Хөрөг зураач Н.Орхон: “Жоконда”-ийн харц бол худал дүр эсгэгчдийг “Ээ, мунхгууд аа. Өрөвдмөөр юм” гэсэн нүдээр харж буй харц
2013 оны 8 сарын 31
Хөрөг зураач Н.Орхон: “Жоконда”-ийн харц бол худал дүр эсгэгчдийг “Ээ, мунхгууд аа. Өрөвдмөөр юм” гэсэн нүдээр харж буй харц
Тэрбээр их тайван, аливааг сэтгэн бодохдоо холч, уужуу ухаанаар дүрсэлдэг нь урлангийнх нь өнгөнөөс тодорхой. Түүний өрөө цав цагаан өнгөөрөө бусад зураачийнхаас ялгаатай. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн 2005 оны шагналт эгэл зураачийг танихгүй ч “таньдаг” хүн маш олон. Тэд бүгд л “Зураач Н.Орхон бол хөрөг зургийн уран дархан” гэлцэнэ. Бидний яриа нам гүм ноёрхох урлангийн өрөөний хананаас эхэлсэн юм. Учир нь тэнд Монголын нэгэн түүх оршино.

-Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл гэвэл эрт цагийн энэхүү гэрэл зураг байна. Үүх түүхээс нь ярьж өгнө үү?
-Улс тунхагласны анхдугаар их хурал 1924 онд хуралдах үеийн түүхэн агшинг та харж байна. Надтай их хамаатай гэрэл зураг л даа. Ээжийн минь өвөг эцэг Самбуу-Ёндон занги тус их хуралд оролцож байсан учраас би урландаа залсан. Түүний хөргийг бүтээх санаатай явна. Самбуу-Ёндон занги язгуур Монгол аймаг, Боржигон угсааны Есөн жалайр хунтайжийн бага хатнаас төрсөн отгон хүү Номуун-Уянгын удмын Даг хавангийн хүү юм. Хаван гэдэг нь удам дамжуулан өгдөг цол юм гэсэн. Энэ хүн Сайн ноён хан Намнансүрэнтэй шадарлаж явжээ. Намнансүрэнг тэнгэрт хальснаас хойш Өвөрхангай аймгийн баруун гурван сумын занги байж байгаад 1938 онд баривчлагдаж, цаазаар авахуулсан.

-Тухайн үедээ л нүнжигтэй эд хэрэглэдэг хүн байж дээ?
-Тэгэлгүй яах вэ, феодал хүн юм чинь.

-Б.Цэрэндорж гуай бас байна уу даа?
-Хичээнгүй сайд уу?

-Тийм.
-Байлунгийн Цэрэндорж уу. Түүнийг Балингийн Цэрэндорж гэчихсэн юм л даа. Уг нь Байлунгийн Цэрэндорж. Манж угсааны хүн юм шиг байгаа юм. Энд Ерөнхий сайд асан А.Амар, С.Гэндэн, мөн Элбэгдорж, Ринчиндорж, Эрдэнэбатхаан, Д.Нацагдорж, С.Янжмаа хүртэл байна. Тэр үеийн томчууд гэсэн үг шүү дээ. Маш олон өдөр хуралдсан учраас төлөөлөгчид нь хоол хүнсгүй болж, айлын мод, түлээ хөрөөдөж өгдөг байсан юм гэнэ лээ. Тус их хурлын үеэр С.Данзанг цаазаар авсан. Тийм болоод ч тэр үү олон хүний нүдэнд гуниг хурж, доошоо харчихсан байгаа биз. Ийм л түүхтэй зураг.

-Та хаанаас олж авсан юм бэ?

-Хувьсгалын музейд байдаг юм. Аав маань “Самбуу-Ёндон зангийн зураг 1924 оны их хурлын зурагт байх ёстой” гээд гэрэл зургийнх нь ард тэмдэглэчихсэн байсан. Тэгээд ч энэ хүн ээжийн минь өвөг эцэг мөн гэдгийг аав л мэдсэн хэрэг. Самбуу-Ёндон занги гэж хүүхдүүдтэйгаа их адилхан, толгой нь дээшээгээ данхгар хүн байж дээ. Түүхийн нэгэн цаг үеийн л асуудал юм. Энэхүү гэрэл зурагт байгаа ихэнх хүмүүсийг хэн болохыг нь тогтоох хэцүү. Түүхчид ч гэсэн тогтоож чаддаггүй юм гэсэн. Ерөнхий сайд асан С.Гэндэнг тус их хурлын үеэр хамгийн олон удаа асуулт асууж байсан гэдэг. “Энэ чинь юу гэж байгаа юм. Тэр юу юм” гэж бараг төлөөлөгч болгоноос асууж байсан учраас “Ер нь их идэвхтэй хүн” гээд дээгүүр албан тушаалд анх томилсон түүхтэй.

-Та Ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүхэн ямар эх сурвалжид үндэслэн бүтээж байна вэ?
-Зохиолч Б.Догмид дүрийг нь баталгаажуулах зорилгоор Ноён хутагтын гэрэл зургийг авчран надаар зуруулж байгаа юм. Дорноговь аймгийн анхны зураач нэгэн эрхэмд уг зураг байсан гэдэг. Гэрэл зурагны ард “Данзанравжаа” гэсэн өөрийнх нь тамга бий.

-Орчин үеийн гэрэл зураг шиг л санагдаж байна?
-Данзанравжаагийн үед гэрэл зураг байсан юм билээ. Тэртээ 1700-аад оны үед гэрэл зураг үүссэн түүхтэй. Ноён хутагтын гэрэл зургийг хадгалж байсан зураачийнх нь хоймортоо залж шүтдэг байж л дээ. Харин Дорноговь аймгийн зураач Халтар нэгэн өдөр “Үүнийг чинь би томруулж зураад өгье” гэсэн ч хээрийн салхинд морьтой явж байгаад гээчихсэн гэдэг юм. Ингээд “Тэр хүн ч таалал төгслөө. Гэрэл зураг минь үгүй боллоо” гээд байж байтал талийгаачийн эхнэр эд зүйлийг нь онгичиж байгаад номны завсраас энэ зургийг олсон юм билээ. Ийм түүхтэй гэрэл зургийн дүрийг бүтээх гээд л сууж байна даа.

-Дорноговь аймгийн төвд Ноён хутагтын тахилчийн удмын хүн музей нээж, дүрийг нь оршоосон байдагтай их адилхан юм. Та тэр музейд очиж үзсэн үү?
-Түүнийг Данзанравжаа гэж андуурч байсан юм билээ. Жинхэнэ гэрэл зураг нь бол энэ. Ноён хутагтыг гэрэл зургаас нь олон янзаар шинжиж болно. Хутагт хүний нүд, чих, харц, нүүрний хэсэг, бас гавлын харцтай. Хууччууд маань бөх, баатар, эмэгтэй хүнийг шинждэг байсан. “Индиго төрхтнүүд яасан их төрж байна вэ” гэж яриад байна шүү дээ. Дээр үед хүүхдүүд нүдээ аниастай, гараа атгаастайгаар хоёр, гурав хонодог байлаа. Гэтэл одоо эхээс төрмөгцөө нүдээ шууд нээж, орчин тойрныг ажиглаж хардаг шинэ хүмүүс төрж байгаа. Эрт цагт ийм хүмүүс их ховор төрдөг, төрсөн ч тэд гэгээнтнүүд байдаг байжээ. Ахмад үеийнхний ярьдагчлан тоймог толгой гэдэг л энэ мөн байхгүй юу. “Тоймог толгой, тойруулган захтай дээлтнүүд” гэж монголчуудыг нэрлэдэг байсан.

-Ноён хутагтын хэдэн настай байх үеийн гэрэл зураг бол?
-37-38-тай үеийн зураг шиг санагддаг. Тэрбээр яавч жирийн хүн бус байсан. Та анзаарсан бол таван олбог дээр заларсан байна. Малгай нь жирийн лам хүнийх биш, улааны шашны хохимой толгойтой байгаа биз. Ноён хутагтын үеийн Богд түүнээс эмээж, хүрээнд ч оруулж ирдэггүй байсан гэдэг. Их нөлөөтэй хүн байсан учраас л тэр. Тиймээс ч түүнийг “Идээр бүтсэн. Шидээр бүтсэн” гэдэг. Хамгийн сүүлд хоёр сүмээ бариулж дуусгачихаад “Хүн төрөлхтөнд урьж, хожид байгаагүй эрдэнэ нээж үзүүлье” хэмээн солир сэлмээр хадны өнцөг цавчсан чинь хүний нүдний хэлбэртэй эрдэнийн чулуу байсан гэж байгаа юм. Гэтэл Менделеевийн үелэх системд хүний нүдээр тэмдэглэсэн нэгэн томъёо бий. Түүнийг зохиогч нь “Монголит” гэсэн байдаг.Их сонин байгаа биз. Менделеев үелэх системийг зүүдэндээ олсон гэдэг. Харин Данзанравжаа тэр үед тийм эрдэнэ гаргаж ирсэн. 
 
-Та баатрууд, бөх, бүсгүйчүүдийг шинжих уламжлалт арга барилаар бүтээлээ туурвидаг уу?  
-Хүнийг зөвхөн гадна талаас нь биш, шинж төрхүүдийг нь гаргаж зурах л чухал. Хөрөг зураг бол гаднаас нь биш, дотроос нь зурдаг урлаг. Муруй харцтай хүн гэж байна. Аливааг гүн боддог ухаантай хүний харц шал өөр. Хүн хэдий ухаантай, хоёр нүдээрээ хардаг ч ухаантнууд гурав дахь нүдээрээ бүхнийг хардаг. Тэр нь юу гэвэл, тархинд бодлын нүд гэж бий. Тийм хүмүүсийн нүд бусдаас онцгой, ажиглаж, харж, тогтсон байдаг. Ийм учраас л “Ухаалаг харц” гэж ярьдаг шүү дээ. Харж байгаагаа гүйцэд хардаггүй нь жирийн хүмүүс. Билгүүн номч Б.Ренчин гуай гэхмэтчилэн ахмад үеийнхэн маань маш ухаалаг харцтай байсан. Харц нь тогтуун, гүнзгий шинжиж, ямагт бодлогошронгуй байдаг. Монголчууд ер нь ажиглалтаар амьдардаг хүмүүс. Нүдэнд өртсөн болгоныг шинжиж, ээдрээт тайллыг нь олдог. Байгалийг ажиж, түүнтэй зохицдог ийм ард түмэн хаана ч байхгүй.

-Нүд хэдийгээр эрхтэн ч өвөрмөц сонин ертөнц. Та хүний харцыг яаж зурдаг вэ?
-Хүний нүдийг зөв зурсан байхад бусад нь зөв гарна. Нүдийг тэр орчимд, хоёр ухархайд байна гэж байрлуулаад орхичих биш, харж, бодох хэрэгтэй. Зураач хүн ууртай, баяр баясгалантай хүмүүсийг зурдаг. Гэхдээ хүний дотоод сэтгэлийг дүрслэх нь том асуудал. Хөрөг зургийг дүрслэх урлагийн хамгийн хүнд төрөл гэдэг. Яагаад гэвэл, хүн маш олон талсттай. Бодол буюу тэр хүний дотоод сэтгэлийг зураад ирэхээр бүр нарийн.

-Төрийн ордон дахь үе, үеийн Ерөнхий сайдуудын хөргийг та бүтээлцсэн гэсэн. Хэн, хэнийг зурсан бэ?
-Долоо, найман хөрөг бүтээсэн. П.Жасрай гуайн Засгийн газрын үед тэрхүү хөргүүдийг зураач нараар зуруулж байсан юм.

-Хөргийг нь бүтээхэд хэцүү дүр гэж байх уу?
-Байхгүй. Тэртэй, тэргүй “Май, зураадах” гээд сууж байгаа хүнийг зурж л таарна. Зурахад хэцүү гэдэг бол зураачийн ур чадварын асуудал.

-“Сэтгэлд таатай хүнийг зурах дуртай” гэж та хэлсэн?
-Би өөрийнхөө хүссэн дүрийг л бүтээх дуртай. “Энэ хүнийг, тиймэрхүү хатагтай зуръя” гэдэг ч юмуу миний сэтгэлийг хүчтэй хөдөлгөсөн нөхцөлд зурна.

-Анхны бүтээл тань “Ээж ээ, хар аа”. Хэдэн онд зурсан бэ?
-1976 оны зураг. Амьдралдаа анх удаа тэнгэрээс тахир сар харчихаад “Энэ юу юм бэ” гэж ээжээсээ асууж буй хүүхэд л дээ. Цаад логик санаа нь хүн бүр “Ээж” гэж хэлд ордог. Тэгээд содон санагдсан зүйл рүүгээ “Ээж ээ, ээж ээ” гэж зааж байгааг л дүрсэлсэн юм. Тухайн үед Болгарт болсон олон улсын наадмаас өндөр үнэлгээ авсан зураг.

-Хөрөг зургаас гадна нүцгэн биеийн натур зурдаг юм уу?

-Тийм. Эмэгтэй хүний гоо сайхнаас бүхнийг таньж, мэдэрдэг.

-Хөрөг зургуудаа тоолж үзсэн үү?

-Тоолдоггүй шүү дээ. Хүмүүсийн захиалга, өөрөө урласан бүтээл гэхмэтчилэн гадаадад, хувь хүнд, аль эсвэл галарейд миний зургууд бий.

-Тухайн хүний хөргийг зурахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Янз бүр. Зураад байвал зураад л байна. Зурж эхэлснээ цааш нь харуулж тавьчихна. Болохгүй байгаа хөргүүд их удна. Тэгж, тэгж яаж зурахаа ойлгосон тэр үед хөргөө зурж дуусгана. Хүчилж дуусгах, сэтгэлээсээ зурж байгаад дуусгах гэхмэтчилэн янз, янз л байдаг. Заримыг нь хүчилж, өөрийгөө шавхан байлдаж байгаа мэт дуусгах үе ч бий.

-Төрийн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны зургийг та харц тулгарч байгаад зурсан мэт бүтээжээ. Хэд хоног зурсан бол?
-Арван хэд хоног л зурсан байх.

-Яруу найрагч Б.Лхагвасүрэн, зохиолч Б.Догмид нарыг зурснаас тань “Зохиолч, яруу найрагчидтай найз юм болов уу” гэж бодлоо?

-Монголын зүрхийг цохилуулж, амьдруулж байгаа улс шүү дээ, тэд. Эх орноо бүтээлцэж байгаа л хүмүүс. Тиймээс надад тэдний хөргийг бүтээх санаа төрөхөөс яах вэ. Хэдхэн хүний хүчинд л Монгол “амьд” байна. Хаа нэгтээ аль нэгэн нутаг усанд тэр хавьдаа нөлөөтэй өвгөн байлаа гэхэд түүнийг нас нөгчсөний дараа уул, ус эзгүйрэх шиг санагддаг. Үүнтэй л адил юм. Тухайн цаг үед улс үндэстнээ “амьд” явуулдаг хүмүүс гэж байдаг.

-Хөдөөгийн хөх толгод шиг өвгөдийн зураг танд хэр олон байгаа вэ?
-Би өвгөдийг зурж байсан. Хүлхсэн чихэр шиг эмгэдийг ч зурдаг.

-Та зохиолчдыг нэр хүндтэй нь, улстөрчдийг холч хараатай нь дүрсэлдэг биз дээ. Нэг ёсондоо нүүр, биеийг биш, тухайн хүний ертөнцийг бүтээдэг үү гэж асуух гэсэн юм?

-Тухайн хүний чанарыг л гаргана. Энэ хүн ямар хүн юм бэ, араншин нь ямар вэ гэхмэтчилэнгээр бүтээдэг. Тухайлбал, Б.Догмид өөрийгөө юу гэж үздэгийг нь харуулна.

-Зохиолч Б.Догмид өөрийгөө юу гэж үздэг юм шиг байна вэ?
-“Би л байна шүү дээ. Би хийж л байна. Өөр хэн байгаа юм. Надгүй бол яах гээд байгаа юм бэ” гэсэн маягтай “Би л хэлдэг үгээ хэлнэ шүү дээ” гэж байгаа биз дээ. Өөрийнхөө үнэ цэнийг ойлгочихсон тийм л дүр төрх. Ер нь нөлөө бүхий хүн гэдэг бол орчин тойрноо өөрчилж байдаг. Тэр хүний нөлөөнд автаж, юм бүхэн хөдөлгөөнд орж байдаг юм. Гоо үзэсгэлэнтэй эмэгтэй яваад өнгөрөхөд орчин тойрноо гийгүүлж, баясгадаг. Хүн муухай юм харах дургүй. Дандаа сайхныг харах дуртай. Дэгж дэрвэж яваа хүүхэд харахаараа баясана. Сайхан алхаа, дүр төрхтэй эмэгтэй, эрэгтэй хүн зөрөөд өнгөрөхөд ч тэр. Яагаад гэвэл, сайхан бүхэн орчныг ямагт амилуулж байдаг.

-Хөрөг зурахад судалгаа хэр шаарддаг вэ?
-Бодолдоо их судална. Хэдэн жил бодсоны эцэст “За, одоо нэг иймэрхүү бүтээл туурвия” гэсэн үедээ л зурна.

-Өөрийгөө зурж байв уу?
-Үгүй. Гэхдээ баатар, хаан зурахдаа өөрийнхөө зарим шинжийг тусгадаг. Хүн ер нь өөртэйгөө адилхан зүйл хийгээд байдаг юм шүү.

-Жүжигчин Нямсүрэн гуайг хэнтэй адилтгаж зурав?
-Энэ бол Мандуул хааны хөрөг. Түүний хөрөгт жүжигчин Нямсүрэн гуайн ерөнхий дүр төрх, толгойны яс, суудал зэргийг тусгасан. Түүнээс биш тэр чигт нь жүжигчнийг дүрслээгүй юм. Дуунд хаана нь өргөлт өгч, ямар үед нь намуухан болгох вэ гэдэгтэй хөрөг бүтээх яг адилхан. Хэн ч харсан тэрхүү зурагны нөлөөнд автахуйц байж гэмээнэ жинхэнэ хөрөг зураг болно. Миний зургууд хүмүүсийг харцаараа удирддаг. Имиж гэж яриад байна шүү дээ. Адольф Гитлер мундаг имижтэй байсан. Тэр олон хүнийг байлдан дагуулж чадсан. Аавын маань үед Цагааны Цэвэгмид, Чимэд-Осор, Гомбосүрэн гэхмэтчилэн сайхан хүмүүс байлаа. Бас “Хар малгай” Жамбал гэж “Дон Кихот”-ыг испани хэлнээс орчуулсан эрхэм байсан юм. Түүний гудамжинд алхаж яваа нь Английн лордуудаас ч сүрлэг гоё байв. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрд тоглосон Дашдаваа гэж ямар сайхан эр байлаа. Өдгөө сайхан эр хүн ховордож байна. Бүсгүйчүүддээ гологдох боллоо.

-Таны багш хэн бэ?

-Ардын зураач, алдарт “Азарганы ноцолдоон”-ыг зурсан Цэвэгжав анхны минь багш. Гэрэл зургийн сүүдэр, харьцаа, натюрморт, зохиомж зураг зэрэгт түүнээс суралцсан. Уг нь би график зургийн хүн. Чанартай мэдлэг эзэмшсэн хүмүүсээс их юм сонсч, сурсан. Үүний зэрэгцээ Монголоос, уламжлалаасаа сурсан нь олон. Тэгээд ч орчин тойрон минь миний багш.

-“Жоконда”-ийн инээмсэглэл юу өгүүлсэн бол?
-Ёжилсон мэт нууцлаг харцтай бүсгүй. Баясгалантай, бас уурлаж байгаа хүнийг ёжилсон дүр төрх. “Жоконда”-ийн харц бол худал дүр эсгэгчид, эв дүйгүй, болохгүй бүх зүйлийг “Ээ, мунхгууд аа. Өрөвдмөөр юм” гэсэн нүдээр харж буй харц. Энэ бол Леонардо да Винчийн л бодол. Хүн төрөлхтөнийг буруу явж байгааг хараад “Ишш, ингэх ёсгүй юм шүү дээ” гэж дүрсэлсэн хэрэг. Ерөнхийдөө хүн төрөлхтөнийг өөрийнхөө нүдээр харж байгаа л харц.

-Марзан Шарав гуай В.И.Лениний хөргийг бүтээсэн. Тэрхүү бүтээлээс сурч, судлах зүйл бишгүй байдаг биз?

-Тэр бол маш мундаг бүтээл. Дорно дахиныхан, тэр дундаа монголчууд аливааг зураасаар хардаг. Зураас, зохиомж зэргээр л зургийг зурж байна. Монгол зураачдын тухайн үед зурж байсан бүтээлүүд бол гэрэл, сүүдэргүй. Зүгээр л форм байдаг. Энэ талд нь дулаан өнгө байхад тэр талд нь хүйтэн өнгө ч гэдэг юм уу гэрэл, сүүдрээр илэрхийлэлгүй бүтэн хэлбэрээр гаргадаг онцлогтой.

-Чингис хааныг зурсан уу?
-Үгүй, би хамаагүй зуръя гэж боддоггүй. Жамухыг зурсан. Олон жил бодсоны эцэст бүтээсэн л дээ. “Монголын нууц товчоо” бол кодтой зохиол. Үгнийх нь утгыг тайлмаар тийм зохиол. Түүнээс их юм гарна. Ер нь судалж барагдахгүй бүтээл. Зарим хүн “Чингис хаан төдөн онд төрсөн” гээд л хажууд нь байсан мэт ярьдаг. Аливаад хамаагүй, нэг талаас хандаж болохгүй. Эрх мэдэл хэний гарт байна вэ, түүний талд түүх бичигддэг. “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан хүчтэй, тод харагдах ёстой. Гэтэл Жамух нь илүү тод харагдаж байна. Тэр хүний амьдрал, үхэл их сонин. Чингис хаанд “Эсвэл чи, эсвэл би” гэж хэлээд үхэж чадаж байна. Бас ялагдлаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө энэ ертөнцийн хаан гэж бүрэн ойлгочихсон хүн байсан. Чингис хаан ч мөн адил. Жамух яагаад ч Чингис хаанд ялагдчихсан юм. Хувийн асуудал байсан уу. Өөрөө Мөнгөлөнгуа гээд царайлаг хатантай. Магадгүй, хатдаасаа ч болсон юм уу. Маш нарийн асуудал. Тиймээс их алсаас болгоомжтой дүгнэлт хийх хэрэгтэй.

-Гадаа шөнө болчихож. Ямар бүтээл туурвих гээд бодож, бясалгаж байна даа?       
-Зургуудаа нэг, нэгээр нь дуусгах санаатай байна. Манлайбаатар Дамдинсүрэнтэй холбоотой нэг сэдэв бий. “Монгол хатад” хэмээх томоохон бүтээл туурвина. Энэхүү бүтээлд бүх үндэстэн, ястны хатдыг өмсгөл юутай нь бүтээх юм.  
 
С.Тулга
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ