Ц.Нямдорж муу улаан туг Х.Баттулгаас уучлал гуйхгүй нь л дээ
2013 оны 9 сарын 26
Ц.Нямдорж муу улаан туг Х.Баттулгаас уучлал гуйхгүй нь л дээ
Ц.Нямдорж: Х.Баттулга та нарын хүзүүн дээр хутга тулгачихаад  байдаг юм уу. Яахаараа тэр хүнийг огцруулж чаддаггүй юм бэ. Төмөр зам дээр энэ хүний өөдөөс ганц үг хэлж байгаа амьтан алга. Эцсийн эцэст төмөр замын зөв бодлого Монголын ард түмэнд хэрэгтэй. Бүгд ингээд чимээгүй суугаад байж болох уу.

“Улаан” Нямка “Женко” Х.Баттулга руу өчигдөр үгэн сумаар ийн харваж “Зүйл, анги”-аа хүндрүүлчихлээ. Угтаа тэрбээр төмөр замын асуудлаас болж “Женко” Х.Баттулгатай өвөр зуураа хөлөө жийлцэж байсан бол одоо “Дэлхийгээр нэг” жийлцэх шахаж байна. Хэргийг өдүүлэгч нь Ц.Нямдорж гэх боловч тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга ““Төмөр зам, “100 мянган айлын орон сууц”-ны ажил эхлүүлэх гэхээр Ц.Нямдорж сайд садаа болдог” гэж хэлснээс улбаатай гэж байгаа. “Женко” Х.Баттулга ЗТБХБ-ын сай байхдаа хэд хэдэн удаа ингэж хэлсэн юм байх. Харин хариуд нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа буюу өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга миний тухай удаа дараа сонин хэвлэлээр ярилаа. Явж байгаа хүн рүү чулуу шидээд яах вэ гээд бид дөрвөн сар тэвчсэн. Харин одоо бодит мэдээлэл өгөх үүднээс сэтгүүлчидтэй уулзаж байна” гээд “Якунин гэдэг хүн Монгол Төрийн тэргүүнээс эхлээд Х.Баттулгатай хүртэл уулзаж, Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд хийхээр болсон. Хоёр, гурван удаа Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулж ирэхэд нь түлхээд байхаар нь би тэвчилгүй “Та нар цаана нь юу хийгээд байгаагаа хэл. Одоо хэлэх цаг чинь болсон” гэсэн шаардлага тавьсан. Хариуд нь Тавантолгойн лицензийг оросуудад өгч байж төмөр зам барих болно гэдгээ хэлсэн. Тиймээс “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулж, ТУЗ-ийн даргаар Оросын Элчин сайд асан Л.Хангай, гүйцэтгэх захирлаар нь Морозов гэдэг хүнийг томилсон. Төмөр замын талаарх төрөөс барих бодлогын хүрээнд 15, 20-ын төмөр зам барихаар анх гэрээ хийсэн. Төмөр замын бодлого хэрэгжсний  дараа Х.Баттулга сайд хоёр жилийн дотор төмөр зам барьж дуусгана гэж хэвлэлд ярилцлага өгч байсан ч, үүнийхээ дараа оросуудаас холдож, сүүлдээ нууцаар Солонгос Хятадын хамтарсан групптэй олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээ байгуулсан” гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн “Сайд ба сэтгүүлч” телевизийн ярилцлагад оролцохдоо ч энэ талаараа ярьсан гэж байгаа.
Хэлье гэж хэлсэн үү, хэл нь загатнаад хэлсэн үү бүү мэд. Ямар ч байсан тухайн үеийн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ингэж хэлэх нь хэлсэн. Хэвлэлийн хурал зарлан байж хэлснийг бодвол хэлэх гэж л хэлсэн бололтой. Гэхдээ тэрбээр “Женко” Х.Баттулгыг шалгах тушаал буулгасан эсэхийг бүү мэд. Хэрэв өнөөдрийн Хууль зүйн сайдын амнаас ийм үг гарсан бол хууль, хяналтынхан эсрэг талын этгээдийг шалгаад эхэлчихсэн байгаа. Харин Ц.Нямдорж сайдын хувьд тэгээгүй бололтой. Нууц гэрээ үзэглэсэн хүн биш түүнийг хэлсэн сайдтан өөрөө шүүхэд дуудагдаж, өнөөгийн шүүхээр хэрхэн “бантан хутгаж” болдгийг харуулах шиг болж байна.

Анх Ц.Нямдоржийг мэдээлэл хийсний дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд халдсан хэргээр Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн юм. Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд дээрх гомдлыг хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан байдаг. Гэвч Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгэхээр нь мань эр Дээд шүүхэд гомдол гаргасан. Харин Дээд шүүх хэргийг дахин нягталж үзэх хэрэгтэй хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан юм. Гэхдээ нэг “гоё” юм бас бий. Хан-Уул дүүргийн шүүх дээрх хэргийг хэлэлцэхэд Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Би тэр үгийг Төрийн ордонд хэлсэн. Харъяаллаараа бол тэнд болох ёсгүй. Яах вэ, Х.Баттулгын хувьд Хан-Уулын шүүх найдвартай байсан юм байлгүй дээ” хэмээж байсан. Үүний дараагаар хэргийг  Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Ингээд шүүх процесс дахин анхнаасаа эхэлсэн ч Чингэлтэй дүүргийн шүүхээс мөн л Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Х.Баттулгаас уучлал гуйх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж мөн л энэ шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдахаар Нийслэлийн шүүхэд хандсан. Гэвч Нийслэлийн шүүх өмнөхтэйгээ ижилхэн буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөчөөгөө өгөхийг хүсээгүй Ц.Нямдорж гуай дахиад л Дээд шүүхэд хандаж, Дээд шүүх хэргийг дахин хянах шаардлагатай хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгэхээр Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шүүх тус бүр нэг удаа, Нийслэлийн шүүх хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг “Женко” Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэр гаргасан байгаа юм. Харин Дээд шүүх хоёр удаа хэргийг анхан шатны шүүх рүү буцаачихсан.

Угтаа анхан болон дунд шатны шүүх “Зөрүүд илжиг” шиг Ц.Нямдоржийг “Женко” Х.Баттулгын өмнө толгой бөхийлгөчих гээд л байдаг. Гэсэн ч тэр хүн чинь Монгол Улсын хуулийг А-Я хүртэл цээжээрээ мэддэг юм хойно яаж ч мөчөөгөө өгөх билээ дээ. Тэнд ямар цоорхой байгааг сайн мэдэж байгаа. Тэгээд ч мань эрийн байж байгаа байдал, хэлж ярьж байгаа үг нь хэзээ ч бууж өгөх шинж алга. Тэгэхээр “Женко” Х.Баттулга Ц.Нямдоржийн амнаас уучлаарай гэдэг үг сонсох нь юу л бол. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ. “Ууртай” Ц.Нямдорж уучлал гуйх ч юм бил үү. Үзээд байж дээ “Женко” минь.


Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив