Кремльд дуудагддаг байсан монголчууд Лондонд дуудагддаг болжээ
2013 оны 9 сарын 7
Кремльд дуудагддаг байсан монголчууд Лондонд дуудагддаг болжээ
Нэгэн цагт Монгол хэмээх Улсын хувь заяаг оросууд шийддэг байсан гэдэг. Улс орноо удирдах чадвартай сэхээтнүүдийг нь Кремльд дуудаж, тэнд монголчуудын хувь заяа яригддаг байж. Оросууд монголчуудыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөхийг эрмэлздэг байсан бөгөөд үгэнд орохгүй, том толгойтой нэгнийг нь дахин нутагтаа очихооргүй болгодог байсан гэх. Тиймээс хулчгар нэг нь оросуудын үгийг дагаж, эх оронч нэг нь Москвагийн хаа нэгтээ амь тавьдаг байсан гэдэг.

Тэгвэл соц нийгмийн үед Орост дуудагддаг байсан монголчууд ардчилсан нийгмийн үед Англид дуудагддаг болсон гэнэ. Гэхдээ энэ хоёрыг зүйрлэж боломгүй. Учир гэвэл Орост дуудагдах нь хоёр улсын хоорондох үйл ажиллагаа. Харин Англид дуудагдаж байгаа нь ганцхан компанийн удирдлагууд Монголыг бүхлээр нь өмнөө сөхрүүлэхээр дуудаж байна гэж харагдана.
Оюутолгой төслийг эхлүүлснээр монголчуудын амьдрал суга дээшилнэ хэмээж байсан цаг саяхан. Гэвч монголчуудын эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээ хийсэн цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн балгаар Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хүнд байдалд орчихоод байна. Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудал хурцаар тавигдаж эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулах болов. Мэдээж хөгжиж буй улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр асуудлаа шийдэхэд бэрх. Дайран дээр давс гэгчээр анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн Рио Тинто далд уурхайн санхүүжилтээ зогсоосон нь Монголын тухай ойлголтыг дэлхий нийтэд буруу тийш нь залсан хэрэг.

Рио Тинто үнэхээр мөнгөгүй болчихоод хөрөнгө оруулалтаа зогсоочихов уу, эсвэл далд санаа өвөрлөсөн үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Энэ хоёр хувилбарын сүүлийнх л оновчтой гэх хүн олон байна. Учир нь монголчуудыг дорд үзэж байсан тэд биднийг Оюутолгойд анхаарлаа хандуулж, уул уурхайн мэргэжилтнүүд болон улстөрч, эдийнзасагчид Оюутолгойн гэрээний талаар сөхөж, Монгол засгийн газар төслийнхнөөс санхүүгийн тайланд шалгалт хийхээр шахаж эхэлмэгц тэд арай өөрөөр хөдлөхөөр шийдсэн хэрэг. Нэг ёсондоо Монголд сануулга өгч, шахалт үзүүлж байгаад өөрсдөө далд уурхайгаас илүү их ашиг хүртэхийг эрмэлзэж байж болох.
Тиймээс ч Рио Тинто Засгийн газрын төлөөлөгчдийг Лондонд дуудсан байна. Яагаад Лондонд гэж... Тэд Монголд уулзаж, хэлэлцээрийн ширээний ард сууж болох байсан. Гэхдээ монголчуудыг Лондонд дуудаж байгаа нь цаанаа ямар нэг далд санаа агуулаад байгаа нь тодорхой.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр Рио Тинто гэрээгээ зөрчиж, хөрөнгө оруулалтаа зогсоосонд олон улсын шүүхэд хандах эрх бидэнд бий. Хэрэв монголчууд шүүхэд хандвал Рио Тинто шууд ялагдал хүлээнэ. Гэтэл манай улс шүүхэд хандахгүй байгаа нь ч бас хачирхалтай. Тэгсэн хэрнээ ганц компанийн удирдлагуудын хүслээр Лондонг зорих гэж үү. Тэд дэлхий нийтэд Монголыг муу улс болгож харагдуулж чадаад байхад бид шүүхэд хандахад болохгүй зүйлгүй баймаар.
Монгол Улс Оюутолгойгүйгээр оршин тогтнож чадахгүй тийм ядуу улс биш. Рио Тинто хөрөнгө оруулалтаа зогсоосон нь магадгүй монголчуудад өөр гарц хайх боломж олгож байж ч болох. Эцэст нь шинэчлэлийн гэгдэх Засгийн газрынхан ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаална.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив