Лу.Гантөмөр сайд аа, эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг эсэргүүцэж байна
2013 оны 8 сарын 12
Лу.Гантөмөр сайд аа, эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг эсэргүүцэж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр угтаа талхны зүсэм бүрт шингэсэн ард түмний татварын мөнгийг тансаглалд зарцуулдгийн эсрэг байж “Ард түмний мөнгийг хэмнэе” хэмээн уриалдаг байсан. Гэхдээ тэр үед тэрбээр ямар нэг яамны сайд биш сул гишүүн байсан юм. Харин одоо бол монголын ирээдүйг гартаа атгасан сайд. Тэр ямар бодлого боловсруулж, шийдвэр гаргана Монголын боловсрол тийм байна гэсэн үг.

Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын суудалд залраад яг нэг жил болж байна. Тэгвэл шинэчлэлийн гэх Засгийн газрын Боловсролын салбарт ямар шинэчлэл гарав. Тэрбээр сайд болсныхоо дараа өмнөх сайдынхаа эхлүүлсэн Кембрижийн тогтолцоо гээчийг “Монголд хэрэггүй” хэмээн үгүйсгээд харин “Хэрэглээний боловсрол” гээчийг нэвтрүүлнэ гэсэн. Гэтэл тэр “Хэрэглээний боловсрол” нь хаана ч яваа юм бүү мэд. Гэхдээ нэгэнт эхлүүлсэн юм чинь болох л байлгүй дээ гээд хүлээж л байя. Магадгүй гурван жилийн дараа “Дөрвөн жил богинохон байна. Дахиад дөрвөн жил хэрэгтэй” гээд сайдынхаа суудалд үлдэх ч юм билүү хэн мэдлээ. Үүнээс өөр ер нь Л.Гантөмөр сайдын хэлсэн, ярьсан зүйл санаанд нэг л буухгүй байх чинь. Тэр үнэхээр үүрэндээ ороод нуугдчихав уу, эсвэл ярих ч завгүй яваа юм болов уу.

Ямартай ч хичээлийн шинэ жил хаяанд ирчихлээ. Аав, ээжүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь оруулах гээд зав багатай л байх шиг байна. Багш нар хараахан ажилдаа ороогүй байгаа ч сургууль, цэцэрлэгийн засвар энэ тэр хийгдэж л харагдана. Боловсрол, Шинжлэх ухааны сайд болохоосоо өмнө Л.Гантөмөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Супер тархи Монголыг хөгжүүлнэ” гээд эрүүл, оюунлаг ирээдүйн төлөө ихийг хийх хүсэлтэй хэмээсэн байдаг. Гэвч одоо түүнээс энэ хүсэл тань хэвээр байна уу гэж асуумаар байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед зарим эцэг эхчүүд “Супер тархи”-тай хүүхэдтэй талаар бодох нь байтугай зүүдлэх ч эрхгүй болчихоод байна. Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн байж дунд сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар нь ижилсүүлэхээр болсон. Гэвч энэ нь нүдээ олсон шийдвэр мөн үү, үгүй юу гэдгийг асуух хүн олон байна. Өнөөдөр хүүхдэдээ өмсөх хувцсыг нь авч өгч чадахгүйдээ тулчихаад байгаа эцэг, эх хэд байгааг сайд Л.Гантөмөр мэдэж байгаа болов уу. Ийм асуулт тавьж байгаад гайхаж байгаа бол багш нараасаа асуу. Дунд сургуулийн багш нарт сурагчдын дэлгэрэнгүй судалгаа байдаг. Түүнийг л харахад байдал ойлгомжтой болно. Гэтэл дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны талаар ярихаасаа өмнө худалдан авах чадвар хэр вэ гэдгийг судлах хэрэгтэй байсан юм биш үү.

Хорь хоногийн дараа эхлэх дунд сургуулийн хичээлийн дүр зураг ямар байх нь тодорхой байна. Дөмөгхөн амьдралтай айлын хүүхэд багшаараа шахуулж, шаардуулахгүйгээр дүрэмт хувцсаа аваад өмсчихнө. Харин боломж муутай айлын хүүхэд яах вэ. Яг л нөгөө 650 гэдэг кинонд дээр оюутан охин төлбөрөө төлж чадаагүйгээсээ болж багшдаа загнуулж, ангиасаа хөөгдөж гарна. Аав ээж нь төлбөрийг нь төлж чадахгүй болохоор аргаа бараад биеэ үнэлдэг. Тэгвэл дунд сургуулийн сурагч яах вэ. Өнөө цагийн хүүхэд ээж, аавыгаа хувцас аваад өмсгөх боломжтой, үгүйг мэдэхтэйгээ болсон цаг. Тиймээс хувцас авч өг гэж тэднийг зовоохгүй гэх хэрсүү хүүхэд зөндөө бий. Зарим нь хэлээд нэмэргүй юм чинь гээд зөнд нь хаяна. Тэгэхээр яах вэ. Ангидаа очно, найзууд нь дүрэмт хувцастай, за тэр ч өнгөрч гээд хичээлдээ сууна. Багш нь дүрэмт хувцсаа авч өмсөхийг шаардана. Аргаа барахдаа өдөр бүр гэрээсээ хичээлдээ явна гэж гараад, ангид очиж ад үзэгдэж байснаас гадуур явж байгаад хичээл тарах үеэр харья гэх хүүхэд ч гарч ирнэ. Хэдэн хоног, сар болсон ч эцэг эх нь мэдэхгүй. Эцэст нь ангийн багш нь эцэг эхтэй нь холбоо барьснаар илрэх байх. Энэ бол захын жишээ.

Тэгэхээр эрхэм ноёнтон Л.Гантөмөр сайд аа, дунд сургуулийн дүр зураг нэг иймэрхүү байна. Гэтэл та яагаад чимээгүй байна вэ. Дүрэмт хувцасны үнэд хүч хүрэхгүйгээ мэдсэн эцэг, эхчүүд цаана чинь жагсаал, цуглаандаа тулаад байна. Долоохон компанийн шахаанд орсон бизнес цэцэглэж байхад та бүлх залгичихсан юм шиг байдаг нь ямар учиртай вэ. Үйлдвэрлэгчид нь сайн материалаар хийсэн, чанартай хувцас. Харин ч хямдхан хэмээн тайлбарлаж байна. Энэ чинь таны 1996 онд хийж байсан машины наймаа биш шүү дээ. Тухайн үед та Японоос Тoyoto HILUX, Land Cruiser машин оруулж ирээд, өөрөө үнээ зохиогоод том бизнесмэнүүдэд зарчихдаг байсан гээ биз дээ. Тэгвэл сурагчийн дүрэмт хувцас бол эгэл ардын нуруун дээр үүрүүлж байгаа ачаа. Та үүнд тайлбар хийхгүй юм уу.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив