Н.Батсүмбэрэл: Эрх нь ихдэж, ямба нь хэтэрсэн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой
2013 оны 9 сарын 2
Н.Батсүмбэрэл: Эрх нь ихдэж, ямба нь хэтэрсэн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой
МАН-ын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

-МАН-ын Шинэчлэлийн хорооны зүгээс 12 заалт бүхий үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулахаа мэдэгдлээ. Хэрвээ 14 хоногийн дараа тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-МАН-ын Шинэчлэлийн хороо нэг талаас иргэний нийгмийн байгууллага. Мөн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа монгол хүний, Монголын ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлууд дээр дуу хоолгойгоо гаргах ёстой. Түүний нэг нь яах аргагүй хариуцлагаас зугтаадаг, тойрдог, бусдад буруугаа чихдэг, эрх нь ихдэж, ямба нь хэтэрсэн Засгийн газарт хариуцлага тооцох санаачилгыг гаргаж байгаа юм. УИХ-ын гишүүд, улс төрийн намууд үүн дээр байр сууриа илэрхийлж байгаа. Н.Алтанхуяг сайдын өөрийнх нь удирддаг намын гишүүд болон УИХ-ын гишүүд “Эдийн засаг үнэхээр хүндрээд байна. Засгийн газар, хариуцсан сайдууд нь ажиллаж чадахгүй байна. Засгийн газар бодлого биш аж ахуй эрхлээд байна” гэж бүгд хэлж байгаа юм. Харин үүнийг бодитойгоор, Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох хэмжээний алхам болгооч гэж бид уриалж байгаа юм. Өмнө нь УИХ-аар Засгийн газрын асуудлыг ярихад аваад үлдсэн. Энэ удаа үгүй байх гэдэгт итгэж байна. Тиймээс улс төрийн намуудаас шаардаж, УИХ-ын даргаас хүсэж байна. Мөн УИХ-ын гишүүдэд уриалж байгаа юм.

-Нийгэм, эдийн засгийн байдал элгээрээ хэвтэж байгаа гэдэг. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд хуралдуулахыг шаардаж байгаа ч цаг, хугацааu нь хойшлуулсаар байгаа. Харин үүнд Засгийн газар нөлөөлж байна гэх нь бий?
-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой. Мөнгө яагаад тасрав, тодотгол шаардлагатай бол түүнийгээ хийх, бондын зарцуулалтаа эргэж харах гээд маш олон асуудал бий. Магадгүй УИХ-ын ээлжит бус чуулган дээр Засгийн газар, аль нэг сайд нарын асуудал ороод ирэх болов уу гэж АН-ын дарга, Ерөнхий сайд айж байгаа юм шиг байлаа. Ийм байдлаар нэг хоёр хүний сандал ширээ, нэг хэсэг хүмүүсийн дарга байх асуудлаас хамаараад монгол хүний амьжиргаа, эдийн засаг доошилж болохгүй. Үүнийг бид шаардана. Хэрвээ монгол хүний амьжиргаа доошлох юм бол бид хатуу тэмцэнэ.

-Эрх баригч нам нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх Засгийн газарт тохох, буруугаа чихэх зүйл байна шүү дээ?
-Н.Алтанхуяг сайдын ганц чаддаг юм бол тэр. Худлаа хэлдэг, суурин дээрээ хэдэн байр суурь илэрхийлдэг. Болохгүй юм гарахаар өмнөх Засгийн газрынх гэж ярьдаг. Тэр хүн бол гурван жил орчмын хугацаанд өмнөх Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байгаад гарсан. Бүх л юмыг мэддэг байсан. Гэтэл өөрөө мэддэг байж одоо мэдэхгүй царайлсан байдалтай байгаа. Үнэхээр асуудал байгаа бол нэрлээд явах хэрэгтэй. “Намайг Шадар сайд байхад ийм, ийм асуудал байсан. Одоо ийм болсон” гэж хэлэх хэрэгтэй. Болохгүй юм гарахаар өмнөх Засгийн газар, МАН-ын алдаа гэдэг. Уг нь өөрөө Шадар сайд нь байсан хүн шүү дээ. Тэгэхээр Н.Алтанхуяг гэдэг хүн одоо ичих хэрэгтэй. Өөрөөр Шадар сайдаар гурван жил ажиллачихаад ичихгүй Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа бүх асуудал нь өмнөх Засгийн газартай холбоотой гэж ярьж болохгүй биз дээ.

-МАН-ын Шинэчлэлийн хорооныхон хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзсан гэлээ. Иргэдийн зүгээс тавьж байгаа гол асуудал юу байна вэ?
-Орон нутагт иргэдийн амьжиргаа үнэхээр хүнд байна. Нэг хонь 150 мянган төгрөгнөөс буудаггүй. Үүнээс болж бүтэн хонь аваад идэх айл алга. Гурил, будааны үнэ нэмэгдсэн байна. Хотын захын хороололд очиж үзэх хэрэгтэй. Тэнд ургамлын тосыг граммаар авч байна шүү дээ. Тэгээд тавьж болох бүх зүйлээ барьцаалж банкнаас зээлээ аваад өрийн сүлжээ үүсчихээд байна. Бодит эдийн засагт өрийн сүлжээ үүсээд, дээрээс нь бонд гэдгээр аалжны тор сүлжилдэж байгаа. Монголчууд их өрийг тэглэлээ гэж ярьж байсан бол одоо харин их өр үүслээ гэдгийг ярих цаг болж.

-Ингэхэд улс төрийн намуудын өнөөгийн байдлаас болж эдийн засаг уналтад орж байна гэх нь бий. МАН үүнд буруутай юм биш үү?
-МАН хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийг намын гишүүд шударгаар ярьж байгаа. МАН-ын дарга нар хариуцлага алдсан зүйл байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд ард түмнээс уучлал гуйх ёстой. Тэгэхээр өнөөдөр нэг намын эрх ашиг, шинэчлэлээс илүү Монголын эдийн засаг хүндрээд байна. Монголчууд өрөнд ороод энэ улс байх уу, үгүй юү гэдгийг ярих болоод байгаа юм.

-МАН-ыг шинэчлэх асуудал нэн тэргүүнд байгаа гэдэг. Харин Шинэчлэлийн хорооны зүгээс хөгжлийн хөтөлбөр боловсруулж, мөн МАН-ын Их хурлаар Монгол Улсын хөгжлийн бодлогыг гаргахаар голлон ажиллаж байгаа гэсэн. Таны хувьд үүн дээр ямр бодолтой байна вэ?
-МАН Их хурлаараа шинэчлэлийн асуудлаа урагшлуулж, Монгол Улсын хөгжлийн гарцад зөв зам гарах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол МАН өөрөө энэ улсын хөгжилд бодитой оролцож чадах уу, чадахгүй юу. МАН улс төрийн давцанд байх уу, үгүй юү гэдгээ ярих цаг болчихоод байгаа юм. Яах аргагүй энэ бол тулгамдаж байгаа асуудал. Өөр арга, сонголт байхгүй. Монгол Улсыг яаж зөв хөгжүүлэх үү гэдгээ ярих цаг болсон. МАН яаж шинэчлэгдэж, Монголын ард түмний төлөө хэрхэн явах ёстой вэ гэдгийг ярих нь болсон. Тиймээс үүнийг хийх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

С.МӨНХБАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ