Ээлжит бус чуулган эдийн засагт ээлтэй хууль баталж амжих уу
2013 оны 9 сарын 27
Ээлжит бус чуулган эдийн засагт ээлтэй хууль баталж амжих уу
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 10-ны өдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхлээд даруй 10 хонож байна. Маргаашийг өнгөрвөл ээлжит бус чуулганы хуралдах хугацаа дуусна. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсаны ашиг тус гарахгүй нь бололтой.

Угтаа Монгол Улсын эдийн засаг хямралтай, валютын нөөцгүй, ам.долларын ханш өсч, түүний хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэргээс үүдэн ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон. Зарим гишүүд ээлжит бус чуулганд ирэхдээ төсвийн тодотгол хийх байх гэсэн бодолтой ирсэн гэж байгаа. Гэвч Засгийн газрын зүгээс төсвийн тодотгол хийх шаардлагагүй, харин Хөрөнгө оруулалтын хуулиас эхлээд нэн яаралтай батлах таван хуулийн төсөл өргөн барьснаа илэрхийлсэн. Учир нь Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар Монгол Улсын эдийн засаг хямраагүй гэж үзэж байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засаг хямраагүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, харин ч барааны үнэ хоёр дахин буурсан” хэмээсэн. Тэгэхээр манай улсын эдийн засаг хямраагүй тул УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй ч байсан юм шиг. Гэхдээ нэгэнт Засгийн газраас таван хуулийн төсөл өргөн барьсан, түүнийг нь яаралтай батлах үндэслэлтэй гэж үзсэн учраас л УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан байж таараа. Гэвч УИХ ээлжит бусаар хуралдсаны гавьяа гарах шинж одоогоор харагдахгүй л байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл гэсэн таван хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Харин УИХ дахь намын бүлгүүд урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоогоор хэлэлцэх шаардлагагүй, УИХ-ын намрын чуулганаар нухацтай хэлэлцье хэмээн санал нэгдэж байх шиг. Харин энэ удаад үлдсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа ч одоогоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл дээр л ажиллаж байна. Гэхдээ энэ хоёр хуулийн төсөл байнгын хорооноос ч шийдвэрлэгдэж чадаагүй байгаа юм. Түүнчлэн зарчмын зөрүүтэй асуудал олон байгаа. Гэсэн хэдий ч энэ хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэнэ. Харин чуулганаар батлагдах эсэх нь бас л харанхуй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн тухайд УИХ дахь МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн 15 тэрбум ам.доллараар дээш хөрөнгө оруулсан компанид тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэснийг дотор нь задалж, салбар, чиглэлээр нь хувааж зааж өгөх нь зүйтэй. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар тусгагдаагүй хэмээж байгаа. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Манай улсад Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  243 татварын хөнгөлөлт байдаг байна.  Эдгээр бүх хөнгөлөлт жижиг дунд үйлдвэр рүү чиглэсэн байдаг. Тиймээс жижиг дунд үйлдвэрүүдийг татварын  хөнгөлөлтийн зохицуулалтаар, Хөрөнгө  оруулалтын хуульд бүсчилсэн байдлаар хөгжлүүлэх тухай асуудал, хөрөнгө оруулалтын хувь хэмжээг зөв авч үзэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Ямартай ч УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэрэв Эдийн засгийн байнгын хороо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж амжвал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм. Харин иргэд болон улс төр судлаачид, эдийн засагчид Хөрөнгө оруулалтын тухай болон, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслүүдийг хэтэрхий их яарч баталснаас хуудуутай хууль гарах вий гэсэн болгоомжлолтой байна.



Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив