Ус чандмань эрдэнэ авч...
2013 оны 10 сарын 1

(Усыг зөв ашиглавал тэр чандмань эрдэнэ болой)

1.
Монгол орны 70 орчим хувь нь цөлжилтөнд автлаа гэдэг. Гэтэл бид үүний эсрэг яг нарийндаа ямар ч үйл хөдлөл хийхгүй байна. Хаана л ус байна уу түүнийг хармалж суудаг төрийн бус хэдэн байгууллагатай. Гэтэл Монгол орон хөгжих хэрэгтэй байна гэдэг. Хөгжлийн үндсийн үндэс бол угтаа эрчим хүчний хэрэглээ, усны хэрэглээ хоёр л болой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Тогтвортой хөгжихөд түгээмэл тархацтай баялаг болох ус нэн чухал. 2015 оноос хойших хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир би олон улсын олон хурал чуулганд усны асуудлаарх хамтын ажиллагааны дэлхийн байгууллага бий болгохоор санал дэвшүүлж байснаа энд дахин дурдъя” хэмээн НҮБ-ын индэр дээрээс тунхаглав. Улс орны хөгжлийн хэрэгцээ бол усны хэрэглээ юм. Өнөөдөр ахуйн хэрэгцээндээ нэг ширхэг америк хүн 325 литр ус хэрэглэж байна.Ер нь бол дэлхийн нийтийн мөрдөж буй дундаж нормаар нэг хүн нэг хоногт 218-405 литр ус хэрэглэх ёстой. Гэтэл манайд хоногт 8-9 литр хэрэглэдэг нь ч бий. 200 хэрэглэдэг нь ч бий. Усны хэрэглээгээр Дэлхий нийтийн хөгжлийн түвшинг тогтоодог явдал ч бий. Манай гаригт дайн самуун тасралтгүй гарч байдаг билээ. Тэгээд дүрвэгсэдийн лагерьт усны хэрэглээ ямар байгааг хамгийн түрүүн ярьдаг. Гэтэл тар хэрэглээний хаана ч хүрэхгүй усны хэрэглээтэй монгол хүн олон. Арваад жилийн өмнө нэг америк хүнтэй миний бие говь, талын нутгаар явсан юм. Гэтэл тунхуутай уснаас амандаа балгаж байгаад нүүрээ угааж байгаа чавганцыг хараад ихэд гайхаж байна аа, тэр нөхөр. “Муужгай шиг хөөрхөн юм аа” гээд хөгжилтэй инээж билээ. 80-иад оны эхээр бичигдсэн Зөвлөлтийн сэтгүүлч Л.Шинкаревийн тэмдэглэл дээр ч энэ тухай байдаг билээ. Тэр үед Москвад сурч байсан монгол оюутнууд Шинкарев гуайд их л дурамжхан ханддаг байсан бөгөөд зарим нь: “Монголын хоолыг олон жил цусалчихаад ийм бичиж байх гэж дээ” хэмээн үзэн ядах байдал ч гаргадаг байлаа. “Эрх чөлөө гэдэг бол худлаа хэлэх шаардлагагүй болохыг хэлнэ” гэж Францын гүн ухаантан, зохиолч А.Камю гуай хэлсэн байдаг. Үнэхээр бид өнөөдөр усаа хэрэглэж, ашиглаж чадахгүй байгаад л хэргийн учир байна. Усыг ашиглаж сурах нь бидний хамгийн том зорилт болоод байна. Ахуйн хэрэглээтэйгээ хамт үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй усны хэмжээ АНУ-ын нэг хүнд оногдох хэмжээ нь өдөрт нэг тонн гэсэн тоо ч байдаг. Гэхдээ тэнд усаа хордуулаад, асгаж цутгаад байдаггүй эргүүлж хэрэглээд байдагт л хамаг учир оршино. Иймд усыг бид хэрэглэж сураагүйд л хамаг учир байна. Харин хэмнэх нэрийдлээр харамлаж сурч байгаа. Уг нь хэмнэлт харамлах хоёр чинь шал өөр ойлголт юм шиг байгаа юм. Хуурайшилтийг уг нь усны зөв бодлого л аварна. Милиорацын зөв бодлого. Үйлдвэржилтийг ч гэсэн зөвхөн усны бодлоготой уялдуулж хөгжүүлнэ. Зуун хувь итгэлтэй байна. Монгол хүн усыг зөв ашиглаад сурчихвал  тунхуутай уснаас амандаа балгаад нүүрээ угаадаг цаг сугарч үлдэх болно.

2.
Манайд хоёр том ойлголт хоорондоо мөргөлдөөд байх шиг санагддаг. Энэ нэг талаас усыг хэмнэх. Нөгөө талаас усыг ашиглах. Дэлхийн орнуудын хөгжил ус ашиглалтаараа харагддаг гэдгийг би дээр хэлсэн. Орчин цагт химийн хорт бодис л усанд орохгүй бол бидний муухай гэж үзээд байгаа биологийн чанартай илүүдэл, хаягдал бол уг нь проблем биш шүү дээ. Иймээс ч АНУ-ын Сиритэй явуулж буй бодлогын нэг нээнтэглэх зангилаа асуудал нь химийн зэвсэг хэрэглэсэн үү, үгүй юу гэдэг асуудал. Ахуйн усанд гликолиос авахуулаад элдэв химийн бодис хийгээд түүнээ цэвэршүүлэхгүй байгаа  бол энэ гэмт хэрэг. Сиритэй зүйрлэж сүржигнэхгүй ч гэсэн энэ бол гэмт хэрэг. Манайхан энэ тал дээрээ анхаарахгүй атлаа усыг харамлаж л байвал усыг хайрлалаа гэж үзэж байгаа нь даана ч харамсалтай. Үүнийг түр орхиод цааш нь бичихэд, энэ зуны наадмын өмнө Өмнөговь аймгийн ИТХ  сонирхолтой хөөрхөн тогтоол гаргасан юм. Тэр тогтоолд: “... уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглуулахаар, эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх зөвшөөрөл олгохыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хориглосугай” гэх жишээтэй. Бас “Уул уурхайн зориулалтаар гүний усыг ашиглаж байгаагаас орон нутгийн булаг шанд, худаг ширгэх хандлага нэмэгдсээр буй тул хүн амын унд, бэлчээрийн усан хангамжийн эх үүсвэрийг хойч үедээ хадгалан үлдээж байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх үүднээс газрын доорх гүний уснаас уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглахыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоосугай” ч гэдэг юм уу. Мань мэтийн энгийн логиктой, гэнэн хонгор хүний нүдээр харахад агуу сайхан байгальдаа ээлтэй ногоон хөтөлбөр л дөө. Би дээр дурдсан, усан хангамж, эрчим хүчний хангамж хоёр бол хөгжлийн хөдөлгүүр гэж. Дээрх тогтоолд гадаргын усыг татан төвлөрүүлэх, хөв цөөрөм байгуулах, ус бага ашиглах шинэ технологи нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны ИТХ-ын  дарга,Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад мэдэгдсэн байна. “Харганы ноосоор эсгий хийнэ” гэж нэг сайхан юм байдаг юм. Тэр нь хонин сүрэг бэлчээрт гарч харагны ойролцоогоор “ногоо идэх явцдаа” өөрт нөмрөөтэй яваа бухлын чинээ ноосноос хумсын толион чинээ ноосыг харганы мөчирт үлдээх магадлалтай. Тэр ноосыг нь арвич хямгач эр түүж эсгий хийнэ. Хэрэв хонь харгана тойрч идээшлээд байвал харган дээр дээр ноос үлдэхгүй баймаар гэж хошигнож бодмоор. Энэ нь харганы ноосоор гэрийн эсгий бүү хэл аягны уут хийсэн гэж сонсоогүй. Яагаад гэвэл харганы ноосоор эсгий хийсэн хүнийг Монгол нутагт сүүлийн 1000 жилд хэн ч үзээгүй билээ. Цөлжилт гэхээр дэлхий нийтийн нүдэнд хоёр нутаг тусдаг. Сахарын цөл, говь. Жилдээ ганц дусал бороо дусдаггүй Сахарын цөлд гадаргын усаар хөв цөөрөм байгуулахгүй нь ойлгомжтой.  Тэгэхээр байдал ийм байна. Хөгжлийн хөдөлгөх хүч нь Өмнийн говьд байна гээд байдаг. Засаг төр нь энэ уул уурхайгаас Монгол орон хөгжлийн импульсээ авна гээд байдаг. Тийшээ очиж бизнес хийцгээ гээд уриалаад байдаг. Ерөнхийлөгч маань, Хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай гээд дэлхий нийтийг уриалаад байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн ИТХ газрын гүний усанд гар хүрэхгүй гээд хав дараад хэвтэх нь холгүй байна. Тэгээд тэр Монгол орныг чирж явах том механизм болох уул уурхай, үйлдвэрлэлийг говийн гадаргын усны хөв тойромын усаар чирж явах болж байна уу?! Уг нь гидрогеолгийн тооцоо, гүний усыг гүн судалж түүний балансаар л тэр том төслүүд хэрэгжмээр юм. Манай гаригийн усны 96,5 хувь нь далайн давстай ус байдаг.  Үүнийг унданд бүү хэл ХАА, аж үйлдвэрт хэрэглэх аргагүй. Тэр усыг уувал ус уугаагүйгээс дороор хатаж үхэх болно. Үлдсэн цэвэр усны маань 1,7 хувь нь Антарктид, Гренландад байдаг. Гэтэл нийт цэвэр усны (давсгүй, далайн бус) маань  98,8 хувь нь гүний болон мөсөн хэлбэрт байдаг. Бүр 0,3 хүрэхгүй хувь нь нуур, цөөрөм, гол мөрөн, агаар мандалд байдаг. Бүр маазарвал хүн, мал, араатан амьтанд уснаас бүрддэг бөгөөд дэлхийн бүгд амьд амьтан бүгд нийлээд  ер дөө биедээ 0,003 хувийн усыг авч явдаг. Тэгэхээр өглөө үдэшгүй бороо байнга шаагиад байдаггүй манай говьд хөв цөөрөм, тойром нуурт нь гүний усны тусламжгүйгээр аль зэрэг том усан далай бүрдэх юм бол доо. Иймээс бид асуудалд маш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй болжээ. Тэгэхгүй бол тогтвортой хөгжил ч үгүй, усан мандал ч үгүй болох л вий.

3.
Дэлхий дээр артезийн усыг эртнээс ашиглаж ирсэн билээ. Артезийн ус нь100 метрээс цааш 1000 метрийн гүнд байдаг ус юм байна л даа. Бүр ХII зууны үеэс Францын Артуа гэдэг нутагт ийм ус ашиглаж байснаас энэ нэр томъёо гарсан аж.  Өнөөдөр олон нийтийг сөрөг мэдээллүүд сөрөг энергиэр  дарж байна. Бид хуурайшилт, цөлжилтийнхээ ч учрыг олохгүй мунгинасаар. Жирийн ард иргэд бид шүү дээ. Үүнийг нь нэг мөр нугалсан бодитой мэдээллээр биднийг ухааллагаар хангахгүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр манай орны 77 хувь нь цөлжилтийн байдалд байна л гэх юм. Миний ажигласнаар 2001-2010 онуудад (ойролцоогоор шүү) манай орны зарим тал хээрийн бүс, говь хээрийн бүс, говийн дийлэнх нутгаар (Дундговь, Дорноговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь г.м) хуурайшилт, цөлжилтийн аль нь болохыг бүү мэд процесс явсан. Ямар өрөвдөлтэй байв аа. Мал муулахад малын гэдсэн дотроос шороо, жижиг чулуу гарч ирж байв. Сүүлийн 3-4 жилд байдал шал өөр болов. Дөрвөн улирал дөрвөн улиралаараа байдаг болов. Саяхан Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт сумын нутгаар яваад ирэхэд зун шиг зун, намар шиг намар болж байх жишээтэй. Ер нь хуурайшилтын процесс ой модтой орон нутагт ч зуун жилд 2-3 удаа болдог гэсэн ажиглалт байдаг ажээ.

НҮБ ч энэ тал дээр дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, чихийг дэлдийлгэх  үүднээс  хуурайшилт, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн өдрийг( World Day to Combat Desertification and Drought) бий болгосон билээ. Энэ өдөр нь Зургаадугаар сарын 17. (Намрын дунд сарын 17 гэдэг шиг сайхан сонсогдож байгаа биз?!) Иймд усыг зөв ашиглах шинэжлэх ухаанд суралцах цаг болжээ. Яавал ус яадаг юм бол? Юу хийвэл ус усаараа байдаг юм бол? Хэрхэн хандвал ус чандмань эрдэнэ хэвээрээ байдаг юм бол? Хэрхэн хандвал ус хар ус болдог юм бол? Хэрхвэл ус “үзвэл үнс, харвал хальс” болдог юм бол?! Энэ бүхэнд хариултгүй атлаа харанхуйгаар хав дарж болох уу?!  Болохгүй бол Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дотор нь Шинжлэх ухааны академи байгуулсан ч болох юм. Яагаад гэвэл Өмнөговь өнөөхөндөө Монгол орны хөгжлийн генератор болохын өмнөхөн байна.


Х.БҮРЭНТОГТОХ





Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив