаг ч байж мэднэ. Харин загваруудаа юу ч бодолгүйгээр урладаг. Мэдээж хэрэг, эргэн тойронд маань дотны зөвлөгчид, ажиглагчид, шүүмжлэгчид байлгүй яах вэ. Тэд “Готик стиль гэхээр төмөр тоноглол бүхий хар хувцастай, ширүүн дүр төрхтэй хүмүүсийг төсөөлдөг. Гэтэл чиний загварууд монгол донж маяг бүхий готик стильтэй байгаа нь сонирхолтой бөгөөд шинэлэг юм” гэдэг. Зарим нь “Энэ бол готик загвар биш” гэх нь ч бий.
-Харин надад “Гладиатор” киноны баатруудыг эртний монгол хатад, цамын бүжигчидтэй хослуулсан мэт санагдаж байна?
-Миний үзэх дуртай кино бол “Гладиатор”. Би ийм сэдэвтэй кинонуудыг алгасалгүй үздэг. Ерөөс загвар бүхэн өөр, өөрийн гэсэн дүртэй. Цолмандахын хувьд, ихэмсэг, учир битүүлэг, бие даасан бүсгүйчүүдийн дүрийг дотроо төсөөлж, загваруудаа бүтээдэг. Тэр болгоноо үл мэдэг эмэгтэйлэг дүр төрхөөр чимж өгдөг дөө. Гэхдээ үүнийг хүмүүс тэр дор нь олж харж чаддаггүй. Нэлээд удаан шинжиж, загваруудыг минь цогцоор нь харж байж энэ бүхнийг мэдэрнэ. Таны хэлдэг зөв. Миний загваруудын эрхэмсэг төрх бол эртний монгол хатдын имиж юм. Хэрэв хэн нэгэн кино найруулагч “Яг ийм загвар зохион бүтээж өгнө үү” гэвэл би дуртайяа зөвшөөрнө.

-Танд тийм санал ирж байсан уу?

-Одоохондоо үгүй.

-Хамтдаа 2005 оныг эргэн дурсъя. Тэр үед та загварын эх орон Францыг зорьж байсан. Нэг ёсондоо хувь тавилан танд ийм том боломжийг “бэлэглэсэн”, тийм үү?

-Хариултыг минь сонсоод та гайхах байх. Францад би хувцас загварын чиглэлээр биш, хуульчийн мэргэжлээр суралцах гэж байсан юм. Хэлний бэлтгэлд суралцаж, хувийн төлөвлөгөөгөө ч гаргачихсан байлаа. Гэвч анх очсон хот маань миний бодол санааг орвонгоор нь өөрчилсөн. Тэрхүү үзэсгэлэнт хот бага насны мөрөөдөл, далдхан авьяасыг минь сэргээж орхисон шүү. Ёстой л асаж дүрэлзэх мэт санагдаж билээ. Ингээд л хуульчийн ангид биш, хувцас загварын сургуульд суралцах болсон доо. Гурван жил гэдэг нүд ирмэхийн зуур өнгөрч, би хувцас загварын анхны шоугаа бусад оюутантай хамт хийсэн. Тэр үед Францын Соёл урлагийн яамны хувцас загвар хариуцсан ажилтан бидэнтэй тайзны ард уулзаж “Цолмандах аа, та загварын тэмцээнд заавал ороорой” хэмээн хэлж билээ. Үнэхээр ч би суралцаж байх хугацаандаа өөрөөсөө асар их хариуцлагыг нэхдэг байсан. Энэ нь ч аргагүй юм. Учир нь Францын хувцас загварын агентлагуудад зөвхөн шилдэг байж л хүлээн зөвшөөрөгддөг. Үүнийг би яс, махандаа тултал ойлгосон. Миний хувьд, “Изабель Марант” гэдэг агентлагт найман сар дадлага хийсэн. Энэхүү агентлагийнхан надад хамтран ажиллах санал тавьж байлаа.

-Барууныхан таныг “Ази хүн” гэж гадуурхсан тохиолдол бий юү?

-Хэлний курст суралцаж байхдаа иймэрхүү байдлыг мэдэрч байсан. Гэхдээ загварын сургуульд тийм зүйл мэдрээгүй. Харин ч авьяас, чадвараараа шилдэгт тооцогддог болонгуут хүмүүсийн харьцаа, хандлага огт өөр болдог. Тэр үед би Монголоороо, бас монгол хүн гэдгээрээ маш их бахархдаг байсан.

-“Өрнөдийн зах зээлд өрсөлдөөн ёстой л чимээгүй дайн мэт өрнөдөг” гэж та хэлсэн. Гэвч тэрхүү өрсөлдөөнд монгол бүсгүй М.Цолмандах ялж чадлаа. Тиймдээ ч алдарт Кристиан Диор, Версаче, Шанельтай тэр том тайзан дээр эн зэрэгцэж, Tsolo Munkh брэндээрээ өрнөдийнхний нүдийг хужирлаж байна шүү дээ. Энэ тухай түүхийг уншигчдад маань ярьж өгнө үү?

-Дээр өгүүлсэн тэмцээний дараахан болсон явдал л даа. Мөнөөх яамны ажилтны зөвлөсний дагуу би тэрхүү тэмцээнд оролцох гэж нэг жил бэлтгэсэн. Харин тэмцээний үеэр 300 загвар зохион бүтээгчээс эхний аравт шалгарч, асар өндөр шалгуур бүхий шүүгчдэд загварын шоугаа толилуулсан юм. Тэр үед сургуулийнхаа захиралд “Би энэ тэмцээнд түрүүлэх болно” гэж хэлэхэд тэрбээр “Эхний аравт шалгарна гэдэг бол чиний хувьд ялсан гэсэн үг. Тийм учраас тайвшрах хэрэгтэй. Чамайг мэргэжлийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс харж байгаа” гэхэд л тайвшрах шиг санагдсан. Гэвч тэмцээн дуусах болоогүй байлаа. Би эхний аравт шалгарагсадтай өрсөлдөж, хоёр шагналын нэгийг нь хүртсэнийхээ дараа л нэгмөсөн тайвширсан даа. Ингээд Парист эргэн ирж, “Изабель Марант” агентлагт гэрээнийхээ дагуу ажиллах гэж байтал сургуулийн маань захирал нэг өдөр “Охин минь, чи одоо ямар зүйл төлөвлөж байна вэ” хэмээн асуулаа. Би түүнд загварын агентлагт ажиллахаар гэрээ байгуулснаа хэлтэл “Изабель Марант”-д ажиллалаа гэхэд хамаг сайхан загваруудыг нь чи хийх болно. Харин бүтээл чинь тэр агентлагийн нэрээр л олонд танигдана шүү дээ. Тиймээс өөрийнхөө брэндийг гарга” гэж зөвлөсөн. Tsolo Munkh брэндийн түүх 2010 онд ингэж л эхэлсэн юм. Түүнээс биш өөрийн гэсэн брэндтэй болох тухайд би огт төсөөлж байгаагүй. Хөрөнгө мөнгөний хувьд ч асар их зардал шаардана. Загварын ертөнцөд хөл тавиад удаагүй би байтугайд нь энэ бүхэн хүнд сорилт болдог.

-Харин та хөрөнгө санхүүгээ яаж бүрдүүлсэн бэ?

-Тэгэхэд надад мөнгө байтугай оёдлын машин ч байгаагүй. Гэхдээ авьяас, зүтгэлийг минь олон хүн үнэлж, тусалсан. Загварын ертөнц дэх хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцдаг “Тотем” агентлагийнхан миний бүтээлүүдийг хоёр жилийн туршид сэтгүүлээрээ үнэгүй сурталчилж өгсөн. Энэ бол асар их хөрөнгө оруулалт. Бас хувцас загварын худалдаа, борлуулалтыг хариуцдаг “МС-2” гэдэг агентлаг бий. Тус агентлагийнхны хувьд, надад үнэлж баршгүй том хувь нэмэр оруулсан. Үүний зэрэгцээ сургуулийн удирдлагууд маань намайг байр сууцаар хангаж, маш их дэмждэг байлаа.

-Жирийн хүмүүс ихэвчлэн “Энэхүү загварын шоунд ирсэн урлаг, спортын алдартнуудаас хэн нь хамгийн дэгжин хувцаслав. Улс төр, бизнесийн нөлөө бүхий лидерүүд хүрэлцэн ирэв үү” гэж сонирхдог. Тэгвэл таны хувьд, ер нь барууны загварын ертөнцийнхний тухайд энэ өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

-Би зөвхөн загварын коллекцио л урладаг. Харин “Тотем”, “МС-2” агентлагийнхан маань бусад асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, нэг нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзуулж, нөгөө нь хувцасны борлуулалт хийдэг гэсэн үг. Ер нь өрнөдийн загварын ертөнцийнхөн зохион байгуулалт маш сайтай. “Тотем” агентлагийнхан гэхэд л шоу эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө загвар өмсөгчдийн гэрэл зураг, размерийг надад үзүүлж сонгуулдаг. Нэг ёсондоо, би өөрт таалагдсан загвар өмсөгчдийг сонгох л үүрэгтэй.

-“Таны загварууд яг л сүнстэй мэт”... Өрнөдийн нэр хүндтэй загвар зохион бүтээгчид загваруудыг тань үүнээс өөрөөр юу гэж тодорхойлсон бол?

-Виктор энд Рольф гэж Бельгийн загвар зохион бүтээгчид бий. Тэд миний загваруудтай танилцсаныхаа дараа “Загварын ертөнцөд шинэ үе гарч ирлээ” гэж байсан. “Paris match”  сэтгүүлийнхэн “М.Цолмандах загварын “дайн” зарлав” хэмээн бичсэн байдаг. Тэр ч атугай “Liberation” сэтгүүл дээр намайг “Ховсдогч” гэж нэрлэсэн нь бий.

-Монголын загварын ертөнцөд “Загвар өмсөгчид нэг нэгнийхээ хувцсыг зориуд урж гэнэ. Хамгийн гоё загварыг тэр нь өмслөө” гэх дуулиан үе, үе дэгддэг шүү дээ. Францад ийм зүйл байдаг уу?

-Үгүй ээ, тэр чинь Монголд л байдаг үзэгдэл. Зохион байгуулалт муутай учраас тийм явдал гарч байгаа юм. Харин Франц бол огт өөр. Хэнд ямар хувцас өмсгөхөө загвар зохион бүтээгч нь л шийддэг. Тухайн загварыг өмссөн хүн инээх үү, урвайх уу гэдгийг би хэлж өгнө.

-Таныг “Оюутан байхдаа автомашины агаар шүүгчээр хувцас урлаж байсан” гэж сонссон. Гэвч ямар загвар зохион бүтээснийг тань огтхон ч төсөөлж чадахгүй байна?

-Даавуу, автомашины агаар шүүгч хоёроор би эхнэр хувцасны загварыг орчин үеийнхтэй хослуулж бүтээлээ урласан. Гуравдугаар курст байхдаа хийсэн хувцас л даа. Тэр үед багш маань “Цолмандах ямар ч материалаар маш сайхан загвар зохион бүтээдэг” гэж надад урам хайрлаж байсан. Миний хувьд, агаар шүүгчийг сонгосон нь учиртай. Өрнөдөд амьжиргааны өртөг өндөр. Харин бид мөнгө муутай ядуу оюутнууд. Тиймээс хямд үнэтэй даавуу худалдан авч, будганд оруулаад ямар загварт яаж ашиглахаа шийддэг. Нэг талаар хөрөнгө мөнгө тааруухан байна гэдэг боломжийг өөрөөр харахад тусалдаг юм болов уу.

-Францын лидер улстөрчид, нэрт жүжигчид таны загвараас худалдан авч байсан уу?

-Английн дуучин VV Brown нэгэн клиптээ миний загварыг өмсөж тоглосон байдаг. Гэхдээ би загваруудаа гар дээрээс худалддаггүй. Дэлгүүрүүдээс хүмүүс ирээд авч явдаг. Тухайлбал, Парист L’eclaireur гэдэг дэлгүүр бий. Маш тансаг хороололд байрлах энэхүү дэлгүүр хөгцөрч муудсан эвдэрхий модон хаалгатай. Гэтэл тэр дэлгүүрийг хэн мэддэг вэ гэвэл, зөвхөн алдартнууд л мэднэ. Жирийн хүмүүс очлоо гэхэд тэрхүү дэлгүүрийн гадна ямар ч хаяг байдаггүй. Тэгээд ч хонхыг нь дарангуут бие хамгаалагч гарч ирээд “Та ямар хэргээр ирэв” гэж асууна. Түүнд “Хувцас авах гэсэн юм” гэж хэлбэл “Та цаг авсан уу. Хэрэв аваагүй бол оруулахгүй” гэдэг. L’eclaireur дэлгүүрийнхэн миний загварыг худалдан авсан учраас би нэгэн удаа очиж байсан юм. Тэгэхэд Америкийн репчин Кени Вест, Францын алдарт жаз дуучин Патрисиа Каастай тааралдаж байлаа. Миний загварууд энэ дэлгүүрээс гадна Хонконгийн Joyce  хэмээх томоохон дэлгүүрт худалдаалагддаг. Иймэрхүү дэлгүүрүүдэд загвараа худалдаална гэдэг асар өндөр шалгуур давсны үр дүн юм. Сургуулийн маань захирал болон бусад хүн ч хэлдэг. “Мянган загвар зохион бүтээгчээс зөвхөн нэг нь л атгадаг модыг чи атгасан шүү. Энэ модыг тавьж болохгүй” гэж. Тийм учраас надад атгасан модоо тавих эрх байхгүй.

-Парисыг зорихоосоо өмнө хүсэл сонирхлоороо загвар зохион бүтээдэг байв уу?

-Би 16 нас хүртлээ зураг зурдаг байсан. Аав минь зураач хүн л дээ. Тиймээс би “Наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн коллежид суралцана” гэж боддог байлаа. Гэвч аав, ээж маань зөвшөөрөөгүй учраас өөр мэргэжлээр суралцах болсон юм. Гэхдээ л аав, ах хоёроо зураг зурж байхыг нь хараад “Би бас зураач болох байсан юм” хэмээн сэтгэл хөндүүрлэх үе надад зөндөө тохиолдсон. Гэлээ гээд хэнд ч хэлдэггүй байв. Харин Францад хувцас загварын сургуульд суралцах шийдвэрээ 30 настайдаа гаргасан. Энэ тухайгаа аав, ээждээ хэлтэл “Сургуулиа төгсөх гэсээр байтал нас чинь явчихна. Үеийнхэн чинь байр сууриа олчихсон байхад чи юу ч үгүй байх гэж үү” гэж байсан л даа. Ер нь бага зэргийн дарамт, айдас юу эс мундах вэ. Миний хувьд, “Сургуулиа төгсөөд ямар нэгэн загварын агентлагт ажиллана” гэж бодсон ч хоёр, гуравдугаар курст орохдоо “Хэн дуртай нь тийм газарт ажиллаж чаддаггүй юм байна. Үнэхээр мундаг байж гэмээнэ л тэдний шалгуурт нийцнэ” гэдгийг ойлгоод маш их айсан. Өдөр бүр ийм айдаст автдаг байлаа.

-“Насны хувьд оройтсон” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан уу?

-Тэгж боддог байсан. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ санагдсан. Манай ангийнхнаас хамгийн бага нь 16 настай. Насаар арай ахмад нь 25-тай япон бүсгүй, тэгээд би байлаа. Хамт суралцагсдын маань хувьд, брэнд гэж юу юм бэ гэдгийг багаасаа мэдэрсэн. Диор гэж хэн юм бэ гэж мэддэг, өөрсдийнхөө дүр төрхийг олсон тийм л залуус байсан. Тэдний дунд ороход надад хэцүү байлгүй яах вэ. Ингээд нэгдүгээр курсээ төгсөх үед 120 хүүхдээс 60-ыг нь хассан. Тэр үед би “За, ингээд хасагддаг байжээ” гээд сэтгэлийн бөөн түгшүүрт автаж билээ. Иймэрхүү айдсаасаа болоод их сайн суралцсан. Учир нь нэг, хоёр, гуравдугаар курсээ төгсөх үеэр оюутнуудыг дүнгээр нь жагсаахад би дандаа нэгдүгээрт ордог байсан юм.

-Парисаас гадна аль улсын загварын шоунд оролцож байв?
    
-Барселон хот, мөн Өмнөд Солонгост загварын шоунд оролцож байлаа. Нью-Йоркийн загварын шоунд оролцох урилга надад өнгөрсөн жил ирсэн ч хараахан амжаагүй. Хүмүүс хэлдэг л дээ. “Чи Нью-Йорк руу яваач” гэж. Гэхдээ загварын ертөнцийн гол цөм нь Парис шүү дээ. Янз бүрийн стилиэр загвар зохион бүтээгчид энд л ирдэг. Нэг ёсондоо, их чөлөөтэй газар. Нью-Йоркийн загварын шоуны үеэр толилуулдаг коллекциуд харьцангуй сонгодог, элит, бас эмэгтэйлэг байдаг. Италийнх ч бас өөрийн гэсэн уур амьсгалтай. Харин Барселоных надад Паристай адилхан санагдсан. Өмнөд Солонгосын хувьд, тэс өөр ертөнц. Солонгосчууд өрнөдийн соёлд хэт автчихсан хүмүүс юм билээ. Оросууд бол Итали маягаар хувцасладаг.             

-“Хувцас загвар гэдэг ихээхэн эрсдэлтэй бизнес” гэж та хэлсэн. Гэхдээ загвар өмсөгчдөд хэр их мөнгө зарцуулдаг юм бэ?

-Парис, Барселонд миний загваруудыг үзүүлсэн загвар өмсөгчид 15 минутад нэг удаа тайзан дээр гарахад тус бүрт нь 900 евро төлж байсан. Нэг л загварыг минь өмсөхөд тэр шүү дээ.

-Тэгвэл Tsolo Munkh брэндийг барууныхан хэр сайн мэддэг болсон бол?

-Нэг жишээ хэлье. LV, Dior, Gucci брэндийн хувцас өмсдөг хүмүүс миний загварыг хэзээ ч авдаггүй. Брэндийн дэлгүүрүүд нь ч мөн адил. Учир нь Tsolo Munkh  брэндийн загвар тэдгээрээс шал өөр. Урлагийн хүний нүдээр харвал маш их ялгаатай. Тийм учраас тэд М.Цолмандахын өрсөлдөгчид биш. Тэгээд ч намайг баруунд загвар зохион бүтээгч гэхээсээ илүү “Уран бүтээлч” гэж танилцуулдаг. Гэхдээ миний загварууд Хонконгийн Joyce гэдэг дэлгүүрт дээрх брэндүүдийн хувцаснуудтай нэг лангуун дээр худалдаалагдаж байгааг найз маань хэлсэн. Үүнээс гадна Сваровски брэндийнхэн надад “Загварын шоуны үеэр толилуулах хувцасны хэв загварыг гаргаж өгнө үү” хэмээх хүсэлт тавьж байсан. Түүнийг нь ёсоор болгож Wings of Fantasy загварыг урлаж байлаа.     

-Уран зурагтай зүйрлэвэл таны загварууд ямар утга санааг илэрхийлдэг вэ?

-Миний бүтээлүүд тэнгэрийн утга санааг агуулдаг. Цагаан дарь эх, Бурхан Будда, хангарьд шувуу гэхмэтчилэн үлгэр, домгийг л санагдуулах биз. Тиймээс загварыг маань өмссөн хүмүүс тэнгэрийн хүчийг мэдрэх болно. Харин Парис хотод 2013 оны гуравдугаар сард болох загварын шоуны үеэр би Барон Унгерний хувцасны загварыг толилуулахаар төлөвлөсөн. Монгол дээлэн дээр гоёмсог мөрдэс хадсан тэр хүний имиж надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн дээ.           
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.Тулга
      



    




    

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ