Б.Батцэцэг: Хүн төрөлхтөний түүхийг мөнхийн үсгээр л бичдэг
2013 оны 8 сарын 12
Б.Батцэцэг: Хүн төрөлхтөний түүхийг мөнхийн үсгээр л бичдэг
Хатагтай Маргарет Тетчер “Хэлэх үг бэлтгүүлэх бол эрчүүдэд ханд. Харин чухал ажил даалгах бол бүсгүйчүүдэд даатга” хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр ч гараг ертөнцийг бизнесийн хатдын уран ухаан, үнэнч зан, тууштай, зарчимч чанар “чимж” байна. Энэ удаад “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэгийг онцоллоо. “Дотоодын хөрөнгө оруулалтын онцлох энтрепрёнер хатагтай”-аар 2009 онд тодорч байсан бизнес хатагтайтай ярилцах зуур “Хүчирхэг байхын тулд хатуу байх шаардлагагүй” хэмээн нэгэн алдартны хэлсэн үг өөрийн эрхгүй санаанд орсон юм. Яагаад тэр юм бол...    
-Аав, ээж хоёрын тань
Амьдралыг залгуулж байсан
Ажлын минь үнэт хэрэгсэл
Алтнаас ч үнэтэй энэ хоёр сампин.

-Таны өрөөнд орж ирмэгц эдгээр үг анхаарлыг минь татлаа. Хагас зууны туршид танай гэр бүлийн үнэт дурсгал болон хадгалагдаж буй хятад сампингууд ямар түүх өгүүлэх бол?

-Баярлалаа. Та их гярхай хүн байна шүү (инээв). Ажил, амьдралынхаа шинэ өглөө бүрийг би аав, ээж хоёрынхоо нандин дурсгал болсон эдгээр сампинтай хамт угтдаг. Тэд маань маш чадварлаг, мэргэшсэн нягтлан бодогчид байсан. Хамгийн сонирхолтой нь тухайн үед компьютер байтугай тооны машин ч байгаагүй. Тиймээс аав, ээж хоёр минь сампингаар тоо боддог байлаа. Ингэхэд та сампингаас ямар нэгэн аялгуу “эгшиглэх”-ийг мэдэрдэг байсан уу. Миний хувьд, сампингийн дуун дунд өссөн учраас тэрхүү өвөрмөц аялгууг сонсож мэдэрсэн. Аав, ээж хоёр минь дуу аялан сампинддаг байсан эгэлхэн дүр зураг сэтгэлд тодхон үлдэж дээ. Харин одоо эдгээр сампин зөвхөн Б.Батцэцэг гэдэг хүний төдийгүй “Мөнхийн үсэг”-ийнхний маань нандин дурсгал юм.

-Аав, ээж тань хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэхийг хүсдэг байв уу. Аль эсвэл “Тооцоо, данстай зууралдсан ийм уйтгартай ажил хийлгэхгүй” гэдэг байсан уу?
-Үгүй ээ, тэгж хэлж байгаагүй. Аав, ээж хоёр маань хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжлийг их дэмждэг хүмүүс байсан. Тиймээс “Та нар хүсэл сонирхлоо л дага” гэдэг байлаа. Тэр тусмаа аав биднийг соёл, урлагийн хүмүүжил сайтай болгоход ихээхэн анхаардаг байв. Миний хувьд, байгалийн ухаан, математик, физик, химийн хичээлд илүү сайн байсан. Гэвч зах зээлийн эхэн үед гадаад хэлний мэргэжилтэн эрэлт ихтэй, хүмүүс ч энэ чиглэлээр суралцах нь түгээмэл байсан учраас би МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцсан юм. Сонгосон мэргэжилдээ үнэнхүү дур сонирхолтой, ёстой л “Гадаад харилцаа бол миний ажиллах ёстой салбар” гэж боддог байлаа. Аав, ээж хоёр маань ч охиныхоо сонголтод хүндэтгэлтэй хандсан. Ер нь манайх их чөлөөт, ардчилсан гэр бүл шүү дээ.

-“А” үсэг заалгасан анхны багш тань орос хүн гэв үү?
-Би 1-7 дугаар анги хүртлээ орос сургуульд суралцсан. Харин наймдугаар ангид ордог жил маань оросууд нутаг буцсан учраас монгол сургууль руу шилжсэн юм. Та миний хэлэхийг сонсоод гайхах байх. Багадаа би их атаман охин байсан. Дуу, бүжиг, ер урлагийн ямар л уралдаан, тэмцээн болно, тэр болгонд түрүүлнэ. Нэгдүгээр ангид байхдаа математикийн хичээл дээр л онц авна. Харин орос хэл болон бусад хичээл дээр тааруухан байсан. Намайг нэгдүгээр ангиа төгссөний дараа орос багш маань амтат бялуу хийж, аав, ээж хоёртой уулзаж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Тэр үед би хэрэндээ сандарч “Багш манайд яах гэж ирсэн юм бол” хэмээн хаалганы завсраар чагнаж зогстол тэрбээр “Охин тань тооны хичээлд их сайн. Та хоёр энэ тал дээр анхаараарай” гэж магтаж байсан. Багшийнхаа үгэнд урамшсан би хоёрдугаар ангидаа орос хэлний хичээлд илт сайжирч, гуравдугаар ангидаа тэргүүний сурагчдын нэг болсон доо. Айлын том охин учраас их бие даасан, шинэ жилийн үеэр өөртөө даашинз оёчихоод “Ээж маань оёж өгсөн юм” хэмээн ангийнхандаа хэлдэг байж билээ. Зурна, бичнэ, дуулна, намайг ийм авьяастай учраас оросууд надтай их дотно харилцдаг байсан.

-Таны хувьд, мөрөөдлийн шилтгээнээ хэдийнэ босгочихсон. Харин “Мөнхийн үсэг” хэмээх энэ том “шилтгээн”-ийг бий болгохын тулд эрсдэлтэй хэр их нүүр тулсан бэ?
-“Өөрийн гэсэн бизнестэй байна гэдэг дугуй унахтай адил. Гэвч дугуйгаа жийхгүй л бол унана” гэдэг шүү дээ. “Мөнхийн үсэг”-ийнхээ түүхийг анх эхэлсэн мөчийг эргэн дурсах бүртээ би энэ үгийн талаар эргэцүүлэн боддог. Тэр үед нөхөр бид хоёр их сургуулиа дөнгөж төгсчихөөд байлаа. Миний хань инженер хүн л дээ. Нэгэн танил маань бид хоёрт зээлсэн мөнгөнийхөө оронд 1995 онд хоёр компьютер өгсөн юм. Түүгээр нь юу хийхээ мэдэхгүй хадгалж байтал аав Дархан-Уул аймгаас ирсэн. Ингээд компьютерүүдээ үзүүлтэл аав “Нийслэлд хэвлэх үйлдвэр гэж бараг алга. Та хоёр ажил хэрэгч хүмүүст хэвлэлийн үйлчилгээ үзүүлбэл цаг үедээ тохирсон ажил болно” гэхэд нь санаа авч, хуучнаар Залуучуудын соёлын төвд жижигхэн өрөө түрээслэх болсон юм. Тэр өрөөнд нөхөр бид хоёр бараг амьдарсан даа. Анх нэрийн хуудасны эх бэлтгэн хэвлэж байсан бол 1996 онд зээл авч, Сингапураас хэвлэлийн бага оврын машин оруулж ирсэн. Бизнес маань амжилттай эхэлсэн учраас бид хоёр хэвлэлийн компани байгуулахаар шийдсэн нь “Мөнхийн үсэг” юм. Хоёр хүний итгэл, сэтгэл, хайр, хүсэл мөрөөдлөөр эхэлсэн компанид маань өдгөө 350 хүн ажиллаж байна. Тэр цагаас хойш 16 жил өнгөрчээ. Гэхдээ бид “Мөнхийн үсэг” компанийг үүсгэн байгуулсан үеэ “Дархан сэргэлэн” компаниа анх байгуулсан цагаас эхлэн тооцдог. Тэгж тооцвол бид яг 21 жилийг ардаа орхижээ. Компанийнхан маань өнгөрсөн жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн.

-“Мөнхийн үсэг”. Үнэхээр бэлгэдэлтэй, сайхан нэр шүү. Автор нь хэн бэ?
-Аавыг минь Г.Батмөнх гэдэг. Тийм учраас компаниа “Мөнх” гэдэг үгээр тодотгохоор шийдсэн юм. Өнө мөнх, мөнх тэнгэр, мөнхийн хайр, бас мөнхийн үсэг... Таны хэлсэнчлэн утга, бэлгэдэл төгөлдөр үг. Тэр дундаа хүн төрөлхтөний түүхэнд мөнхрөн үлддэг зүйл бол ном бүтээл, бичиг соёл юм. Тэдгээрийг мөнхийн үсгээр л бичдэг шүү дээ. Зохиолч, яруу найрагчид ч хэлдэг. “Танай компанийг анх сайн мэддэггүй байхдаа “Бэлгэ дэмбэрэлтэй сайхан нэртэй газраар бүтээлээ хэвлүүлье” гэж ярьцгаадаг байлаа” гэж. Харин өнөөдөр тэд манайхаар эртний андындаа зочилж буй мэт элгэмсэг дотноор үйлчлүүлдэг. “Мөнхийн үсэг” гэдэг нэртэй олон сайхан бүтээл туурвисан нь ч бий. Монголын сор болсон 20 гаруй яруу найрагч мөнхийн үсгийг магтан дуулсан байдаг юм шүү. Тэр дундаа Ч.Дагвадорж гуайн бичсэн “Мөнхийн үсэг минь” шүлэг манай компанийн сүлд дууны үг юм. Энэ дууг мэдэхгүй хүн “Мөнхийн үсэг групп” ХХК-д байхгүй. Үнэхээр ч үг, үсэг гэдэг хүн төрөлхтөний үйлс зорилгыг нэгтгэдэг хүчирхэг зүйл юм даа.  

-“Хүчирхэг байхын тулд хатуу байх шаардлагагүй” хэмээх үг бизнес хатагтай нарт тохирох мэт санагддаг. Гэвч үүнийг зөрчих үе гардаг уу?
-Хэн нэгэн надаас “Таны онцлог юу вэ” гэж асуувал би “Зоримог, шийдэмгий зан чанартай” гэж хариулна. Тийм ээ, би эрсдэлээс эмээдэггүй. Учир нь эрсдэл бол боломж юм. Тэгээд ч энэ зургаан үсэгтэй нүүр тулаагүй бизнес эрхлэгчид гэж байхгүй биз. Миний хувьд, саад бэрхшээлтэй тулгарах тусам улам хүчирхэг болдог. Мэдээж хэрэг, эрсдэлийг тооцож, оновчтой шийдвэр гаргах учиртай. Манай улс зах зээлийн тогтолцоонд анх шилжиж байх үед бүх зүйл шинэ, туршлагагүй хүн олон, бизнесийн соёлгүй, төрийн байгууллагуудын тухайд бизнесийнхнийг ойлгож мэдэрдэггүй гэхмэтчилэн олон саад тулгарч байсан. Гэвч бизнес эрхлэгчдэд маань тэр болгоныг даван туулахаас өөр гарц байгаагүй. Хэрэв “Өө, больё. Ёстой бүтэхгүй юм байна” гэж зүрхшээсэн бол тэд ч, бид ч өнөөгийн өндөрлөгт хүрч чадахгүй л байх байлаа. Тэгээд ч нэгэнт босгосон бизнесээ ялих шалихгүй зүйлээс болж нураахыг хэн ч хүсэхгүй. Манай компанийн тухайд, маш чадварлаг баг бүрдсэн. Компанийн маань удирдлагын багт ажиллаж буй хүмүүс нэг нэгнийхээ чадвар, сэтгэл зүйн онцлогийг нөхөж чаддаг. Тийм учраас бид аливаа зүйлийг олуулаа ярилцаж шийддэг юм. Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, би мөнгөний хойноос ямагт хөөцөлдөж байгаагүй. “Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хэн нэгэнд хэлсэн амандаа заавал хүрэх ёстой” гэсэн зарчмыг л баримтлан ажилладаг байсан. Одоо ч энэ зарчмаасаа ухраагүй.

-Ингэхэд та зураг зурдаг уу?
-Зурдаг.

-Тэгвэл 350 ажилтантай “Мөнхийн үсэг” хэмээх ордноо та ямар өнгөөр дүрсэлдэг вэ?
-Би саяхан нэгэн зураг зурсан. Компанийнхаа байрыг ийм том ордон болгоно гэж мөрөөдсөн хэрэг л дээ. Гэхдээ яг хэрхэн дүрсэлснээ одоохондоо нууцалъя. Харин мөрөөдөл минь биелж, хэдэн жилийн дараа энэ сайхан ордон цогцолбол та “Батцэцэг захирал тэр үед ийм л зураг зурж дээ” гэж бодоорой. Бас мөрөөдлийн ордонд минь зочлохыг урьж байна. Үнэхээр ч “Мөнхийн үсэг групп” ХХК бол хүний итгэл, сайхан сэтгэл, өөдрөг тэмүүлэл, сайхан энерги шингэсэн газар. Манай компаниар ариун цагаан номын мөр хөөсөн эерэг энергитэй хүмүүс үйлчлүүлдэг. Тэдэнтэйгээ нэгэн халуун амийг үүсгэн ажилладагтаа бид тун баяртай байдаг юм.

-Арай та олон жилийн өмнө энэ байшинг зурж байсан юм биш биз?
-Тийм ээ, би 1998 онд гурван давхар байшин зурчихаад “Энэ хэсэг нь тийм байна. Тэр хэсэг нь ийм байна” гэж өрөөнүүдийнх нь хуваарилалтуудыг дүрсэлж “Бид ингэж чадна” хэмээн төлөвлөж байв. Өнгө будгаар илэрхийлсэн мөрөөдөл минь ч биелсэн. Нэг ёсондоо би их романтик хүн. Урлаг, тэр дундаа яруу найраг сонирхоно. Зүрх сэтгэлд минь байдаг нэгэн хүсэл бол хэзээ нэгэн цагт урлаг судлаач болох. Энэмэтчилэн яривал миний мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Тэр тусмаа би асар том мөрөөдөх дуртай. Ерөөс урлаггүйгээр, гоо зүйн таашаалгүйгээр, бас хүсэл мөрөөдөлгүйгээр энэ амьдралыг хэрхэн туулах билээ. Энэ бүхэнгүйгээр харанхуй нүхэнд суухтай л адил болно. Эрхэлж буй бизнес маань ч урлаг соёлтой холбоотой. Монголчуудын оюуны мэлмийг нээж, агуу их ухаарлыг хайрлаж яваа урлагийнхнаа хараад бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг.

-“Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг ном хэр их уншдаг бол?
-Нөхөр бид хоёр номын асар том сантай. Өнгөрсөн жил тоолоход 6000 гаруй номтой болчихсон байсан. Одоо бүр олон болсон байх. Ямартай ч орныхоо дэргэд 3-4 ном тавьж байгаад уншдаг. Гэхдээ хүүхэд ахуй үетэйгээ харьцуулбал ном унших нь арай багассан. Магадгүй, энэ нь зав чөлөө муутай байдагтай холбоотой байх. Намайг нэгдүгээр ангийн сурагч байхад аав, ээж хоёр маань монгол хэл дээр хэвлэгдсэн ном их авч өгдөг байсан. Тэр үед толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд гар чийдэнгийн гэрэлд ч хамаагүй ном уншдаг байсан бол одоо чөлөөт цагаараа тааваараа уншдаг. Нийтлэлч Баабар “Би 6-7 номыг зэрэг уншдаг” гэж хэлсэн шүү дээ. Өөр нэгэн хүн галт тэргэнд англи, герман хэл дээр хэвлэгдсэн дөрвөн ном зэрэг уншихыг би харсан. Тэгэхээр хүмүүсийн ном унших арга өөр, өөр байдаг юм болов уу. Миний хувьд, сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалж, хоёр номыг зэрэг унших дуртай. Зарим хүн номыг хэсэгчлэн уншдаг бол би үг, өгүүлбэрүүдийг нь нэгбүрчлэн уншдаг. Нэг ёсондоо, их үнэнч уншигч.

-Таны амьдралын хамгийн үнэтэй брэнд юу вэ?
-Гэр бүл, үр хүүхдүүд минь. Бас “Мөнхийн үсэг групп” ХХК, нэгэн үзүүрт сэтгэлээр нэг баг болон ажиллаж байгаа 350 ажилтан минь Б.Батцэцэг гэдэг хүний амьдралын үнэт брэнд юм.

-“Энэ эрхэм спортоор хэр их хичээллэдэг бол. Сонгодог урлагийг сайн ойлгодог болов уу”. Олон нийт лидерүүдэд ийм шалгуурыг хөндлөнгөөс их тавьдаг. Монголын бизнесийн ертөнц дэх лидер хатагтай танд тэдний өмнөөс энэ асуултыг тавья?
-Нөхөр маань тамирчин хүн. Тиймээс долоо хоногт 3-4 удаа бэлтгэл сургуулилт хийдэг. Миний хувьд, спортоос нэг их хол хөндий хүн биш. Багадаа гимнастикаар хичээллэж, тэшүүрээр гулгадаг байсан. Харин одоо долоо хоног бүр гимнастик, бүжгээр хичээллэдэг. Хүүхдүүд маань ч гэсэн спортоор байнга хичээллэнэ. Том хүү маань жүдо бөхөөр барилддаг. Олон нийтийн зүгээс улс төр, бизнесийн салбар дахь манлайлагчдад тийм шалгуур тавих нь зөв. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэгчлэн бие эрүүл байж гэмээнэ оюун санаа нь саруул бөгөөд эрүүл байна. Бас тухайн хүний урлагийн мэдрэмжид анхаарал тавих нь ч аргагүй юм. Учир нь урлагийн мэдрэмж сайтай байх тусам сэтгэлгээ нь төдийчинээ задарсан байдаг. Тэр тусмаа асар нарийн мэдрэмжтэй хүмүүс сонгодог урлагийг шимтэж ойлгодог шүү дээ. Түүнээс биш бусдыг дуурайгаад тоглолт үзээд явах нь нэг их чухал биш.

-Танай компанийнхан 20 жилийн түүхээ хэдийнэ бичсэн. Харин 20 жилийн дараа та бүхэн ямар өндөрлөгт хүрсэн байх бол?
-Нэг зүйлийг онцолъё. Бид уул уурхайн компаниуд шиг ашиг, орлого ихтэй байдаггүй. Гэхдээ нөхөр бид хоёр “Чаддаг зүйлээ л хийе” гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэж явна. Манайх хэвлэлийн компани учраас соёл урлаг, боловсролын салбарт харьяалагддаг. Тиймээс ард түмнийхээ оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт хийж, салбартаа тэргүүлэгч нь болж чадсан. Ингэж хэлэх шалтгаан ч бий. Учир нь манай компани сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй. Бүр Хятадад ч цөөн тоогоор нэвтэрсэн технологийг ашиглаж байна. Ер нь хэвлэлийн компани гэхээр зөвхөн ном хэвлэдэг юм биш. Сав баглаа үйлдвэрлэхээс эхлээд маш олон төрөлд хуваагдана. Харин 20 жилийн дараа бид Монгол Улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан, хийсэн бүтээсэн зүйл арвинтай манлайлагч компани болсон байна гэдэгт итгэлтэй байна.

-Ажил хэрэгч бүсгүйчүүд маань бүгд Business Lady сэтгүүлийг уншдаг. Харин та Lady  төвийн 10 жилийн ойд зориулж ямар мэндчилгээ дэвшүүлэх вэ?
-Аливаа бизнес итгэлцэл дээр оршин тогтнодог. Lady  төвийн хамт олон гэгээлэг сайхан зүйлийн төлөө нэгэн сэтгэлээр нэгдэж, бие биенээ нөхөж, орлож чаддаг. Бидний хувьд, хамтран ажиллаад олон жил болж байна. Р.Лхагвадулам захиралтай Lady  төвийнхөн хүмүүст харамгүй сэтгэлээр хандаж, зааж зөвлөдөгт нь талархаж явдаг. Хүний сайхан сэтгэлийн боловсролыг өөрсдөөрөө үлгэрлэн харуулдаг нь тэдний давуу тал юм болов уу. Үнэнийг хэлэхэд, би Р.Лхагвадулам захирлыг хараад “Энэ олон хүнд яаж хүрэлцэж, хүн бүртэй харьцаж чаддаг юм бол” гэж гайхдаг. Тэрбээр хүмүүстэй бүгдтэй нь найрсаг харилцаа тогтоож, хамтран ажиллаж, бусдыг зөв үйл хэрэгт манлайлж чаддаг. Lady  төвийнхөн маань өнгөрсөн хугацаанд Монголын төрийн байгууллагууд, шилдэг аж ахуйн нэгжүүд, ирээдүй болсон хүүхэд, залууст үр өгөөжтэй сургалтууд зохион байгуулсан нь нэгэн аравны туршид бүтээсэн томоохон капитал нь юм. Тиймээс Р.Лхагвадулам захиралтай тус төвийн хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

С.Тулга
    

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ