Л.Гантөмөр сайд аа, та хариуцлага хүлээхэд бэлэн үү
2013 оны 8 сарын 23
Л.Гантөмөр сайд аа, та хариуцлага хүлээхэд бэлэн үү
Сурагчийн дүрэмт хувцсыг шинэчилнэ. Энэ үг үнэн хэрэгтээ гоё мэт харагдаж байгаа боловч энэ Засгийн газрын холион бантанг нь хутгаж байгаа ажил. Өөрөөр хэлбэл, шинэчлэл гэдгээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нааж, тэр ч байтугай үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийдлээр шоу хийж, үүний цаана эрх мэдэлтнүүдийн дунд бизнес болж хувирсан гэхэд болно.

Хэдхэн хоногийн өмнө сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг хөндөж, хэвлэлийн хурал зарласан Хохирогчдын холбооныхон “Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байна” хэмээн мэдэгдсэн юм. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцсыг шалгаж, хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тогтоосон гэдэг. Үнэн чанартаа сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээр захиалсан, гүйцэтгэгч эзэн нь үгсэн хуйвалдсан, шударга өрсөлдөөний маш олон хууль зөрчсөнийг дүгнэлтээр гаргажээ. Нөгөөтэйгүүр шинэчлэлийн Засгийн газар ямар нэгэн ажил эхлүүлэхдээ тендер зарлаж, асуудал гаргуулахгүй гэж амлаж байсан удаатай. Тэгвэл энэ үйлдлээ сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхдээ ашиглаагүй нь илт байгаа юм. Өөрөөр хэлбэл, захиалагч Боловсрол, шинжлэх ухааны яам, гүйцэтгэгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлүүлэхээр долоон компанид “Хичээлийн шинэ жил эхлээс өмнө зөөлөн, хөвөн даавууг дүрэмт хувцас хурдхан шиг үйлдэрлэ” гэж тулган шаардаж, аман яриагаар асуудлыг шийдчихсэн аж. Тиймээс тендер гээч зүйлийг зарлаагүйгээр барахгүй өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хийж байгаа ажил болохыг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоож, алба тоот нь Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Гантөмөрийн ширээн дээр хэвтэж буй. Харин энэ зөрчлөө арилгаж, хууль бус үйлдлээ цэгцлэсэн үү гэвэл үгүй. Л.Гантөмөр сайд үүнийг тоосон шинжгүй өнөөдөр сурагчийн дүрэмт хувцасны чанар, материал нь ямар болохыг танилцуулж, шоу хийхээр зэхчихсэн юм.  

Харин шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэлүүлж байгаа долоон компанитай үгсэн хуйвалдчихаад, тэр байтугай байгуулсан гэрээ нь хууль бус болох нь тогтоогдсон гэх нь бий. Гэтэл энэ зарчмаар ажлаа хийж байгаа ч сурагчийн дүрэмт хувцсыг одоо болтол үйлдвэрлээгүйгээс гадна олон эцэг, эх үнэ нь өндөр гэдгээр гомдол гаргасаар байгаа юм. Нөгөө нэг асуудал нь хичээлийн шинэ жил эхлэхэд хагас сая гаруй хүүхдийг шинэчилсэн дүрэмт хувцсаар хангаж, жигдрүүлээд явна гэж байгаа. Гэвч Монголд энэ хувцсыг үйлдвэрлэх компани байгаа билүү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс “Батзүү” гэх компани дүрэмт хувцас үйлдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлдэг байсан. Харамсалтай нь тэрхүү дүрэмт хувцсаа урд хөршид үйлдвэрлэн муу материалаар хийдэг болж, чанар нь танигдаж эхлэсэн удаатай. Харин хагас сая хүүхдэд дүрэмт хувцас нийлүүлэхэд манайд тэр боломж нь байгаа болов уу. Үүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас асуух нь зүйн хэрэг. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн гаргасан шийдвэрээр сурагчийн дүрэмт хувцсыг шинэчилж байгаа нь тодорхой. Түүний гаргасан тушаалын дагуу сургуулиуд энэ хичээлийн жилд хэдэн хүүхэд суралцах, хэрхэн хувцаслахыг тайлагнаж мэдээлсэн байх учиртай. Харин хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчийн ширээний ард суух хүүхдүүд шинэ дүрэмт хувцастай байх нь юу бол. Гэвч Л.Гантөмөр сайд гаргасан шийдвэрээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж толгой өндийхгүй ажиллаж байгаа ч хичээлийн шинэ жил эхлэхэд 1-3 дугаар ангийн сурагчдыг шинэчилж чадахгүй бол та хариуцлага хүлээхэд бэлэн үү.


С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив