Амьдралгүй 17 татвар
2013 оны 10 сарын 16
Амьдралгүй 17 татвар
Монголд хөрөнгө оруулалт татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг саяхан батласан. Гэхдээ батлахын өмнө АН-ынхан МАН-ын бүлгээс оруулж ирсэн заалтаас нэгийг нь унагаж, улмаар хассанаар санаа нь амарсан. Харин яагаад хассан нь одоо үнэний гэрч болж байх шиг. Учир нь тухайн заалтыг унагах, унагахгүй дээрээ тулахад АН-ын бүлгийн гишүүд бүгд эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл, МАН-ын бүлгээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан "Тогтворжуулах гэрчилгээний хугацаанд хууль тогтоомжоор шинээр бий болсон аливаа татвар, төлбөр хураамж нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд хамаарахгүй" гэсэн зургадугаар зүйл нь шинээр гаргах татварын хуулиудыг хааж, бооно гэсэн болгоомжлолыг АН-ынхан тавьсан удаатай. Тэр байтугай Л.Энх-Амгалан гишүүн “Татварын орчинг тогтворжуулъя, хөрөнгө оруулалт буурсан байгаа үед хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээе гэсэн зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргаж байгаа. Монгол Улсад гаргах татварын шинэ хуулийг энэ заалтаар хаассан юм байхгүй” гэхэд С.Одонтуяа гишүүн “Татварын шинэ хууль гаргахыг хааж байгаатай яг адилхан заалт” хэмээн үгүйсгэсээр байгаад хассан. Яг үнэндээ цаад санаа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын ард түмнээс авах 17 шинэ татварыг бүрдүүлэхэд энэ заалт нь хааж, боочих гээд байснаас улайран дайрсан хэрэг болж таарч байна. Тэгэхээр тэд үнэхээр овжин, өөрсдийнхөө талд хууль батлан гаргадаг нь ч үүгээр илэрхий гээд хэлчихэд онох биз. Мөн цаад санаагаа хэрэгжүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль мэтээр түрий барьж суудаг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын чадвар бололтой. Тэд өнөөдөр иргэдийнхээ халаасанд байгаа тав, арван төгрөг рүү өнгийж суух нь үнэхээр ичгэвэртэй. Үнэн чанартай Монгол Улсын төсвийг өөрсдийнхөө бор зүрхээр ажиллаж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд татвар төлж бүрдүүлж байгаа. Гэтэл одоо болоогүй орчин үеийн хэв, маяг, загварыг Монголдоо наалдуулна гэгчээр амьдралгүй 17 татварыг шинээр авах гэж байгаа нь асуудал. Тэр байтугай боловсрол эзэмшихээр нийслэлд толгой хоргодож байгаа оюутнуудаас татвар авдаг нь ёстой амьдралгүй хэрэг. Оюутнуудад сар бүр үндэсний тэтгэлэг гэж 70 мянгөн төгрөгийг төрөөс олгодог. Гэтэл өнөөдөр өгсөн хоолоо маргааш буцааж авахын үлгэр үүгээр харагдахаар болж байгаа юм.

Н.Алтанхуягийн Засгийн газрын ард түмнээсээ авах 17 шинэ татварын жагсаалт:

1. “Бэлэглэлийн татвар”. Шинэчлэлийн Засгийн газар иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж улсад нэг ч төрлийн татвар төлдөггүй гэж үзсэн байна. Өмнө ийм асуудал сөхөгдөж, асуудал оруулж ирэхэд С.Батболдын Засгийн газар болиулж байсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар авна гэж мэдэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зарж байгаа, худалдан авч байгаа иргэдээс татвар авахаар боллоо. Энэ шийдлээ Шинэчлэлийн Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулахад “бэлэглэлийн татвар” чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байна.

2. “Хотын татвар”. Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэд, сурч байгаа оюутнуудаас татвар авахаар хуулийн төсөл бэлэн болгов. Мөн Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бүрээс хотын татварыг авна. Үүнийг нийслэлийн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах, ачааллыг бууруулах шийдвэр хэмээн тайлбарлажээ. Хотын албан татвар төлөгч нь тухайн улиралд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг төлнө. Цагтаа хураамжаа төлөөгүй аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар уг хуульд тусгасан байна.

3. “Аймгуудын татвар”. Бүх аймгийн төв болон улсын чанартай хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээс татвар авахаар хуулийн төсөл бэлэн болгов. Бас л төвлөрлийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих гэсэн гоё тодотгол дагалджээ.

4. “Үйлчилгээний татвар”. Энэ нь аймаг, хотын татварын нэг хэсэг. Гэхдээ яг хотын татвар гэж ойлгоход хэцүү юм. Тухайлбал хотын аль нэг ресторан, дэлгүүр, хоолын газар, буфеть гэх мэт газруудаар үйлчлүүлэх бүртээ татвар төлнө гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, дэлгүүрээс худалдан авалт хийх бүр дээр хотын үйлчилгээний татвар нэмэгдэж байх гэнэ. Жишээ нь “Архангай аймгийн төвд  очиж зочид буудалд нь гурав хонолоо гэхэд гарсан төлбөр дээрээ нэмж  тус аймгийн аж ахуйн нэгжээр үйлчлүүлснийхээ төлөө тодорхой хураамж төлнө” гэж Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал гэгч хэлжээ. Хотын аль нэг ресторан, дэлгүүр, зочид буудлаар үйлчлүүллээ гэхэд мөн адил Хотын албан татварын дагуу  төлөх ёстой төлбөр дээрээ хураамж төлөх бололтой юм.  Энэ  хууль нь Улаанбаатар  хот, бүх аймгийн төв, Эрдэнэт, Дархан, Алтанбулаг зэрэг нийт 27 суурин газарт үйлчлэх юм байна.  Ингэснээр орон нутгийн болон улсын төсөвт тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

5. “Өв хөрөнгийн татвар”. Үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнөөс татвар авахаар бэлтгэв. Гэхдээ энэ төрлийн татвар нэлээд олон төрөлтэй гэж хуульд тусгажээ.

6. “Бэлгийн малын татвар”. Үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн журмаар өгсөн ч татвар авахаар болж байгаатай адил мал бэлэглэвэл мөн татвар авах нь шударга ёсонд нийцнэ гэжээ. Дарга нарыг хөдөө орон нутгаар явахад малчид аль сайн гэсэн морио бэлэглээд сүйд болдог. Тэгвэл морио бэлэглэсэн малчнаас “морь бэлэглэлээ” хэмээн татвар аваад морийг нь авсан дарга өөрөө зүгээр өнгөрөх бололтой. Манай дарга нараас л гарах ухаан даа.

7. “Үнэт эдлэлийн татвар”. Баячууд үнэт эдлэлээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн ч гэсэн татвар авах нь зөв тогтолцоо гэж үзсэн байна. Үүний сайн тал нь Монголд байгаа хөөрөг, гаанс, эмээл, хазаар, бурхан тахил гэх мэт үнэт зүйлс бүртгэлд орно гэж тооцоолжээ.

8. “Бэлэн мөнгөний татвар”. Хэрэв баячууд үр хүүхэддээ бэлэн мөнгө өвлүүлж үлдээхээс ч улс хувь хишигээ авах ёстой аж.

9. “Хувь хүний орлогын албан татвар”. Хувь хүний орлогын одоогийн албан татварыг бага байна хэмээн нэмэх ёстой гэж үзжээ. Тэгэхдээ хөгжингүй орнуудад энэ төрлийн татвар хувь хүний нийт орлогын 30-аас дээш хувийг эзэлдэг бол Монголд 5-8 хувьтай байдаг гэжээ. Мэдээж дэлхийн жишигт хүргэх нь.

10. “Малчдын татвар”. МАН-ынхан малчдаас татвар авахын эсрэг байдаг. Учир нь хүнд нөхцөлд газар нутгийг хамгаалан амьдардаг гэсэн тайлбар хэлдэг. Тэгвэл АН-ынхан авах ёстой гэж хуулийн төсөл бэлджээ. Малчин өрх, мал бүхий этгээдийн мал бүрээс татвар авах юм байна. Ингэхдээ малын тоог нэг хонины толгойгоор  бодож тооцох аж. Харин үхсэн, алдсан малыг гамшгийн улмаас хорогдсон нотлох баримтыг үндэслэж татвараас хасч тооцох гэнэ.

11. “Утаа хаядаг машины татвар”. Нэг километр зайд явахад 120 грамм болон түүнээс их хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэгслээс хураамж авахаар хуулийн төсөлд тусгав.

12. “Азын дугаарын татвар”. Азын болон мөнгөн улсын дугаар хэрэглэж байгаа автомашины эзнээс татвар авдаг болно. Эсвэл ийм төрлийн улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж төсөвт мөнгө төвлөрүүлнэ.

13. “Нийтийн зогсоолын татвар”. Улаанбаатар дахь нийтийн зогсоолуудаас татвар авахаар бэлтгэж байна.

14. “Байгалийн бохирдлын татвар”. Нийслэлд нүүрс түлсэн айл өрх, аж ахуйн нэгжүүдээс Улаанбаатарын агаарыг бохирдуулсан гэх үндэслэлээр ихээхэн хэмжээний татвар авахаар болов. Тэгэхээр Улаанбаатарын гэр хорооллын ихэнх айл өрх татвар төлөхөөр болж байна гэсэн үг юм.

15. “Хог хаясны татвар”. Хог хаясны хураамжийг нэмэгдүүлэхээр хуулийн төслүүдэд тусгасан байна. Хог хаядаггүй айл өрх, аж ахуйн нэгж гэж байхгүй учир бүгд л татвараа нэмүүлэх нь тодорхой юм.

16. “Гол ус бохирдуулсаны татвар”. Туул голруу бохироо асгадаг арьс ширний үйлдвэрүүд, голд машинаа угаасан этгээдүүдийг журамлахад энэ хууль хэрэг болох нь гарцаагүй. Мөн ус бохирдуулах бодисын хэмжээг килограммаар бодож татвар авах юм байна. Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг аж ахуйн нэгжүүдээс татвар авна.

17. “Нүүрс олборлолтын татвар”. Нүүрс агаарыг бохирдуулж байна гэсэн их гомдол байдаг. Тэгвэл түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгжээс килограммаар нь тооцож татвар авна.

Энэ бүгдийг толгой дараалан уншаад үзэхээр танд юу бодогдох нь тодорхой. Яагаад гэвэл, амьдралгүй 17 татвар нь иргэдийгээ шулж, мөлжих нэг хэлбэр болчихоод байгаа юм. Магадгүй нийслэлийн төвлөрөл нь саарсан, зам харгуй нь хүртээмжтэй, иргэд нь ядуу биш сайн бол энэ татваруудыг авч болох. Гэтэл иргэдийн амьдрал доройтсон, өдрийнхөө хоолны махыг авч чадахгүй, авсан цалин нь юундаа ч хүрэхгүй байгаа тохиолдолд шинэ татварыг гаргах нь хэр оновчтой юм бол доо.
                                       

С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив