Хэрвээ Ерөнхийлөгч худлаа яриагүйсэн бол...
2013 оны 9 сарын 4
Хэрвээ Ерөнхийлөгч худлаа яриагүйсэн бол...
Хэрвээ гэдэг үг араасаа асар олон бодол дагуулна. Хэрвээ манай Ерөнхийлөгч худлаа ярьдаггүй байсан бол өнөөдөр монгол хүүхдүүд өөрсдийгөө эрүүл, аюулгүй орчинд амьдардаг, тэднийг өмөөрч, өмгөөлдөг эх оронтой гэдгээ мэдрэх байлаа. Нийслэлд төдийгүй орон нутагт халдварлан буй эмх замбараагүй газар олголт, эх захгүй авлига, эрээ цээргүй хэнэггүй зангаас үүдэлтэй хар бараан бүгдээс салчихсан байх байв. Монгол хүний амьд явах эрхийг хүндэтгэж, барилгын осол зөрчлийг шүүн ярилцаж байх байлаа.

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр шинэ хичээлийн жилийн эхний өдрийн хичээлээ тараад явж байсан 12-хон настай Б.Есүгэн охины дээрээс III эмнэлгийн баруун талд баригдаж буй “Мүүди” ХХК-ийн барилгын бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолой унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Өөрийн буруугаас биш зүгээр л хийх ёстой ажлаа ном дүрмийнх нь дагуу хийгээгүй томчуудын буруугаас орчлонг гүйцэд таньж чадаагүй “Сахиусан тэнгэр” энэ хорвоог орхисон юм. Ээжийнхээ энгэрт эрхэлж, аавынхаа араас зүүгдэнхэн өссөн бяцхан охины тархи замаар нэг тарж бутарсан байсан гэдэг. Харин түүний эцэг “Сахиусан тэнгэр”-ийнхээ тарж бутарсан тархийг цуглуулж суухдаа нэг л зүйлийг хатуу бодсон гэдэг. Монголчуудын бүтээн байгуулалт гээд байгаа энэ эмх замбараагүй барилга эцэстээ хүний амиар тоглож байна гэдгийг тэрбээр ойлгосон юм. Үүний ард зөвхөн төрийн буруу үйл ажиллагаа, иргэнийхээ амь насыг биш өөрсдийн эрх ашгийг бодсон шунал байгааг хагацал дундаас мэдэрсэн хэрэг.

Хэрвээ барилга дээр ажиллаж байсан залууг ажлаа эхлэхээс нь өмнө ажлын аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг шалгасан бол, хэрвээ мэргэжлийн хяналтынхан ажлаа сайн хийсэн бол “Мүүди” ХХК-ийн захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн барьж буй барилга “Барилгын угсралтын зураг төсөлд улсын магадлан шалгалт хийгдэж баталгаажаагүй, инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцлүүдийг аваагүй” зэрэг зөрчилтэй хэрнээ долоон давхар болтлоо баригдах байсан уу, хэрвээ гуравдугаар эмнэлгийн захирал “Мүүди” ХХК-д эмнэлгийн газраасаа өгөөгүй байсан бол, цаашлаад хэрвээ нийслэлээс “Мүүди” ХХК-д газар олгож, барилга барих зөвшөөрөл олгоогүй байсан бол,  Эцэст нь хэрвээ Монгол төрийн тогтолцоо, хууль дүрэм иргэнийхээ Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийг дээдэлдэг байсан бол өглөө хичээлдээ явсан бяцхан охин, оюутан хүү, ажилдаа явсан аав, ах эгч, дүү орой гэртээ эрүүл саруул ирэх байлаа. Энэ мэт хэрвээ гэдэг үг ар араасаа хөвөрнө.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр Есүгэн охины аав Б.Батсайханыг хүлээн авч уулзсан юм. Ингэснээрээ тэрбээр хагацал зовлон дунд тэмтчин яваа эгэл жирийн иргэнийхээ үгийг сонссон анхны монгол Ерөнхийлөгч болсон билээ. Түүгээр ч үл барам охины амь насаа алдсан есдүгээр сарын 3-ныг “Есүгэний дурсгалын өдөр” болгож, хүүхдийн эрхийг, хүний амьд явах эрхийг хүндэтгэх, барилгын осол зөрчлийг шүүн ярилцдаг өдөр болгохоо мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үг Орон нутгийн иргэдийн хурлын 2012 оны сонгуулийн уриа болсон гэж хэлж болно. Үнэндээ тухайн үед “АН-ынхан Есүгэн охины амь насаа алдсан хэргээр шоу тавьж байна” хэмээн шүүмжлэх хүн олон байлаа. Гэвч АН-ын генсек Ц.Оюундариас эхлээд бяцхан охины үхлээр шоудагчид Орон нутгийн сонгуульд ялалт байгуулч чадсан. Харин ялалт байгуулахын тулд юу ярьж байснаа ялалтын баяраа тэмдэглэж, хундага тулгаж байхдаа л мартчихсан гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн санаачилгаар Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын гишүүд Нийтээр тэмдэглэх баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу “Есүгэн охины өдөр” буюу "Аюулгүй орчны өдөр" болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Гэвч энэ оны тавдугаар сард уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын гишүүд хэлэлцэх шаардлагагүй хэмээснээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга нуран унах нь тэр.

Тэр бүү хэл Ерөнхийлөгч маань иргэндээ худал хэлсэн болчихов. Энэ бол ганц Есүгэн охины хэрэг огт биш гэдгийг улстөрчид сайн мэдэж байгаа. Энэхүү хуулийн төсөл батлагдчихвал барилгын салбарын үүрэх ачаа, нэг ёсондоо хариуцлаг өндөрсөж, хүний амь нас хэр үнэтэй вэ гэдэг яригдах байлаа. Гэвч барилгын салбарт хүч үздэг бизнесмэн улстөрчдийн гар Ерөнхийлөгчийн иргэндээ өгсөн амлалтаас хүчтэй гэдгээ харуулаад л өнгөрсөн хэрэг. Монгол Улсын барилгын салбарт 2007 онд 73 осол гарч 40 хүн, 2008 онд 73-18 хүн, 2009 онд 43-11 хүн, 2010 онд 37-21 хүн, 2011 онд 46 осол гарч 19 хүн, 2012 онд 43 осол гарч 23 хүн, бүгд 132 хүн алтан амиа алдсан гэх статистик тоо бий. Харин барилгын салбар хүний алтан амиар тоглоод байна гэдгийг Есүгэн охин амиа алдан байж илчилсэн. Есүгэн охины эмгэнэлтэй хэргээс хойш л барилга гэдэг болохгүй байна гэж дуугарах хүн олон болсон. Барилгын салбарын нүүр царай ч илчлэгдсэн.

Хамгийн инээдтэй нь манай улсын барилгын салбарт бетон зуурмаг шахах машин, түүнийг ашиглах технологи орж ирээд 10 гаруй жил болж байгаа. Гэтэл энэхүү тусгай механизмын аюулгүй ажиллагааны заавар, дүрэм гэж манайд байдаггүйг Есүгэн охин үнэхээр илчилсэн. Худлаа байлгүй дээ гэж хэлмээр энэ байдал үнэхээр манай улсад байна. Юунаас болж Есүгэн охиныг амиа алдсан бэ гэдгийг тогтоохоор ажилласан шинжээч нь бетон зуурмаг шахагч машины үйлдвэрлэгчийн зүгээс уг механизмыг дагалдуулан өгсөн англи хэл дээрх аюулгүй ажиллагааны заавартай танилцаж байсан гэдэг.
Хэрвээ бяцхан охин амиа алдаагүй бол тэр механизмын аюулгүй ажиллагааны заавар өнөө хэр нь хаа нэгтээ дарагдаад хэвтэж байх байсан биз. Гэхдээ тэр үйл явдлаас хойш Монгол Улс энэ төрлийн тоног төхөөрөмж, механизмын аюулгүй ажиллагааны талаарх заавар зөвлөгөө гаргаагүй л байна.
Хэрвээ Ерөнхийлөгч маань худлаа ярьдаггүй байсан бол өнөөдрийг “Есүгэний өдөр” болгож чадахгүй байсан ч барилгын салбарын аюулгүй ажиллагаа, монгол хүний алтан амины үнэ цэнийн талаар олон зүйл хийх байсан л байх даа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив