Үнэний өмнө үгэн сум хүчгүй
2012 оны 5 сарын 2
Хувьсгалыг ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарууд хүртдэг гэж үг бий. Тийм, үгүйг мэдэхгүй. Шинжлэх ухаанаар батлах боломжгүй. Практикаар батлагдсан нь бас үгүй. Харин би нэг зүйлийг баттай мэднэ. Мэдэрч амьдарч байгаа учраас баталж бас чадна. Энэ цагийн монголчууд бид хувьсгал хийсэн ухаантнаа үнэлэхгүй, хүндлэхгүйюм. Хүлээн зөвшөөрөхгүй нь ч байна. Хэрвээ ухаантнууд хувьсгал  хийдэг, хувьсгалын үр дүнг бусад нь хүртэж амьдардаг нь үнэн л юм бол тэднийхээ гавьяаг үнэлж хүлээн зөвшөөрч яагаад  болдоггүй юм.
 
Түүхийн хүрдийг  нэг их урагш нь эргүүлэх албагүй. Наахнаас эхлэхэд л хэрвээ 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн гараагүй, ардын хувьсгал мандаагүй, тусгаар тогтнолыг НҮБ хүлээн зөвшөөрөөгүй, 1990 оны ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол Монгол гэж улс дэлхийн газрын зурагт ямраар тэмдэглэгдэн үлдэх байсныг өнөөдөр хэн ч эс мэднэ. Тэгэхээр эдгээр хувьсгалыг санаачилсан, гардан хийлцсэн эр зоригтнууд бол монголчуудад үл мартах гавьяатай мөнхийн баатрууд юм. Тэдний өмнө мэхийе.

Хувьсгал гэдэг дандаа зэвсэгт тэмцэл биш. Энэ цаг үед л гэхэд Монголын хөгжлийн төлөө, монголчуудын элбэг хангалуун амьдралын төлөө эдийн засгийн хувьс гал санаачилсан, гардан хий­сэн хүмүүс олон бий. Гэтэл тэд­нийгээ байгуулсан гавьяаных нь хэмжээнд үнэлэн нэрийг нь тодруулж, хийсэн хувьсгалынх нь үр дүнгээс хүртэж буйгаа хүлээн зөвшөөрдөг бил үү, бид. Эсрэгээрээ, харин ч хувьсгал санаачилсан, гардан хийсэн баат­рууд маань цагийн саал­тан дор нэг л мэдэхэд адгийн шаарууд болчих юм. Адгийн шаар болго­чихсон байх юм. Үүнийгээ “Монголчуудын тамын тогооны үлгэр” гэж өөрөөсөө зайлуулна. Буруу нь хүндээ биш, угаасаа л монгол хүн бүрт байдаг уламжлалт зан юм байх. Жишээ нь:
1. Д.Бямбасүрэнгийн Зас­гийн газар малыг малчдад үнэгүй хувьчилсан. Энэ нь ардчилсан Монгол Улсад анхны хувийн өмчтнүүдийг төр бодлогоор төрүүлсэн хэрэг юм. Өнөөдрийн мянга мянган мянгат малчид, 40 гаруй сая мал, малын буяныг эдлэн амьдарч байгаа бизнемэнүүд чухамдаа тэрхүү шийдвэрийн амьдрал дээрх бодит тусгал билээ. Мэдээж, тэр үеийн парламент дэмжиж хамтаараа хийсэн ч, гардсан “хувьсгал”-чид нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Шадар сайд нар болох Да.Ганболд, Д.Дорлигжав нар байлаа.
2. 1996 онд залуу ардчиллагчид түүхэндээ анх удаа засгийн эрх барив. Дөрвөн жилийн хугацаанд тэд олон Засгийн газар сольсон, алдсан, оносон. Гэхдээ дараагийн сонгуулиар засгийн эрх шилжих мөчид олон хүн хувийн өмчтэй болсон байв. Тэдгээрээс М.Энхсайханы Засгийн газар орон сууцыг үнэгүй хувьчилсан нь түүхэнд тод мөртэй үлдэх нь гарцаагүй. Иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй, түүнийгээ барьцаалан бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй болгосон энэ “хувьсгал”-ыг дэмжиж хуульчилсан нь тэр үеийн парламент ч, санаачилж гардан гүйцэтгэсэн нь М.Энхсайхан, түүний Засгийн газрынхан юм.

3. 2000 онд МАХН парламентад үнэмлэхүй олонхийн суудал авлаа. Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, газар хувьчлах шийдвэр гаргав. Өмнөх парламентын үед газрыг хувьчлах санаачилга хэд хэдэн удаа гарч байсан ч, парламент дахь хүчний харьцаа ойролцоо учраас эрх баригчид санасандаа хүрч чадаагүй юм. Харин Н.Энхбаярт тийм хөндлөнгийн эсэргүүцэл байсангүй. Нам нь УИХ-д 72 суудалтай, өөрөө намын дарга, Ерөнхий сайд учраас тэрээр парламент, засаг, нам гурвыг гурвууланг нь нэг гараар төвөггүй зангидаж байлаа. Бүр сөрөг хүчнийхэн нь түүнийг дэмжиж, Баабар “хэрвээ Н.Энхбаяр газрыг хувьчилж чадвал түүнд алтаар хөшөө босгож ч болно” гэж бичиж байв.

4. Н.Энхбаярын Засгийн газрын бас нэгэн гавьяа нь ОХУ-д манай улсын төлөх ёстой шилжих рублийн их өрийг тэглүүлсэн явдал юм. Ардчилсан намынхан энэ өрийг төлөх ёстой, ёсгүйн тухай улс төр хийж байсан ч, энэ намын хамгийн хүчирхэг лидер  Ерөнхийлөгч болсон хойноо дутууг нь гүйцээн төлсөн. Энэ нь их өр гэж байсан, түүнийг манай улс заавал төлөх ёстой байсныг илтгэдэг. Хэрвээ Н.Энхбаяр зориглон санаачилж, одоогийн Ерөнхий сайд \тэр үед Гадаад хэргийн дэд сайд\ С.Батболд, УИХ-ын гишүүн \тэр үед ОХУ-д Элчин сайд\ С.Баяр  нар тэргүүлэн  Гадаад яам, Сангийн яамны чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж их өрийг тэглээгүй, хаагаагүй байсан бол монголчууд бид өдийд Оюутолгойгоо гуравдагч орны хөрөнгө оруулагчдад эзэмшүүлж, Тавантолгой дээрээ өөрсдийн дураар тендерийн нөхцөл тулгаж чадах байсан уу. Хэрвээ их өрийн гинжнээс мултраагүй байсан бол Монгол Улс “Эрдэнэт” дэх хувиа нэмж, төмөр замд зэргэцүүлэн төрийн өмчит компани байгуулж дөнгөх үү. Төмөр замынхан  Америкийн Мянганы сорилын сангаас 188 сая ам.долларын буцалтгүй тусламж авах эрхтэй болсон. Гэвч төмөр замын нөгөө талын хөрөнгө оруулагч болох оросууд зөвшөөрөөгүй, болиулсан. Энэ тухай  Оросын төмөр замын дарга Якунин “үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг юм” гэж хэлж байлаа. Манай улстөрчид түүний энэ үгийг олон юман дээр  зүйрлэн хэлсэн ч, оносон нь цөөхөн. Хэрвээ Монгол Улс их өрийг хаагаагүй байсан бол оросуудад Оюутолгой, Тавантолгойг үнэгүй бяслаг болгон авах жинхэнэ хавх нь тэрхүү их өр болох байсныг үгүйсгэх аргагүй юм.

5. С.Батболдын Засгийн газрын өнгөн дээр Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувь өслөө. Энэ өндөр өсөлт жирийн иргэдийн амьдралд төдийлөн наалдахгүй, мэдрэгдэхгүй л байгаа. Гэхдээ Монгол Улс энэ өсөлтөөр  дэлхийн номер нэг эдийн засагтай их гүрэн Хятадын өмнө гишгэсэн нь, хөндлөнгийн экспертүүд Монголыг хөгжлийн гараан дээрээ ирлээ гэж дүгнэж байгаа нь үнэн билээ. Монголын компаниуд анх удаа  дэлхийн дэвжээнд гарч, дэлхийн дүрмээр тоглох болсон, монголчууд Хөрөнгийн бирж, хувьцаа ярьдаг “дэлхийн иргэд” болж эхэлсэн нь бас үнэн билээ. Эдгээр боломжийг уул уурхай, Оюутолгой, Тавантолгой олгов. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурвуулаа хамтарч зүтгэсэн нь хоёр парламент дамжин гацсан Оюутолгойн төслийг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээг батлахад хүчтэй дэмжлэг болсон юм. Оюутолгойн төслийг эхлүүлэх санаачилга, дэмжлэг нь ард түмэн, төр засаг байсан хэдий ч, ачааны хүндийг үүрч хамаг “гал тогоо”-ны хар бор ажлыг гардсан “хувьсгал”-чид нь С.Баярын Засгийн газрын залуу сайд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар байлаа. Оюутолгойн гэрээг баталснаар Монголын эдийн засаг өслөө. Төсвийн орлого нэмэгдлээ. Оюутолгойд 12 мянган монгол хүн ажиллаж, 2400 гаруй  аж ахуйн нэгж төслийн дагалдах бизнест оролцож нэг тэрбум шахам ам.долларын ажил гүйцэтгэж байна.

Ерөнхийдөө Д.Зоригт сайдын тэргүүлдэг эрдэс баялаг, уул уурхайн салбар төсвийн орлогыг  олж цуглуулж, бусад нь хуваан тарааж зарлагаддаг  боллоо. Оюутолгой,Тавантолгойн мөнгөөр оюутнуудад цалин олгож, ахмадуудад сая төгрөг амлаж, иргэдэд 21 мянган төгрөг, үнэгүй хувьцаа тарааж, улстөрчид сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаа эдгээр ордын орлогоос хааж байна. Эмнэлэг сургууль, 100 мянган айлын орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр эндээс л гарч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн онож хэлснээр Оюутолгойн гэрээг баталснаар монголчууд үнэхээр улсаараа урагшаа нэг алхжээ.

6. Нэгэн үе төрсөн бие нь бараг төрийн өмч байсан монголчууд өнөөдөр  эрх чөлөөтэй, хувийн өмчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй,  эдийн засгийн эх үүсвэртэй болсон нь үнэхээр гайхамшигт үйл явдал. Бидний 20 жилийн дотор олж авсан, хүрсэн энэ гайхамшгийн төлөө зарим улс орон хэдэн арван жил тэмцэж, дайн байлдаандаа хүрч, хэдэн мянган хүний амь нас төлөөд ч санасандаа хүрээгүй явна. Араб, Хойд Америкт дөнгөж одоо л, биднийг бодвол хамаагүй их хохирол, өндөр үнэтэй өнгөт хувьсгалуудаар эхэлж байна. Гаднынхантай хамтарч баялгаа ашиглана гээд бүр гадагшаа алдчихсан улс ч бий. Баялагтайгаа хамт хүний эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнолыг тавиад туучихсан нь ч байна. Эдгээртэй харьцуулахад монголчууд бид үнэхээр азтай, амны хишигтэй ард түмэн.

Харин заримдаа л “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг аашлах гээд байх юм. Өөрөө л байхгүй бол дэлхий сөнөж, улс орон сүйрчих гэж байгаа юм шиг улс төрд дахин дахин зүтгэдэг хүмүүс олон болов. Ганцаараа шударга,  бусад луйварчин юм шиг, би л болж байна, бусад нь болохгүй байна гэж “би”-гээр өвчилсөн, бусдадаа үргэлж сэтгэл дундуур явдаг нь ч байна.  Гэхдээ л ард түмний олонхи нь, бүр хэт олонхи нь уранхай ноорхой хувцастай, өлөн зэлмүүн ч бай эцсийн дүндээ амар амгалан амьдрал, эрх чөлөө л хамгаас чухал гэдгийг сайн ойлгодог. Тэд өндөр өндөр шилэн байшин, гоё ганган машин, тансаг хаус бол ердөө л хэрэглээ, дайвар асуудал болохыг маш сайн мэддэг. Тийм учраас олонхио хүндэтгэж, том зургаа харж, заримдаа ч болов улс орны хэмжээнд болж бүтэж байгаа юмандаа сэтгэл хангалуун өөдрөг тэмүүлэлтэй амьдарцгаая. Болгож бүтээж байгаа хүмүүстээ хааяа ч болов талархая. Тэдний хувь хүнийх нь алдааг шүүмжилж болох ч, бүхлээр нь адгийн шаар болгож,  улс орны хэмжээнд байгуулсан урьдын гавьяаг нь баллуурдах хэрэггүй.

Н.Энхбаяр, М.Энхсайханыг буруутгаж, Л.Гансүх, С.Баярцогтыг баалж, Д.Зоригтыг огцруулах гэдэг хүмүүс бүгдээрээ л хувьдаа байртай, газартай, бас малтай, аягүй бол Оюутолгойн дагалдах бизнестэй холбоотой л  нэгэн байгаа. Тэгсэн атлаа ийм боломж олгосон авторыг нь үгүйсгэдэгт л улстөрийн бохир нь байдаг байх. Ер нь бид нийгмийн шилжилт таарсан түүхийн нэн сонин цаг үед олон мундаг, түүхэн  хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарч байгаадаа бахархмаар. Гэтэл заримдаа харин ч тээр шаах янзтай. Жишээ нь, Ц.Элбэгдорж, Баабар, Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэнг дэлхий тоож байхад монголчууд бид тэднийг тогоон дотроо мянга муулаад яах юм. Зарим улс оронд соён гэгээрүүлэгчдээ төрөөс орон байраар  үнэгүй хангаад дараа нь гэр музейг нь болгож алдаршуулдаг гэж уншсан. Мал, байр, газрыг хувьчилж, их өрийг хааж, Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн автор нь үнэн л юм чинь  үгэн сумаар мянга шүршиж үгүйсгээд яах юм. Үнэний өмнө үгэн сум хэзээд хүчгүй шүү дээ. Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив