Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг “эрэн сурвалжилж” байна
2013 оны 9 сарын 13
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг “эрэн сурвалжилж” байна
Ам.долларын ханш өсөхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци 9,8 хувь болчихоод байхад төв банкны ерөнхийлөгч хаана явна.
Энэ оны эхэнд 1400 гаруй төгрөгийн ханштай байсан ам.доллар өнгөрсөн наймдугаар сард гэнэтхэн 1590 төгрөгт хүрсэн. Ам.долларын ханш ийнхүү чангарч, түүнийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ өсмөгц Монголбанк зүгээр суугаагүй. Ам.долларын ханшийг 1570-д барьж, банкуудад мөнгө тараасан гэж байгаа.

Гэхдээ энэ нь зөвхөн тухайн үед гал унтраах л арга хэмжээ байсан гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Тиймээс ам.доллар хүчээ авч өчигдрийн байдлаар төв банкиндаа гэхэд л 1712 төгрөгийн ханштай байна. Хятадын юань ч ялгаагүй 290 төгрөгт хүрч байгаа нь манайх шиг будаа, сахараас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ урд хөршөөсөө зөөдөг улсад хүндээр тусч байгаа нь мэдээж. Монголбанк ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд 47 удаагийн интервенц хийж, 830 орчим сая ам.долларыг эргэлтэд оруулсан ч, ханш улам л чангарсаар. Ийнхүү ам.доллар, юань хоёр монгол төгрөгийг “залгиж” байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр ам.долларын ханш хэдэн төгрөгөөр буурсан. Тэгэхэд иргэд ам.долларын ханш буурлаа хэмээн баярлаж байтал дахиад л өсчихлөө.

Угтаа УИХ-ын дарга З.Энхболд биш Н.Золжаргал Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж байх ёстой юм биш үү. Тийм байтал төв банкны ерөнхийлөгчийн бараа байтугай сураг ч алга. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал та одоо дээд тэнгэрээс бууж, иргэддээ тайлбар хийх ёстой юм биш үү. Валютын ханш яагаад өссөн талаар төв банкны ерөнхийлөгч нь ганц үг ган хийхгүй болохоор эдийн засагчид л элдэв тайлбар хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаас валютын ханш өсч байна хэмээж байгаа ч үнэндээ төв банк, Засгийн газар хоёрын ядмагхан үйлдлээс болчихоод байна гээд та нэг хэлчихээч. Яг үнэндээ бэлэн мөнгөний нийлүүлэлт 2013 оны эхнээс 12.6 хувиар өсөж 836 тэрбум төгрөг, М1 мөнгөний нийлүүлэлт 3-6 дугаар сард тасралтгүй нэмэгдэн оны эхнээс 28 хувиар өссөнтэй холбоотой биш гэж үү. Энэ мэтчилэн танд тайлбар хийх зүйл олон л баймаар.

Гэтэл усанд хаясан чулуу шиг таг болсон Н.Золжаргал гэдэг хүн Монголын мөнгөний бодлогыг барилцах биш зочид буудал хэсч, хүүхэн эргүүлж явдаг сурагтай. Тиймээс л олны дунд Монголбанкыг Н.Золжаргал биш “Женко” Х.Баттулгыг удирдаж байна гэсэн “ёж яриа” гарчихаад байна. Учир нь Н.Золжаргалыг “Женко” Х.Баттулгын хүн гэдэг. Өмнө нь Н.Золжаргал Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан нь ч үүнтэй холбоотой. Учир нь Х.Баттулга Худалдаа  хөгжлийн банкыг “Жеральд металз лугано”-оос 70 сая ам.доллараар авсан гэдэг. Тиймээс Н.Золжаргал буцаад Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан түүхтэй.

Сайн банкир байсан учраас, нөгөө талаас “Женко” Х.Баттулгын түлхээсээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс, ерөнхийлөгч болсон Н.Золжаргал энэ цаг үед үнэхээр өөрийн чадвараа харуулах болсон юм биш үү. Ам.долларын ханшны өсөлтөөс болж төгрөгийн хадгаламжаа, ам.долларынх болгож байгаа хадгаламж эзэмшигчдэд ч гэсэн үгээ хэл. Улс орны эдийн засгийн бодлого тодорхойлдог төв банкны ерөнхийлөгчийн хувьд Н.Золжаргал та Засгийн газрын шахалтыг үл тоон шийдвэрээ гарга. Тэгж үл чадвал гадныхнаас тусламж, зөвлөгөө ав. Азийн банкны холбооны чуулган өнөөдрөөс Монголд эхэлж байна. Болохгүй бол Монголбанкны ерөнхийлөгч та тэднээс валютын ханшны өсөлтөө хэрхэн бууруулах талаар зөвлөгөө авмаар юм.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив