”Натур” орчмын зам засвараас болж иргэд гэртээ орж чадахгүй шахам байна
2013 оны 10 сарын 3
”Натур” орчмын зам засвараас болж иргэд гэртээ орж чадахгүй шахам байна
Зам тавина гэж иргэдийг чирэгдэлд оруулдаг болжээ. Энэ жишээ нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гараад байгаа юм. Учир нь “Натур” худалдааны төвөөс урагш “Шинэ дөл” цогцолборын хажуугаархи авто замыг завсарлаж Нарны замтай холбохоор шийдвэрлэснээс болоод өнөөдөр оршин суугчид нь гэртээ ороход хүндрэлтэй болжээ. Уг нь замын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хааж, энэ сарын 2-нд дуусгахаар “Дагшин харгуй” гэх гүйцэтгэгч компанитай нь Авто замын газар гэрээ байгуулсан байна. Гэтэл замын ажлыг дуусгавар болгох өдөр нь өнөөдөр болж байхад гүйцэтгэгч компани нь хийсэн зүйлгүй, шороо овоолон түүнийгээ тэгшилсэн байдалтай байгаа юм байна. Нэг ёсондоо бүтэн найм хоноод байхад замын ажил урагшлах нь битгий хэл иргэдийг чирэгдэлд оруулсаар байгаа нь энэ.

“Натур” худалдааны төвөөс урагш “Шинэ дөл” цогцолборын хажуугаархи 600 метр авто замыг шинэчилж Нарны зам холбох ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд зам тавьж л байвал иргэдийн асуудал хэнд ч хамаагүй гэдгийн тод жишээг жинхэнэ энд гаргаж байгаа гэхэд болно. Тус хорооны оршин суугчдын хувьд энэ нарийнхан замаар явж, гэртээ ордог бол өнөөдөр замыг шинэчилнэ гэдгээр шороо асган түүгээр явахад хүндрэлтэй байлгасаар байгаа юм. Гэхдээ зам тавьж, шинэчлэх ажлыг иргэдийн зүгээс үгүйсгэхгүй байгаа ч ажлаа хийдэггүй компанийн талаар гомдолж байна. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнийг хааснаас хойш найм хоног болчихоод байхад зам засварын хүмүүс нь өдөр ажилладагүй, орой болж байхад машин техникээ хөдөлгөж асгасан шороогоо тэгшлэхээс өөр зүйл хийхгүй байгаа аж. Биднийг тус замын ажилтай танилцахаар очиход ус түгээх машин, хоёр хүн бетохэмжиж байгаагаас өөр зүйл харагдаагүй юм.


Замын ажил яагаад хугацаандаа дуусаагүй талаар тодруулах гэхэд хариулт өгөх хүн олдсонгүй. Харин хашааны булан дээр  “Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замын ажил аравдугаар сарын 15-нд дуусна” хэмээн бичсэн байлаа. Уг нь нийслэлийн Авто замын газраас энэ сарын 2-нд дуусгана гэж зарласнаар иргэдийн хувьд ч ийм мэдээлэлтэй байсан юм. Гэвч байдал өөрөөр эргэж, оршин суугчид нь 10 гаруй хоногийн дараа шинэ замаар зорчих эсэх нь үлдлээ. Гэхдээ өмнөх замынх нь дээгүүр шороо асгаж, түүнийгээ тэгшилсэн ч иргэд явахад хүндрэлтэй байв.

  Ингээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугчтай уулзахад “Үнэхээр гомдолтой байна. Энэ хүмүүс чинь өдөр нь ажлаа хийхгүй, орой л нэг машин техникээ хөдөлгөх юм. Уг нь өдөр нь ажиллаад замаа хурдан тавих хэрэгтэй баймаар юмсан. Манайх энд байранд ороод долоо хонож байна. Ирнээс хойш дорвитой ажил хийсэнгүй. Нэг мэдэхэд шороо асгачихсан байдаг. Түүнийгээ өдөрт нь янзалдаггүй. Энэ шороон дунд  цэцэрлэгийн хүүхэд аваад явах маш хүнд байна. Биднийг нүүж ирэхэд зам хаах, тавих нь зэрэгцсэн. Тэгээд машин тэрэг явуулахгүй болохоор ачаа, бараагаа тэр холоос зөөж оруулах гэж хэцүүхэн юм болсон. Ер нь хүүхэд тоглох тоглоомын талбай байхгүй, шавааралдсан байшин дунд замаа тулгаад тавьж байгаа нь үнэхээр асуудал байна” хэмээн гомдолж байв.
Хэдийгээр тухайн замыг засварлаж, Нарын замтай холбох нь нэг талаар хөдөлгөөний ачааллыг бууруулах ч иргэдийнхээ эрх ашгийг хүндлээгүй нь асуудал дагуулж байлаа. Учир нь “Натур” худалдааны төвөөс урагш “Шинэ дөл” цогцолборын хажуугаархи 600 метр авто зам нь маш нарийнхан. Хоёр машин зөрөхөд хүндрэлтэй байдаг аж. Гэтэл замыг шинэчилснээр хоёр урсгалтай хэвээр байлгах ч явган хүний зам хаагуур нь тавих вэ гэдэг асуудал дагуулж байв. Иргэдийн хувьд үүн дээр гомдолж, нэг урсгалтай болгоод хажуугаар нь явган хүний зам тавьсан бол өөр хэрэг гэж байлаа. Үнэхээр ч тэдний хэлснээр машин эргэх боломжгүй энэ замын хаагуур нь иргэд явах вэ гэдэг асуудал байсан юм. Мөн орон сууцтайгаа дэр нийлсэн энэ зам дээр осол гарахыг ч үгүйсгүй. Өөрөөр хэлбэл, замын хажуугаар баригдсан орон сууцнуудад хүүхдийн тоглоомын талбай битгий хэл сул газар байхгүй иймэрхүү байдалтайгаар “Натур”-ын чиглэлийн замын ажил үргэлжилж байлаа.

Ч.Дорж: Гэртээ ороход хүндрэлтэй байна

Баянзүрх дүүргийн иргэн, өндөр настан Ч.Дорж гуайтай цөөн хором ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугчид гэртээ орж чадахгүй байна гэсэн гомдол их ирж байгаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Би 25 дугаар хорооны оршин суугч. Үнэхээр гэртээ ороход хүндрэлтэй байна. Өндөр настай хүмүүс чинь овгор, товгор дээгүүр явахаас эхлүүлээд зовлон бол байгаа. Энэ замаа даруйхан шиг янзлах хэрэгтэй байна. Яах вэ, зам тавьснаар тоосжилт багасгах байх. Өмнө нь байнга машин явдаг байснаас болоод тоосжилт их байсан. Одоо тэгээд замаа хугацаанд нь тавиагүйгээс иргэдэд үнэхээр хүндрэлтэй байна.

-Замын хувьд их нарийнхан юм. Явган хүний зам тавих юм болов уу?
-Энэ замыг чинь өргөтгөх арга тун муу шүү дээ. Орон сууцны дундуур тавигдсан зам болохоор өргөн болгоно гээд барилгаа нураана гэж байхгүй. Хоёр машин хоорондоо зөрөхөд их л хүндрэлтэй байсан. Уг нь явган хүний зам тавих хэрэгтэй. Гэтэл тийм боломж тун бага л байгаа юм. Энэ замыг нэг урсгалтай л байлгаар байгаа юм. Гэтэл хоёр урсгалтай болгох юм билээ. Харин зарласан хугацаандаа замаа тавьж дуусгахгүй нь бидэнд хүндрэлтэй, тав тухгүй л байна.
                                   

С.МӨНХБАЯСГАЛАН

 





Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив