Валютын ханш өссөн нь Монголбанкны буруу
2013 оны 9 сарын 3
Валютын ханш өссөн нь Монголбанкны буруу
“Ноён” ам.долларын ханш 1590 төгрөгт хүрэхэд дээр доргүй сандралдаж байсан нь саяхан. Гэтэл 1560 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ам.долларын ханш нэг л өдөр хөөсөрч, 1602 төгрөгт хүрэв. Харин ингэж нэмэгдэх болсон шалтгааны буруутан хэн бэ, “ноён” ам.доллар аа гэж асуухаас өөр гарцгүй үлдсэн нь энэ.

Манай улсын хувьд эдийн засаг нь жижигхэний хэрээр хүн амдаа шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, салхи хаанаас гарна тэр чиглэлд үнийн нэмэгдэл гэдэг өвчин дорхноо газар авдаг уламжлалтай. Энэ хэрээр ам.долларын ханш 1590 төгрөгт хүрэхэд бараа, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөн. Өргөн хэрэглээний барааныхаа 70-аас дээш хувийг гадаадаас авдаг Монгол Улсын хувьд валютын хөөрөгдөл нөгөө нэг үнээ нэмэх өвчлөлд дорхноо автуулсан. Тэр байтугай барилгын материалын үнэ нэмэгдэж, шуудай цеминтээ авч чадахгүй дээрээ тулаад байна. Яагаад гэвэл, валютын ханш өсөх нь ард түмэнд хүнд цохилт болдог учир элгээрээ хэвтэхдээ тулсан эдийн засгийг бүр ч савалгаатуулж байгаа юм. Хэдийгээр нийгэм, эдийн засагт аюулын харанга нүүрэлж байна гэдгийг хаа, хаанаа ярьж байгаа ч үүнээс гарах гарцаа хайх нь битгий хэл “Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь бидний буруу биш, чинийх” хэмээн АН, МАН-ынхан арсалдаж суугаа нь нууц биш. Үнэн хэрэгтээ улс төрийн энэ байдлаас болж эдийн засаг уналтад орох дээрээ тулсан гэдгийг тодоос тод харуулж байгаа юм.

Харин валютын ханшийг хөөрөгдүүлж буй бурууг хэнээс нэхэх вэ гэдгийг эргэн тодруулъя. Оны эхэнд ам.долларын ханш 1400 гаруй төгрөг байсан. Харин 2013 оны эхний долоон сарын хугацаанд яван чангарч байсаар 1590 төгрөгт хүрсэн ам.даллар гэнэт яагаад 1602 төгрөг болчихов оо. Тэгвэл үүний хариултыг Монголбанк сайн мэдэж байгаа. Харамсалтай нь валютын ханшийг тэмцвэртэй байлгах. Нэг үгээр хэлбэл бодлогын хүрээнд үүнийг зангидаж байх Монголбанк ажлаа хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөлөөнд автаад бодлогын ажлаа зангидаж чадаагүйн гор өнөөдөр гарчих шиг боллоо. Монголбанкны зүгээс үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж гурал, махны үнийг буруулахаар холбогдох яамдуудтай гэрээ хийж, мөнгө зээлүүлсэн. Мөн Засгийн газрын томоохон ажил болох найман хувийн орон сууцны зээлийг санхүүжүүлж, барилга барихад нь зориулж 380 тэрбум төгрөг гаргасан гээд эдийн засаг руу асар их мөнгө зутгасан юм. Гэвч энэ нь нөгөө яриад байдаг эрсдлийг тооцсон гэдгийг орвонгоор нь эргүүллээ. Учир нь өнөөдөр Монголбанк валютын нөөцгүй болж, зөвхөн урагшаа харж ажиллах гэснээс алдаа гаргачихсан нь энэ. Яг үнэндээ урагшаа биш хашуу хавиргандаа байгаа ам.доллараа бодох хэрэгтэй байсан нь үгээр илэрхий байгаа юм. Ам.далларын хөөрөгдлөөс болж наймхан сарын дотор монгол төгрөгийн ханш 13 хувиар унасан нь бизнес эрхлэгч, цаашлаад Монголын түүхий эд маш их хямдарна гэсэн үг. Түүнчлэн 13 хувь гэдэг бол манай нүүрс, баялаг тэр хэрээр хямдарч байгааг сануулах тохио.

Тэгэхээр зэрэг Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хамаагүй хийсэн нь нэгдүгээрт, тэдний буруу. Хоёрдугаарт, эдийн засаг руу цутгасан мөнгөө багасгах талаар Монголбанк ярих байсан ч улам нэмсэн нь өөрсдийгөө намнасан шийдвэр юм. Харин арилжааны банкууд 100 сая ам.доллар нэхэж байхад Монголбанк 20-30 саяыг гаргаж, энэ дундаас арилжааны банкууд үнээ өсгөж зараад дундаас нь ашиг хийх бизнес үүсээд байгаа нь гэх нь бий. Гэтэл энэ эрсдлийг Монголбанк яаж саармагжуулж, арилгаж байгаагаа ярих нь битгий хэл үүрнээсээ гарахгүй суугаа. Гэхдээ оны эхнээс ам.долларын ханш 15 хувиар өссөний хариуцлагыг Монголбанкнаас нэхэхээс өөр гарц алга.

С.МӨНХБАЯСГАЛАН  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив