Бан Ги Мун цэргийн мэргэжилтнүүд илгээхийг шаардлаа
2012 оны 4 сарын 20
Бан Ги Мун цэргийн мэргэжилтнүүд илгээхийг шаардлаа
Хоёр тал гал зогсоохоо мэдэгдсэн ч Сирид  байлдаан үргэлжилсээр байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр Аюулгүйн зөвлөлд илгээсэн захидалдаа дурджээ.
Тэрбээр “Сирийн эрх баригчид хотуудаас цэргүүдээ гаргах тухай амлалтаа биелүүлээгүй. Иймээс тус улсад байдлыг ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөхөөр төлөвлөж байсан 250 энгийн ажиглагч биш, харин 300 цэргийн мэргэжилтэн илгээх шаардлагатай  байна” гэжээ. Сирийн эрх баригчид олон улсын ажиглагчдыг яаравчлан ирүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэвч ийм олон тооны ажиглагч ирэхийг тийм ч таатай хүлээн аваагүй юм.

Бээжинд айлчилж буй Сирийн Гадаад харилцааны сайд Валид Муаллем өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Манай Засгийн газар НҮБ, Арабын орнуудын тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Цэргүүд галаа зогсоосон. Мөн бид бүлэг хоригдлыг суллаж, энгийн номхон иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхэлсэн” гэжээ. Мөн тэрбээр гал зогсохгүй байгаа тухай “Босогчид эвлэрэх гэрээг таслах оролдлогыг хийсээр байна. Би энэ талаар Кофи Аннанд биечлэн мэдэгдсэн” гэв.

Сирийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг оролдож буй Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэлдээ “Эвлэрэх гэрээг тасалдуулахаар оролдлого хийж, үүгээрээ Кофи Аннаны мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг “оршуулах” гэсэн Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн хүчирхийллийг дахин сэргээхийг оролдож байна” гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Сарк Тюнер өнөөдөр “Сирийн эрх баригчид Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна” гэв. Ерөнхийлөгч Башар Асадад дарамт шахалт үзүүлэх тогтоолыг чангатгах тухай асуудлыг өнөөдөр Парист болох “Сирийн анд нөхөд” хэмээх бүлгийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэх гэж байна. Уулзалт Парисын цагаар 18.00 цагт эхэлж, 19.30 цагт шийдвэрээ танилцуулах аж.

Т.Арьяа Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ