Мобикомын монопольчлолыг эцэс болгоё
2013 оны 10 сарын 17
Мобикомын монопольчлолыг эцэс болгоё
Би Мобикомын үнэнч хэрэглэгч. Өдөр бүр, цаг тутамд надад Мобикомоос хайрын захидал ирдэг. Гэхдээ хамгийн хэцүү нь хурлын үеэр, хоол идэж байхад, орой цагаар амарч, унтаж байхад нөгөө гайхал Мобикомоос захидал ирж амар заяаг минь үзүүлдэггүй. Энэ зовлон Мобикомын олон мянган хэрэглэгчдэд тохиолддог гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Шинэ орон сууцны захиалга, гоо сайхны салон, компанийн сурталчилгаа гээд чухам л юу байна тэр бүгдээр булж гарна даа. Дээрээс нь Мобикомоос хэрэгжүүлж буй арга хэмжээг цаг алдалгүй мессежээр явуулж залхаана. Бүр болохгүй бол утас руу залгаж, шинэ үйлчилгээнийхээ талаар танилцуулна. Хаяа утасныхаа тоглоомоор тоглох, мессеж бичих үед гэнэт онигоо ч юм уу зөвлөгөө дайрч орж ирнэ. “Цааш нь унших бол энд дарна уу” гээд л түрэмгий байрын захиа. Сонирхсон, сандарсан хүн бол огтхон ч хэрэггүй мэдээллийн төлөө 40-100 төгрөгийг зүгээр өгч байх жишээтэй. Энэ мэтчилэн Мобикомын түрэмгийлэл дунд амьдарч байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Дээр нь утасныхаа дугаарыг дараа төлбөрт болгохын тулд барьцаанд нь 30 мянган төгрөг өгөх ёстой. Өмнөх сар нь их яриад дараа сар нь бага ярилаа гэж бодоход өмнөх сарынхаа мөнгөтэй нэгэн ижил дүн гардаг нь гайхалтай. Үүнийг соёлтой луйвар гэж хэлэхээс өөр яах билээ. Мобикомын дарангуйлал дунд ард иргэд олон жил амьдарчээ. Дарангуйлал нь хэрээс хэтэрч байгааг нийгэм ойлгож ихэлж байх шиг байна.

Тухайлбал, Монголын анхдагч үүрэн телефоны оператор Мобиком  корпорацитай шүүхдэлцэх иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болов. Тэгвэл тус корпораци өнөөг хүртэл өөрсдөд нь итгэж, үйлчлүүлж ирсэн үнэнч хэрэглэгчдээ хууран мэхэлж байгаа талаарх мэдээлэл тархаж эхэллээ. Тодруулбал, тус компанийн  13,4 мянган Like-тай пэйж хуудсан  дээр “Мобикомын маркетингийн хэлтэсийн дарга Н.Баярбат та намайг ямар ч шалтгаангүй ажлаас минь халлаа, одоо хоёр сарын цалинг минь өгөхгүй гэлээ. Би тэгвэл бас адилхан харьцаж чадна шүү. Моби Лотто бол цэвэр хуурамч явуулга. Ланд Круйзер 200 бол бас л нэгэн луйвар. Хангалттай та нараас ажилласан цалингаа хоёр сар нэхээд авч чадсангүй хангалттай” гэсэн постыг үлдээсэн нь олон хүнийг Мобикомд итгэх итгэлийг нь үгүй хийв. Түүнчлэн МУГЖ дуучин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар утасны бүх үйлчилгээнд ашигласан нь асуудал үүсгээд байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр “Мобиком” корпораци дуучин С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн орлого, ашиг олсон нь тогтоогдоод буй. Тэгвэл Ноён Бондгор “Мобиком”-ын өмнө суулт зарласны хүчинд хохирлоо төлүүлэхээр болжээ. Түүнээс “Мобиком” уучлалт гуйсан бөгөөд нэг дуунаас л гэхэд 20 орчим сая төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ.

Мобиком корпораци Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай тохиролцсоны үндсэн дээр   дараа төлбөрт үйлчилгээг арваас дээш жилийн хугацаанд ашиглаж байсан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлж эхэлсэн гэнэ. Харин дараа төлбөртийг арван жил ашиглаагүй хэрэглэгч авч чадахгүй гэсэн үг. Харамсалтай л хэрэг. Мобикомын соёлтой бөгөөд түрэмгий монопольчлолыг эцэс болгохгүй бол хэрээс хэтэрлээ.


У.САРАНГЭРЭЛ 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив