Увсад жийгдсэн Д.Нямхүү Н.Алтанхуягаас урваж, “Женко” Х.Баттулгын фракцид нэгджээ
2013 оны 10 сарын 7
Увсад жийгдсэн Д.Нямхүү Н.Алтанхуягаас урваж, “Женко” Х.Баттулгын фракцид нэгджээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрд их ууртай байна. Ямар сайндаа твиттерт өөрийг нь гоочилсон Танхай эмээ гэдэг аккуанттай нөхөр рүү хатуухан үг чулуудаж байх вэ. Үнэн хэрэгтээ Танхай эмээ гэдэг нь твиттерт хэлдэгчлэн хуурамч аккуант. Энэ аккуантыг хөтөлдөг эрхмийн хаана юу хийдэг болох, хэн гэдгийг Баавартангууд сайн мэдэх биз. Харин манай Ерөнхий сайдын хувьд иймэрхүү хуурамч аккуанттай “хэрэлдсэн” нь салхины өөдөөс шүлсээ нулимхтай адилхан юм боллоо. Яг үнэндээ Н.Алтанхуяг Танхай эмээ мэтээр дамжуулж өөрийнх нь эсрэг үг хэлээ хэдийнэ нэгтгэсэн “Анти Алтангадас”-д бага багахан хариу өгч эхэлсэн нь энэ юм болов уу. “Анти Алтангадас” гэдэгт Н.Алтанхуяг ба түүний тэргүүлдэг “Алтангадас” хэмээх АН дахь хамгийн нөлөө бүхий фракцитай сүүлийн 4, 5 жилийн турш сөргөлдөж байгаа МоАХ, түүний удирдагч “Женко” Х.Баттулга болон Ардчилсан хүчний холбоонд нэгдсэн “Зүйн хойд Ази”, МҮДН, соцдекүүд багтдаг. Саяхан Ардчилсан хүчний гол лидерүүдийн нэг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ам зөрж, бүр өөдөөс нь салаавч гаргасан дуулдана. Ингэлээ гээд эрхэм гишүүн хуулийн хариуцлага хүлээх нь юу л бол.

Харин саяхныг хүртэл З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Энхболд гэх мэтчилэн Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулж, өмнөх парламентын үед Н.Алтанхуягийг намын даргын албанаас огцруулахын төлөө хэд хэдэн удаа хүч хавсраад дийлээгүй нөхөд Шинэчлэлийн Засгийн газарт дарга, сайд нарын суудалд заларлаа. Нэг ёсондоо тэд Н.Алтанхуягт амаа үдүүлчихлээ гэх яриа олон нийтийн дунд багагүй байсан. Гэвч АН Ардын нам биш. Ардын намынхан ямар ч үед эрэмбээ хадгалдаг бол АН-ынхан, тэр дундаа С.Эрдэнэ мэтийн омголон зантай нөхөд намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөдөөс салаавч гаргах нь бараг л ердийн үзэгдэл. Тэр тусмаа С.Эрдэнэ Н.Алтанхуягт “Засгийн газрыг огцруулна шүү” гэж хэлсэн нь нэг талаар гайхмаар, нөгөө талаар байх л үзэгдэл. Гайхмаар гэдгийн учир нь С.Эрдэнэ бол Н.Алтанхуягийн танхимын нэг гишүүн нь. Харин байх ёстой үзэгдэл гэхийн учир нь тэрбээр мөнөөх “Анти Алтангадас” фракцийнх. Үүнээс гадна нэг зүйл анхаарал татаж эхэллээ. Тухайн үед олон фракцийн нэгдэл Н.Алтанхуяг руу дайрч байхад “Алтангадас”-аас гадна хоёр фракци мань хүнийг хамгаалж байсан. Тэр бол Лу.Гантөмөр тэргүүтэй “Нэг ардчилал”, Д.Нямхүү тэргүүтэй “Кроун” фракцийнхан юм. Учир нь Лу.Гантөмөр, Д.Нямхүү нар Н.Алтанхуягтай нутаг нэг. Улс төр дэх UBS төлөөллүүд юм. Увсынхан хэдийнээс амьчхан үзэлтэй, нутархаг хүмүүс. Тиймдээ ч миний, чиний нам гэж ялгалгүй, өөр хоорондоо арсалдаад байдаггүй. Худлаа гэвэл өмнөх, одоогийн УИХ-д Ц.Нямдоржтой арцалдаж байгаа Увсын харъяат улстөрч байна уу. Байна уу гэдгийг сайн анзаараарай. Гэхдээ АН дахь UBS төлөөллүүд Увсын тойргийн маргаанаас бол хагаралдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүү нутаг нэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягаас урваж, “Женко” Х.Баттулга тэргүүтэй МоАХ-той их л сүжрэх болсон нь дуулдана. Түүнд Н.Алтанхуягт томрох шалтгаан бий. Учир нь Н.Алтанхуяг Өвөрхангайн тойрог дээр МАН-тай томоохон тохиролцоо хийж, “Алтангадас”-ын гол лидер Г.Батхүү, Д.Зоригтыг УИХ-д оруулж ирсэн. Энэ тухайд хоёр нам тохиролцоо хийснийг МАН-аас Өвөрхангайд нэр дэвшсэн С.Чинзориг батлан ярьсан нь бий. Харин Н.Алтанхуяг Увсын тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарыг жийж, МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-д орж ирсэнийг та бид бэлхнээ харж байна. Нэгэн цагт АН-ынхан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулж, Н.Алтанхуяг Шадар сайд, Д.Нямхүү НХХ-ийн дэд сайдын албыг хашиж явсан. Харин одоо АН дахь UBS-ийн төлөөлөл дунд ан, цав үүсэн, Д.Нямхүү тэргүүтэй “Кроун” фракцийнхан “Женко” Х.Баттулгын МоАХ-той хүч хавсарч Н.Алтанхуягийн эсрэг хөдөлж эхэлсэн нь тодорхой боллоо.
               


С.БАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив