Бага хурал ба эр хүн
2013 оны 8 сарын 9
Шинэчлэлийн тухай. Цагийн эрхээр өнөөг хүртэл биднийг сүүдэр мэт  дагалдсан дөжин бодлоосоо салж эхэлж байна. Энэ бол арай эртдээ Улааныхан ба Цагааныхан гэдэг хуваагдал. Тэд бол хуваагдсан л бол бие биенээ шууд буудчихдаг байв. Эдүгээ Манайхан ба Танайхны хуваагдал үргэлжилсээр. Энэ нь арай буудчихгүй ч ёстой ч нэг элдэвлэнэ дээ. Ямар ч гэсэн иймгүй байхын итгэл найдварын “оч”-ийг (“оч” гэдгийг  яагаад хашилтанд хийв  гэвэл “од” ч юм уу, “бамбар” ч юм уу, юу болохыг нь тодорхойлж чадаагүйн учир.) Ардын намын өчигдөр болсон ҮIII бага хурал харууллаа. Өөрөөр хэлбэл, Манайхантай танайхан, Танайхантай манайхан байж чадав уу гэсэн бодол орж ирлээ. Энэ нь өөрөө бие даасан шинэчлэл болж байх шиг. Аливаа шинэчлэл, дэвшил болгон зөвхөн эерэг үр дүн авчирах ёстой. Тэр бүү хэл, аливаа шударга ёсыг тогтооход ч эерэг үр дүн л гарч байх аваас нийгэм урагшлана.
Ардын намын гадаад орчин амаргүй байна. Түүнийг дагаж цочирдсон хүмүүс л дотоод орчноо төвөгтэй болгоно. Ө.Энхтүвшин намын дарга болоод дөнгөж жилийн нүүрээ үзэж байгаа ч тэрбээр хариуцлагаа хүлээж огцорно гэдгээ мэдэгдлээ. Удирдах зөвлөл нь ч хүлээж авсангүй. Бага хурал нь ч хүлээж авсангүй. Тэр Их хурал дээрээ огцорно гэдгээ хэллээ. Түүнийг Ардын намын дарга болоод дөнгөж хоёр сар гаруй болж байхад Орон нутгийн сонгууль болсон билээ. Тэнд Ардын нам амжилтгүй дүн үзүүлсэн. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Чанарын том үзүүлэлт гарсан ч ялагдал хэвээр үлдэв. Нэг талаас харахад ялагдал, ялалт гэдэг хувь заяа юм.  Намын нэр өөрчилсөн. Ардын нам ялсан атлаа Ардчилсан намтай эвсэн Засаг байгуулж тэдэнд олон болох бололцоог бүрдүүлсэн. Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ингэсэн, тэгсэн гээд түмэн юм байна. Жаахан философич маягаар харвал энэ бүх ялагдал зайлшгүй байжээ. Яагаад гэвэл өнөөдөр ялагдсан байгаа учраас л хувь заяа гэмээр зайлшгүй байж.
Ийм ч учраас зарчимын шинэчлэл хийхийг Ардын намд  хувь заяа дахин бэлэглэв. Шинэ боломж нээгдлээ гэсэн үг.
Хөндлөнгөөс харахад Ө.Энхтүвшин энэ богино хугацаанд шинэчлэгч байж чадлаа. Намын гишүүд гэхээсээ илүүтэй гадна талаасаа түүний амар заяаг үзүүлсэнгүй. Парламентэд нам нь хангалттай суудал авсан авч бүлгийн хэмжээнд ажиллах боломж өгөхгүй байв. Хүндрэлд орсон намын нөхөд түүнийг сул дорой ажиллаа гэж сэхээ авахгүй нүдлээ. Тэр Ерөнхий сайд агаад намын дарга байсангүй. Ядаж л Н.Алтанхуягийн вариантиар Шадар сайд агаад намын дарга байсангүй.  Харин ч өнгөрсөн хугацаанд эв эеийг хичээж хүлээцтэй байлаа. Ийм ч учраас цочирдсон нөхдүүд шиг цочмог юм хийж намын хамт олноо бужигнуулсангүй. Хугараагүй ноён нуруу гэдэг шиг байж чадлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үед тэр өөрөө нэр дэвшиж байвч элдэв явуулга, түрэмгийлэл хийсэнгүй. Ардчилалын хамгийн том үнэ цэнэ бол бүгдэд тэгш эрхийн боломжийг өгөх. Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д. Лүндээжанцан, Ө.Энхтүвшин цөм нам дээрээ тэгш боломжийг эдэлсэн. Хэрэв Ө.Энхтүвшин хаа газрын намын даргын хэв шинжит дүрээр түрэмгийлсэн бол “яаж ийж” байгаад дэвшчихнэ шүү дээ. Тэр тэгсэнгүй. Энүүгээрээ тэр шинэчлэлийн символ болж үлдэх болов уу?
Тэрбээр намын дарга болмогц “Бид юуг шинэчлэх ёстой вэ?” хэмээсэн том өгүүлэл бичиж өргөн хэлцүүлгэ явуулсан. Мэдээж, “будаач будаач гэхээр нүүрээ будав” гэдэг шиг нам шинэчлээч шинэчлээч гэхээр үзэл санаагаа шинэчлэхгүй нь ойлгомжтой. Одоо социал демократ үзэл онолоосоо хазайхгүй биз. Олонх байсан намын дүрмийг цөөнхи байгаа намын дүрэм болгох бодолтой байсан. Ер нь намын дүрэм намын удирдлагад ямар ч муу хүмүүс гарсан муу юм аа хийх боломжгүй байх. Ямар ч сайн хүн гарсан муу хүмүүст уруу татагдаж муу болдоггүй байх. Тэр механизмыг бий болгох, тэр механизмд дөхөж очихыг хэлдэг юм биш үү. Ө.Энхтүвшин хариуцлагаас зугтаасангүй, Бага хурал дээрээ эр хүн шиг, намын дарга шиг үгээ хэллээ. Тэрбээр зангарагтай улс төрч гэдгээ 1996 оны МАН-ын ялагдлын дараахь намын хямралын жилүүдэд нэгэнт харуулсан. Одоо ч харууллаа. Хэзээ ч тэр сул дорой байсангүй. Харин нь алсыг харж өөрийгөө золих шазруун эр хүн гэдгээ дахин нотоллоо.

Хямралын тухай
. Ногоон намын О.Бум-Ялагч хагас жилийн өмнө: “МАН лидергүй учраас сөрөг хүчин байж чадахгүй. Сонгуульд ч амжилт үзүүлэхгүй” гэсэн үг хэлсэн. Харин тэр цагт Бум-Ялагч хамгийн гайгүй хэлсэн нь шүү. Бусад нь татан буулгана. Устгах хэрэгтэй ч гэж авирласан шүү. Ардын нам бараг 100 жилийн түүхийн нүүрийг үзэж байгаа Ази тивдээ анхны ууган цөөхөн намуудын нэг. Зөвхөн ганц энэ шалтгаанаар л түүнийг хүндэтгэхэд хангалттай. 
“Манайхан өнөөдөр гадагшаа өрсөлдөх биш дотроо л нүдэлцээд байх юм” гэж Ардын намын ахмад гишүүн нэгэн хэлж билээ. Ер нь бол ялагдсан намын тэмцэлийн үзүүр гадагшаа, эвлэрэлийн үзүүр дотогшоо байх ёстой. Лидерээ хүлээн зөвшөөрч лидертэй болно. Хагарч бутраад, амбици нь аюулхай дээрээ ирэхээр хэзээ ч лидертэй болохгүй. Лидертэй байна гэдэг хамтын хүчин чармайлт. Ялагдсан үед лидерээ “бөөцийлж” төрүүлэх ёстой.  Бүгдээрээ “Би,Би” болчихвол лидер төрөхгүй. Нэгэн жишээ дурдахад, Францын цэргүүд Арабад мамлюкүүдтэй байлдаж байхад нэг франц цэрэг нэг мамлюктэй халз тулахаараа ялагдчихаад байдаг байж. Харин салаа франц цэрэг салаа мамлюктэй үзэхээр ялаад байдаг байжээ. Энэ юуг хариулж байна гэвэл зохион байгуулалт, эв нэгдлийг л харуулж байгаа юм. Намын Их хурлынхаа дараа зангидсан гар шиг байж чадвал Ардын намын амжилт дээшлэнэ. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 520 гаруй мянган хүн Ардын намын нэр дэшигчид санал өглөө. Энэ нь урд урдын ялагдсан сонгуулиудын саналтай харьцуулахад хамаагүй ахиц юм. Хамгийн том ахиц нь Ардчилсан намд Засгийн бүх эрх мэдэл гарт нь бүрэн шилжсэн үед ийм амжилт гарлаа шүү дээ. 2012 оны сонгуульд ялагдсан гол шалтгаан нь АН туйлын мундагтаа ч биш, МАН туйлгүй муудаа ч биш юм. Ардчилсан намын нэг тойрог дээр дэвшсэн нөхөд эвтэй дөрвөн амьтан шиг байж чадсанд оршино. Зарим тойрог дээр Ардын намынхан маань эвгүй гурван амьтан шиг байсан нь бий. Жишээ нь, том тойрог бол хичнээн эвтэй байна уу, төдий чинээ санал нь сунадаг эд юм байна. Энэ нотлогдсон. Төв аймагт М.Энхболд, Су.Батболд нар, Өвөрхангайд С.Чинзориг, Н.Төмөрхүү (тэднийг хэдийбээр парламентэд шүүх оруулаагүй ч ) гараад  л ирсэн. Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд явна. Иймд бүх ялалтын үндэс ЭВ НЭГДЭЛ болой. Тэд франц цэргүүд шиг байж чаджээ л гэсэн үг. Эв нэгдлийн үндэс нь нам дотроо Манайхан ялсан бол Танайхантайгаа хамт байж чаддаг байх. Ардын нам Бага хурлаа иймэрхүү хэмжээнд давах шиг боллоо. Их хурлаа иймэрхүү давчихвал хонголын үзүүрт юу харагдах билээ? Гэрэл. 
Манайхан ба танайхны тухайд. Монголын нийгэмд Манайхан ба Танайхан бол байна аа. Бүр цусанд нь шингэж, ясанд нь суусан юм шиг байна. Үүнийг эрх баригчид засах магадлал маш бага байдаг. Яагаад гэвэл тэд “уулын өвчин” туссан байдаг. “Уулын өвчин” гэдэг хэн нэгэн өндөрт гарах тусам доор нь байгаа юм болгон жижгэрч харагдаад бүх юм амар хялбар болоод цээж нь оволздог өвчин. Харин харин ууланд өндөр гарсан тохиолдолд хүчилтөрөгч нь багасдаг. Хүчилтөрөгч багасхаар хүн дүнхүйрнэ биз дээ.  Харин сөрөг хүчин нам дор газрын амьдралд байдаг учир Манайхан ба Танайхныг засах боломжтой. Өнөөдөр өөрөөсөө эхэлбэл маргааш өрөөлөөс эхлэнэ шүү дээ. Тэгээд Манайхантай Танайхан, эсвэл Танайхантай Манайхан нэг дор амгалан тайван оршиж сурах юм. Энэ бол иргэншил. Тэр цагт МАН либерализм, социализмын үнэт зүйлийг нэгтгэж чадах бөгөөд өнөө хүсээд байгаа Швед, Норвеги шигээ улсыг байгуулахад дөхөж очино. Монголд өвөл гэнэт ирдэг шүү дээ. Түүн шиг МАН-д хямрал гэнэт ирсэн. Монголчууд өвлийг тэгж байгаад давдаг шүү дээ. МАН бас тэгж байгаад давах нь ойлгомжтой. 

Х.Бүрэнтогтох

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив