Ө.Энхтүвшин МАН-ын даргаар улирах хүсэлтэй байгаа бол У.Хүрэлсүх нэрээ татлаа
2013 оны 8 сарын 5
Ө.Энхтүвшин МАН-ын даргаар улирах хүсэлтэй байгаа бол У.Хүрэлсүх нэрээ татлаа
МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. МАН-ын залуусын байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөнийхөн удаа дараа шаардсаны хүчинд хийж буй энэ хурлаар экс эрх баригч хүчний хэлэлцэх хамгийн гол сэдэв бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялагдсан явдал юм. Энэ сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж, сонгогчдын 41,97 хувийн санал авсан бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 50,23 хувийн санал авснаар МАН ялагдсан. Мэдээж ялагдал бүхний уур бухимдал, хэн нэгэн рүү буруугаа чихсан үг дагадаг бол МАН-ынхан ч дагасан. Тэр тусмаа МАН-ын нөлөө бүхий лидерүүд нэр дэвшигчээ маш хангалтгүй дэмжсэн гэдэг бухимдал одоо ч намын гишүүд, дэмжигчдийн дунд бий.

Тэгээд ч МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг сэтгэлийн хөөрлөөр байгуулчихсан юм биш. Өнгөрсөн таван удаагийн сонгуульд ялагдсан, сөрөг хүчнийхээ үүргээ улс төрийн тавцнаа хангалтгүй биелүүлж байгаа. Дээр нь намаас виз авч, албан тушаал, эрх мэдлийн суудалд заларсан нөхдүүд зөвхөн өөрсдийн санаа бодлыг биелүүлж ирсэн. Тиймдээ ч залуус намын Бага хурлаа хуралдуулах хүсэлтийг удаа дараа тавьж, цаад гүлдгэрүүд нь хариу өгөхгүй байсан тул Тусгаар тогтнолын ордны үүдэнд гэр барьж хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Харин ирэх даваа гарагт болох Бага хурал хэр халуун болох нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн асуудлыг ярих нь нэгэнт тодорхой болсон. Харин МАН-ыг улс төрийн тавцнаа хүчтэй сөрөг хүчин байлгаж, Монголын улс төрийн хамгийн том хүчнийг удирдаж чадах тэр кандидат хэн бэ.
Энэ талаар хамгийн бодитой мэдээллийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар

Нам гэдэг бол эрх ашгийн маш том хүрээлэл, нэг ёсондоо маш том бизнес. Тиймээс Монголын улс төрийн хамгийн том намыг удирдах тоглоомын дүрмээ энэ том талбарт хэрэгжүүлэх хүсэлтэй улстөрчид цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар. 1970-аад оны төлөөлөл болсон тэднийг намынх нь залуусаас цөөнгүй хэсэг нь дэмжиж байна. Энэ хоёр эрхмийн тухайд УИХ-ын 2008 оны сонгуульд Ховд, Говь-Алтайд нэр дэвшиж, ялалт байгуулсан бөгөөд улс төрийн өрсөлдөөнт талбарт хатуу байр сууриараа хэдийн ялгарч чадсан хүмүүс. Тиймээс МАН-ын Бага хурлын 310 гишүүн намын 27 дугаар Их хурлаа ирэх намар хийлээ гэхэд баруун аймгийн төлөөлөгчид, тэр дундаа С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараа зүтгүүлэх магадлалтай байна. Ховд, Говь-Алтай хэзээнээсээ буюу 1990 оноос хойш улаан байсан. Говь-Алтайн хувьд өнөөг хүртэл цэвэр улаан байсан хоёрхон аймгийн нэгээр тодроод байгаа.

Тэгээд ч сульдаатай сөрөг хүчний энэ хоёр эрхэм УИХ-ын чуулганы танхимд хамгийн хатуу байр суурьтай байдаг учраас намын бусад гишүүд ч тэднийг дэмжих магадлалтай байна. Мөн эднээс гадна УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг МАН-ын даргад зүтгүүлэх сонирхолтой хэсэг ч байгаа юм.

Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх

Удтал Канадад байж байгаад ирсэн С.Баяр одоо Хөвсгөлд байгаа. Тэрбээр намын 25 дугаар Их хурлаар намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн тогтоолын төсөл санаачилж батлуулсан байдаг. Уг 25 дугаар Их хурлаар С.Баяр тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогдож, улмаар Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр тухайн үед “Надад эрх мэдлийг өгөөч” гэж хэлээд УИХ-ын 2008 оны сонгуульд намаа ялуулсан. Үүнээс өмнө буюу 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялалт байгуулсны дараа МАХН-ын 24 дүгээр Их хурал хуралдаж, намын даргаа сонгосон. Энэ шеэр С.Баяр, М.Энхболдтой өрсөлдөж ялагдаж байсан бол намын 25 дугаар Их хурлаар энэ хоёр дахин өрсөлдөж С.Баяр ялалт байгуулсан байдаг.
Улс төрийн хамгийн том хүчний гол стратегийг барьдаг энэ эрхмийн фанатууд МАН-д их байгаа. Тиймээс С.Баярыг МАН-ын даргын сунгаанд оролцуулахаар зүтгүүлж байна.

Харин УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд МАХН гэдэг нэрнээс Х үсгийг авч хаяах ажилд манлайлан оролцсон. Тухайн үед тэрбээр “Хэрэв намын нэр өөрчлөгдсөнөөс болж нам ялагдал хүлээвэл хариуцлагаа өөр үүрнэ” хэмээн хэлсэн байдаг. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН олонхи болж чадаагүй тул өөрийн хүсэлтээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн юм. Түүнчлэн эхнэрийнхээ биеийг эмчлүүлэх шаардлагатай болсон тул УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ ч татгалзсан.
Түүнийг хурц дайчин зантай, намын залуусын дунд манлайлагч байж чаддаг хэмээн үздэг тул У.Хүрэлсүхийг дэмжигчид МАН-ын даргад зүтгүүлэх сонирхолтой, намын дарга болгохыг хүч байгаа хүн зөндөө байгаа. Хэрэв түүнийг намын даргад өрсөлдвөл Зүүний хүчний холбоо, НАМЗХ гээд дэмжигчид олон байна. МАН-ын дэргэдэх “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний ард түүнийг байгаа гэх яриа ч бий. Гэхдээ тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр ““Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнтэй ямар ч хамаагүй бөгөөд энэ хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй” хэмээн уламжлуулсан байдаг. Гэхдээ тэрбээр эх орондоо ирсэн байгаа. Харин У.Хүрэлсүх намын даргын төлөөх тулаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Нэг ёсондоо нэрээ татсан байна.

УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд

МАН-ын дундаас дээш насныхан Н.Энхболдыг дэмжиж байгаа. Түүнийг нэр цэвэр, тулхтай улстөрчийн хувьд МАН-ын даргын сунгаанд өрсөлдүүлэх гэж байна. Н.Энхболдын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй бөгөөд намын нөхөд нь түүнд сөрөг хүчний дарга байх хүндхэн ачааг үүрчихээд байгаа. Тэгвэл УИХ-ын дэд дарга М.Энхболдын тухайд намын Бага хуралд хамгийн олон дэмжигчтэй гэж хэлж болно. Намын Бага хурлын 310 гишүүний 30 хувь нь нийслэлийнхэн байдаг. Тэгэхээр М.Энхболдын халаасанд ямар том хүч байгааг харж болно. Хотын фракцийг гартаа атгасан тэрбээр 2005 онд намын 24 дүгээр Их хурлаар С.Баярыг ялснаар МАХН-ын даргаар сонгогдсон юм. Харин түүнийг намын даргаар хоёр жил орчим хугацаанд ажиллах хугацаанд тус намд олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, намын шинэчлэл, дотоод ардчилалын тухай ярьж эхэлсэн байдаг. Эдгээр хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулсан юм. Ийнхүү 2007 оны МАХН -ын 25 дугаар Их хурлаар намын даргын төлөө С.Баяртай дахин өрсөлдөж, С.Баярт ялагдсанаар намын даргын суудлаас буусан. Түүнчлэн тэрбээр 2006 оноос 2007 хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Харамсалтай нь түүний Засгийн газар баг болж ажиллаж чадалгүй, сайдууд нь элдэв асуудалд орооцолдож, бүрэн эрхийнхээ хугацаанд гурван сайд нь огцорсон байдаг.
Нөгөө талаар М.Энхболд МАН-ынхнаас олон нийтийн дунд нэлээд нэр муутай нь гэж хэлж болно. Учир нь түүнийг “Газрын наймаачин” гэх нэр байнга дагаж явдаг. Харин түүнийг намын даргын марафонд өрсөлдвөл түүний ард хотын фракци гэдэг том бүлэглэл бий. Гэхдээ хотын фракцийнхан дотроо хэд хэд задарсан гэх нь бий.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

АН-ын дарга Н.Алтанхуяг намаа таван удаагийн сонгуульд ялуулсан баатар болчихоод байгаа. Ийм байхад МАН-ын дарга Ө.Энхтүвшинг сул дорой байна, намаа сөрөг хүчин шиг сөрөг хүчин байлгаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Хэдийгээр намын гишүүд, дэмжигчид мань хүнийг чамлаж байгаа боловч Ө.Энхтүвшин гэдэг хүн намын лидерүүдийн нэг мөн үү гэвэл мөн. Тэрбээр намын 26 дугаар Их хурлаар намын даргад нэр дэвшиж, Сү.Батболдод тахимаа өгсөн байдаг.

Өнгөрсөн жил буюу УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН ялагдал хүлээсний дараа намын даргаа МАН-ын даргаар сонгогдсон. Ө.Энхтүвшинг Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАН-ыг удирдсанаас хойш  буюу Орон нутгийн хурлын сонгуулиар МАН-ын рейтинг 10 пунктээр, Ерөнхийлөгчийн сонгуулиар 10-13 пунктээр дээшилсэн гэдэг. Намын рейтинг намын даргатай салшгүй холбоотой. Тэгэхээр сул дорой гэгдэж, шүүмжлэлд өртөөд байгаа ч Ө.Энхтүвшин намын рейтингээ жаахан ч болтугай өсгөж чадсан байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ дахь намын хоёр эмэгтэй гишүүний нэг. Улс төрд болон нам дотор өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан энэ эмэгтэй 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд нэлээд дээгүүр яригдсан. Тэрбээр 2000-2004, 2008 оноос өнөөг хүртэл гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Хэдийгээр МАН-ын даргыг намын Бага хурлаар сонгохгүй, Их хурлаар сонгодог ч нам доторхи аймгуудын төлөөлөл ч намын даргын суудал руу өөр өөрсдийн төлөөллийг зүтгүүлээд эхэлчихэж. Дундговийнхон л гэхэд өнгөрсөн жил намын даргын төлөө Ө.Энхтүвшинтэй өрсөлдсөн Р.Раашийг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа. тэгвэл Хэнтийгийнхэн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байж чадсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр ярьж байна.

Ийнхүү МАН-ын даргын төлөө нэр дэвшигчид тодорлоо. Харин намын Бага хурал, Их хурлаар юу болохыг зөвхөн намын гишүүд дэмжигчид ч биш хэвлэл мэдээллийнхэн болон өрсөлдөгч нам эвсэл, олон нийт ч анхааралтай ажиглаж байна.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив