“Рио Тинто” Монголын баялагт шунаж, монголчуудын толгойг угаасаар байх уу
2013 оны 8 сарын 27
“Рио Тинто” Монголын баялагт шунаж, монголчуудын толгойг угаасаар байх уу
Хатуухан хэлэхэд Монголын говьд Оюутолгой гэх компани эзэн сууснаас хойш монголчууд өөрийн баялгаа хүртэх нь байтугай үнэрлэж чадахгүй үлдэх нь. Учир нь гэрээ хийснээс хойш 30 жилийн дараа монголчууд байгалийн баялгаасаа хүртэнэ гэсэн заалттай. Гэтэл нөгөө 30 жилийг 40 болгон уртасгахаар Н.Алтанхуягийн тэргүүлдэг Засгийн газар нь буулт хийчихлээ. Өнгөрсөн долоо хоног Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид “Рио Тинто” группийн саналыг хүлээн зөвшөөрнө” хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл УИХ-аар хуульчлан баталсан Оюутолгой компанийн Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5-д заасан нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум гэснийг “Рио Тинто” зүгээс өөрчлөхөөр шахалт, хавчилга ирсэн гэх нь бий. Харин үүнийг нь Ерөнхий сайд дур мэдэн өөрчлөхөөр, тэр бүү хэл “Рио Тинто” группийн саналыг хүлээж авахаар болсон нь ёстой нөгөө улааныг харж урвана гэгчийн юм болж орхилоо. Н.Алтанхуягийн Засгийн газар бүх зүйлийг ном журмын дагуу, дээр нь хуулиа баримтална гэдэг амлалттай. Тэгвэл яагаад Оюутолгойн хөрөнгө оруулалтыг өмнө нь баталсан хууль, дүрмийнхээ хүрээнд явуулж болоогүй юм гэдэг асуудал бий. Гэвч энэ Засгийн газар ард иргэдийнхээ өмнө амласан амлалтаа Оюутолгойд хэрэгжүүлж хүчрэхгүй, үнэнийг хэлэхэд гөлөг шил явах болсон гэхэд хилсдэхгүй.

Харин Оюутолгой Монголын баялагт шунахай сэдлээр хандаж, монголчуудын толгойг угаасаар байх уу гэдэг асуулт байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Оюутолгой компанийн удирдлагыг дуудаж, ширээний ард сууцгаан ярилсан. Хөдөлмөрийн сайдын зүгээс Оюутолгой 1700 ажилчнаа халсанд компанийн байр суурийг сонсох нь зүй ёсны хэрэг байсан биз. Гэвч тэдний яриа нийгэмд үүсээд байгаа асуудлын эсрэг болсон нь гайхшралтай. Учир юу гэвэл, Оюутолгойн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек нь “Манай компани 61 ажилтнаа цомхотгох шийдвэрт хүрсэн. Эдгээр ажилчнаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна. Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасны дагуу эдгээр ажилчинд олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээний ард сууна. Тиймээс Оюутолгой компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гээд суучихсан.  Харин “Рио Тинто” группээс “1700 ажиллах хүчин илүүдэлтэй байна” гэж мэдэгдсэний зэрэгцээ энэ хэмжээний ажилчнаа халсан гэдэг ч Оюутолгой компанийн зүгээс няцааж байгаа нь байдлыг эсрэгээр нь эргүүлж орхисон юм. Түүнчлэн Оюутолгойн Үйлдвэрчний эвлэл нь “1700 ажилчин халагдсан. Тэдний эрх ашгийн төлөө тэмцэнэ” хэмээж байхад энэ компанийн удирдлагууд нь ичих ч үгүй ингэж ярьж байгаа нь харамсалтай. Тэгэхээр бидний монголчуудыг Монголын говийг цөлөмж байгаа Оюутолгой хууран мэхэлж, толгойг нь эргүүлж суугааг харсаар байх гэж үү.

Оюутолгой компани ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахдаа анх Монголын эскпортын хэмжээг хоёр дахин өсгөнө, эрдэс баялагийн салбарт томоохон өөрчлөлт хийнэ гэж амлаж байсан удаатай. Тэгвэл тэр амлалт нь хэрэгжсэн үү гэж асуумаар байна. Өнөөдөр Монголын говийг сүйтгэн байж ухаж авсан нүүр нь гадагшаа гаргахгүй, баяжмалаа үйлдвэрлэсэн ч гадаадын зах зээлд нийлэхгүй байгаа. Тэгэхээр нөгөө сайхан амлалтууд нь хэрэгжихгүй, монголчуудыг хууран мэхлэсээр байгаагийн бодит жишээнүүд тов тодорхой байгаа юм. Ер нь тэгээд газрын баялаг ихтэй улс орны Засгийн газрыг асар их өрөнд унагах явдал нь хөл дээрээ хөлжсөн гадаадын томоохон уул уурхайн компанийн эрх ашиг байдаг гэхэд болно. Үүний тулд Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг хахуульдах, хуурах, айлгах, дарамтлах зэргээр санаснаа бүтээдэг гэх нь бий. Харин өрөнд унасны дараа тухайн улсын Засгийн газрыг барьцаалах замаар өөрийн улсад ашигтай гэрээ хэлцлийг хийж, газрын баялгыг маш хямдаар авах боломжийг бий болгодог. Тэгвэл энэ байдалд Манай улс өртчихөөд байгаа юу гэвэл өртсөн. Өөрөөр хэлбэл “Рио Тинто” группийн саналыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн нь үүнийг илтгэж байгаа юм. Харин энэ байдлаас гарах аваарын тохиог УИХ-ын С.Ганбаатар байнга сануулж, Засгийн газрын тэргүүн хүртэл хэдэнтээ захидал илгээсээр байгаа. Тэгэхээр монголчуудынхаа толгойг эргүүлэлгүй, Оюутолгойг өөрсдөд нь ашигтай бус Монголд Улсад тустайгаар ажиллуулах нь юу юунаас чухал байна.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив