Н.Алтанхуягийн найз ч аатай юм аа
2013 оны 9 сарын 16
Н.Алтанхуягийн найз ч аатай юм аа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь Сангийн сайд байхдаа Г.Энхтайван гэдэг найзаа Татварын Ерөнхий Газрын дэд дарга болгож байсан гэдэг. Дараа нь Тэргүүн Шадар сайд болохдоо найзыгаа агентлагийн дэд дарга болгож байсан бол Ерөнхий сайд болмогцоо Стандартчилал хэмжил зүйн газрын дарга болгосон гэдэг. Г.Энхтайван гэгч эрхэм Н.Алтанхуягтай зүгээр ч нэг найз биш, бас “Алтангадас” фракцийн жирийн нэг нөхөр биш гэдэг нь тэдний албан тушаалын томилгооноос харагдаж байгаа юм. Мань хоёр найз УИХ-ын 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт хамтдаа нэр дэвшиж байсан гэж байгаа.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 2012 оны есдүгээр сард Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг чөлөөлж, түүний оронд Г.Энхтайваныг томилсон байдаг. Гэхдээ Г.Энхтайван нь явсан газраа найзынхаа чихийг халууцуулж явдаг боловч, Чингис, Жамух хоёрын нөхөрлөл шиг Н.Алтанхуяг найз Г.Энхтайваныгаа хэд хэдэн удаа уучилж, бас ч үгүй аливаагаас хамгаалаад өнгөрдөг гэнэ.
Тухайлбал, Г.Энхтайван өмнө нь 2010  оны гуравдугаар сараас 2012 оны гуравдугаар сар хүртэл Стандартчилал, хэмжилзүйн газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хоёр жилийн хугацаатай ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулснаас, тодорхой хэмжээг нь  хувьдаа завшсаныг Авлигатай тэмцэх газраас тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн акт тогтоон түүнээр төлүүлэхээр болсон байдаг. Түүнчлэн хууль бусаар ажилчдыг ажлаас халсан тохиолдол ч гарч байлаа. Гэтэл түүнийг Ерөнхий сайд найз нь дахиад л мөнөөх Стандартчилал, хэмжилзүйн газрын даргаар томилсон нь хачирхалтай. Тэнд юу байгаа болоод энэ хүнийг тийш нь зүтгүүлээд байдгийг хэн ч ойлгохгүй байгаа юм.

Амташсан хэрээ 13 эргэдэг гэгчээр өнгөрсөн оны есдүгээр сард дахин Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга болсон Г.Энхтайван дахиад л өмнөх үйлдлээ давтах нь тэр. Тус газрын албан хаагч Б.Цагаанцэцэгийг АН-ын Алтангадас фракцийн олон хүмүүсийг хууль зөрчин ажиллуулж зэрэг дэв хууль бусаар олгож байгаа талаар Г.Энхтайваныг шүүмжилж гомдол гаргасных нь төлөө ажлаас нь хоёр удаа  хууль бусаар халсан гэдэг. Б.Цагаанцэцэг нь тус газарт 20 ажилласан туршлагатай нэгэн боловч үнэн үг хэлснийхээ төлөө ийнхүү ажилгүй болсон хэрэг. Шүүх, цагдаадаа тулж, эцэст нь шүүхээс Г.Энхтайваныг  буруу шийдвэр гаргасныг нь  тогтоож, Б.Цагаанцэцэгийг ажилд нь  эргүүлэн авах шийдвэр гаргасан ч  түүнийг буцааж ажилд нь оруулаагүй гэнэ.
Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилчид Г.Энхтайваны улсад учруулсан хохирол нь 111 сая 752 төгрөг болсон тухай хэлсэн байдаг. Үүний 16 сая 607 мянган төгрөгийг хувьдаа завшсаныг ч тэндхийн ажилчид хэлсэн юм.

Харин Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа талаар нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан мөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авсан, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завшсан, байгууллагын засвар нэрийн дор ямар ч үр ашиггүй засвар хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгосон зэрэг асуудлыг шалгаж байгаа гэжээ.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт АТГ-ын албаны хүмүүс хэвлэлийн хурал хийх үеэр АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат “Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайвантай холбоотой хэд хэдэн гомдол ирсэн. Үүнийг нягталж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа. Г.Энхтайвантай холбоотой гомдлуудыг шүүхэд гаргасан байсан. Түүгээрээ шийдэгдэх байх” гэсэн байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн найз Г.Энхтайван үнэхээр аатай байгаа биз дээ. Түүнийг АТГ шалгах шаардлагагүй болж.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив