Д.Бямбасүрэн: “Рио Тинто” аашлахад манай төр засаг Равсал панзийн аашаар аашилж байна
2013 оны 9 сарын 19
Д.Бямбасүрэн: “Рио Тинто” аашлахад манай төр засаг Равсал панзийн аашаар аашилж байна
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “VIP” ярилцлагадаа урьж, сүүлийн үед үүссэн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.

Эдийн засаг паразит шинжиндээ орсон

-Монгол Улс гадаадаас, тэр дундаа Японоос зээл авахаар Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс явсан гэх нь бий. Таны хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгөх вэ. Манайхан шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрыг буруутгах, шүүмжлэх зүйл их байна?
-Сүүлийн үед Засгийн газрын талаар шүүмжлэлтэй яриа их гарч байна. Ер нь үе, үеийн Засгийн газар шүүмжлэлд өртөж л байдаг. Гэхдээ ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг эдийн засгийн талаас авч үзэхийн бол нэлээд хүндрэлтэй байгаа. Он гарснаас хойш эдийн засгийн байдал улам хүндэрч, валютын ханшийн байдал хуучин алхаж явснаа шогшиж эхэллээ. Цаашаа хатирах байх л даа. Тэгээд юмны үнэ өсөх, хүмүүсийн аж амьдрал доройтох янз бүрийн үзэгдэл гарч байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын ажлыг дүгнэх гол үзүүлэлт. Гэхдээ үүнийг ул суурьтай авч үзэх юм бол өөрөөр хэлэх үндэслэл бий. Ер нь дээр үеийн мэргэд үндсийг нь хар гэж хэлсэн байдаг. Сүүлийн дөрвөн жилд өөрөөр хэлбэл, 2008, 2009 оны хурц хямралаас хойш эдийн засаг хэрхэн явж ирсэнийг хүнээр жишиж яривал сэтгэхүйн эмнэлэгт очмоор ийм байдалтай болжээ. 2010, 2011 онд эдийн засаг өсөж, дэлхийд нэгдүгээр байранд орлоо гэж шуугиж байсан. Одоо харин тоо баримтыг нь шинжлээд үзвэл энэ бүхэн хөөс байжээ. Ер нь манай эрх баригчид тэр үед нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр түүхийн эдийн үнэ өсөх ийм хандлагад дулдуйтаж, өсөлт зарлаж байсан байна. Хоёрдугаарт, гадаадын зээлд тулгуурлаж асар их өр тавин үүнийгээ эдийн засгийн өсөлтөөр харуулж байж. Гуравдугаарт, нутаг орныхоо байгалийн баялгийг гадны компаниудад дур мэдэн тавьж өгөөд, орж ирсэн хөрөнгө оруулалтын урсгалаас нэлээд хэмжээний татвар аван төсвөө тэтгэж байж л дээ. Бид ийм л байдлаар явж ирж. Өөрөөр хэлбэл, эдийн засаг маань паразит шинжтэй, жинхэнэ бүтээх чадвар нь улам л доройтсоор энэ Засгийн газарт шилжиж ирсэн юм байна. Харин энэ Засгийн газар үүний учрыг олсон болов уу, үгүй юү. Ямар ч байсан жил гаруй хугацаанд ажиллалаа. Гаднаас тэрбум 500 сая ам.долларын бонд аваад эдийн засгаа барьж чадахгүй алдаж л байна.

-Засгийн газрыг шүүмжлэх нэг гол үндэслэл нь бондыг зөв зарцуулж чадаагүй гэдэг?
-Хоёр зүйлийг хэлэх байна. Нэгдүгээрт, энэ Засгийн газар эдийн засгийн бодлогоо зангидаж чадсангүй. Эдийн засгийн бодлогыг зангидна гэдэг бол тухайн үед тулгарсан гол асуудлыг олоод зангилааг нь тайлахад хүчээ төвлөрүүлэх ёстой. Ингэж чадсангүй. Сайдууд нь салбар бүртээ тус, тусдаа сайн дурын уран сайханчид гэдэг шиг л гоцлол дуу дуулсаар байгаад хөрөнгө мөнгөө үрэн таран хийж, нэр нь жаахан бүдгэрч байна. Үүн дээр Засгийн газрыг буруутгахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт, “Чингис” бондын мөнгийг үр ашигтай зарцуулж болох байсан. Гаднаас зээл авахын гол утга учир бол тухайн зээл авсан мөнгөө маш түргэн хугацаанд үр ашгаа өгөх эргэлтэд оруулаад түүнээс олсон ашгаараа өрөө төлөх байдаг. Гэтэл одоогийн бондын хөрөнгийг шууд үр ашиг өгөхгүй салбар руу голчлон чиглүүлсэн учраас зээлийн төлбөр нь эргээд бусад салбар дээр дарамт болж хоцорч байна. Энэ бол манайхны нэг алдаа. Нөгөөтэйгүүр энэ Засгийн газарт өмнөхөөс шилжиж ирсэн маш хүнд байдал. УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө хуучин МАХН одоогийн МАН-ын сонгогчдод өгсөн хуурамч амлалтыг биелүүлэхийн тулд эдийн засгийнхаа бүх салбарыг хүнд байдалд оруулсан. Тэр юу гэвэл, нэг хэсгийг өр зээлэнд унагаасан. Жишээлбэл, “Оюутолгой”, “Тавантолгой”-г өрөнд тавиад туучихсан. Дээрээс нь “Эрдэнэт” үйлдвэрийг өрөнд унагаачихсан байна. Нөгөө талд нь бусад салбар тэтгэлэг горьдсон, тэжээлээр тэтгүүлэх гэсэн сэтгэлгээтэй болоод хоцорлоо. Нийгэм ч гэсэн бүхэлдээ хэрэглээний салбарт тэтгэлгийн сэтгэхүйгээр амьдарч, явж ирлээ шүү дээ. Энэхүү байдал энэ Засгийн газарт өвлөгдсөн маш хүнд өв. Үүнийг шийдэх гэж оролдсон. Гэхдээ “Оюутолгой”, “Тавантолгой”-н асуудлыг гүйцэд шийдэж чадаагүй, одоо хоёр толгойгоо алдчихаад хуучин Засгийн газрын Шадар сайдын халзан толгойг тэврээд, аврал эрээд сууж байна.

-Монгол Улсын гадаад өр толгойн өвчин байсаар байгаа. Гэхдээ энэ нь Засгийн газрын хамгийн том дарамт гэх нь бий?
-Энэ Засгийн газарт өвлөгдсөн асуудал бол өр. Монголын өр хэчнээн болсон бэ гэдэг мэдээлэл хангалтгүй байгаа ч үнэн биш байна гэж ойлгодог. Засгийн газрын тавьсан өрийн асуудлыг нийтэд зарлаж байгаа ч цаад талд нь аж ахуйн нэгжүүд очоод гаднаас өчнөөн, төчнөөн саяар нь зээл аваад, үүнийгээ төлөх болохоор банкинд байгаа валютын нөөцөөс төгрөгөөр худалдаж аваад төгрөгөөр төлнө. Тэгэхээр одоо Монгол Улс гадаадад 8,6 тэрбумын өртэй гэж зарлаж байгаа боловч оны дараахи байдлаар 15 тэрбум ам.доллараас давж манай ДНБ-ий 100 хувиас хэтэрнэ. Өөрөөр хэлбэл, Монгол орон улс үндэстнийхээ хувьд дампуурлын ирмэг рүү явж байна. Харин энэ байдлыг одоогийн Засгийн газар үнэлж, тогтоож чадаагүй. Дээрээс нь 1,5 тэрбум ам.долларын зээл авчихаад дахиад бонд борлуулна гээд явж байна. Энэ бол одоогийн хүндрэлийн учир шалтгааны нэг. Ер нь гадаад нөхцлийн талаар хэлүүштэй нэг зүйл бол өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс өөрийнхөө эдийн засгийн бие даасан байдал, тусгаар тогтнолоо нэлээд хэмжээгээр сулруулсан. Нүүрсний экспортоор эдийн засаг өсөж байна гэж баахан хүн горьдоод, хараад сууж байдаг. Гэтэл энэ нь эргүүлээд өмнөд хөршийн “Чалко” гэдэг компанийн дохио, заавраар хөдөлдөг ийм тогтолцоо бий боллоо. Монголын Засгийн газар чадвар султайг харуулж байна.

-Төв банк мөнгөний бодлогоо барьж чадаагүйгээс валютын нөөцгүй болж, ам.далларын ханш тэнгэрт гарч байна гэх нь бий. Түүнчлэн Засгийн газрын шахалтаар үнэ тогтворжуулах хөтөлбөрт маш их хэмжээний зээл олгосон нь буруу гэдэг. Тэгэхээр эдийн засагч хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Буруутгах зүйл бий. Энэ онд мөнгөний нийлүүлэлт 20 гаруй хувиар өслөө. Энэ бол арай л хэтэрсэн зүйл. Мөнгөний нийлүүлэлт их байхад үндэсний валютын ханш унахаас яах билээ. Нөгөө талдаа манай төлбөрийн бланс алдагдалтай явж ирсэн. Тэгэхээр энэ жил төлбөрийн баланс улам хүндэрнэ. Өнгөрсөн найман сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны эргэлт тэрбум ам.долларын алдагдалтай гарч байна. Ийм байдалтай байхад валютын ханш өсөх тал бий. Ер нь ханш гэдэг бол улсынхаа эдийн засгийн ерөнхий байдалтай л холбоотой. Манай гадаад худалдаа, төлбөрийн баланс ийм алдагдалтай байгаа байдалд эрүүл дүгнэлт хийж чадахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд, манайх жил бүр 30 гаруй мянган ажилчин гаднаас авдаг. Өнгөрсөн жилийн байдлаар гаднаас авсан ажиллах хүчний хөлсөнд гадагшаа шилжүүлсэн валютын зардал 240 сая ам.доллар хүрсэн байна. 240 сая ам.долларын ажиллах хүч ажиллуулахын тулд барилгын материал гаднаас авах болсон. Харин барилгын үйлдвэрлэлийн дундаж нормоор бодоод үзвэл дор хаяж 600 сая ам.долларын импортын материалын авах хэрэгтэй болж байгаа юм. Ингээд дүнгээрээ зөвхөн гаднаас ажиллах хүч авч, дотооддоо барилга барьж байгаа үйл ажиллагаа нэг тэрбум ам.долларын алдагдалд учруулж байх жишээтэй. Гэхдээ орон сууц биш ихэнхдээ оффисын барилга барьдаг. Орон сууц барилаа гэхэд энгийн биш баячуудын зориулалттай байдаг. Тэгэхээр эдийн засгаа  зүгээр газар рүү хийж байгаа хэрэг. Барилга бол эргэлт удаантай, нэг ч ам.долларын орлого оруулахгүй. Үүнийг яриад байгаа нь өнөөдөр төрийн бодлого оновчтой явж чадсангүй. Барилгын салбарыг улам л санхүүжүүлж, гаалийн татварыг нь хөнгөлөн бүтээн байгуулалт гэж хий лоозон тавиад байгаа. Үүнээс болж эдийн засаг улам доройтох замдаа орно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэл, цул организм байдаг. Харин нэг эрхтэнд хавдар авч данхайгаад эхлэбэл эрүүл мэнд томоор хохирч болно шүү. Тэгэхээр ийм л дүр зураг харагдаад байна.

-Нийгэм, эдийн засгийн хүнд байдлыг өмнөх Засгийн газарт тулгах, чихэх нь буруу гэж МАН-ынхан үзэх жишээтэй. Таны хувьд өмнөх засаглалын гаргасан алдаа гэж үзэж байгаа хэрэг үү?
-Эдийн засгаа балласан үйл ажиллагаа өмнөх засгийн үед гарсан. Миний бодоход МАН-ын Ерөнхий сайд, АН-ын Сангийн сайд хамтарч байгаад хийсэн ажил шүү дээ. Үүнийг тухайн цаг үед эрдэмтэн, мэргэжилтнүүд сая 500 мянгөн төгрөг тараана гэдэг эдийн засгаа баллана, ийм нөөц Монголд байхгүй гэж үргэлж хэлж байсан. Гэвч энэ мөнгийг тараах гэсээр байгаад өрөнд орж, өөрсдөө гэрээ хэлцэл хийхдээ шалдаа буултлаа мөлхөж гүйдээд тэгээд ийм байдалд хүрлээ шүү дээ.

“Оюутолгой”-н гэрээг хийхэд манайхан хөрөнгө оруулагчийн өмнөөс мөлхөж очоод хөлийг нь тэвэрч, гутлыг нь үнсэж байгаад хийсэн

-Ингэхэд “Рио Тинто” Монголын Засгийн газрыг эрхшээлдээ оруулчихлаа гэж үзэх хүмүүс бий. Таны хувьд юу гэж харав?
-“Оюутолгой”-н асуудал өвөрмөц. Одоо “Оюутолгой”-н байдал бүр их хөгийн болоод байна. “Рио Тинто” гүний хөрөнгө оруулалт хийхээ болилоо гэхэд манайхан Ц.Сэдванчигийг “Эрдэнэс Оюутолгой”-гоос огцруулчихлаа. “Гарьд магнай” кинонд Равсал панз гэж гардаг шүү дээ. Айрагт толгойгоо хутгуулахдаа Далайцэрэнгээ “Бяруу тэжээвэл ам тосодно, хүн тэжээвэл толгой цусадна” гэж загнадаг. Тэгэхээр үүнтэй жишихэд “Рио Тинто” аашлахад манай төр засаг Равсал панзийн аашаар аашилж байна. Уг нь үндэсний эрх ашиг гэж юу вэ, бид яасан юм бэ гэж бодох ёстой байсан. Шууд хэлэх юм бол “Оюутолгой”-н гэрээг анх байгуулах үед манайхан хөрөнгө оруулагчийн өмнөөс мөлхөж очоод хөлийг нь тэвэрч, гутлыг нь үнсэж байгаад хийсэн. Яагаад ингэж хэлж байна гэвэл, өөрийнхөө баялгийн эзэн нь байгаад түүнийг гадны этгээдэд эзэмшүүлэх тухай асуудлыг ярихдаа Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадаагүй. Мөн эрдэс баялаг ард түмний мэдэлд байх, төрийн өмч шүү гээд өмчийн эзний байр суурин дээр зогсоогүй.

-Гэтэл үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд “Оюутолгой”-н гэрээ эрсдэлгүй гэх нь бий?
-Өөрсдөө гадныхнаас мөнгө гуйж очоод 250 сая ам.долларын зээл авч өрөнд орчихоод тэгээд алга ташиж байгаад гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл. Нөгөөтэйгүүр энэ гэрээг байгуулахдаа ямар ч үндэслэл, тооцоогүйгээр хийсэн. Бие биенийгээ УИХ, Засгийн газар хоёр мэдэн будилж мэхэлж байгаад хийсэн гэрээ. Өөрөөр хэлбэл, мэхлэгдсэн нэгэн нь мэхлэснээсээ таашаал аваад, мэхэлсэн нь мэхлэгдсэнээсээ таашаал аваад хийчихсэн юм. Уг нь ном ёсоор орд газрын нөөц батлагдсаны дараа бид юу худалдах гэж байна вэ гэдэг нь ойлгогдоно. Гэтэл нөөц батлагдаагүй, ямар үр дүн, ашиг гарах вэ гэдгийг техник эдийн засгийн үндэслэлгүйгээр очиж гарын үсэг зурсан. Сурагчаар жишвэл шалгалт авсан багш нь бодлогоо самбар дээр томъёолж бичээгүй байхад сурагч нь би хариуг нь оллоо гэж цовхчихтой адил. Ийм хөнгөмсөг, арчаагүй байдлаар гэрээ байгуулснаар Засгийн газар хүнд байдалд ороод байгаа юм.

-Харин үүнийг нь гадны хөрөнгө оруулагчид ашиглаж байгаа нь тодорхой гэхэд болно биз?
-Тэгэлгүй яах вэ. Гадны хөрөнгө оруулагчид бол нэгдүгээрт олз ашиг хайгч. Эд нар хэрвээ арчаагүй, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах чадваргүй этгээдтэй таарахын бол ясыг нь гартал мөлжөөд явна. “Рио Тинто”-гийн Африкт үлдээсэн ул мөр харуулж байгаа шүү дээ. Уг нь Монголын Засгийн газар олз идэш, олон ядагч этгээдийг ёвордон сөгдөж суух биш өөртөө, удаан хугацаанд, найдвартай хамтарч ажиллах, бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр орчин, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах түншийг хайх ёстой байсан. Харин бид түнш хайгаагүй. Гаднаас ирж байгаа этгээдүүд чинь хэдэн жилийн өмнөөс Монголын улстөрчид, төрийн эрх мэдэлтнүүдийн дунд лоби бүлэг бий болгоод Ашигт малтмалын болон Татварын тухай хуулийг өөрчлүүлээд, хэвлэл мэдээлэл олон түмнээр тархи угаах ажлыг нь хийлгэж. Эдийн засгийн алчуурчид гэдгийг төрд суулгаж аваад тэгээд эд нэр чинь энэ гэрээг байгуулсан. Одоо чангарч байгаа ч өнөөдөр улам эвгүй байдалтай л байна. “Рио Тинто” урьд нь өөрийнхөө нүүр царайг тод харуулсан. Бид “Рио Тинто”-г том компани, соёлтой, дэлхийд нэр хүндтэй гэж бодож байсан чинь луйварчны арга хэрэглэж эхэлсэн. Нэгдүгээрт, анхны хөрөнгө оруулалтаа эхлээд 2,5 гэснээ 4,4 болгоод одоо 7,1 гээд нэмчихлээ. Дээр нь 14 тэрбум гэж яриад байна. Ингэж хөрөнгө оруулалтаа нэмээд Монголыг хохироох, Засгийн газрыг өрөнд оруулах ийм байдал руу оруулж байгаа юм. Хоёрдугаарт, нөөцөө шилжүүлээд Монгол Улсын эрх ашгийг хохироох алхам хийгээд биз. Нидерланд руу байршлаа шилжүүлж, татвараас зугтах ажил хийсэн. Оруулж ирсэн тоног төхөөрөмжийнхөө татварыг төлөхгүй гэдийж суусан. Ингээд бодоход энэ бол зүгээр идэж, ашиглахын төлөө улайрсан этгээд гэдэг нь харагдлаа.

Тэгэхээр “Рио Тинто” Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд орлоо гэдгийг ажиглаад өөрсдөө хүнд нөхцөл тулгаад, ажлаа зогсоогоод хаяад явж байна. Энэ юу гэвэл гадаадын хөрөнгө оруулагчид бүх юмаа дэлгэж тавьж өгчихөөд тэр дундаас нь хөрөнгө оруулалтын татвар гэж амиа зогоож байдаг манай баячуудын хоолой дээр хутга тавьчихсан хэрэг болсон. Тэгээд чарлах, орилох нь улам нэмэгдээд байна. Түүнээс монгол малчин, ажилтны гэрт “Рио Тинто”-гийн гэж хүрсэн юм алга. “Рио Тинто”-гийн одоо гаргаж байгаа ааш араншин юу гэвэл, Монголын 1500 ажилчныг нэг өдөр ажилгүй болгож хаячихаад явсан нь харгис шинж. Миний бодоход “Рио Тинто”-гийнхон Монголтой удаан хугацаанд түншлье гэвэл жаахан завсарлага аваад нүүрээ угаагаад ирэх боломж байгаа гэж харж байна. Гэтэл Монголын Засгийн газар үүнийг нь тэвчихгүй, орилж чарладаг хүмүүс нь бүгдээрээ “Одоо бид нар сүйрлээ, үхлээ хатлаа. Н.Алтанхуягийн Засгийн газар ийм юм хийчихлээ” гэж байна. Уг нь ингэх хэрэггүй юм. Сүүлийн үед цоо шинэ гарсан зүйл бол манай улстөрчид, хэвлэл мэдээллийнхний дунд гадаадын хөрөнгө оруулалтыг магтан дуулж, үүний хишгээр амьдрахгүй бол болохгүй гэсэн номлол түгээгч болж.

МАН түүхийн тавцангаас буух цаг болсон

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэвч хөрөнгө оруулагчид нарыг өөгшүүлсэн, олон төрлийн татвараас хөнгөлнө гэсэн зүйл байна. Энэ нь магадгүй улстөрчдийн компанийг дэмжсэн бодлого болчих вий гэж хардах нэгэн байна?
-Монголд хөрөнгөтнүүд цадигаа алдаж эхэллээ. Би бодохдоо тэднийг толгой нь ажиллахын оронд ходоод нь ажиллаж байна гэж хэлнэ. Мөнгө харахаар ходоод нь ажилладаг. Тэгэхээр олгой толгойтнууд гэж нэрлэмээр санагдаад байгаа юм. Олгой толгойтон гэдэг бол мөнгө харвал юу ч хамаа байхгүй, Монголоо ч худалдахад бэлэн. Одоо тэгээд худалдаж байна шүү дээ. Харин Монголыг нуруун дээрээ үүрч явдаг жижиг татвар төлөгчид гадуурхагдаж. Гаднаас ирээд Монголын баялгийг цөлмөж байгаа улсууд хөнгөлөлт эдлэгчид болж хувираад байна. Ийм төрийн бодлогыг хэрэгжүүлбэл олон түмний зүгээс тун хатуу хариу авна гэдгийг эрх баригчид ойлгох ёстой. Энэ бол зөвхөн сонгуулийн асуудал биш. Ер нь ийм бодлого явуулахын бол ирэх 2016 оны сонгуулийн үр дүн ямар гарахыг би лав хэлж мэдэхгүй.

-Таниас МАН-ын шинэчлэлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Та энэ намын талаар ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын шинэчлэл гэдэг өөрийнх нь асуудал. Энэ нам 70 жил социализмын онолоор замнаад удирдаж ирсэн. Уг нь жам ёсоор социализм нураад унахад энэ үзлийг эхлээд удирдаж ирсэн улс төрийн хүчин тардаг юм. Гэтэл яах вэ, монголчуудын бие биенийгээ хөөрхий гэдэг зангаас болоод одоо хүртэл сүүтэгнээд явж ирлээ. Сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдлаа. Энэ бол улс төрийн сүйрэлд оржээ. Улс төрийн хүчин түүхийн тавцангаас буух цаг болжээ гэдгийг харуулж байгаа юм. Үзэл, бодлоо орчин үеийн хүн төрөлхтний амьдралын жам ёсонд нийцүүлээд, урагшаагаа явна  гэхэд монголчуудын улс төрийн хүчнийг үгүйсгэхгүй. Гэтэл эд нар ардчилсан социализмын үзэл дээрээ тулгуурна гээд энэ хаваржин намын дарга нь зарлалаа. Одоо конкурс зарлаад байгаа биз. Монголд социализмын үзлийг номлоно гэдэг бол  социалист нийгэм байгуулж байгаа Азийн цөөхөн орон руу Монголоо шахна гэсэн үг. Тэгээд бодоход МАН-ын шинэчлэл гэдгээс өөдтэй юм хүлээхгүй байна.

-Ярилцсанд маш их баярлалаа.


С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив