Гэрлээ унтраа!!!
2013 оны 8 сарын 14
Гэрлээ унтраа!!!
1.
Эдийн засаг, энергетик хоёр эгч дүү шиг ойртож байна. Энэ нь ганцхан манайд ч биш дэлхий нийтэд. Эдийн засгийг ярья гэвэл эрчим хүчийг л ярих цаг ирлээ. Эрчим хүчийг ярья гэвэл эдийн засгийг ярих боллоо. Бид ч гэсэн Оюутолгой, Тавантолгойгоос шууд хамааралтай амьдарч байна. Ер нь ирээдүйд эдийн засгийн хямрал бол эрчим хүчнээс л үүдэлтэй болох 80-100 хувийн магадлалтай. Монголын толгой эдийн засагчид Монгол улсын эдийн засаг хямралын ирмэг дээр байна гэж дохио өгч байна. Ноён Р.Амаржаргал “Бид өөрсдөөсөө болж хямарлаа” гэж зарлав. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: “Өнөөдөр бид болзошгүй хямралын өмнө байна” хэмээн твитерт өгсөн санал сэтгэгдэлдээ мэдэгдэв. Энэ хоёр эрхэмийн өгүүллүүдийг энд хэвлэх техникийн боломж байсангүй. Өөрийнхийгөө арай чүү хэвлүүлэв. Уншаад байх нь ээ бүх хямрал эрчим хүчтэй холбоотой болох нь. Эрчим хүч гэдэг бол том утгаараа шатдаг бүгд ба шатаадаг бүгд ордог байна. Монголын эдийн засаг нэг үеэ бодвол овоо болжээ. ДНБ-ний өсөлт 7.2 хувьтай гарахад харанга дэлдэж байна. Энэ чинь бол өнгөрсөн зууны 90-ээд оныг бодох юм бол танагтай шүү.

Тэр үед “хасах”, “хасах” дээр нэмэх нь дахиад “хасах” л байлаа. Сү.Батболдын Засгийн газрын үед 17,18 хүрч байсан ДНБ-ний өсөлт өнөө үед ингэж буурсан нь нэг талаасаа чамлалттай харагдавч 7.2 хувь бас ч гэж муу юм биш. Хамгийн гол нь манай эдийн засаг тэр чигээрээ гаргаж буй экскаваторын нүүрс, зэстэй шороо хутагсан шанагны тооноос хамаардаг болсонд хэргийн учир байна. Саяхан даа, манай экспортын 80 орчим хувь нь гадагшаа гаргадаг нүүрстэй холбоотой байв. Гэтэл энэ хувь  гурав дахин унажээ. Ингэхээр байдал хүндрэнэ биз?! Бид ганц хөх хөхдөг тугал шиг амьдарч байна. Уг нь үнээ чинь дөрвөн хөхтэй. Тэгэхээр бид ганц уул уурхайгаас бус ядаж бас бусад дөрвөн салбараас тэнцүү хөхөх ёстой. Гол нь сүү ууяа гэвэл үнээтэй болох хэрэгтэй. Нүүрс, зэс ачихаас өөр юм хийгээд амьдраад байдаг ард түмэн байна. Тэр бол бидний ирээдүй.

2.
Америк, Японы эрдэмтэд бидний хувьд шал хачин юм бодож олжээ. Энэ бол Дэлхийн эрчим хүчний салбарт хийх хувьсгал болох аж. Энэ талаар барууны сонин хэвлэлд бичигдэх болж. Энэ нь түлшийг метаны гидратаас олборлох. Энэ нь далай, тэнгисийн ёроолоос байгалийн хийг гаргаж авна гэсэн үг. Түүнээс цаашлаад арктикаас ч олборлох гэнэ. Манай гариг ертөнц Монгол улстайгаа нийлээд их баян юм. Ийм метаны гидрат манай гариг дээр 200 мянган трилион кубметр байна гэнэ дээ. Энэ энерги бол бидний ярианы сэдэв болсон нефть, хий, нүүрс өөр юу байдаг юм тэр бүгдийг үл тоогоод бий болгох түлш, түлээ гэнэ дээ. Та минь. Уншигч Та ганцхан юман дээр л тайвширч болно. Тэр нь юу вэ гэхээр одоохондоо энэ метаныг эргэлтэнд оруулах технологи бий болоогүй байна. Гэхдээ Америк ч бай, Япон ч бай, бидэн шиг хоёр машин зөрөх гүүр хийх гэж байгаад нэг машин гарахад л хангалттай гээд гүүр барьдаг хүмүүс биш шүү дээ. Тав, арван жилийн дараа энэ проект хэрэгжинэ.  Япончууд гэхэд л өөрийнхөө далай, тэнгэс дээр шалгалт, нэгжлэг хийсээр байгаад ойрын арван жилд энэ асуудлыг үйлдвэрлэлийн түвшинд аваачна гэж төлөвлөж байна. Тэр цагт Япон байгалийн баялагтай бид юутай болж хувирах вэ?! Энэ бол асуултын тэмдэг, бас анхаарлын тэмдэг. Ийм учраас бид байгалийн баялагт маш философич маягаар хандах хэрэгтэй боллоо. Тэгэхдээ учиргүй яараад яах вэ? Бас хамаагүй хоцроод яах вэ?

Өнөөдөр эрчим хүчний үнэ нэмэгдэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ бол бүр социализмын үеийн үр дагавартай асуудал. Бараг маршал Х.Чойбалсангийн үеэс хойш хамаарах асуудал. Түүнээс өмнө манайд нийтийн цахилгаан байгаагүй, лаа дэндлүүгээр л болгож байлаа шүү дээ. Тэр үеийн цахилгааны үнэ ч худлаа байсан. Одоо ч худлаа. Одоо засгийн газар залуу байна. Энэ бүх проблемийг эхэн дээр нь шийдэхгүй бол сонгууль дөхөх тусам бүх юм худлаа болно. Манай Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент энэ тэр гээд хэцүү юм их бий. Гэхдээ III, IY хоёр дээр л амьдарч байгаа чинь нууцгүй хэлэхэд үнэн шүү дээ. IY дээр өнгөрсөн хугацаанд шинэчлэл элдэв юм хийж өнөөг хүрлээ. Биднүүс социализмын үед барууныхныг цахилгаан эрчим хүч, цэвэр усанд яаж хэмнэлттэй ханддаг талаар шоолж инээлддэг байсан. Оросууд инээлддэг байсан учраас бид инээлдэж байв. Саяхан ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев иргэн бүрийнхээ цахилгаан эрчим хүч хэрэглэх хязгаарыг тогтоолоо. 70 кВт/цаг. Үүний үнийг л тарифаар төлнө. Илүү кВт болгон хоёр дахин илүү үнэтэй. Манайх ч бас ингэхээс өөр аргагүй байна.

Манайхан байгалийн баялаг төгсгөлгүй мэт бодож ирсэн. Ер нь байгалийг дийлнэ гэдэг байсан шүү дээ. Гэтэл Монголын хөрсөн дээр, доор байгаа нүүрстөрөгч мянган жилдээ бидэнд хүрэлцэх үү? Хармсалтай нь үгүй. Тэгвэл зарим үед “Гэрлээ унтраацгаая!”.

Цаана чинь “занарын хувьсгал” хийнэ л гэнэ. Метаны гидратаас энерги гаргана л гэнэ. Ерөнхий утгаараа. Бүр түүнээс том утгаараа дэлхий хямд энергийн эрэлд гарчээ. Бид тэрнээс өмнө амжиж “нүүрстөрөгчөө” борлуулах нь чухал. Уг нь цахилгаан эрчим хүч хэлбэрээр борлуулбал бүр ч зүгээр юм сан. Тэр чинь бидний яриад байгаа нэмүү өртөгт бүтээгдхүүн шүү дээ. Ирээдүйд эдийн засаг гэдэг улс төрөөс ч биш зөвхөн энергетикээс хамаарах юм байна. Тэр энергетик гэдэг нь хамгийн том улс төр болох юм байна. Үүнийг би хэлээгүй. Зурхайч Жанцандоржлувсанпэрэнлэй хэллээ шүү. Хамгийн гол нь дээрх хэн гуайгаас чухал нь эдийн засагчР.Амаржаргал ,С.Дэмбэрэл, Н.Дашзэвгэ гурав нэг долгион дээр нэг л юм яриад байгаа юм шүү.  Эцэст нь хэлэхэд эрчим хүч үнэнд ойртохгүй бол манай эдийн засаг хэзээ ч эрүүлжихгүй. Энэ бол аксиом.

Х.Бүрэнтогтох



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив