Ерөнхий сайд аа, Танхай эмээтэй таанц эргээч
2013 оны 10 сарын 3
Ерөнхий сайд аа, Танхай эмээтэй таанц эргээч
Манай Ерөнхий сайд ууртай байна гэнэ. Танхай эмээ гэдэг нэг танхай нөхрийг “Эрэн сурвалжилж” байгаа юм байх. Сүүлийн хэд хоногийн турш л жиргээчид хоёр тал болон хуваагдаж, Танхай эмээгийн үйлдэл нь доромжлол мөн эсэхийг шүүж харагдана. Сав л хийвэл бусдыг шоглож байдаг тэр нөхөр Ерөнхий сайдын тэвчээрийг барагдтал шоглосноос дээр дооргүй бужигнаад байгаа хэрэг. Ямар сайндаа л Ерөнхий сайд маань “Шүүмжилж болно, доромжлол, гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна” хэмээн жиргэх вэ дээ. Гэхдээ манай сайд арай л болчимгүй зан гаргачихав уу даа. Танхай эмээгийн эвлүүлсэн зураг нэг талаасаа элэглэл. Элэглэл гэдэг чинь урлаг болтлоо хөгжчихөөд байгаа шүү дээ. Нөгөө талаар тэр Танхай эмээ гээч чинь хэн ч танихгүй нэг муу залуу гэх юм билээ. Гэтэл хэн ч танихгүй нэг залуу хэдэн зураг эвлүүлсний төлөө Ерөнхий сайд хилэгнэнэ гэдэг байж болох зүйл мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Ёстой нөгөө хүндээ хөнгөнөөс өгнө гэгч болох биз.

Ерөнхий сайдын тэвчээр барагдах нь нэг талаасаа аргагүй. Улс орны эдийн засаг хүндэрлээ, яаралтай арга хэмжээ ав хэмээх сөрөг хүчний довтолгоон. АН-ын дотоод асуудал болохоо байлаа гэх намын гишүүд. Бас болоогүй Н.Алтанхуягийн эсрэг нөхдүүд нийлж, нам дотор жигүүр гээчийг байгуулчихаад ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцох юм яриад яваа. Болохгүй бол Ерөнхий сайдын сэнтийтэй нь ярих гээд байдаг. Энэ бүгдийн хажуугаар хэдэн сайд нар нь ажлаа олигтой хийхгүй чих халууцуулах. Түүгээр ч үл барам үнэ тогтворжуулах төсөл нэрээр мөнгө авсан компаниуд хэлсэн амандаа байхгүй бүтээгдэхүүний үнээ өсгөчих юм. Валютын ханш, барилгын үнэ өсөөд ядаргаа болж байхад цементийн үнэ хүртэл нэмэгдчихэж. Үүнээс болоод барилгын яамтай хэрүүл хийж дуусаагүй байтал Магнай трейд, Жаст ойлынхон А-92 шатахууны үнээ нэмчих юм.

Улс орны эдийн засгаа бодоод УИХ-д таван хуулийн төсөл өргөн барьж, ээлчит бус чуулган зарлуулсан чинь нэгийг нь ч батлахгүй байсаар намрын чуулганаа эхлүүлчихлээ. Одоо тэр хэдэн хуулийн төслийг хурдан батлачихаасай гэж шавдуулах хэрэгтэй байхад нэг муу залуу хөндлөнгөөс орж ирээд доромжлоод тархи толгой өвтгөөд байхад яаж ч тэвчээд суух билээ. Тэвчээрийн хязгаар алдагдана биз дээ.
Гэхдээ л хэчнээн дургүй хүрсэн ч олон нийтийн харилцааны хэрэгслээр тэгж жиргэх нь өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байна хэмээн шүүмжлэх хүн олон байна. Учир нь компьютерийн ард сууж, элдвийг эвлүүлэх тэр залуу Н.Алтанхуягийн өрсөлдөгч биш биз дээ. Улс орны хувь заяаг гартаа атгасан хүнд Танхай эмээтэй зууралдаад суух зав хаана байна. Дэлхийн тэргүүн баян Билл Гейтс компанийнхаа ажилчдад “Та нарын өрсөлдөгч чинь  Linux, Macintosh биш. Харин компьютерийн ард сууж байгаа залуу л та нарын өрсөлдөгч” гэж хэлдэг юм гэнэ билээ. Тэгэхээр манай Ерөнхий сайдын хувьд урд, хойд хөршөөс эхлээд дэлхийн хэмжээнд өрсөлдөгч баймаар. Гэтэл PC-ний ард нуугдсан залууд бухимдлаа гаргаад, дээрээс нь түүнийг хэн болохыг мэдэх гэж улайрах ч яамай. Түүний оронд бурууд нүд хурц байсанд баярлалаа гээд Танхай эмээг бүжгэнд урьчихвал ямар вэ.



Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив