Ч.Улааны цочир мэдэгдэл ба Н.Алтанхуягийн микро сэтгэлгээ
2013 оны 10 сарын 22
Ч.Улааны цочир мэдэгдэл ба Н.Алтанхуягийн микро сэтгэлгээ
“Төсвийн орлого нийт дүнгээрээ 1,8 их наяд төгрөгөөр тасрахаар байна” гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдлээ. Улс орны аж амьдрал, ард түмний хоногийн хоолтой холбоотой төсөв хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Үнэ нэмэгдэж байгаагийн цаана хээл хахууль, авлига байгаа. Үүнийг хэлэхгүй нэлээд тойрлоо. Одоо хэлчихье” гээд тоглоом шоглоом болгон инээгээд сууж байна.  Тэр бүү хэл “Би микро төвшинд ярих дуртай. Ч.Улаан сайд бид хоёр бол найз” гэж хэлээд алиалаад суух цаг мөн үү. Ерөнхий сайд аливаа зүйлийг их энгийнээр ярих дуртай. Асуудал албан ёсны хандах дургүй мэт харагддаг. Ямар сайндаа л эдийн засаг хүндэрчихээд байхад “Хүндрээгүй ээ” гэж гүрийж, худлаа инээгээд ч нууж чадахаа болж байх шиг байна. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар зарим гишүүд түүнийг нэлээд хатуухан үгээр гөвөөд өгөв. Тухайлбал, Р.Амаржаргал гишүүн “Хөөсрүүлсэн төсвийг УИХ-д оруулж ирсэн Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх үү, үгүй юү. Ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэг субьект Монгол Улсын хэмээнд байна уу. Сөрөг хүчнийхээ амыг таглачихаад, бүлгийг нь байгуулж өгөхгүйгээр төсөв баталж байсан. Ийм ажлыг гардан зохион байгуулсан  УИХ-ын удирдлага үүнд хариуцлага хүлээх ёстой юм уу, үгүй юү. Бид эцсийн  эцэст юу ч болоогүй юм шиг Монгол Улсын төсвийн тодотголын орлого тэдэн төгрөг, зарлага тэд гээд алх цохино. Харин хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бол би хариуцлага хүлээе. Би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.

Уг нь сөрөг хүчний зүгээс Н.Алтанхуяг сайд болон Засгийн газар руу чиглэсэн хатуухан үг урсдаг байсан бол энэ удаад намынх нь нөхөд хатуухан шүүмжилсэн нь түүнд нэгийг бодогдуулсан байж магадгүй. Тэгвэл Ж.Батзандан гишүүн түүнд хандаж “Ерөнхий сайд ард түмнийг хуурах гэж ирсэн хүн үү. Ерөнхий сайдыг  харахаар дандаа маасайтал инээгээд л нүүрс шуудайлахаас өөр ажилгүй хүн байх юм. Дөрвөн сарын алсын хараагүй, дөрвөн сарын мэдрэмжгүй Ерөнхий сайд” гэсэн бол Г.Баярсайхан гишүүн “Хорооны хэсгийн даргын хийдэг нүүрс гэх мэт ажлыг Ерөнхий сайд хийх хэрэггүй. Гишүүдийн шүүмжлээд байгаа зөв шүү дээ. Ерөнхий сайд аа, нүүрсний оронд глобал зүйл яримаар байна” хэмээсэн.  Түүнчлэн Төсвийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын үгэнд эмзэглэж "Төсвийн байнгын хороо муу ажилласан гэвэл би даргынхаа ажлыг өгсөн ч яах вэ" гэсэн юм. Энэ мэтчилэн эрх барьж буй АН-ын гишүүд Ерөнхий сайддаа уцаарлаж эхлэв. Тэгвэл сөрөг хүчний зүгээс Л.Энх-Амгалан гишүүн “Засгийн газарт хариуцлага тооцох цаг нь болсон байна” гэсэн бол Ч.Хүрэлбаатар гишүүн “Авлигажсан төсөв өргөн барьсан Ерөнхий сайдын төсвийг буцааж, АТГ-аар шалгуулсны дараа УИХ баталъя” гэв. Харин Ө.Энхтүвшин гишүүн “Олонхийн бүлэгт гэгээ татаж эхэлж байна. Эрх баригчид хариуцлага хүлээлгэхгүй байгааг тэвчихгүйдээ ажлаа өгнө гэж 2-3 хүн хэллээ” гэсэн юм.

Харин дараагийн өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг сөрөг хүчин буюу МАН-ынхан лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлэн чуулганы танхимыг орхин гарсан юм. Тэд Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд уцаарлаж “Худлаа юм сонсох гэж бид энд байгаагүй. Одоо Ерөнхий сайд худлаа ярьж эхэллээ. Та вакум орчноос гараач” хэмээв. Энэ мэтчилэн Ерөнхий сайд руу дайрсан давшилт болоод Ерөнхий сайдын худлаа инээд өнгөрсөн долоо хоногийн гол дүр байв. Гэхдээ бодит байдал дээр эдийн засаг дордоод байгаа нь туйлын үнэн билээ. Төрийн байгууллагуудын хоорондын өр авлага тамтагаа алдаж, төрийн сангаас цалингаас өөр зүйл гарахгүй болчихлоо. Энэ бол тоглоом биш. Ерөнхий сайд аа, тэнэглэл чинь дэндлээ. Айлын найран дээр очоод халамцуухан дуу дуулж байгаа нэгэн та биш. Одоо ухаан орох цаг чинь болоогүй юу.




У.САРАНГЭРЭЛ  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив