Тавхан хоног өмссөн шинэ дүрэмт хувцас бүрсийж эхэлжээ
2013 оны 9 сарын 10
Тавхан хоног өмссөн шинэ дүрэмт хувцас бүрсийж эхэлжээ
Боловсрол, Шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтарч Сурагчийн дүрэмт хувцас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдад дүрэмт хувцас тараах ажил үргэлжилж байна. Зарим эцэг эх энэ дүрэмт хувцсыг худалдан авахгүй байхыг бусдадаа уриалж, жагсаал зохион байгуулахаа илэрхийлээд байгаа. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног өндөрлөж байна. Тиймээс эцэг эхчүүд шинэ дүрэмт хувцасны талаар ямар бодолтой байгааг сонирхохоор нийслэлийн зүүн захын сургууль болох Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийг зорилоо. Бид нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Нэгдүгээр ангийн сурагч н.Дэлгэрболорын ээж: Загвар нь таалагдсан

-Энэ жил сурагчдыг нэг загварын дүрэмт хувцас өмсөхийг шаардсан байгаа. Танайх охиндоо авсан байна. Шинэ дүрэмт хувцасны талаар сэдгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Загвар нь бол таалагдаж байна. Харин үнэ нь арай өндөр юм шиг санагдсан. Ганцхан сарпанчикийг нь авахад 45 мянга гаруй болж байсан. Цамц нь хорин хэдэн мянга. Зүгээр л ноосон цамц. Нийлээд жар гаруй мянган төгрөгөөр авсан. Дээр нь цэнхэр цамц ав гэсэн. Тэр цамц нь жоохон биетэй хүүхдэд томдоод байсан болохоор аваагүй. Аягүй том нэвсгэр байсан.

-Сургуулийн зүгээс сарпанчиктай байхад болно гэсэн үү. Заавал иж бүрдлээр нь өмс гэсэн шаардлага тавьсан уу?
-Иж бүрдлээр нь ав гэж шаардаагүй. Багш нь цэнхэр цамцыг нь сарпаанчиктай нь өмсгөхөд болно гэсэн.

Сурагч н.Сүхбатын ээж: Хувцас авах гээд очиход цамц нь байгаагүй

-Сурагчийн дүрэмт хувцасны талаар эцэг эхчүүдийн санал бодлыг сонирхож яваа юм аа. Таны хувьд сэтгэгдэл ямар байна вэ?
-Яах вэ. Манайх хүүхэддээ өмд майкыг нь дөчин хэдэн мянгаар авсан. Иж бүрдлээр нь аваагүй байгаа.

-Иж бүрдлээр нь авахад хүндрэлтэй байв уу. Цамцыг нь яагаад аваагүй юм бэ?
-Хувцас авах гээд очиход цамц нь байгаагүй. Хүүхдээ дагуулж очсон учраас өмсгөж үзэж байгаад энэ хоёрыг нь л авсан. Нэг очиход байхгүй байсан болохоор маргааш нь дахиад хүүхдээ дагуулаад явалтай биш дээ.

-Чанарын хувьд сэтгэлд тань нийцэж байна уу?
-Майк нь бол онцгүй санагдсан. Тавхан өдөр хичээлд нь өмсгөсөн байхад бүрзийгээд бөөсрөөд эхэлчихсэн.

-Танайх сургуулийн насны хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр хүүхэдтэй. Том нь гуравдугаар анги. Дараагийнх нь энэ жил нэгдүгээр ангид орж байна. Доор нь цэцэрлэгийн насны нэг хүүхэд бий.

-Төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ боловч зарим эцэг эхчүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Та ямар бодолтой байна вэ?
-Ер нь бол хоёр гурван хүүхэдтэй хүмүүст хэцүү. Ганц хүн ажилладаг айлд хүнд л тусч байх шиг байна.

-Та гуравдугаар ангийн хүүхэддээ бас дүрэмт хувцас авах юм байна. Үнийг нь сонирхож үзсэн үү?
-Сарпанчик, ноосон цамц хоёрыг нь авч өгөх санаатай байгаа. Нийлээд 50 гаруй мянган төгрөг болох юм шиг байна билээ.

-Энэ хувцсыг танай хүүхэд хоёр жил өмсөж чадах болов уу?
-Энэ байдлаараа бол өмсөж чадмааргүй л юм шиг байна.

Сурагч н.Анхбаярын аав: Ганц хүүхдийнхээ төлөө авч л таараа шүү дээ

-Танай сургуулийн насны хэдэн хүүхэдтэй вэ?

-Анхны хүүхдээ сургуульд оруулж байна.


-Хичээлээ тараад гарч ирж байгаа хүүхдүүд дундаас танай хүүхэд нүдэнд туслаа. Та иж бүрдлээр нь авч өгчээ?

-Иж бүрдлээр нь авч өгсөн. Хоёр ноосон цамц, хоёр цэнхэр цамц, хоёр ээлжийн өмд авсан.


-Иж бүрдлээр нь өмссөн хүүхэд арай өөр харагдаж байна л даа. Та нийт хэдэн төгрөгөөр авсан бэ?

-Нэг ээлжийнх нь 100 гаруй, хоёр ээлж нь 200 гаруй мянган төгрөг болсон. Угаасаа ээлжилж өмсөж байг гэж бодоод хоёр ээлжийнхийг авсан.

-Материалын чанар хэр санагдсан вэ?
-Чанарын хувьд харин ёстой жаахан муу юм шиг санагдсан. Тоос шороо их татдаг юм билээ. Миний бодлоор костьюмны өмд шиг материалтай байсан бол тоос шороо татах нь бага байсан болов уу. Түүнээс одоо энэ өмд нь жаахан явмагц л тоос татаад, зэгэл даачихаад байна.

-Та яагаад хоёрыг авсан юм бэ. Нэг дүрэмт хувцсыг хоёр жил өмсөнө гэсэн баталгаа өгөөд байгаа шүү дээ?
-Үгүй яах вэ. Хүүхэд чинь томордог юм байгаа биз дээ. Тэгээд ч хувцас нь томдоод байсан юм. Тиймээс нэгийг нь хасуулаад өмсгөчихсөн. Нөгөөг нь жаахан томрохоор ганц нэг сарын дараачаас өмсүүлье гэж бодсон юм.

-Таны хувьд боломжтой хүмүүсийн тоонд орж байх шиг байна. Зарим нэг нь хэтэрхий үнэтэй байгаа учраас өмд, цамц л авсан хэмээн тайлбарлаж байгаа?
-Боломжтойдоо юу байх вэ. Ганц хүүхдийнхээ төлөө авч л таараа шүү дээ.

-Энэ хувцас тоос татахаас бусдаар таны сэтгэлд нийцэж байна гэж ойлгож болох нь ээ?
-Жаахан өнгөлөг л хийвэл зүгээр санагдлаа. Хэтэрхий бараан байна. Дээр нь тоос татдаггүй, хуучин бид нарыг сургуульд байхад өмсдөг байсан костьюмны материалаар хийвэл хүүхдүүд ижилхэн хөөрхөн харагдах байх.

-Зарим эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахгүй байхыг бусдадаа уриалж, жагсаал цуглаан хийхээр болоод байгаа. Та тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Үгүй яах вэ дээ. Авах нэг нь аваад авахгүй нэг нь авахгүй л байна биз дээ. Гэхдээ материал үнээ анхаарах хэрэгтэй гэдэг үнэн байх. Би яах вэ ганц хүүхдийнхээ төлөө гээд авч байна. Гэтэл хоёр, гурван хүүхэдтэй айл хэцүү л байх. Нэг хүүхэддээ 100 гаруй мянган төгрөг зарцуулна гээд бодохоор хүнд шүү дээ.

Биднийг ийн ярилцах зуур өөр нэгэн хүүхдийн ээж бидний ярианд оролцлоо.

Сурагч н.Номин-Эрдэнийн ээж

-Тэр чинь хэцүү байна шүү дээ. Тав хоноогүй байхад бөөстчихсөн. Айл болгонд 2-3 хүүхэд сургуульд явж байна. Бид нар захын гэр хорооллын айлууд амьдралын боломж ямархуу байх вэ. 150 мянган төгрөийн цалинтай хүн нэг хүүхэддээ 130 мянгаар хувцас авчихаад нөгөө хоёрыгоо яах вэ. Юугаа идэж уух вэ гэдэг асуудал гарч байна. Намайг хүүхэд байхад тоос шороо татдаггүй, хоёр жил өмсгөчихдөг дүрэмт хувцас байдаг л байсан. Гэтэл энэ хувцасны материал арай биш байна.

Эцэст нь бид 87 дугаар сургуулийн 1-ийн А ангийн багш Ц.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Дунд сургуулийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцастай болгож байгаа. Танай ангийн хүүхдүүдийн хэдэн хувь нь дүрэмт хувцсаа худалдан авсан байна вэ?

-Одоогоор сурагчдын 30 хувь нь дүрэмт хувцсаа авсан байна. Сурагчийн дүрэмт хувцасны хүрэлцээ жаахан тааруу байх шиг байна. Эцэг эхчүүд авах гээд очиход хүртэхгүй байна. Нэг бол цамц нь байхгүй, үгүй бол өмд нь таарахгүй томдож байна. Хүүхдийн биеийг судалсан зүйл алга гэсэн тайлбар хэлж байгаа. Ялангуяа цамцны тухайд нэг бол томдоод, үгүй бол багадаад байна гэх тайлбар хэлж байна.

-Танай сургуулийн удирдлагын зүгээс болон яамнаас заавал дүрэмт хувцас өмсөг гэсэн шаардлага тавьж байгаа юу?
-Сургуулийн зүгээс заавал жигдрүүл гэж шаардлага тавьсан юм байхгүй.

-Би сая эцэг эхчүүдийн санал бодлыг сонирхлоо. Зарим нь материалын чанар муу гэх тайлбар хэлж байна. Танд ямар нэг зүйл ажиглагдав уу?
- Бид нар дүрэмт хувцасны талаар мэдэхгүй шүү дээ. Багш нар бол тэндээс очиж аваарай гээд дамжуулагчийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Харин өнөөдөр л зарим эцэг эх энэ форм чинь бүрзийгээд байна гэж байна. Сарпанчик, ноомон майк бүрзийсэн байна гэж гомдоллохоор нь харлаа. Яалт ч үгүй бүрзийсэн байна. Миний зүгээс эцэг эхчүүдэд оёсрн компани, 11-11 рүүгээ утасдаж санал гомдлоо хэлээрэй л гэдэг үг хэллээ.

-Бүх хүүхэд дүрэмт хувцсаа өмсчихвөл хөөрхөн харагдаж чадах нь уу?
-Багш сургуулийн зүгээс энэ дүрэмт хувцасны тухайд нэг зүйл дээр сэтгэл маш өндөр байгаа. Учир гэвэл хүүхэд л бол хүүхэд. Баян айлын, эмзэг бүлгийн гэх зүйлгүй бүгдээрээ ижилхэн болно. Харин өнөөдөр зарим эцэг эх дүрэмт хувцасны өнгө үзэмжинд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. –Багш аа, энэ хүүхдүүд бүгдээрээ дүрэмт хувцсаа өмсвөл нүүгэлтсэн хар юм харагдах нь ээ. Охид нь гэрэл гэгээтэй биш, дээр нь хөх цамцтай. Одоо хэдхэн хүүхэд өмссөн байхад ийм бараан хар юм чинь анги дүүрвэл нүүгэлтсэн бараан хар юм болох нь. Илүү гэгээлэг, цайвар өнгө сонгож болоогүй юм уу. Царай дарж байна. Хотын төвийн цагаан хүүхдүүд юу юм гэхээс, гэр хорооллын хөөрхөн боруудад бол бүр онцгүй юм байна гэх саналуудыг эцэг эхийн зүгээс гаргаж байна.

-Та олон жил багшилсан хүн. Таны нүдэнд ямар харагдаж байна вэ?
-Би өнөөдөр л эцэг эхчүүд тэгж хэлэхээр гаднаас орж ирээд харлаа. Нээрэн л бүгд дүүрчихвэл нүүгэлтсэн хар юм болох нь дээ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Өмнө нь бид чинь хүүхдийнхээ цагаан цамцыг цасан цагаан байлгах гэж шаардлага тавьдаг байлаа. Гэхдээ манай сургуулийн харьцангуй гэгээлэг, гэрэлтэй тулдаа л гайгүй харагдаж байх шиг байна. Орчин муу сургуульд бол өнгө үзэмж тун тааруу байх болов уу.

-Бид бүхэн хотын захын сургууль сонгож ирэх болсон нь иргэдийн амьдралын төвшин ямар байна вэ гэдгийг сонирхсон юм. Танай ангийн тухайд дүрэмт хувцас худалдан авах чадвар хэр байна вэ?
-Манай ангийн хувьд үнийн талаар асуудал гарсангүй. Яагаад гэвэл хүүхэд нь нэгдүгээр ангид орж байгаа гэдэг утгаараа шинийг авч өгөх ёстой гэдэг ухамсар эцэг эхчүүдийн сэтгэлзүйд байх шиг байна. Үүнийг заавал авах ёстой юм уу, авахгүй баймаар байна гэсэн хүн гарсангүй. 

Н.БУДСҮРЭН












Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив