Хаа ч сортоотой амьдрах сан
2013 оны 9 сарын 4
1.
 Миний бие 1998 ондТайваньд очиж билээ. Бээжинд очсон бид нэг л тийм далд, нууц юманд яваад ч байгаа юм шиг. Нэг л тийм. Тайваны онгоц өөрийн далбаагүй байдаг ч бил үү. Нэг хүн хүлээж аваад л шивэр авир гээд л... Хүмүүсийн паспортыг аваад л... Тэгээд маргааш нь Тайваньд газардав аа. Одоо бол шал өөр болсон гэнэ лээ. Дэлхийн сэтгэлзүй ч тав арван жилээр өөрчлөгдөж байна. Тэнд, Тайваньд олон улсын худалдаа эдийн засгийн талаар гурван сар лекц сонсов. Энэ дашрамд, мартаагүй дээрээ гэдэг шиг Монголын олон зуун залуусыг 90-ээд оны  хүнд  үед газар үзүүлж, нүд таниулж, зах зээлийн учир начрын талаарх эрдэм номтой золгуулж эхэлсэн Далайн орнуудын нийгэмлэгийн дарга Дахын Готов гуайдаа (Холбооны яамны сайд асан) болон түүнтэй хамтран зүтгэж байсан хүмүүст баярлаж явдгаа илэрхийлье. За тэгээд, цааш нь. Нэг удаагийн хичээл дээр хятад профессор дэлхийн газрын зургийг гаргаж ирээд аль оронтой ямар хэмжээний худалдаа хийж болох вэ? гэхчилэн юм ярилаа. “Африк, Латин Америкийн зарим оронд 2-3 мянган долларын урьдчилгаа өг. Тэгээд наймаа, ажил бүтвэл бүтэг гээд хая!” гэж профессор хошигнож байв. Дэлхийг найдвартай, найдваргүйгээр нь бүсчилчихсэн аж. Будаг юмаар ялгачихсан байв. Тайваньчууд ерөнхий соёлын төвшин өндөртэй хүмүүс учраас тухайн үеийн Монголын газрын зургийг найдвартай, найдваргүйгээр нь будаагүй  газрын зураг үзүүлсэн юм. Саяхан социалист байсан орнуудын индексийг гаргаагүй ч гэл үү, нэг тиймэрхүү юм хэлсэн байв. Тэгсэн атлаа ОХУ, Казахстан, Латв, Литв байж л байсан. 
Бидний нэг маань,

- Монгол улсын нөхөд аль зэрэг найдвартай вэ? Хэдэн төгрөгний урьдчилгаа даах нөхдүүд вэ? хэмээн асуухад профессор маань мэхтэйхэн харж жомболзон инээснээ,
- Монголын бизнесменүүд найдвартай, найдвартай гээд цааш нь өөр юм ярьж яриагаа дүйвүүлэв.
1998 он шүү дээ. Бид ч юу байлаа. Зээлсэн бол зээлээгүй юм шиг явдаг. Авсан бол өгөхөө мэддэггүй. “Чадаж байгаа юманд арга алга аа” гэдэг үг Монголчуудын сэтгэл зүйд нэвт шингэчихсэн үе байсан даа. 
Цааш хичээл үргэлжлэхэд, Норвеги, Дани, Финлянд зэрэг улсад 10 сая долларын ч урьдчилгаа өгч болно гэв. Тэгэхэд тэр сая сая долларыг нь аваад зугтаачихдаггүй юм байх даа гэж бодсноо нуулгүй хэлчихье. Бидний сэтгэл зүй тийм л байлаа. Тэр үед хажуу хавирганы Казахстаны Балхашид Эрдэнэт үйлдвэр маань 10 сая доллароо алдчихаад авч чадахгүй байгаа гэнэ ээ гэж байсан үе. Германы нэг мужаан эр өөрийгөө том бизнесмэн гээд манай хэсэг хувийн хэвшлийнхний мөнгийг хамаад аваад явчихсан гээд шагшиан шуугиан болж байсан үе. Гэвч хэзээ нэг цагт Монгол хүн хүнээс 10 сая доллар аваад Норвеги хүн шиг ажлыг нь бүтээгээд цаг хугацаанд нь эргүүлээд өгдөг болох л байх даа гэж бодож амжсан л юм.

2.
Одоо бол улс орны хөгжлийг гадаадад ажиллах хүчиний цагаач (гастарбайтер) хэдийг илгээж байна, тэр хэмжээгээр ядууг нь тооцож болохоор болжээ. Манайхан сүүлийн үед Гиннесийн номонд бичигдэх арга хэмжээнүүд их сэддэг болжээ. Ийм карт нээгээд Гиннест тэмдэглүүлээч гэмээр байгаа юм. Манай орон 2.8 сая хүн амтай гэхэд 140,150 мянган иргэд нь гадаадад ажиллаж байна гэж ярьдаг. Нийт хүн амын таван хувь. Ажил хийх чадвартай улсын бараг 10 хувь ч хүрч магад. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт яваад жаахан цугларч ирсэн ч мэдэх юм.

Ер нь гаднаас ирсэн 12 ажилчны зөвхөн хоёр нь л тухайн улсад албан ёсоор ажиллах эрх авсан байдаг гэнэ.
Өнөөдөр Дэлхийн банкны судалгаагаар  АНУ-д 43 сая, ОХУ-д 12 сая, Германд 11 сая, Канад, Испани, Франц, Австралид тус бүр долоон сая хөдөлмөрийн цагаачид байдаг байна. Энэ тоон дотроос чинь л тэргүүний гастарбайтерууд төрж байгаа юм даа.
Хөрш зэргэлдээ Орос орны Москва, Санкт петербург зэрэг хотод Молдов, Киргиз, Узбек гээд хуучин Зөвлөлтийн нөхдүүдээс гадна Хятад, Вьетнам тэргүүтэй 70 гаруй орны “төлөөлөгчид” хар ажлыг нь хийж өгч байдаг гэнэ. Халуун шөлнөөс нь хороож байна. Тэднийгээ ад үздэг нь ч бий гэнэ. Онигоо элдэв юманд оруулах нь ч бий. Нэг их богинохон онигоо байна аа, энд биш тэнд. Энэ нь: “Молдав ажилчид байхад барилга дээр кранаар яахав” гэдэг.  Дээхэн цагт Монголд цагаачилж ирсэн хятад ажилчин хүмүүс: "Манжин байхад  махаар яах вэ?” гэж байсан шиг л эд юм даа. Өмнөд Солонгосчуудад: “Монгол байхад кранаар яах вэ” гэдэг үг харайхан гараагүй болов уу.

Дэлхий нийтэд ер нь бол цагаач ажилчдын 40 хувь нь барилга дээр ажиладаг байна. Тэд бол мэргэжил мэдлэг тэр болгон шаардаад байдаггүй биеийн хүчний ажилыг нуглана. Миний нэг танил Солонгост ажилж байгаад унтаагаараа шруп чангалаад сурчихсан хүн байдаг юм. Энэ нь сайн дадал боловч арай нарийн мэргэжил гэхгүй байлгүй. Ер нь дорой буурай орны хөдөлмөрийн цагаачид гол төлөв нүх шуудуу ухах, траншейны ус цэвэрлэх, хог цэвэрлэх болон ачиж буулгах ажлуудыг хийнэ.
Будагчин, шаварчин, шаваасчин, өрлөгчин, плиточин гэдэг бол гастарбайтеруудын мэргэжилтэй ажилтан. Цахилгаанчин, гагнуурчин эд нар бол хамгийн өндөр цалинтай хэсэг. Гараад өглөө гэсэн үг. Энэ хэмжээнд очиход эрдэмийн гэрчилгээ хэрэгтэй. Ер нь бол хаа газрын хөдөлмөрийн цагаачид хамгийн хүнд гүжир, тэгсэн атлаа бага цалинтай л ажлыг хийж байна. Манайхны ихэнх нь ингэж явсаар ирсэн.

3.
Хөдөлмөрийн цагаачдын асуудал ХХI зууны томоохон асуудлын нэг болчихоод байгаа билээ. Наяд оны дундуур  Москвад сурч байхад минь  
ЗИЛ, Москвич зэрэг том том үйлдвэрийн конвейер дээр Вьетнам улсын иргэд үй түмээрээ ажиллаж байв. Тэд сайн ажилладаг байсан гэнэ лээ. Спортын тэмцээнд нэг их оролцдоггүй ч гэсэн спиртын төрлийн ундаа бараг хэрэглэдэггүй гэж байгаа. Хамгийн гол нь тухайн үед Зөвлөлтийн иргэдийн бараг хэрэглэдэггүй шахуу өргөн хэрэгцээний бараа болох хөнгөн цагаан түмпэнгүүдийг худалдаж авч нутаг руугаа илгээнэ. Тэгээд ЗХУ задрахтай уралдаад тэд Хамтын нөхөрлөлийн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр доншуур наймаа хийх болсон. Үйлдвэрүүд нь банкрот болно биз дээ. Одоо бол юу ч хамаагүй хийнэ. Гэхдээ л өнөө хамгийн бага үнэлгээтэй “хар ажлууд”.
90 оноос хойш манайхан ч бас юу ч хамаагүй хийж, хаа ч хамаагүй явдаг боллоо. Цагаан сараа хийх гээд Солонгост ажилладаг хүүхдээсээ мөнгө хүлээгээд суудаг үе саяхан байлаа. Тэр үед чинь 200 доллар, 300 доллараар цагаан сараа тэмдэглэчихдэг байв. Одоо тэгсэн гол ширээний чимэг болсон ганган цагаан хонины ууц маань ийм үнэтэй болчихож. Энэ юуг хэлээд байна гэвэл Монголчууд гадаадад хараар ажил хийж байгаа хүүхдийнхээ явуулсан мөнгөөр цагаан сараа тэмдэглэх аргагүй болжээ гэсэн үг боллоо. Идэр залуучуудынх байтугай эмээ, өвөөгийн хэрэглээ өслөө. Ийм ч учраас гадаадад тусгай мэргэжил шаарддаггүй ажил хийгээд Улаанбаатарт байр машинтай болоод дундуур нь өвөө, эмээгийнхээ цагаан сарыг тэмдэглүүлдэг хөг нь өнгөрчээ. Монголд цалин гайгүй болчихлоо гээд Солонгосоос хүмүүс сүүлийн үед их ирж байна шүү дээ. Энэ нь тэнд амьдраснаас энд амьдравал дээр юм биш үү гэсэн үг.Одоо нүх ухаад, туйпуу зөөгөөд явахгүй нь л дээ. Энд ч тэр, тэнд ч тэр. Хүмүүсийг ажил хөдөлмөрийн арай өөр түвшинд авчирч байж үйлдвэр заводоо ажлуулах нь. Гаднаас ирсэн хүмүүсээ шингээх нь. Иймээс мөнгөний бодлготойгоо зэрэгцээд боловсон хүчний эргэлтийн бодлого биднийг хүлээж байна.

Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Мега төслийн талаар их таниулж байгаа. Тэрбээр, Мөнгө байна. Төслүүд бэлэн биш байна. Шаардлага хангах төслүүд алга. Боловсон хүчин алга. Арга зүй алга. Бондын мөнгийг зүй зохистой зарцуулах санхүүгийн механизм ч алга. Бүх юм бидэнд шинэдээд учраа олохгүй байдал байсан. Одоо харьцангуй зүгшрэх болов уу гэж бодож байна. Монгол улс мега төслийн зовлон бэрхшээлтэй тулгарах хөгжлийн үе шатан дээр байна. Гол бэрхшээл нь боловсон хүчин гэсэн утга бүхий үгийг хэлсэн. Үнэхээр өнөөдөр боловсон хүчин манай хамгийн том “давагдашгүй хүчин зүйл” болоод байгаа билээ.
Өнөөдөр гадаадад ажилладаг хөдөлмөрийн цагаач нар орон улсдаа овоо л мөнгө зөөдөг л юм байна л даа. АНУ-аас 43 тэрбум, Саудын Арабаас 26 тэрбум, Швейцараас 20, ОХУ-аас 19 тэрбум, Германаас 16 тэрбум доллар гээд цаашаа явдаг л юм байна л даа. Тоо нь их боловч энэ чинь Дэлхийн бүх ядуу буурай оронд хуваагдаж очиж буй мөнгө шүү дээ.

Тэгэхээр жишээ нь Вьетнамууд 25 жилийн өмнө Москвагаас 10 ширхэг хөнгөн цагаан түмпэн илгээчихэд ар гэртээ жилийг аваад хаячихаар их том тус болж байжээ. Монголчууд 90-ээд оны үед Өмнөд Солонгост ажиллаад 200 доллар ар гэртээ илгээчихэд  цагаан сараа эх эцэг нь, эмээ өвөөтэй нь тэмдэглэчихдэг байжээ дээ. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр өнөөдөр Вьетнам хүн 10 ширхэг хамгийн том хүүхэд усанд оруулдаг хөнгөн цагаан түмпэнг нутаг руугаа явуулаад ч тэр нь тэнд ямар ч ач холбогдолгүй болсон байгаа. Үүнтэй яг адилхан саяхан Монголчуудын цалингийн доод хэмжээ, өөрөөр хэлбэл цалингийн адгийн адаг нь 192 мянган төгрөг болжээ. Тэгэхээр 200 доллар юу вэ? Хонины ууц авах уу. Хойтонгийн хоёрдугаар сард шүү дээ. Өнөө цагаан сараараа. Энэ бүхний эцэст хэлэхэд ерөөсөө л Монгол хүн өрсөлдөх чадвараа сайжруулах цаг болжээ. Хүний нутагт траншейний нүх ухах, өөрийн нутагт траншейний нүх ухах хоёр бараг адил болжээ. Энэ нь Солонгост нэг кг үхрийн мах авах, Монголд бас түүн шиг мах авах хоёр дүндээ дүн болсонтой л адил юм даа. Харин мэргэжилтэй боловсон хүчин хаа ч амьдрах болжээ. Юу ч хийж чаддаггүй зөвхөн хар ажил л хийж чаддаг байснаас маш сайн гагнуурчин болоод гагнуурыг сахлын бритикээр хуссан юм шиг ганган хийдэг болчихвол хаа ч баллана биз дээ. Би үүнийг л хэлэх гэсэн юм. Нэг өгүүлбэр хэлэхийн тулд яасан их мунгинав аа. Яг л гастарбайтер гэсэн үг.
Эцэст нь Монгол Улсын иргэн хүн хаа ч сортоотой амьдарч чаддаг болох цаг ирэх байх. Фантаазалж хэлэхэд, “АНУ, Японд очиж ажил аа” гэхэд нь Монгол хүн : “За яршиг аа, давхар томилолт өгвөл явж болох л юм” гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү.

Х.БҮРЭНТОГТОХ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив