Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН мөнгө, арилжаа, албан тушаалын нам болон хувирчээ
2013 оны 10 сарын 7
Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН мөнгө, арилжаа, албан тушаалын нам болон хувирчээ
АН-д жигүүр өдлөөд удаагүй байгаа ч ардчилсан үзэлтэй энэ намд дотоод ардчилал үнэхээр байхгүй болж, бүх эрх мэдэл удирлагын гарт очсон гэдэг нь илчлэгдлээ. Учир гэвэл УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй АН-ын гишүүд Ардчилсан намд жигүүр байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, аравдугаар сарын 5-нд буюу өчигдөр намын нийт гишүүдийнхээ дунд “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар зарласан юм. Жигүүрийнхэн энэхүү хэлэлцүүлэг явуулахынхаа өмнө намын дарга Н.Алтанхуягт Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-г хуралдуулах,  намын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн шаардлагыг хүргүүлж, шаардлагынхаа хариуг аравдугаар сарын 5-аас өмнө өгөхийг мэдэгдсэн байдаг. Гэвч намын удирдлага нь буюу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдний шаардлагыг биелүүлсэнгүй. Түүгээр ч үл барам жигүүрийн зохион байгуулж буй хуралд гишүүдээ оролцуулахгүй байлгахыг намын анхан шатны нэгж буюу намын үүрийн дарга нартаа даалгасан гэнэ. Түүнчлэн жигүүрийн зохион байгуулж буй “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлгийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн салбарынханд даалгажээ. Харин ингэсний буянаар Монгол сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын хэдэн хувь нь АН-ын мэдэлд байдгийг олон нийт мэдэж авав бололтой.

Нөгөө талаар АН-д өдөлсөн жигүүрийн ард хэн байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Ихэнх мэдээллийн хэрэгслүүд энэ жигүүрийн ард “Женко” Х.Баттулга байгаа хэмээж байна. Ингэх нь ч аргагүй. “Женко” Х.Баттулга З.Энхболдтой нийлж Ардчилсан хүчний холбоог байгуулж, улмаар Н.Алтанхуягийг унагах оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан ч бүтэлгүйтсэн. Түүнчлэн УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа УИХ-д олон суудал авсан АН засгийн эрхийг гартаа авах үед Ерөнхий сайдад “Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын нэр дуулдаж байсан. Нам дотроо ч рейтинг өндөртэй байсныг намын гишүүд байтугай энгийн иргэд ч мэдэж байлаа. Гэвч ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон. Тэрбээр Засгийн газраа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөллүүдээс бүрдүүлсэн. Ингэхдээ АН доторхи фракциудад бялуугаа тэгшхэн хуваарилж чадсан учраас эрээвэр, хураавар гэгдэж байсан түүний Засгийн газар өнөөдрийг хүртэл ганхахгүй байж чадсан юм.
Гэтэл сүүлийн үед улс орны эдийн засгийн байдал хүндэрч, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа эрх баригчдад итгэх иргэдийн итгэл суларсан. Мөн намын дарга нь нам доторхи фракциудын төдийгүй эгэл жирийн гишүүдээ ч дорж үзэх болсон. Үндсэндээ нам гэдгийг мартсан гэж хэлж болно. Тиймээс л ардчиллаар овоглосон энэ намд жигүүр өдөлсөн хэрэг.
Гэвч намын дарга байснаар эрх мэдлийн амтыг мэдэрсэн Ерөнхий сайд маань тэрхүү дөнгөж ургаж буй жигүүрээ бага дээр нь дарахаар шийдсэн гэдгийг намын гишүүд нь хэлж байна. Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан А.Мурат “Монголын төр хиргүй, ариун тунгалаг явах нь өнөөдөр Ардчилсан намаас шалтгаалах боллоо. Намын 160 мянган гишүүн батлахын эзэд бид үндсэн дүрмээ мөрдөх, сахих шаардлага тулгараад байна” гэсэн бол АН-ын гишүүн “Шаабар” буюу Ши.Батбаяр "Ардчилсан нам партизануудаа жагсаал цуглааны урдаа барьчихаад бусад үед мартчихдаг гэхэд хилсдэхгүй. Тэрбум, тэрбумаар нь хөрөнгө нөөцөлж, гадаадын банкинд хадгалуулсан нөхөд цөөнгүй байгааг бид харлаа” хэмээгээд УИХ-ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт Сэдванчиг, Л.Гүндалай нарын сонгуулийн штабт ажиллахдаа намаас дэвшсэн хүнээ яаж унагааж болдог, хоорондоо хэр хагарч бутарсан зэрэг булхай луйврыг өөрийн биеэр мэдэрч, түүнийгээ АН-ын удирдлагуудад хэлсэн ч авч хэлэлцээгүй гэдгийг онцоллоо.

Эрх баригч намын дарга байна гэдэг үнэхээр эх орны хувь заяаг дэнсэлж байдаг. Тиймдээ ч эрх баригч намынхан элдэв хээл хахууль, авлигын хэрэгт холбогдох нь бий. Энэ талаар ч тус намын гишүүд санаа зовниж буй нь илт байна. Тийм ч учраас “Ардчилсан нам мөнгө, арилжаа, албан тушаалын нам болон хувирч байна” хэмээсэн буй заа.
АН-ын жигүүрийн ард Ардчилалд нэгдсэн намуудын бүх шатны удирдлагад ажиллаж байсан жирийн гишүүд байгаа гэдгээ албан ёсоор зарлаад, асуудал хариуцсан жигүүрийн зохицуулах зөвлөлийн 15 гишүүнтэй гэдгээ хэлэлцүүлгийн үеэр тэд мэдэгдсэн. Жигүүрийнхний үйл ажиллагааг дэмжиж УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, М.Батчимэг, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан С.Болд-хэт нар нэгдэхээ илэрхийлсэн байгаа.
Гэхдээ тэдний ард хэн байх нь одоогоор чухал биш. Харин АН-ын удирдлагууд тэднийг хэрхэн хүлээн авч байна вэ гэдэг л сонирхолтой байна. Зарим эх сурвалж намын удирдлагуудынхаа тухайд “Алтангадас фракцаас бусад бүх фракц нэгдэн намын шинэчлэлийг ярьж эхэлсэн нь удирдлага /Н.Алтанхуяг, Ц.Оюундарь/ нарт таалагдахгүй байгаа бололтой. Ерөнхийлөгчийн фракциас МоАХ фракцад урвасан Ц.Оюундарийн хувьд энэ хуралд оролцохгүй байх нь өөрт нь л муугаар тусна. Энгийн гишүүд нь дарга нарынхаа нэрсийг бичсэн хоосон ширээг харан сууж шаардлага аа орон нутгийн хэмжээнд идэвхижүүлбэл АН-д тун таагүй байдал үүсэх юм” хэмээн бичиж сууна. Түүгээр ч үл барам “Жигүүрийнхнийг дотор нь бутаргаж, явуулж буй үйл ажиллагааг нь бусниулахаар үймээн таригчдыг бэлтгэж эхэлсэн мэдээлэл байна” гэх нэг нь ч байна.

Дээр бичсэн зүйлээс харахад АН-ын дарга Н.Алтанхуяг намын гишүүдтэйгээ Ерөнхий сайдын хувиар биш намын даргын үүднээс хандах болсныг тэд илтгэж байна. Түүнчлэн генсек Ц.Оюундарийг “Дэмий зүйл ярьж суухаар бодит хөрсөн дээр буу. Чи МоАХ-ын фракци гэдгээ санаарай” гэх зүйлийг хэлчихсэн мэт. Гэхдээ дотоод ардчилалтай учраас фракциудыг хүлээн зөвшөөрдөг хэмээдэг АН-ын удирдлагууд жигүүрээ яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Учир нь жигүүр байгуулагдсан цагаас хойш Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа АН-аар овоглосон нэг ч гишүүн “намдаа салхи оруулах цаг болсон” гэж ам нээхгүй, ядаж л жиргээчид нь жиргэхгүй байгаагаас харагдаж байна. Ажаад байхад АН чинь засгийн эрхийг гартаа аваад ганцхан жилийн дотор 90 жил засгийн эрхийг атгасан хэмээн муулаад байдаг МАН-аасаа ч айхтар болчихоо юу даа.


Н.БУДСҮРЭН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив