Нийслэлийн АН-ын бүлгийн даргын суудал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын дунд үл ойлголцол үүсгэжээ
2013 оны 10 сарын 9
Нийслэлийн АН-ын бүлгийн даргын суудал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын дунд үл ойлголцол үүсгэжээ
Ардчилсан намд жигүүр байгуулагдсан нь Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдын суудалтай ярихад хүргээд байна. УИХ-ын 2012 оны сонгуульд ялалтын тугаа мандуулсан Ардчилсан нам нийслэлийг ч эрх мэдэлдээ авч чадсан юм. Ингэснээр нийслэл хэмээх их айл АН, тэр дундаа Э.Бат-Үүлийн мэдэлд бүрэн шилжсэн гэж хэлж болно. Угтаа намын дарга Н.Алтанхуяг боловч нийслэлийнхэн намаасаа салан тусгаарласан гэж хэлж болно. Тиймдээ ч нийслэлийн удирдлагууд АН-ын дотоод үйл ажиллагаанд бараг оролцохгүй байсан гэж хэлж болно. Түүгээр ч үл барам Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалтын үеэр нийслэлийнхэн ажлаа олигтой хийгээгүйгээс нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ялагдсан гэх шүүмжлэл явдаг. Нөгөө талаар МАН-д хотын фракци гэж байдаг шиг АН-д ч мөн нийслэлийн фракци бий болох нь хэмээн зовнисон УИХ дахь АН-ын нэр бүхий гишүүд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нарыг Төрийн ордонд уулзахаар дуудахад ирээгүй гэх нь ч бий. Ерөнхийдөө бол нийслэлийн АН-ынхан намаасаа өрх тусгаарлаад байсан гэж хэлж болно.

Гэтэл АН-д жигүүр байгуулагдахтай зэрэгцэн намын удирдлагууд нь нийслэл рүүгээ ч анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой. Учир саяхан нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хөдөлгөөнд орж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 27-нд нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж,  Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрээр Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр нарыг тэргүүлэгчээр ажиллуулах болсон байдаг.
Харин үүний дараа нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргыг солих асуудал яригдах нь тэр. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү тэргүүтэй хэсэг төлөөлөгчид одоогийн бүлгийн дарга Т.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаарджээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар бүлгийн хуралд оролцсон байна. Харин тэдний хувьд тэг, ингэ гэж зааварчлахгүйгээр өөрсдөө учраа олог гэсэн байдалтай харж суусан гэх боловч, ямар зорилготой бүлгийн хуралдаанд оролцсон нь бараг ил байсан гэж байгаа.

Э.Бат-Үүлийн хувьд өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсныхоо дараа буюу 2012 оны наймдугаар сард Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоороо “Лектор” төвийн захирал Ц.Баатархүүг томилсон билээ. “Лектор” төвийн гэх Ц.Баатархүү нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэг ёсондоо Ерөнхийлөгчийн хүн. Гэтэл энэ оны нэгдүгээр сард Ц.Баатархүү өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тухайн үед түүнийг Чингэлтэйд ялалт байгуулж чадаагүй тул гэдэг тайлбар явж байсан ч өргөдлөө өг гэсэн дарамт ирсэн учраас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч гэх юм билээ. Ямартай ч Ц.Баатархүү нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор дөрөвхөн сар ажилласан байдаг. Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Бат-Эрдэнэ нь Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч даргын албыг хашиж байгаа. Тэрбээр “Алтангадас”-аар овоглодог буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн.
Тэгэхээр АН-д жигүүр байгуулагдсан энэ үед Н.Алтанхуяг нийслэлд өөрийн хүнээ бат зогсоохыг хүсэх нь мэдээж. Харин Э.Бат-Үүл, Д.Баттулга нар Ерөнхийлөгчийн захиасыг биелүүлж, Ц.Баатархүүг нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргаар томилох оролдлого хийсэн нь тэр. Хэдийгээр хотын хоёр эрхэм АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон ч заавар зөвлөгөө өгөхгүй байсныг болоход Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэнийх нь хүнийг илүүд үзэхээ хэлж мэдэхгүй байсан ч байж болох. Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаа солих шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ.


Н.БУДСҮРЭН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив