Н.Дашзэвэг: Ерөнхий сайдыг Тавантолгойг дампуурсан гэж хэлснийх нь төлөө огцруулах хэрэгтэй
2013 оны 8 сарын 9
 Н.Дашзэвэг: Ерөнхий сайдыг Тавантолгойг дампуурсан гэж хэлснийх нь төлөө огцруулах хэрэгтэй
Монгол дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор, профессор Намжаагийн Дашзэвэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг хүндэрч эхэллээ. Тухайлбал, ам.долларын ханш чангарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. Үүнээс гадна эдийн засагт муугаар нөлөөлөх олон хүчин зүйл бий болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ам.долларын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, ханшийн том савалгаа гаргахгүй байх талаар  Монголбанк дутагдал доголдолтой ажиллаж байна. Ханшийн хөдөлгөөний үндэс нь төлбөрийн тэнцлийн өөрчлөлтүүд байдаг. Эдийн засгийнхаа гадаад секторын өөрчлөлтийг дотоодын үйлдвэрлэл бизнесийн хандлагатай уялдуулсан бодлого үгүйлэгдэж байна. Ханшийн бодлогыг зөв авч явахад Монголбанк, Засгийн газар, Эдийн засагч эрдэмтдийн хамтарсан үйл ажиллагаа дутагдаж байна. Нийт төлбөрийн тэнцэл сүүлийн хоёр улирал өсөж байгаад 2013 оны эхний улиралд нэлээд алдагдалтай гарлаа. Үүнийг Монголбанкны вэб хуудаснаас  харж болно. Монгол Улсын гадаад секторын  дордолт нь төгрөгийн ханшгийг унагах суурь нөхцөл болж байна. Төгрөгийн ханш оны эхнээс 11 хувиар өссөн нь хүчтэй савалтад тооцогдоно. Импортын бараа, гэрээний үнэ 11 хувиар өслөө гэсэн үг.  Ийм байдал дахиад цаашаа үргэлжлэх юм  бол төгрөгөөс зугтах үзэгдэл газар авч, удирдлагагүй болж ч болно. Монголбанк валют зарах, авах замаар ханшийн хэлбэлзлийг огцом  савлуулахгүй байх үүрэгтэй. Энэ ажлаа учир дутагдалтай хийснээс том савлагаа үүслээ гэж би бодож байна. Мөн нүүрсний үнэ унасаар байгаа нь УИХ, Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яаманд алсыг харсан  зөв бодлого байхгүйгээс болж байгаа юм.  Монголын төр нүүрсний цэгцтэй бодлоготой болохгүй бол баялаг маань гадныхны хоол болсоор байх болно.  Засгийн газар, яамдыг АН фракциудад хувааж өгч,  бүх шатандаа мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэж байгаа нь зөв бодлого  гаргаж ирэх боломжгүй болгож байна. Үлдсэн гурван жилийг яаж давна даа энэ сайд нар гэж бодогдох юм. Төр засагт  эдийн засгийн нэгдмэл бодлого алга. Эдийн засгийн хөгжлийн яам ажлаа хийж мэдэхгүй. Салбарын яамдыг дагаж шогшохоос хэтрэхгүй байна шүү дээ. 

-Дээр нь Төсвийн орлого багассан, “Чингис” бондын асуудал, Оюутолгой, Тавантолгойн нөхцөл байдал хүнд байна. Энэ гацаанаас гарахын тулд яах ёстой вэ?
-Ерөнхий сайд юмуу, Ерөнхийлөгч ахлаж хөгжлийн зөвлөл байгуулж, эрдэмтэд, судлаачдыг өргөнөөр  оролцуулж тэдний толгойг ашиглахгүй бол Монгол Улс  хөгжих боломжоо алдсан жилүүд үргэлжилсээр байх болно. 23 жилээ алдлаа. Энэ бол Сингапур, Өмнөд Солонгос гэх мэт хурдан хөгжсөн орны түвшинд хүрч очих боломжит хугацаа юм.  Мэргэжлийн эдийн засагчдыг сайд дарга нар дэргэдээ зөвлөхөөр авбал нөхцөл байдал дээрдэнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхтэй, магадгүй зөвлөхүүдийн багтай болмоор байна.     
 
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой компанийг дампуурсан гэж хэлсэн нь асуудал дагуулж байна.Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Хувьцааны 10-20 хувь нь ард иргэдэд, дотоодын компаниудад очсон. Хувьцааны 30 хувь нь  гадаадын хөрөнгийн зах дээр зарагдах гэж буй компаниа Засгийн газрын тэргүүн нь ингэж доромжилж  болохгүй. Хувьцааны ханш нь тэгтэй тэнцвэл яах юм. Хятдууд шүүрээд авчихна шүү дээ. Соёлтой орон шиг  хүчтэй  сөрөг хүчинтэй, иргэний нийгэмтэй бол Ерөнхий сайдыг энэ үгнийх нь төлөө огцруулах байсан биз. Эдийн засгаа хорлосон шинэчлэл гэгч л болж байна.  Ухарсан юм уу, хадуурсан  шинэчлэлийн Засгийн газар болж байна даа.
 
-Гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр буурсан. Дээр нь Монголын томоохон компаниуд хүнд байдалд орж байна. Тухайлбал, “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү дампуурлаа зарлачихлаа. Ер нь Монгол Улс бизнесийн орчноо төдийлөн сайн дэмжихгүй байгаа юм шиг ээ?
-Бизнес хийх гол  орчиноо төр сайжруулж хэвийн болгож  чадахгүй л байна. Юуны өмнө зээлийн хүү өндөр хэвээр байна.  Үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд л бага хүүтэй  зээл олгож буй нь  үр дүн муутай болсон. Жишээ нь барилгын улирлын үед арматурын үнийг тогвортой барьж чадахгүй байна. Нэг тонн арматурын үнэ сая нэг зуун төгрөг байснаа 20 мянган төгрөгөөр долоо хоногийн өмнө нэмэгдлээ. Төгрөгийн ханш эрчимтэй унах боллоо. Энэ нь импортын барааны үнийг өсгөхөд хүргэж байна. Дотоод зах зээлээ хамгаалах нь бизнесийн орчноо сайжруулах  чухал хэлбэр мөн. Гэтэл гадны барааны импортын татвар дөнгөж таван хувьтай байсаар байгаа нь үндэсний боловсруулах үйлдвэрлэл өсөж өндийхэд том дарамт болсон хэвээр л байна.
УИХ, Засгийн газар, АН-д хөгжлийн стратеги байхгүй байгаа нь бизнесийн орчны ирээдүйг бүрхэг болгож байгаа юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үгсийн санд “Хөгжлийн стратеги”, “Эдийн  засаг, Нийгэм, Экологийн урт хугацааны бодлого” гэх мэт үг алга. Мэргэжлийн бус аль нэг сайдын цээжний бангаар эдийн засгаа хөгжүүлэх гэж оролдож буй нь хөгжилд саад тушаа, хор хохирол авчирч байна. Жишээ нь, Сайншандад хүнд  үйлдвэрийн цогцолбор барина гэж байна. Гэтэл борлуулах зах зээлээ баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх тээврийн нөхцлөө тодруулж гэрээ, ядахдаа санамж бичиг ч   байгуулаагүй байна. Үйлдвэр барьдаг, нүүрсний компаниуд шиг борлуулалтгүй сул зогсоход хүрдэг байдал угтах нь дээ. Монголын эдийн засгийг туйлдуулж, эзэмшилдээ  авах гэсэн гадны бодлого яваад л байна гэж би үзэж байна. Чойбалсан хот руу төмөр зам тавьж эхэлсэн. Гэтэл Засгийн газар Орос, Хятадтай төмөр замын хэлэлцээр хийгээгүй л байна. Гаднынхан битүүхэн инээгээд л харж байгаа. Нэг бол манайх ачааллаа дийлэхгүй байна. Танайхаас вагон хүлээж авахгүй гэнэ. Эсвэл Монголын төмөр зам компанийг алдагдалд хүргэх үнэ тариф нэхнэ.  Хайран зам, хайран олон тэрбум ам.доллараа элсэнд цацаснаас ялгаагүй болох нь.  Монголын төр засаг ийм гэнэн, мангар  байж болохгүй.     

- МАН-ын Бага хурал боллоо. МАН-ын залуучууд энэ намыг шинэчлэгдэх ёстой гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа намын удирдлагууд нь Их хурлынхаа дараа ажлаа өгөх юм шиг байна. Энэ нам удирдлага нь солигдож байж шинэчлэгдэх ёстой юм уу. Таны бодлоор хэрхэн шинэчлэгдэх ёстой юм бэ?
-Монголын хамгийн том намыг сөрөг хүчин болсон энэ үед удирдаж чадахгүй байна.  Энэ л гол асуудал. Хяналтын танхим гэдэг үгийг ч  хэлдэг хүн ч алга. Хийх асуудал бүүр байхгүй.   Сүүдрийн Засгийн газрыг улсад болон нийслэлд байгуулаад зөв бодлогын төлөө  АН-тай  өрсөлдөх ажлыг хийж чадахгүй байна.  МАН-ын өмнө тулгарч буй гол асуудал бол Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөл, УИХ дахь бүлэг, Сүүдрийн засгийн газрын уялдаа холбоог олж, зөв хүнээ байршуулж “МАН-ын машин“-ыг  ажиллуулах явдал юм. Намын дүрмээ өөрчлөе. Намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүд,  нарийн бичгийн дарга нартаа ажил үүргийн хуваарийг зөв түгээе. Хариуцлага үүрдэг болгоё. Тэднийг заавал өрсөлдүүлж сонгодог болгоё. МАН-ын удирдлагын зохион байгуулалтын бүтцийг сөрөг давшин тулалдах нөхцлөөр өөрчлөе. Ерөнхий үүрэгтэй дарга байсаар байтал дахиад ерөнхий үүрэгтэй нарийн бичгийн дарга байгаа нь намыг хоёр толгойтой болгож байна. Хоёулаа  баахан зөвлөхүүдтэй.  Энэ буруу л даа.  Намын гол үүрэг хариуцлагыг дарга, гурван дэд дарга, таван нарийн бичгийн даргад ноогдуулъя.  Удирдах зөвлөлийн гишүүд бодлогын салбаруудыг хариуцдаг болгоё.  Намын нүд чих болсон социолог маркетингийн албатай болъё. Энэ ажлыг намын нэг дэд даргад хариуцуулъя. Хөгжлийн бодлого, сонгуулийн хөтөлбөр хариуцсан нэг дэд даргатай болъё. Пиар хариуцсан дэд даргатай болъё. Энэ мэт олон санал надад  байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдлаа. Та МАХН-ын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Дотроо бас л хагаралтай байдаг шүү дээ?
-МАХН-ын  рейтинг сүүлийн гурван сонгуульд 22,3 хувиас 10 хувь руу, улмаар 6,5 хувь руу уначихлаа. Энэ 6,5 хувийн 2-3 хувь нь Н.Удвалын нэрээр авсан гэж үзвэл  МАХН-ын рейтинг 5 хувиас доош байна. Энэ бол ирэх сонгуульд МАХН нэг ч суудал  авахгүй байх боломжтойг харуулж байна. Н.Энхбаярыг өрөвдөж өмөөрч саналаа өгч байсан бол шүүх хурлыг үзсэний дараа  түүнийг дэмжих хүн эрс цөөрсөн. МАХН-ын дарга нар бялуугаа шударга бус хуваадаг тул энэ намд нэмж ирэх боломжийн хүн гарахгүй.  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өөрт үнэнч ойр хүмүүст, сонгуульд зүтгээгүй ч байсан  албан тушаал тараасан. Тэд сонгуулийн амжилт зүтгэлийг үнэлдэггүй тул энэ намын төлөө зүтгэх боломжийн хүн нэмж  гарахгүй.  Тэд намаа бэхжүүлье гэсэн сэтгэл гаргаагүй. Яаж рейтингийг нь өсгөхөө ч мэддэггүй, хүсдэггүй. МАХН олон түмний нам болж чадсангүй. Арга хэмжээ зохиовол зардал, хоолыг нь даагаад урьдаг хэдэн хүн бий. Нэг хүний  нам. Н.Энхбаяр явчихбал энэ нам хэн ч биш болно. Н.Энхбаяр  дарга цагаадаж  Шадар сайд болох, эсвэл эвслийг задалж МАХН-ыг засгаас гаргах гэсэн хоёр сценарийн  нэг энэ намар хэрэгжих болов уу гэж би бодож байна.


У.САРАНГЭРЭЛ  


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ