Б.Болдсайхан, Ч.Ганхуяг нарт талархал илэрхийлье
2013 оны 9 сарын 10
Б.Болдсайхан, Ч.Ганхуяг нарт талархал илэрхийлье
Б.Болдсайхан эмч, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг тэргүүтэй зургаан хүн өнгөрсөн баасан гарагт Засгийн газарт салаавч өгөв. Хоёр сая 900 мянган монголчуудаас дөнгөж зургаахан хүн Засгийн газрыг эсэргүүцсэн гэхээр дэндүү чамлалттай санагдана. Тэд үнэхээр олны хэлээд байгаа шиг олиггүй үйлдэл хийчихсэн хэрэг үү. Төр засаг руугаа салаавч гаргалаа. Эзэн Чингис, эрх баригчдаа хүндэтгэсэнгүй гэх хүн захаас аваад таарах болж. Гэтэл зарим нэг нь тэдэнтэй нэгдэх байсан юм. Даанч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад “од” болчих байх гэж айсан ч гэх. Юунаас айх гэж...

Салаавч гаргасан нөхдийг “Чингис хаан руугаа салаавч гаргалаа” гэх мэдээллийг цацаж байх юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар Чингис хаан болж таарах нь ээ. Арай энэ утгаар нь хэлээгүй баймаар.

Ноён ам.доллар хаданд гарч, хөсрийн төгрөг хөрсөнд хэвтчихээд байхад салаавч бол ёстой юу ч биш баймаар. Ард түмний амьдрал доройтлоо гээд Төрийн ордон руу өндөг шидэж байсан О.Магнай өнөөдөр төр төмөр нүүртэйг харуулна гээд сууж байхад салаавч зэрэг ч ёстой яамай л байна. Ам.долларын ханш өсөх нь ашигтай, үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэ хэмээн ард түмнээ даапаалж суугаа УИХ-ын дарга З.Энхболдын дэргэд талхны үнэ мэддэггүй Ч.Ганхуягийн салаавч богинодож байгаа юм биш үү. Ямар үйлдвэр барьчихсан болоод үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэ гээд хэлчихэв ээ.

“Женко”-гийн талх, АПУ-гийн архи, Н.Алтанхуягийн махны компанийн мах л идэх хэрэгтэй гэсэн үг биш гэж үү. Ургац хураалт эхэлчихлээ. Монгол төмсөө идье гэхээр бүгдийг нь хятад үрээр тариад, хятадуудын хэрэглэдэг хамгийн муу бордоогоор бордчихсон байдаг юм гэнэ билээ. Тэр бүү хэл тарвасаараа алдартай ховдынхон хүртэл тарвасаа зарах, өөрсдөө идэх гээд хоёр тусдаа тарьдаг болсон гээд бод доо. Тэгэхээр бид тийм л хүнс хэрэглэх үлдэв шив дээ. Өмсөж зүүхийн талаар саналт ч байхгүй. Ноолуурын үйлдвэрээс бусад бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Яг одоо шуугиан тариад байгаа сурагчийн дүрэмт хувцас ирэх жил хэдэн төгрөг болох вэ. Монгол хонины ноосыг Солонгост аваачиж боловсруулаад ирдэг гэл үү. Тэгвэл энэ жил 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй байгаа дүрэмт хувцас ирэх жил бүр хаданд гарах нь тодорхой. Үнэ нэмэгдсэн шалтгаан юу вэ гэсэн эцэг эхчүүдийн асуултад “Ноён ам.доллар хаданд гарсан” гээд суух юм байна л даа. Ам.долларын ханш өссөн өсөөгүй одоо 8000 төгрөгийн үнэтэй байгаа мах ирэх хавар хэдэн төгрөг хүрэх вэ. Өнгөрсөн жил “Жаст агро” компанийнхан арваннэгдүгээр сард махаа нөөцөлж эхэлсэн болохоор нөөцийн мах үнэтэй гарч байна гэдэг тайлбар өгч байсан. Энэ жилийн тухайд тэр компани аль хэдийнэ жагсаалтаас хасагдсан болохоор эрхэм Ерөнхий сайдын компани хэзээнээс махаа нөөцөлж эхлэх гэж байгааг чөтгөр л мэдэх байх.

“Талх” Ч.Ганхуяг “Ялагдал ухаарал авчирдаг юм байна” хэмээн хэлсэн бол ялалтын амтанд ташуурсан эрх баригчид үнэндээ ард түмэн рүүгээ салаавч байтугай “бөгс”-өө гаргачихаад байна цаана чинь. Монгол шатахуун гээд рекламдаад байсан бензинийг одоо хэдэн жолооч машиндаа хийж байгааг мэдэх хүн байна уу. Сураг сонсох нь ээ хоёр сар хэрэглэсэн жолооч тус бензиний шаталт муутайгаас машинд эвдрэл үүссэнийг мэдэхгүй явсаар таг зогсоочихсон гэх шиг. За энэ ч яах вэ шоу болоод өнгөрөө л биз.

Өнөөдрийн байдлаар ард иргэдийн амьдрал улам бүр доройтож байна гэх хүн захаас аваад байна. Дээр нь Оюутолгой, Тавантолгойн ордын үйл ажиллагаа эмзэг байдалд орж, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа зогссоноос 10 мянга гаруй хүн ажилгүй болчихоод байхад Ерөнхий сайд маань энд тэнд очиж тууз хайчилсан шигээ явж байна. 100 мянган төгрөгийн үнэтэй дүрэмт хувцас хүүхэддээ авч өгч чадахгүй эцэг эхчүүд жагсаал хийхээ мэдэгдчихээд байхад “дүлий дүмбэ” оргиод сууж л байна. Нөгөө хэдэн эцэг эх нь дүрэмт хувцаснаас гадна ноорхой хэдэн номыг 16500 төгрөгөөр түрээслэх болчихоод үстэй толгой нь улам арзайж байх шиг.

Өмнө нь үнэгүй тараагаад хэрэглүүлээд болоод байсан сурах бичгээ түрээслэж байж улс орны эдийн засаг аврагдах хэрэг үү. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэмнэлт нь сурагчдадаа дүрэмт хувцас, түрээсийн сурах бичиг шахах л байсан юм шив дээ. Үүнийг хүүхдийн сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг биш гэх үү. ШУТИС-ийн оюутнууд сургуулийнхаа гадаа жагсаж байхад сайд нь хамраа ч цухуйлгаагүй.

 Дээр нь хотын мэр гэж “сайхан” дотортой хүн байна аа. Энд тэндхийн барилгыг нураана, тараана, хураана гэхээс өөр юу хийв. Иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэр болсон захуудыг нүүлгэнэ ч гэх шиг. Тэнд худалдаа эрхэлж, тэрэг түрж, ширхэгийн чихэр, тамхи зардаг хэд нь байхад тэндээс хямдхан бүтээгдэхүүн авах гэж зорьдог хэсэг нь бий. Бас болоогүй ээ, талбайн нэр өөрчилж, хөшөө энэ тэрээр оролдохоос өөр юугаар гийгүүлсэн билээ. Дахин төлөвлөлт нэрийн дор гурван айл амьдардаг хашааг нь авчихаад ганцхан айлд нь байр өгнө гэх.

Хамгийн гол аюул нь иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байна. Төрийн албан хаагчид цалингаа цагтаа авах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихсан айдастай байна. Валютын ханш өсвөл шатахуунаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ийм байхад эрх баригчид руу салаавч гаргасан нөхдөд талархал илэрхийлэхэд яагаад болохгүй гэж. Ноён ам.доллар гэлтгүй, юанийн ханш өссөн нь иргэдийн нуруун дээр ирэх ачааг нэмсээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш огцом өссөн, Төрийн албаны зарлага өсөж, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдаад байхад энэ төрд анхааруулга өгсөн иргэнийг буруутгах хэрэггүй л болов уу.

Н.БУДСҮРЭН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив