Н.Алтанхуяг “Чалко”-д өр төлж, иргэддээ 1072 хувьцааны ашиг өгөх бодолгүй байна
2013 оны 8 сарын 10
Н.Алтанхуяг “Чалко”-д өр төлж, иргэддээ 1072 хувьцааны ашиг өгөх бодолгүй байна
Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Тавантолгой ашгаа өгөх нь байтугай амаараа шороо үмхчихээд байгаа гэнэ. Үүнийг нь Ерөнхий сайд нь бахаа ханасан мэт “Тэр Тавантолгой чинь дампуурчихсан шүү дээ” гээд хээв нэг инээж байгаа дүр зураг өнгөрсөн долоо хоногт харагдсан. Гэхдээ Ерөнхий сайдад ард түмнээрээ тэгж даажигнах эрх байхгүй байлтай.

Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсан цагаасаа л “Тавантолгой гэдэг толгойн өвчин” гэх зүйлийг ярьж эхэлсэн. Болохоосоо болохгүй хүртлээ үзье гэхийн оронд анхнаасаа энэ чинь болохгүй байсан юм чинь гээд хуруу гараа хөдөлгөхгүй суугаад байх. Тиймдээ ч 2013 он гарснаас хойш гурван сар сул зогссоны эцэст энэ оны дөрөвдүгээр сард Тавантолгойн нүүрсээ Хятад руу гаргаж эхэлсэн. Ингэхдээ өнөө алдагдалтай байна, гэрээнд өөрчлөлт оруулмаар байна, өмнөх Засгийн газрын балгаар “Чалко”-д өртэй болсон гэх зэргээр шүүмжлээд байсан яг тэр үнээрээ нийлүүлж эхэлсэн. Анх гэрээ байгуулахдаа “Чалко”-д нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүйгээр /ханш харгалзахгүй/ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ  хийсэн байна. Харин өнгөрсөн оны  хоёрдугаар улирлаас эхлэн индексийн аргаар үнэ тооцох болж хоёрдугаар  улиралд 68,57 ам.доллар, гуравдугаар улиралд 65,9 ам.доллар, дөрөвдүгээр  улиралд 56,7 ам.доллар  болж буурчээ. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард нийлүүлэх тонн нүүрсний үнэ 53,6 ам.доллар  болж багассан байна. Үүнээс болж манай “Эрдэнэс Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс нийлүүлэхдээ 40, түүнээс хойш өнөөг хүртэл 59 сая орчим ам.долларын алдагдал хүлээсэн гэж байгаа.  Харин одоо тонн тутмыг нь 47 ам.доллараар нийлүүлнэ.

Өмнөх засгийн газар Хятадын “Чалко” гэдэг компанитай нүүрс нийлүүлэх гэрээ хийж, 350 сая ам.доллар урьдчилж аваад иргэддээ тарааснаас одоогийн Засгийн газар ийнхүү өрөнд орсон гэдэг. Тиймээс Цанхийн зүүн хэсгээс олборлож байгаа нүүрсээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Хятадын “Чалко” компанид нийлүүлж, урьдчилгаа төлбөрийн зээлийн өрөнд буюу 350 сая ам.доллараас шууд суутгуулаад явж байгаа гэнэ. Одоогоор 170 гаруй сая ам.долларын өр үлдээд байгаа юм байх. Энэ оны гуравдугаар улирлаас тонн нүүрсний үнэ гэрээнд зааснаар 47 ам.доллар болсон байна. Хэрвээ энэ үнэ өсөхгүй буюу 47 ам.доллараар тооцвол 3,6 сая тонн нүүрс нийлүүлж, “Чалко-гийн өрийг барагдуулах юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Чалко”-гийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан. Гэтэл Ерөнхий сайд маань энэ өрийг барагдуулах нь байтугай “Тэр чинь дампуурчихсан ш дээ” гээд сууж байгаа нь хачирхалтай.

Ер нь бол Шинэчлэлийн гэх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өмнөх Засгийн газрын үед Тэргүүн Шадар сайд байхдаа энэ гэрээний ажлын хэсгийг ахалж байсан гэдгийг монголчууд мэдэж байгаа. Харин тэр өөрөө мартчихсан. Тиймээс л бусад руу буруугаа чихчихээд өөрөө бултаад үлдэхийг санаархаж байгаа хэрэг. Н.Алтанхуягийг Шадар сайд байхад буюу Тавантолгойн нүүрс экспортлох ажлын хэсгийн ахлагч байх үед Монгол Улс "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалахад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкуудыг тодруулсан юм. Энэ ажлыг зохион байгуулагч спонсороор Германы "Дойче Банк", АНУ-ын “Голдман Сакс" банкуудыг сонгосон байдаг.

Харин энэ үеэр зарим эдийн засагчид Монголын тал Таван¬толгойн хувь заяаг XXI зууны эдийн засгийн “алуурчид”-д даатгалаа хэмээж байсан. Ингэж хэлсэн нь ч учиртай. АНУ-ын “Голдман Сакс" банкийг “дэлхийн санхүүгийн хямралын автор” болсон банк гэх бөгөөд АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос ““Голдман сакс” банкныхан 2008 онд санхүүгийн хямралыг эхэлсэн. Тус банк моргейжийн чанаргүй зээлүүдэд баталгаа гаргаснаар Америкийн банк, санхүүгийн тогтолцоог дампууруулахад хүргэсэн” хэмээн мэдэгдсэн байдаг. Харин “Дойче банк”-ыг Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлээс хууль бусаар ашиг олсон гэх асуудалд холбоотой гэдэг.

Энэ мэтчилэн одоогийн Ерөнхий сайд, өмнөх Засгийн газрын Тэргүүн Шадар сайд асан Н.Алтанхуягт мэдэхгүй, орооцолдоогүй зүйл байхгүй. Харин түүнд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг экспортолж, “Чалко”-гийн өрийг барагдуулах сонирхол бий юу гэдэг л сонин. Угтаа “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр сая тонн нүүрс “Чалко”-д нийлүүлэхэд бэлэн байгаа ч тээвэрлэлтийг нь зогсоочихсон байгаа. Үүнийгээ дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасантай холбон тайлбарлаж буй. Сураг сонсох нь ээ Тавантолгойн нүүрсийг ирэх долоо хоногоос экспортолж эхлэх гэнэ. Харин Ерөнхий сайдын өнгөрсөн долоо хоногт хэлсэн “Эрдэнэс Тавантолгой чинь аль дээр дампуурчихсан шүү дээ” гэдэг үгийг хятадууд сонсоогүй гэвэл үлгэр болох байлгүй. 2011-2012 онд жилдээ 3-4 тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт урсгал хэдхэн сарын дотор 60 орчим хувиар багассан хэмээн зарим эх сурвалж хэлсээр байгаа. Харин Ерөнхий сайд нь энэ мэтчилэн зүүд, зэргэлээ шиг зүйлийг яриад байвал хөрөнгө оруулалт нэмэгдэх нь юу л бол.

Тэртэй тэргүй “Эрдэнэс Тавантолгой” компани энэ улирлаас эхлээд гэрээ ёсоор 47 ам.доллараар нийлүүлэх нь тодорхой. Үүнд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унах хамаагүй. Харин нүүрс нийлүүлэх, “Чалко”-гийн өрийг хурдан барагдуулах сонирхол Ерөнхий сайдад маань байхгүй байна гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу.

Н.БУДСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив