Б.Ганчимэг: “Аав бид хоёр”-оо би ээжээсээ нуучихсан
2013 оны 10 сарын 18
Б.Ганчимэг: “Аав бид хоёр”-оо би ээжээсээ нуучихсан
...Тэнгэр минь
Тийм зоригтой хагацахсан
Тэвэрт нь
Тэнд, зүрхэн дээр нь
Тэнэг минь баяртай гэж бичихсэн... Миний унших дуртай маэстро хэзээ ч юм, хэнд ч юм зориулж ийн бичжээ. Харин энэ эрхэм чухам хэн болохыг та гадарлаж байна уу. Уй гуниг, омогшил бардамнал, аз жаргалын анхилуун ялдам үнэр хамар цоргим түүний “Цэцэрлэгт хүрээлэн”-д та зочилж байсан уу. Ёстой л өөрийнх нь бичсэнчлэн хайрласан шиг хайрлаж, ханьссан шиг ханьсдаг, алдсан шиг алддаг, аажимхан намба сууж, асдаг зангаа гээж яваа энэ бүсгүй бол сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг. Үгийн урлагийн эрхэмсэг хатагтайг та бүхэнтэй уулзуулж байгаадаа баяртай байна.

"Ээжийн хамт"

-“Цэцгийн зун шиг ээжийгээ би цэцгэн дундуур хөтлөөд алхахсан...”. “Баавгайн тос” хэмээх нийтлэлдээ та ингэж бичсэн байдаг шүү дээ. Энэ хүслээ биелүүлсэн үү?
-Эрдэнэзуу руу хамт явах хүслээ хараахан биелүүлээгүй. Харин Булган аймгийн Тэшиг суманд очиж, энэ хорвоогийн хамаг гоё цэцэгс ургасан үзэсгэлэнт байгалиар ээжтэйгээ хоёулхнаа зугаалсан. Ёстой нөгөө балжингарав, далийн ягаан, цээнэ гээд бүх л ховор цэцгэн дунд суулгаж ээжийгээ би эрхлүүлсэн. Ер хүний бодол сэтгэл яндашгүй юм. “Ээжийгээ ингэж баярлуулахсан. Тэгж жаргаахсан, амьдралын жаргал, гунигийг хамтад нь нуусан үрчлээт магнайг нь тэнийлгэхсэн” гэж үргэлж хүсдэг ч тэр болгон амжихгүй л явна. Манай ээж багахан зүйлд л баярладаг. Ер нь хэн нэгнийг баярлуулахад тийм том шалтгаан хэрэгтэй ч үү, үгүй ч үү. Хөндлөнгийн хүний нүдээр харахад, би ээжтэйгээ хамт өтөлж, ээжийгээ бөөрөндөө нааж яваа их л сайн охин байх. Ээж маань надтай өдөр бүр хамт байж, нялх танхил үеийнх шиг минь хайрлаж, эрхлүүлэх дуртай. Намайг гэсэн тэр их хайрынх нь хариуд би яаж жаргааж, бас яаж баярлуулсан бол...Иймэрхүү  бодол бол цаг ямагт л  ээрдэг юм.

-Үнэхээр ч ээж гэдэг их бурхад маань зарим үед үр хүүхдүүдийнхээ үнэнч найз нь, багш нь, бас туслах нь мэт л байдаг. Мэдээж хэрэг, таны хувьд байнгын уншигч, зоригтой шүүмжлэгч нь байх. Тухайлбал, “Ээж бид хоёр”, “Баавгайн тос” нийтлэлүүдийг ээж тань уншаад юу гэж байх юм?

-Нуулгүй хэлэхэд, би нийтлэлүүдээ ээжээсээ нуучихдаг. Саяхан уншигчдын хүртээл болгосон “Аав бид хоёр” гэдэг номоо бас уншуулаагүй.

-Яагаад?
-Хямарчих болов уу. Аавыг санах байх. Ээж маань өөрийнхөө амьдралыг “Агуу их нууцтай” гэж боддог. “Аав бид хоёр”-ыг уншаад “Миний хувийн нууцад халдсан байна” гэж зэмлэж магадгүй учраас би нөхрөөсөө өөр хүнд уншуулаагүй. Хоёр ахаасаа ч тас нуусан.

-Нэгэн эрхэм таныг “Нууцгүй Ганаа” гэж тодорхойлжээ. Гэвч уншигчдад ямагт хүлээлт үүсгэдэг бүтээлүүдийн цаана Ганчимэг хэмээх жирийн нэгэн бүсгүйн инээд, нулимс хосолсон амьдрал нуугдаж л хоцордог шүү дээ. Тэгэхээр та нууцгүй Ганаа нь юм уу, аль эсвэл нууцлаг Ганаа юу?
-Хүмүүс өөрийгөө их нуудаг болчихжээ. Хүн хоорондын харилцаанаас үнэн гэдэг ойлголт өдөр ирэх тусам холдож байна. Худлаа инээдэг, худлаа хайрладаг, худлаа явалддаг, бие биенээ худлаа сонгож гэрлэдэг, бас худлаа амлаж, худлаа нөхөрлөдөг болжээ. Ийм үед би үнэн, нээлттэй, хатуу агаад шулуухан байдлаараа хэн нэгнээс ялгаатай л санагддаг байх. Нууцын тухай ярихад, “Эмэгтэй хүний ертөнц бол далайн гүний ёроол юм” гэсэн нэг үг байдаг даа. Үнэхээр ч бүсгүй хүн энэ хорвоогоос буцахдаа өөрийн нууцаа аваад буцдаг гэдэг. Харин би бол нэлээдгүй ил цагаан хүн. Надад хэнд ч яриагүй дурсамж, хэн нэгнээс нуусан үүх түүх бараг байхгүй. Тийм учраас “Нууцгүй Ганаа” нь юм болов уу. Гэхдээ ажил хэргийн тухайд, нууцтай маш их харилцдаг. Итгэл хэмээгч нандин түлхүүрээр түлхүүрдсэн тэр нууцыг хадгалахын тухайд бол би олон зүйл тээж явдаг, нууцлагаас нууцлаг хүн биз.

-Амьдрал ямагт шоколад шиг амттай байдаггүй. Сархад шиг гашуун ч байдаггүй. Таны нулимсыг дандаа арчиж өгдөг. Аз жаргалыг ямар ч төлөөсгүйгээр “бэлэглэж” байдаг тэр зүйл тань чухам юу вэ?
-Тэр бол миний мэдрэхүй, хүртэхүйгээр дамжиж ирдэг зүйлс юм даа. Миний дотор нэг “хүн” бий. Мэдээж хэрэг, Ганчимэгийн хуулбар биш, тэс өөр “хүн”. Тиймээс би өөрөөсөө огт өөр “хүн”-тэй амьдарч яваагаа мэддэг. Түүнтэй ярьж, инээлдэж, “Би энэ аз жаргалын зохиогч нь юм шүү” гэж итгэж сэтгэлээ цатгаж явдаг далд  амьдрал надад байгаа.

-Гэхдээ таны зарим бүтээлээс бүсгүй хүний гуниг, шаналал, эмзэглэл, бүр “Би аз жаргалтай баймаар байна шүү дээ” гэсэн чанга дуу хоолой сонсогддог?
-Ингэхэд эмэгтэй хүн асар их эрх мэдлийн эзэн гэдгийг та мэдэрдэг үү. Харин би энэ тал дээр жаахан аз муутай. Ийм зоргоороо, дураараа хүн мөртлөө бусдын аясаар маягтай л амьдардаг. Үнэнийг хэлэхэд, энэ байдал надад таалагдахгүй байна. Би яагаад амьдралынхаа, Ганчимэг гэдэг хүний хувь тавилангийн автор нь биш байгаа юм бэ. Яагаад би бусдад зохицуулж, зохируулан амьдарч, тэр ч битгий хэл бусдад өөрийгөө зориулах ёстой юм бэ. Ийм нэгэн асуулт намайг утопи байдал руу түлхээд байна. Тэр болгоныг хөөх тусам мухардалд орчихдог.

 Гэсэн хэрнээ би гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй. Хүмүүсийн хэлдэгчлэн аз жаргалтай амьдралыг зохиож чадсан. Гэвч мөрөөдлөөсөө болоод тийм байдалд орчихоод байгаа юм. Сэтгүүл зүйн салбарт би хангалттай их цаг хугацааг зориулсан. Хувь хүнийхээ мөрөөдөлд энэ бүхнийг зориулах гэхээр нөгөө “хашаа” маань намайг гаргадаггүй. Нөгөө л дасаж дадсан амьдрал, харьцаа, хамт олон, гэр бүл Ганчимэг гэдэг хүнийг явуулахгүй барьчихаад байна л даа. Миний хувьд, хэн нэгний дотор тэлчлээд байгаа зүйлсийг ойлгож, олж хараад тэр нь надаас шалтгаалж байвал  тэр хүнийг явуулна. Харамсалтай нь надтай тийм хүмүүс тааралдахгүй байна. Хань маань “Чи мөрөөдлийнхөө төлөө юу хиймээр байна вэ. Тэр болгоноо хий. Сургуульд сурмаар байвал сур. Мөрөөдлийг тань хамт биелүүлэх сайн найз чинь байя” гэдэг. Тэнэг биш болохоор миний нийтлэлүүдээс намайг юу хүсэж, мөрөөдөж байгааг “үнэрлэсэн” биз. Харин манай Б.Ганболд эрхлэгч намайг “Явж болно, юу дуртайгаа хийж болно” гэж хэлдэг ч ихэвчлэн “Чи тэгж яах юм бэ” гэж хаадаг. Би бүх залуу насаа сонины энэ шар байшинд л өнгөрөөж байна даа. Сонин бол гэр орон минь, утга учир минь юм шиг л явж ирлээ.

-Тийм ээ, тэр “хашаа”-г уу! Ярилцлага, нийтлэлийн төрлөөр та өөрийн гэсэн уншигчидтай том ертөнц. Гэтэл яруу найраг...  Сэтгэл зүрхнээс дэлбээлдэг энэ “цэцэг”-ийг арчилж тордохдоо та хойрго байна уу даа?
-Энэ бүхэн сэтгүүл зүйн л буруу байх (Инээв). Залуудаа би шүлэг зөндөө бичдэг байсан. Булганд цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа ямар их бичдэг байсан гэж санана. Энд ч яруу найргийн тэсрэлтүүд болоод л, үнэхээр их бичдэг байсан. Утга зохиолын нэгдэлд явна. Ямар ч их сонирхолтой байсан юм. Зөвхөн хөхний тухай, зөвхөн борооны тухай гэхэд л хэдэн зуун шүлэг бичсэн. Хамгийн сонирхолтой нь шүлэгнүүдээ бүгдийг нь урчихсан. Шүлэг бичихээс гадна би зурах дуртай, янз бүрийн юм их нэхдэг, оёдог, ер нь их олон талын авьяастай охин байлаа. Хааяа би дизайнер ч юм уу, дуучин ч юм уу, жүжигчин, зураач болоогүйдээ харамсдаг. Хэрэв тэгсэн бол доторхи тэсрэлтүүдээ илүү чангаар илэрхийлэх байсан болов уу.

-...Тэрлэгийг минь нөмөр
Тэгээд даашинзаа тайлж хатаа гэж
Тэгэхэд яагаад хэлээгүй вэ... Энэ харуусал бидний сайн мэдэх, бас огт мэдэхгүй Ганчимэг гэдэг бүсгүйнх. Таны бичсэн шүлэгнүүд хөнгөхөн, цөөхөн мөртэй атлаа хүнийг бодол оюунтай нь ховсдчихдог мэт санагдсан шүү. Бас их тайвшралыг мэдрүүлсэн?

-Утга зохиолын боловсрол маруухан хүмүүс “Зузаан нь илүү том” гэж ойлгодог байх л даа. Миний бодлоор хамгийн хүнд төрөл бол яруу найраг. Орчуулахад ч хамгийн хэцүү нь. Үнхэлцэг шиг жижигхэн зайнд хүмүүст оволзсон гоё мэдрэмж, догдлол мэдрүүлэх, тэднийг солиоруулах, манаруулах тийм их ид шидийг шингээнэ гэдэг асар хүнд. Хэрэв би хэсэгхэн завсарлага аваагүй бол яруу найргийн төрөлд нэлээд шат ахисан байх байсан биз. Миний хувьд, далд мөртлөө яг хэлэх, далд мөртлөө яг бууж харагдах тийм өгөгдөлтэй шүлэгнүүд байдаг шүү дээ. Тийм бүтээлүүдэд илүү дуртай. Уншихад хүнд атлаа сайн өгөгдөлтэй бичдэг найрагчид гэвэл, Л.Өлзийтөгс, Н.Пагма, Б.Батрэгзэдмаа нар. Тэр дундаа Ганбатын Лхагвадулам гэдэг өвөрмөц сонин ертөнцийг өөртөө нээлээ. Би түүнд “дурласан”. Энэ бүсгүй яруу найрагчаас гадна маш сайн орчуулагч. Миний тухайд, амьдралдаа шинэ танил, шинэ хүмүүсийг оруулж ирэх бага зэрэг дургүй. Нэг ёсондоо, хуучин танилуудтайгаа улиг болтол удаан нөхөрлөдөг. Тэднийгээ хайрлах гэж их үрэгдэнэ. Залуу цагтаа зарим найздаа хаягдчихаад үгээр хэлэхийн аргагүй их хямардагсан. Ерөөс гансралд асар их цаг хугацааг зориулжээ. Бас бүтээлч байж чадаагүйдээ би одоо бухимддаг ч байж магадгүй. Хүмүүс надад хэлдэг л юм. “Эмэгтэй хүний амьдрал дөчин наснаас л эхэлдэг шүү дээ. Тийм учраас бодож санаснаа зоримогхон бариад ав” гэж.

-“Батжаргалын Одгэрэл. “Хөгийн чимээгүй, хөгийн ихэмсэг” түүнийг хаа нэгтээгээс олж уулзахсан...” хэмээн та бичиж байсан. Уулзахын мөрөөс болсон найрагч залуугийнхаа сургийг гаргав уу?
-Түүнийг олж уулзаж чадаагүй. Би амьдралдаа ганцхан удаа түүнтэй уулзсан.

-Гэхдээ та бүр Хэнтийд амьдардаг ээжтэй нь зорин зорин очиж уулзсан юм билээ шүү дээ. Нууц биш бол та хоёрын дунд ямар яриа өрнөсөн бэ?
-Нэг нь алдартай бөх, нөгөө нь авьяаслаг яруу найрагч хоёр хүүгийн ээж л дээ. Марусъя гээд нэр нь хүртэл шүлэг шиг сайхан эмэгтэй байсан. Бид хоёр зүлгэн дээр хөлөө жийж суугаад хоёрын бидонтой нэрмэл тавьчихаад их л гоё, нарийн нандин яриа өрнүүлж байсан санагдана. Гэхдээ тухайн үед тэр хүн бага зэрэг гайхсан юм шиг байгаа юм. “Энэ бүсгүй миний хүүд дурласан юм болов уу. Аль эсвэл найраг шүлэгт нь татагдав уу” гэж. Ер нь учрыг нь олоогүй байх. Би түүнд хүүгийнх нь шүлэгнүүдийн талаар ярьж, тэр эмэгтэй ч намайг их эергээр мэдэрч, хоёулаа нэгэн үдшийг дуу хууртай өнгөрүүлж билээ.

-Нэг хүүхэнд хайртай
Нэг хэсэг явнам
Олон хүүхэнд хайртай
Олон хэсэг явнам... “Би хүсвэл, би явна” хэмээх нийтлэлдээ Б.Одгэрэлийн бичсэн энэхүү мөрүүдийг та иш татсан. Магадгүй, таны гуниг, гансралд цэг тавих хүн нь тэр юм биш биз?

-Би түүнийг арай ч дээ гэмээр шүтдэг. Ер нь зохиолчид гэж хэн нэгнийг шүтдэггүй хүмүүс байдаг. Гэхдээ би Б.Одгэрэл, Л.Өлзийтөгс нарыг шүтдэг, бас Б.Галсансүх, Г.Аюурзанад хайртай болохоор зохиолч биш юм болов уу, бүү мэд. Ийм л учраас би яруу найрагч болоогүй юм болов уу. Энэ бүхний учрыг ерөөсөө олдоггүй. Миний хувьд, Б.Одгэрэлтэй уулзан сэтгэлийн шавайгаа ханатал ярилцлага авч уншигчдынхаа тархи оюун, зүрх сэтгэлийг баясгахын сацуу сэтгэл дотор минь хэсэг асч, хэсэг унтардаг тэр их шүтээн болоод байдаг зүйлсийг алга болгоод ирж болох л юм. Гэвч би түүнийг хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй. Харахад, их л сайхан залуу байдаг. Нэг л чимээгүй оргисон, ихэмсэг... Олон жилийн өмнө харахад тийм л хүн байсан. Бид нэг удаа л уулзаж байсан. Энэ эрхэм бол Монголд үнэхээр томдсон яруу найрагч. Гэвч мань хүн шүлгээ бичиж байна уу, аль эсвэл огт өөр зүйл хөөцөлдөж байна уу, мэдэхгүй юм даа. Танд нэгэн сонин мэдээ дуулгахад, би Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцах бодолтой байгаа. Шийдвэрээ гаргасан. Тэнд би өөрийгөө шинэчилж чадвал яруу найргаа үргэлжлүүлэн бичнэ. Үргэлжилсэн үгийн төрөлд ч авьяас, чадвараа сорино.

-Сайхан мэдээ байна. Танд баяр хүргэе!
-Баярлалаа.

-Яруу найрагч Л.Өлзийтөгстэй хийсэн ярилцлагаас тань хоёр зүйлийг анзаарсан. Өнгөцхөн дүгнэвэл, бүсгүйчүүдийн хооронд өрнөдөг жирийн л нэгэн яриа. Нөгөөтэйгүүр “Яруу найраг гэдэг атаархал, амбиц хоёроор дүүрэн нэг тиймэрхүү ертөнц юм даа” гэж ойлгосон шүү?
-Утга зохиол, урлагт хэн нэгнээр хөтлүүлж орж ирсэн хүмүүс насалдаггүй. Ганган бүрх малгай өмсөж, сайхан цагаан алчуур мөрөн дээрээ тохчихоод дэмий балай юм толгой холбож уншаад л. Түүнийг нь хөөрхий манайхан шиг ард түмэн бол “Энэ яруу найрагч” гэж хүндлээд л дуусах төдий байх. Гэхдээ жинхэнэ яруу найргийн талбарт авьяас билгээрээ бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх хамгийн аймшигтай тулаан өрнөдөг. Тэр дунд бүхэл бүтэн нэг үеийнхнээс гарын таван хуруунд багтахуйц хүмүүс л шалгарч үлдэнэ. Тэгэхээр хатуу салбар байгаа биз дээ. Ерөөсөө л урлаг харгис шүү дээ. Хэн нь ч хэнийг ч тоохгүй. Би л лав “Манай Л.Өлзийтөгс хэнийг ч тоодоггүй байх” гэж боддог. Тэр бол гайхамшигтай эмэгтэй. Хэрэв би эрх мэдэлтэй байсан бол утга зохиолын хамгийн дээд шагналыг түүнд олгох байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд, бүсгүйчүүд маань амжилт гаргасан нэгэндээ их дургүй байх юм. Энэ муухай зан миний аазгайг ихээхэн хөдөлгөдөг.  

-...Хайрлан шатахсан
Яг л арванзургаатай тэр өвлийнх шиг
Үнсүүлэхсэн
Үснийхээ туузыг гээхсэн
Хамгийн цагаан цасан дээр
Хайрт минь есийн гурвын Тулга гэж бичихсэн... Энэ шүлгийн эзэн бодит хүн үү?
-Тийм ээ, бодит хүн. Дунд сургуульд байх үеийн минь үерхэл. Одоо Булган аймгийн Сайхан суманд амьдардаг. Бид гэр бүлийн найзууд.      

-“Нойтон чийглэг Бонн, нулимстай Бетховений нутаг” нийтлэлийг тань уншлаа. Бас л хүсэн хүсэн байж алдарт хөгжмийн зохиолчийн тарчигхан амьдарч байсан хуучин байшинд очжээ. Яагаад тэр вэ?
-Миний ах Хилийн цэргийн чуулгын даргаар ажилладаг. Бүхий л амьдралаа урлагт зориулсан хүн бий. Дунд сургуульд байхдаа Бүх ард түмний урлагийн их наадмаас гурван алтан медаль хүртэж байсан. Ингээд СУИС-ийг төгсч, Свердловскт суралцахаар явахдаа ах маань надад бүх пянзаа бэлэглэж байсан. Миний хувьд, урлагт их ойр өссөн. Ахынхаа баян хуур хөгжмийг төгөлдөр хуур болгож тоглодог охин байлаа. Ах минь ч “Миний дүү төгөлдөр хуурч болоорой” гэдэг байсансан. Яг одоо ч би Боннд дахиад л очмоор байна. Тэнд очвол би бүр ихийг нээж чадах болов уу. Яагаад ч юм бэ ингэж бодогдож байна. Өмнө нь би Бетховений талаар олонтаа уншиж байсан. Түүндээ хөтлөгдөөд л амьдарч байсан гэрт нь очсон. Надад манай нэг найз энэ боломжийг олгосон юм. Тэр байшингийн доод давхарт Бетховений тоглодог байсан төгөлдөр хуурыг байрлуулж, алдартай бүтээлүүдийг нь орсон, гарсан хүмүүст сонсгодог юм билээ. Яг концертыг нь үзэж байгаа мэт тухалж, гэр музейнх нь дэвтэрт сэтгэгдлээ бичээд л.  

-Хэрэв та сэтгүүлч биш, зураач байсан бол “Хунгийн чуулган”-ыг хэрхэн дүрслэх байсан бол?
-Би яг энэ тухай бодож байсан. Хамгийн сонирхолтой нь хунгийн чуулганыг хүмүүс зорьж очдоггүй юм байна. Хоёр, гурван мянга, бүр арван мянган хун нуурыг тэр чигт нь бүрхсэн чуулгантай гэнэт таарвал “Онцгой зүйл учрах нь” гэж бэлгэшээдэг юм билээ. Яг л могойн чуулгантай таардаг шиг. Хэдийгээр “Зорьж очдоггүй” гэдэг ч би сэтгүүлч хүн учраас хунгийн чуулганыг зориод л очсон. Цэнхэр сарны туяанд тэр олон хунг харах ямар гоё гээч. Нуурын усыг хот дүүрэн хонь шиг битүү бүрхсэн байдаг. Ёстой дуу нь татардаггүй юм билээ. Өглөө 9-10 цагийн үед л арайхийж татардаг. Нуураа орхиод холыг зорих гэж байгаадаа харамссаных уу, тэр авиа, гаслан чухам юунаас болдог юм бүү мэд. Их сонин шувуу. Тэгэхэд би амьтан судлаач гэдэг ямар гайхамшигтай мэргэжил болохыг ойлгосон.

-Хун гэдэг ямбатай, ялархаг гоё шувууны талаар өгүүлэхдээ та дэгдээхийнүүдээ бөөцийлөх ангирыг бас анзаарсан байсан?
-Нугар нугар хийгээд аж ахуйчийг нь яана. Гэхдээ ангир хун шиг нүдэнд өртдөг шувуу биш юм л даа. Гэсэн ч
“Ангирын дэгдээхий арвуулаа байлаа
Алсарч ниссээр нутагтаа буцлаа
Ангийн чамдаа хайртай байлаа
Андуурч явсаар хадамд гарлаа” гэдэг дуу байдаг шүү дээ. Нугас бол бас сонин л шувуу. Нямбай, чамбай гэж яана. Би өөрийгөө “Зургаа дахь нүдтэй байх” гэж хааяа онгирч боддог. “Дотроо харж байгаа болгоноо урлаг болгож чаддаг бол сайхан аа” гэж бас аягүй их шүүрс алддаг. Ер нь зураачид бол гайхамшигтай хүмүүс юм байна. Үнэхээр аймаар.   
 
-Та бидний ярилцлага ээжийн тухай сэдвээр эхэлсэн. Тиймээс эхийн тухай бичсэн шүлгээр тань өндөрлөе?
-Ээжийн тухай сэдвийг би тултал нь биш юм гэхэд өөрийнхөө хувьд хангалттай бичсэн. Хүмүүс ээжийгээ алдсан хойноо шүлэг, дуу бичих нь байдаг л даа. Гэхдээ тэр сонин ертөнцийг дэргэдээс нь ажиглаасай. Миний ээж бол Монголын мянга, мянган ээжийн төлөөлөл. Тийм ээж айл бүрт шувуу шиг хөөрхөн бөтийгөөд л сууж байгаа. Би ээжийн тухай нийтлэл олныг бичсэн ч шүлэг надад  цөөхөн бий.

Олон жилийн өмнө “Алчуураа хулгавчлаад эмгэд тэнгэрийн хаяа руу одчихож
Араас нь миний ижий алхаж л явах шигээ” гэж бичиж байсан юм байна.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

С.Тулга 


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ