Мандах наран зүгт
2013 оны 10 сарын 29
Мандах наран зүгт
Сэтгэл, зүг нийлсэн “Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэмийн нөхөд
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм
Мал нь тогтуухан хүн нь аядуухан 
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм гэж аяласнаар уран бүтээлч аяллаа эхлүүлсэн юм. Дуу шигээ ийм л сайхан нутаг руу Сүхбаатар аймгаас гаралтай сэтгүүлчид хүлгийн жолоо залахад танил уулс, толгод алсаас бүдэндэхэд сэтгэл нэг л тайван. Тэнгэр хангай, уул ус минь нутгийнхаа сэтгүүлчдийг хайр ивээлээрээ тэтгэж хур бороо, хуй салхийг нэгээхэн ч үзүүлээгүй юм.  Урт замыг туулж явахад янзаагаа дагуулсан шаргачин, зээрийн сүрэг тоос татуулан давхилдаж, тал нутгийн байгалийн өвөрмөц ертөнц энд л шингэж байв. 

Бидний аялал Улаанбаатараас 560 км замыг туулсны дараа Алтан дарь овоо, Ганга нуурын үзэсгэлэн бүрдсэн хунгийн чуулгыг үзэхээр зорилоо. Дарьганга нутгийн үзэсгэлэн гоо яах аргагүй Алтан овоо. Гүвээ даван гарч ирэхэд холоос сүдэнтэх хайрханы барааг харахад үнэхээр сэтгэл хөдөлж, миний нутгийн шүтээн уул минь гэж бахдал төрж явсан юм. Ийм мэдрэмж энэ л нутгийн хүн бүхэнд бадаг нь лавтай. Уулсын хормойд наран авхай ивээх улаан туяагаа цацруулах тэр агшинд Ганга нуурын мандал дээр хос хосоороо хөвөх цагаан шувууны барааг тольдон харах аз бидэнд тохиосон юм.  Гунганалдах дуу нь сэтгэлийн гүнд нэг л гунигтай, гашуудалтай мэт сонсогдох ч хун хэмээх шувуун сүрэг, чуулгыг хүн бүхэн  үзээд, хараад байдаггүй. Харин сэтгэл, зүг нийлсэн сэтгүүлч нөхдийн энэ удаагийн аяллын хамгийн сайхан хором, мөч энд л үлдэж байсан юм.

Ганга нуураас ниссэн хун намартаа заавал чуулдаг, Ганга нуураас явсан хүн насандаа заавал эргэдэг гэдэг. Энэ л зөн, мэдрэмж аялагч сэтгүүлчдийг цуглуулж, Оргихын булгийнхаа хормойг тойрон зогсож, бидний нөхөд энэ л дуугаа аялж, бас ч болоогүй Ганга нууранд чуулсан хунгийн сүргийн бараа, ганганах, гуугалдах дуунаас холдмооргүй санагдан цагаан гэгээ тасартал зогсож билээ. 

Жаргал тэвэрсэн наран миний нутгаас манддаг юм 
Жаахан шарганы төвөргөөн миний нутгаас сонсогддог юм 
Торой бандийн исгэрээн миний нутгаас эгшиглэдэг юм 
Тохмын үнэртэй салхи миний нутгаас сэвэлздэг юм гэсээр өглөө эртлэн босож, алдарт Шилийн богд уулынхаа оройд гарч, ургах улаан наранг уухайн дуугаар мандуулж, Зотол хайрханыхаа сүрлэг барааг харсаар энэ нутгийн ид, шидийн мэт үзэсгэлэн бүрдсэн газраар явах хувь тохиол байсан юм.

“Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэмийн аялал олз омог дүүрэн, байгалийн сайхантай учирч явсан нь ч азтай. Хунгийн чуулгантай хувь тохиолоор учирсан бол тал нутгийн зэрлэг амьтан буга, согооны сүргийг ойроос харах боломж бүрдсэн юм. Ийм тохиол учрал тэр бүр олдоод байдаггүй хэдий ч зүг, сэтгэл нийлсэн Сүхбаатар нутгаас гаралтай сэтгүүлчдэд тааралдаж, эргэн учрах ерөөл бэлгэдэн явсан нь энэ.                                     

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Мандах наран зүгт
Мандах наран зүгт
Мандах наран зүгт
Мандах наран зүгт
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив