М.Энхболдод өгсөн эрх мэдэл Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдэх үү
2013 оны 11 сарын 5
М.Энхболдод өгсөн эрх мэдэл Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдэх үү
МАН-ын XXVII Их хурал гурван өдөр болж, намын шинэ даргаа сонголоо. Хамгийн сонирхолтой нь намын даргын сунгаад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр болон залуучуудыг төлөөлж МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэр дэвшсэн юм. Гэвч М.Энхболд, Т.Аюурсайханаас бусад нь нэрээ татсан явдал. Үнэн чанартаа МАН-ын том лидерүүд нэг тал болж, тэдний  эсрэг Т.Аюурсайхан ганцаараа өрсөлдсөн. Гэхдээ МАН-ын даргын эцсийн сунгаад хоёр нэр дэвшигч үлдснийг тооцвол М.Энхболд өрсөлдөөнгүй сонгогдсон хэрэг.

Түүх сөхье. 2007 оны аравдугаар сард тухайн үеийн МАХН-ын XXV Их хурал намрын халуун өдрүүдийг санагдуулан халуухан уур амьсгалтай болсон. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын “Элсний 13”, У.Барсболдын “Улаан сарнай” болон Шинэ эргэлт, Онц их хөдөлгөөн хүч хавсарч М.Энхболдыг намын дарга, Ерөнхий сайдаас огцруулж, тэд санасандаа хүрсэн юм.  Ингээд Их хурал хаалтаа хийхэд С.Баяр намын дарга болсон. Тэр үед С.Баяр “Надад эрх мэдэл өгөөч” гэсэн том бөгөөд “аймар” мэдэгдлийг хийсэн удаатай. Энэ дагуу намын нөхөд нь эрх мэдэл өгсөн. Харин 2007 оны өвөл С.Баяр Ерөнхий сайд болж байлаа. Тэрбээр чуулганы танхимд Оюутолгойтой холбоотойгоос гадна сонин үг хэлсэн байдаг. Одоо бодоход Н.Энхбаярын “Элсний 13”-ыг дайруулж хэлсэн үг гэж бодогдохоор. Учир нь “Элсний 13” С.Баярыг гаргаж ирснээ хожуу ухаарсан. Гэхдээ С.Баярт эрх мэдэл өгч, Ерөнхий сайд болгосныхоо хариуд тэд гомдох шалтгаан бий. Учир нь С.Баяр “Элсний 13”-ыг эрх мэдлийн тойргийн гадна үлдээн жийсний зэрэгцээ түүний хэлдгээр “Бухал сахисан ноход” болгосон.

Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Баяр АН-тай нэгдэж, Н.Энхбаярын эсрэг ажилласан. Ингээд тухайн үед С.Баяр, Н.Энхбаяр нарын хагарал хурцадсан юм. Мөн тус нам нэрээ сольж, хоёр хуваагдсан нь нэрмээс болсон. Экс Ерөнхийлөгч МАХН-ын XXVI Их хурлаар уугуул нэрээ сэргээхэд нь ганцаараа эсэргүүцсэн. Гэхдээ Н.Энхбаяр МАХН гэсэн нэрийг өмчилж, тэр үед Ц.Элбэгдоржийг ОХУ руу айлчлах үед намаа тунхаглачихсан. Энэ үед МАН буруу тооцоолсон. Гэхдээ Н.Энхбаяр улс төрийн гуравдагч хүчнийг байгуулж, даргаар үлдсэнээс гадна 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд М.Энхсайханы МҮАН-тай хүч хавсарч нийслэл, аймаг, хороодод төлөөлөлтэй болж, УИХ-д 11 суудал авч чадсан. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Харин МАН олонхи болж чадалгүй ялагдсан. Энэ мөчөөс АН эрх баригч хүчин болсон. Нөгөөтэйгүүр эрх баригч хүчинд шүүх, цагдаа, авлигатай тэмцэх газар нь бэлэг болж ирдэгээр сөрөг хүчнийг номхотгох бамбай болсон. Энэ нь ч эрх баригч хүчинд уламжлагдан ирдэг бичигдээгүй хууль учраас. Харин МАН ийм боломж, нэг үгээр хэлбэл гол машинаа алдсан. Одоо ч МАН-ынханд ялагдлын шок нь арилаагүй, эрх баригчийн өвчнөөсөө салж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр сөрөг хүчний тоглолтоо олигтой хийж чадахгүй байгаа юм. Үүн дээр сонин дүр зураг бууж байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан 12 жилийн хугацаанд гурван ч удаа сөрөг хүчин байсан. Энэ хугацаанд тэд сөрөг хүчний тоглолтыг хийж, давуу хожил авсан. Харин МАН-ынхан сөрөг хүчний имижийг бүрдүүлж чадах уу. Гэвч энэ хугацаанд МАН АН-ынханд оноо алдсаар л байна.

Харин МАН-ынхан XXVII Их хурлаа хийж, намын шинэ даргаа сонголоо. 2005 онд М.Энхболдыг намын дарга, УИХ-ын гишүүн байхад тэр үеийн Засгийн газрыг Ц.Элбэгдорж тэргүүлж байсан. Гэхдээ үнэмлэхүй олонхи болж чадаагүй учир МАХН, АН-ынхан их эвслийн Засгийн газрыг байгуулсан билээ. Харин МАХН-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах акц зохион байгуулж, үүнд нь Л.Гүндалай нар багтаж байсан юм. Тэр үед Ц.Элбэгдорж “Бид бүр олууллаа болж орж ирнэ. Э.Бат-Үүл, С.Зориг нартаа баярлалаа” гэснээр Ерөнхий сайдаасаа огцорсон. Харин түүний оронд М.Энхболд Ерөнхий сайд болсон. Энэ бол сонин дүр зураг. Гэхдээ МАН-ын шинэ дарга М.Энхболд ямар тоглоомын дүрэм зохиож, АН-д хэрхэн хариу барихыг хүмүүс ажиглаж байна. АН-ын Засгийн эрхэнд гарч, эрх мэдэлдээ бялуурч суугаа. Н.Алтанхуяг ч энэ дагуу эрх мэдлийн бялууг намынхаа фракцийг нэгийн ч үлдээлгүй хүртээсэн. Харин бялуундаа бялуурсан зарим нь Н.Алтанхуягийг огцруулах төлөвлөгөөг хэдийнэ боловсруулсан гэдэг. Энэ байдлаараа ч Н.Алтанхуягийн Засгийн газар 2016 оны сонгууль хүртэл наслах уу гэдэг үлдээд байгаа. Харин засгийн эргэлт ирэх жилийн наадмын дараа гарч магадгүй гэх нь бий.

Н.Алтанхуяг хоёр хүний тохойг түшиж яваа. Тэр нь Ц.Элбэгдорж, З.Энхболд нар. Ардчилсан хүчний холбоог байгуулж, “Алтангадас”-ын эсрэг ажилласан хүн бол З.Энхболд. Харин одоо З.Энхболд Н.Алтанхуягийн эсрэг фракцийг барьж чадах уу. “Женко” З.Энхболдын орон зайг эзэлж, "МоАХ" фракци хяналтаа алдсан. Тэгвэл Ардчилсан хүчний холбоо Засгийн газрыг аварч чадах уу гэдэг үлдээд байна. Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болж байгаа. Тэгэхээр Н.Алтанхуяг хэрэггүй. Түүнээс гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ард Н.Энхбаяр бий. М.Энхболдын дайсан нь Н.Энхбаяр. Тэгэхээр М.Энхболд Засгийн газрыг унагаж,  МАН-ыг засгийн эрхэнд оруулах хэд хэдэн төлөвлөгөө болосвруулж суугаа нь лавтай. Тиймээс “Женко” Х.Баттулга Ерөнхий сайд болж, өөрөө Шадар сайд яагаад болохгүй гэж. Энэ нь ч “Женко” Х.Баттулгад ашигтай. Харин МАН-ын XXVII Их хурлын үеэр М.Энхболд намын даргад өрсөлдөхдөө их бардам, өөртөө итгэлтээ байсан. Тэр ч үүднээсээ хотын фракцийнхныг чамгүй цуглуулж чадснаар түүний илт бардам зан нь цаанаа юуг илэрхийлж байна гэдэг нь сонирхол татаж буй. Тэгэхээр ийм л дүр зураг улс төрд өрнөж буйг харж болохоор. Нөгөөтэйгүүр М.Энхболд МАН-ын дарга болсноор Монголын Улс төр сонирхолтой болж эхэллээ.
                                 



  С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив