Хеопсын буюу Хуфугийн пирамид
2013 оны 10 сарын 12
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

Хуфу пирамид нь Гизагийн цогцолборын үндсэн байгууламж бөгөөд уг цогцолборт Хуфу пирамидаас гадна гашуудлын хос сүм (нэг нь Хуфугийн хажууд, нөгөө нь Нилийн эргийн ойролцоо), Хуфу фараоны эхнэрүүдэд зориулсан “дагуул” маягийн гурван жижиг пирамид, сурвалжит угсаатнуудын шарилыг хадгалах мастаба хэлбэрийн булшнууд тэдгээрийг холбосон замууд ордог. Жижиг гурван пирамидын нэгэнд нь фараон Хуфугийн их хатан Хэтэфэрэсийн шарил, нөгөөд нь хатан бөгөөд төрсөн эгч Снеферугийн шарил, сүүлийнхэд нь фараоны эхийн шарил хадгалагдаж байдаг болохыг 1925 онд нээсэн байна. Тус цогцолборт мөн Гизагийн ажилчдын суурин байдаг байсан ба нийтийн оршуулгын газар, талх барих газар, шар айраг исгэх газар, зэс хайлуулах цогцолборууд байдаг байжээ. Гэхдээ уг цогцолборын нийт байгууламжийг одоо хүртэл бүрэн нээж, судалж амжаагүй байгаа юм. Агуу пирамидаас баруун өмнө зүгт хэдхэн зуун метр зайд түүнээс арай намхан Хафра фараоны пирамид байдаг. Хафра фараон нь Хуфуг залгамжлагчдын нэг бөгөөд түүний үед Сфинксийг байгуулсан гэх үзэл түгээмэл байдаг. Хафрагийн пирамидаас баруун өмнө хэдхэн зуун метрийн цаана Хафрагийн залгамжлагч Менкаур фараоны пирамид байдаг ба Хафрагийн пирамидын хагастай нь дүйцэхүйц өндөртэй байдаг. Хуфу пирамид нь ерөнхийдөө МЭӨ2560 онд дууссан гэж үздэг бөгөөд энэ нь радиокарбон шинжилгээгээр батлагддаг. Уг пирамидыг Хуфугийн шадар туслах Хемиунугийн зураг төслөөр барьсан гэж үздэг.
Эх сурвалж http://www.info.mn
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Хеопсын буюу Хуфугийн пирамид
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ