“Хоёр” Энхболд МАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөнө
2013 оны 9 сарын 25
“Хоёр” Энхболд МАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөнө
МАН-ын XXVII Их хурал ирэх сарын 27-нд эхэлнэ. Энэ Их хурлын үеэр олны анхаарлыг татах зүйл МАН-ын шинэ дарга юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, С.Баяр, Сү.Батболд нарын фракцийнхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдыг намын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлж байгаа. Энэ хоёр эрхмийн тухайд нам, улс төрийн албанд туршлага, боловсрол, нэр хүндийн хувьд яах аргагүй хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ тус намын зарим гишүүн “Н.Энхболд гишүүний хувьд нэр цэвэр улстөрч мөн үү мөн. Гэхдээ МАН цөөнх болчихоод байгаа энэ үед улс төрийн тавцнаа сөрөг хүчний тоглолтыг хүчтэй хийж чадахгүй байна. УИХ дахь намын бүлгээ олигтой удирдаж чадахгүй хүн МАН-ыг авч явж чадах уу” гэцгээж байгаа юм. Харин намын даргын суудлын төлөө Н.Энхболдтой хэн өрсөлдөх вэ. Энэ бас л сонирхол татах сэдэв.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дэд дарга М.Энхболдыг МАН дахь хотын фракцийнхан намын даргад дахин зүтгүүлж байна. Дахин гэж онцлохын учир нь тэрбээр МАН-ыг МАХН байх үед тус намын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Гэвч тухайн үеийн эрх баригч хүчин дэх Н.Энхбаярын фракци буюу “Элсний 13”, Онц Их хурлын төлөө хөдөлгөөн, “Шинэ эргэлт хөдөлгөөн”, У.Барсболд тэргүүтэй Улаан сарнай хөдөлгөөнийхөн хүч хавсарч түүнийг 2007 оны аравдугаар сард болсон намын XXV Их хурлаар намын даргын албанаас огцруулсан юм. Харин одоо 2013 он. Хотын фракцийн гол лидер М.Энхболдын “Хаанчлал” МАН-д дахин эхлэх үү. Хамгийн сонирхолтой нь МАН-ыг МАХН гэдэг нэртэй эрх баригч хүчин байхад удирдаж явсан энэ эрхэм УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль хүртэлх нийт таван сонгуульд ялагдсан удирдах эрхийн төлөө “Хоёр” Энхболд өрсөлдөх гэж байна. Тэгвэл МАН-ын зарим гишүүн М.Энхболдын талаар ямар байр суурьтай байна вэ. Энэ талаар тандахад “Манай намыг хүлээцтэй, зөөлөн гэхээс илүүтэй хүчтэй, улс төр дэх сөрөг хүчний бодлогыг зөв тодорхойлох чадвартай. АН-тай тоглох тоглоомын дүрмийг зөв боловсруулж чадах нөлөө бүхий лидер удирдсан нь дээр юм байна гэдгийг намын дотоод амьдрал, улс төрийн нөхцөл байдал удаа дараагийн сонгуулийн үр дүн харууллаа” гэлээ. Сонирхуулахад, МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг өнгөрсөн наймдугаар сард хуралдсан намын Бага хурлаар баталсан. Харин ирэх сарын 1-7-ны өдрүүдэд намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил анхан, дунд шатны байгууллагад өрнөх юм байна. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар нийслэл, орон нутаг дахь намын үүр, хороодод ажиллаж Их хурлын төлөөлөгчдийг хэр шударга сонгож байгаад хяналт тавих аж. Мөн тухайн аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн өөрийн тойрогтоо очиж ажиллах юм байна. Үүний учир нь намын Их хуралд ямар нэгэн лобби гаргахгүй гэж байгаа аж.


С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив