Тэнгэрлэг хайрын бэлэг
2013 оны 11 сарын 5
Тэнгэрлэг хайрын бэлэг
Эрдэнээ өнөөдөр бүхэл бүтэн 12 жил хайсан хүнээ олж, хайртай ахынхаа сүүлчийн хүсэлтийг биелүүлж чадсандаа сэтгэл нь бага ч атугаа онгойсон ч цаанаа л нэг уйтай. Тэрээр гэртээ яагаад ч юм тогтож сууж ядан байтал утас нь дуугарав. Арай гэж бодохын сацуу зүрх нь хатгуулж сандарсан ч аль болох тайван дуугаар утасаа авлаа. Тиймээ тэр бол түүний зогсоо зайгүй цуцалтгүй хайж байсан тэр л хүн байсан юм. Тэр хоёр инээхдээ инээж, уйлахдаа уйлсаар бараг найман цаг яриад эргэж холбогдоноо гээд сая нэг яриагаа дуусгав.
Эрдэнээ хөргөгчнөөсөө виски гарган мөстэй холиод өрөөндөө орж түшлэгтэй сандал налан гүн бодолд автлаа.
****
Эрдэнээг долоо найм орчим настай байхад тэдний доод давхарт Зандан хэмээх аавынх нь найзынх нүүж ирж билээ. Тэд хоёр гэрээрээ орж гаран дотно сайхан нөхөрлөцгөөнө. Эрдэнээ айлын ганц хүү байсан бөгөөд Зандан бас Болдоо хэмээх арван найм, ес орчим насны нэг хүүтэй айл байв. Эрдэнээ Болдоо хоёр дороо ах дүү болцгоолоо. Болдоо сайхан залуу, сайн ч бүжигчин. Тэрээр бүжгээс гадна философи их сонирходог. Гэвч эцэг эхийн шахалтаар өөрийнхөө хүсэл мөрөөдөл, сонирхол хоёрын алингаар нь ч явсангүй.
Эрдэнээ нэг өдөр хичээлээ тараад харьж явтал Болдоотой таарчихав.
- Болдоо ахаа, сайн уу
- За ахын дүү хаа хүрч явна
- Хичээлээ тарчихаад, харих гэж явна. Та хаачих гэж байгаа юм, би таньтай хамт явъя тэгэх үү? Та дүүгээ нэг удаа дагуулаад явчих л даа, би ер саад болохгүй
- Ха ха ха...за тэгье. Тэр хоёр явсаар ДСНК оров. Тэнд дөрөв таван хүүхэд хөгжим тавьчихсан талбай дээр нь бүжиглэж байгаа харагдана. Эрдэнээ анх удаагаа Болдоо ахыгаа тэгэхэд анх удаа бүжиглэж байхыг харж билээ. Эвсэлтэй гэж жигтэйхэн, хамгийн мундаг нь байлаа. Тэгтэл Болдоо Эрдэнээг дуудан
- Эрдэнээ чи хамт бүжиглээч. Бид хэд тэмцээнд орох гээд бэлдэж байгаа юм. Эрдэнээ ч дуун дээр нь уухайн тас хажууд нь очин дагаж хийлээ.
- Чи чинь харин хаа очиж их эвсэлтэй юм байна. Гарынхаа шавиа болгоноо гээд нэг их сайхан инээв. Тэд бэлдсээр " Одод болох хүслэн " хэмээх тэмцээнд орж түрүүлцгээв. Эрдэнээ санамсаргүй байж байгаад бүжиглэдэг болж, тэр мөртөө тэмцээнд хүртэл орж түрүүлсэндээ урам орсон гэдэг тоймгүй. Тэр өдрөөс хойш ямар л бүжиг шинээр гарна бүгдийг нь Болдоо түүнд зааж өгдөг байв. Эрдэнээд хамгийн их таалагдсан нь ламбада байлаа. Эрдэнээ тэр зундаа пионерын зуслан явж ганц ганган хийдэг ламбадагаа хийхэд зуслангийн ах эгч нар нь өхөөрдөн элдэв ховор амттанаар шагнацгаана. Нүүр нь хагарсан тэрээр намар сургуульдаа ирж сургуулийнхаа ёстой л од бүжигчин нь болов. Тэрээр энэ бүхнийгээ Болдоо ахдаа хэлэхэд өхөөрдөнгүй толгойг нь нэг илээд " Өшөө их юм сурч, хол явна шүү. Иймхэн зүйлд онгирч биеэ тоож болохгүй. Хүний чаддаг бүхнийг чаддаг болох л хэрэгтэй " хэмээн аминчилан захиж билээ.
Эрдэнээ Болдоо ахыгаа сүүлийн үед түүнд цаг бага зарцуулаад байгаад жаахан гомдосхийн, уурлуулчихсан юм болов уу хэмээн хичнээн бодовч яаж ч бодсон учрыг нь олохгүй байгаад дэмий л гайхан өдөр бүр ахыгаа хайн эргүүлдсээр. Гэрт нь очихоор л хүн байхгүй. Ээжээсээ асуутал гадагшаа дотогшоо явсан байлгүй гээд өнгөрөв.  " Сонин юм даа, уг нь Болдоо ах ээж, аавыгаа дагаж явдаггүй дээ. За байхгүй хойгуур нь өөрөө ч гэсэн юманд явчихсан юм болов уу? Дүүдээ хэлэхгүй муу ах байна даа" хэмээн гомдонгүй бодлоо.
Эрдэнээ тэр нэг өдөр хичээлээ тараад харих гэж явтал байрных нь урдах саравчинд танил цамц харагдлаа. Тэрээр ойрд баярлаагүйгээр баярлан Болдоо ах аа гэсээр гүйн очтол ах нь нэг хөөрхөн эгчтэй инээмсэглэн хамт байж байв.
- За дүү хүү сайн уу, танилц ахынх нь найз охин Урнаа. Эрдэнээ “ Хөөх ийм хөөрхөн эгч байдагаа”  хэмээн өөрийн эрхгүй бодсоноо гар барин танилцлаа. Тэрээр их л баяртай гэрлүүгээ явж байв. " Манай Болдоо ах өөрөө ийм сайхан залуу юм чинь хамгийн хөөрхөн эгчтэй л найзлана. Би ч гэсэн ах шигээ том сайхан залуу болохоороо яг Урнаа эгч шиг ийм хөөрхөн найз охинтой болно " гээд өөрөө л найзтай болсон юм шиг хөөрч явлаа.Эрдэнээ тэр хоёрыг харах тоолондоо  Болдоо ахаа, Урнаа эгчээ гээд ямарч зорилгогүй гүйж оччихоод өөдөөс нь харж инээчихээд л буцаад гүйгээд явчихдаг байж билээ.
 ...Эрдэнээ энэ бүхнээ бодоод инээмсэглэн босч бие засчихаад, дахин хоосон хундагаа дүүргэж аваад тамхи асаан үргэлжлүүлэн бодолдоо оров. Тэгтэл эхнэр нь босч ирээд
- Миний хань одоо унтахгүй юмуу, ингэж өөрийгөө зовоох хэрэг байна уу?
- За одоохон унтлаа хө. Чи минь унтаж бай, сайхан амраарай гээд үнсээд явуулав...
Эрдэнээ Болдоо ахынхаа үргэлжийн инээмсэглэж явдаг тэр нүдийг хэзээ ч мартдаггүй. Болдоо Урнаа хоёрын хайр улам гүнзгийрсээр. Тэр хоёр хамтдаа байхдаа тэнгэрийн амьтад шиг цаанаа л нэг гэгээлэг, биширмээр харагддаг байв. Урнаа эгчийнх нь инээх тоолонд ил гарах тэгш цагаан шүд, тунгалаг царай, яг уруулынхаа хоёр хажууд хонхойх чимх хонхорхой нь цаанаа л нэг эгдүү хүрмээр.
Нэг нэгнээ яаж хайрлаж байгааг хараад өөрөө хэдий жаахан ч гэсэн хайр гэдэг ийм байдаг юмуу хэмээн боддог байж билээ. Тэр хоёр нэг ч удаа нэгэндээ муу үг хэлж, нэгэнлүүгээ муухай харж байсангүй.
- Урнаа би чамтай учирсан их азтай залуу
- Би ч гэсэн чамтайгаа учирдаг. Намайг гээд хайрлаж байгаа чиний хайранд би хайлахгүй байж чадаагүй. Надад чи л байхад болоо. Өөр юу ч хэрэггүй
- Тиймээ, би чамдаа хайртай, бид хоёрт зөндөө саад тулгарах л байх. Тэгсэн ч гэсэн би үхтэлээ ганцхан чамд хайртай байх болно
- Баярлалаа хайрт минь, энэ их хайрыг чинь дааж явнаа. Би урд нь эрэгтэй хүнийг ингэж хайлдаг гэж боддоггүй байсан. Чи минь ер бусын залуу шүү
Тэр хоёр хаа сайгүй цугтаа, дандаа хөтлөлцөн инээчихсэн явж харагдана. 1990-д оны эхээр өөрчлөлт шинэчлэлт гээд хүн бүхэн барьц алдан учраа олохгүй байсан үе. Болдоогийн аав ээж хоёр хувийн компани байгуулан гадагшаа дотогшоо явах нь бүр ч ихсэж Болдоо Урнаа хоёр ч энэ сиймхийгээр нь тэднийд байдаг болов. Эрдэнээ өдөртөө заавал нэг орно. Орох тоолонд нь Болдоо ах нь Урнаагаа эрхлүүлчихсэн халуун дулаан үг хэлэн хошуу салгахгүй үнсэн суудаг байж билээ. Эрдэнээ эхэндээ ичдэг байсан ч сүүлдээ хэн хэн нь тоохоо болив.
Урнаа Эрдэнээ дүү минь гээд түүнд их сайн. Урнаа анх Эрдэнээг харчихаад Болдоогийн төрсөн дүү гэж бодсон гэнэ. Дараа нь ямарч хамааралгүйг сонсоод ямар адилхан юм бэ....хэмээн уулга алдаж байсан удаатай. Тэр орой Урнаа эгч нь сайхан хуушуур хийж өгч гурвуулаа жаал тоглож байгаад Эрдэнээ гэрлүүгээ явлаа. Маргааш нь сурсанаараа ортол Болдоо байдгаараа хөөрчихсөн ээж, аав хоёрыг ирэхээр Урнаагаа танилцуулна, тэгээд хамтдаа амьдарна. Бид хоёрын хуриман дээр хүндэт зочны суудалд суугаарай хэмээн хэлэхэд Эрдэнээ ч хөөрөн мөдхөн болох хуриман дээр чинь ламбадагаа бүжиглэж өгнө гээд тэр хоёрыг инээлгэж билээ.
Гэвч Болдоогийн ээж, аав хоёр Урнааг санасан шиг хүлээж авсангүй. Урнаа бол олуулаа гэр хороололд амьдардаг. Энэ хэцүүхэн цагын хөлд нь үрэгдчихгүйхэн шиг бүдчин ядан яваа эгэл нэгэн айлын ууган охин билээ. Болдоог эцэг эх нь загнан зиндаа ойролцоо хүнтэй суулгана,  одоо юу юу ч үгүй байж юун хүнтэй суух хэмээн дургүйцэв. Болдоо анх удаагаа ээж аавтайгаа ам зөрөн өөрийнхөөрөө зүтгэсээр хаалгаа саван гэрээсээ гарлаа.
Тэрээр гэрээсээ гараад Урнаагийнх уруу нэг явах гэснээ болин Доогий хэмээх найзынх уруугаа явлаа. Тэрээр юу ч хэлэлгүй архи хундаглан уусаар. Доогий рок хөгжим сонирходог түүний сайн найз бөгөөд өндөр гэгзгэр туранхай, үсээ урт ургуулан, байнга хумсаа хараар будаж явдаг бөгөөд тэрээр юм л бол чигчий хурууныхаа хумсыг хэмлэн хоёр хөлөө займчин суудаг, бас л этгээд сэтгэхүйтэй залуу.
- За хөгшөөн юундаа уйлдаг юм. Болж л таарна, бүр болохгүй бол мань шигээ тусдаа гарчих
- Доогий, би яах учраа мэдэхгүй байна. Би Урнаадаа дэндүү хайртай. Чамд заримдаа атаархах юм. Би тэр хоёроос тусдаа гарвал аав ээжийг яаж зовооно гэж бодно
- Гайгүй байлгүй дээ хө, чи тэгээд яаая гэж бодоод байгаа юм
- Мэдэхгүй, Урнаагийн юу нь болохгүй байгааг л ойлгохгүй байна. Ядуу айлын хүүхэд үү, бааранд бүжиглэдэг нь үү!!!
- Урнаа чинь тайчдаг байсан юмуу?
- Одоо больсон л доо. Яг ч тайчдаг нь бишээ
- Тэгвэл асуудалгүй л баймаар юм. Би уг нь танай аав, ээж хоёрыг боловсрол өндөр, их ухамсартай улс гэж битүүхэн үнэлж явдаг юм ш дээ
- Харин би бас тэгж бодоод Урнаагаа танилцуулсан чинь буруудчихлаа. Одоо яасан нь дээр вэ?
- За ёстой мэдэх юм алга, наад хайр сэтгэлийг чинь
- Би ямарч байсан сална гэж байхгүй. Тэр хоёр гэнэт хэлээд цочирдсон ч байж магад. Хэсэг хугацааны дараа тайвширахаараа гайгүй болох болов уу...
- Болдоо минь дээ, Болдоо минь...чи ч уг нь ийм хүн биш дээ. Энэ хайр сэтгэлээ гэж хүнийг орвонгоор нь эргүүлчих юм даа. Ийм болохоор нь би хайрыг үзэн яддаг юм
Болдоо дахин хундагатайгаа хөнтөрөөд хэсэг сууж байснаа Урнааг тосч авахаар гарлаа.
Урнаа тэр өдөр ажил дээрээ нэг л дуу муутай байв. Тэрээр хэцүүхэн байж магад гэж бодсон ч арай ч ингэж бараг шахуу хөөгдөнө гэж бодсонгүй. Өөрийнхөө хувь заяанд гутарсан ч хайртай залуугаа хэрхэн зовж байгааг харахаар түүнээсээ өөрөө ч холдчихмоор юм шиг санагдсан удаатай. Ажлаа хийсэн болоод гараад иртэл үүдэнд нь Болдоо нэг л гуниглангүй инээмсэглэн зогсож байв. Тэр хоёр нэг их ч юм ярьсангүй. Тодорхой зорилгогүй алхаж байснаа Доогийруу утасдан очлоо хэмээн зөвшөөрөл аваад тэднийхрүү хамтдаа явлаа. Энэ орой гурван найз ёстой наргих шиг болов. Болдоо байн байн санаа алдан Урнаагаа үнсэн эрхлүүлсээр.
- Та хоёр чинь харин ёстой ядаргаатай нялуун улс байна даа
- Хэ хэ хэ...манай Болдоо их нялуун, зөөлөн хүн ш дээ. Би ч хүн хар үнсэж эрхлүүлэхдээ жаахан тааруу...гэтэл Болдоо хэлээ зажлан хөлөмцүү ч гэлээ асар их хайр гэрэлтсэн нүдээр өөдөөс нь ширтээд
- Харахаар л хайр хүрээд эгдүүтэй байдаг юм чинь. Яадаг юм би насан туршдаа үнссэн ч ханахгүй ээ
- Ха ха ха...за үнсэлцээ үнсэлц муусайн үнсэлцмэрүүд зүгээр. За энэ яахав та хоёр тэгээд цаашдаа яаая гэж бодож байна даа
- Тэр чинь л толгой өвтгөж байна. Ямар ч байсан би ээжтэй дахиад яриад үзнэ дээ. Тэгэхдээ одоо биш. Нээрээ Доогий бид хоёр танайд хэд хоног амьдарч болох уу. Жаахан айлгаж байгаад буулгаад авъя
- Хүүе яаж болдог юм бэ. Ээж аав чинь бүр гөжчихвөл бид хоёрт л хэцүү ш дээ хайраа
- Үгүй дээ, хайр нь тэр хоёрыг мэдэж байна. Ганц хүүгийнхээ бүх юмыг хорьсон улс, одоо хайр сэтгэлийг нь зогсоовол хүүхэдгүй болно гэсэн үг
- Ээ мэдэхгүй Болдоо минь, юу сайхан дур сайхан. Тэгэхдээ өнөөдөртөө чиний хувьд хангалттай. Одоо эртхэн унтацгаая, би ганцаараа хүн дургүйцэх юу байхав, гэж хэлээд Доогий тэр хоёрт нөмрөх юм өгөөд унтахаар явлаа. Урнаа бие засчихаад иртэл Болдоо доошоо харан толгойгоо шаан сууж байснаа хөлний чимээнээр өндийн босч ирээд: Би чамд хайртай хайрт минь, юу ч тохиолдсон намайгаа битгий орхиороо гээд түүнийг өвөр дээрээ татан суулгангаа хун цагаан хүзүүн дээр нь зөөлөн үнслээ. Урнаа хариуд нь: Тиймээ би ч гэсэн чамдаа хайртай, тэгэхдээ чамайгаа би зовоомооргүй байна гэж шивнэн хамаг биеэрээ наалдан арагшаа гэдийлээ. Болдоо хүзүүнээс нь доошлон цамцных нь товчыг яаралгүй нэг нэгээр нь тайлангаа цээжин дээр нь уруул салгалгүй гүйлгэн үнссээр хөхийг нь гарган шуналтай нь аргагүй толгойг нь эрвэгнүүлэн хөхлөө. Урнаа ч аяархан гиншин байж ядан өөдөөс нь хөдлөнгөө нурууг нь зөөлөн базалж, мөрөн дээр нь шимж байлаа. Хоёулаа юунд ч яарсангүй алгуур нэг нэгнийхээ цамцыг тайлангаа амьсгаа ч авах сөхөөгүй үнсэлдэцгээнэ. Хаана л уруул хүрч болох бүх л газарт зогсоо зайгүй үнсэн, илбэн таалсаар.... янагын амтанд хамтдаа умбалаа.
Болдоо Урнаагынхаа хөлсийг арчингаа: Хайр нь маргааш ер нь харьж тэр хоёртой ярилцъя. Хэрэв үгүй гэвэл эртхэн асуудлаа шийдмээр байна. Би өглөө бүр чинийхээ гэрэлтсэн царайг харж сэрмээр байна, унтах бүрдээ халуунхан биеийг чинь тэвэрч баймаар байна. Чи минь тайван ажлаа хийгээд, намайг хүлээж байгаарай. Хайр нь очоод л чамайгаа авна
- Хэрвээ чи ирэхгүй бол би яах болж байна
- Би ирнэ ээ, заавал чам дээрээ очно. Энэ шөнө тэр хоёр цурам хийсэнгүй элдэвийг ярилцсаар өглөө саллаа. Болдоо Урнааг гэрт нь хүргэж өгчихөөд өөрөө харьж орой болтол гээд усанд ороод унтав.
Зандан ширээгээ шаан босч ирээд хүйтэн хөндий дуугаар:
- Үгүй, үгүй гэж би чамд хүний хэлээр хэлж байна, ойлгож байна уу чи. Намайг амьд байхад та хоёр гэрлэнэ гэж битгий сана. Чи тэрийгээ хэн гэдгийг мэдэж байна уу ер нь? Хэнийгээ дуурайхаараа ийм илжиг шиг зөрүүд, тэнэг хүүхэд гардаг байнаа....хэмээн хашгичав. Оюунаа дунд нь яах учраа олохгүй
- Миний хүү сайн бод л доо...битгий өөрийнхөөрөө зүтгээд бай
- Яагаад болохгүй гэж. Юу нь та хоёрт таалагдахгүй байгаа юм. Ядуу амьдрал нь уу?...
- Битгий олон юм ярь чи. Юу юу ч үгүй байж юундаа тэгтэлээ хүнтэй суухыг яараад байгаа юм...одоо байтлаа өөдөөс цор цор гээд их юм ярьдаг болох нь. Ямар ч байсан үгүй. Маргаашаас эхлээд их сургуулийн босго алхтлаа чи энэ гэрээс гарахгүй гэж мэд. Энэнд нэг ч төгрөг битгий өг. Бас гэрээс гаргаж болохгүй. Яасан овоо юм сурч байна гэнээ, муу хүнтэй нөхөрлөөд ааш аяг нь хүртэл эвдэрч, одоо байтлаа эцэг эхийнхээ өөдөөс олон юм ярьдаг болох нь. Тэгж ч би чамайг давраахгүй шүү, эцэг чинь л юм бол гээд муухай хараад ширээн дээрх сэтгүүлийг авч Болдоогийн өөдөөс шидээд өрөөнөөс гарлаа. Ээж нь гуйх учирлах нүдээр өөдөөс нь харан
- Миний хүү...гээд толгойг нь илэх гэтэл Болдоо гарыг нь түлхэж хаяад мөн өрөөнөөс гарлаа. Тэрээр өрөөндөө орон хаалгаа дотроосоо түгжин орон дээр толгойгоо салаавчлан хэвтээд өөрийн эрхгүй уйлж байлаа. Түүний өмнө хоёр л сонголт байдаг. Нэг бол эцэг эхээ, нэг бол хайр сэтгэлээ. Зөндөө бодлоо. Яагаад!!!....хэмээх ганцхан бодол түүнийг ээрнэ. Тэрээр удаан бодсоны эцэст шанхыг нь даган урсах нулимсаа нэг шуударч арчаад " Ямарч байсан эцэсээ хүртэл тэмцэнэ. Би чамдаа амалсан, тийм болохоор жаахан хүүхэд шиг ингээд уйлаад байж болохгүй. Чи минь итгэлээ алдахгүй намайг хүлээж байгаарай, би заавал чам дээрээ очих болно"....тэрээр ингэж бодоод аав ээжтэйгээ тэмцэхээр шийдлээ.
Тэр өдрөөс хойш Болдоо тэрүүхэндээ өлсгөлөн зарлав. Аав нь юу ч дуугарсангүй, ээж нь л наана цаана нь гаран уйлж нэг, аргадаж нэг загнаж нэг үзнэ. Эрдэнээ Болдоо ахыгаа хэд хоног харагдахгүй болохоор гайхан гэрт нь очин асуувал Оюунаа эгч ах нь байхгүй байгаа гээд уулзуулсангүй. Болдоо ах нь ч тэр, Урнаа эгч нь ч тэр харагдахгүй өдөр хоногууд нэг л сонин цаанаа л нэг юм дутуу юм шиг өнгөрсөөр.
Болдоо иймэрхүү байдалтай 3 хонов. Оюунаа гадагшаа гарах гэснээ байх байхгүйд хүү нь яачих ч юм билээ гэж бодоод яг хажууд нь ийнхүү хамт байхдаа ёстой л нөгөө шар махтайгаа хатна гээч нь болов. Тэрээр гурав дахь өдрийн орой зориг гарган Занданг ирэхэд нь ярьж үзэхээр шийдэн
- Хөгшөөн...гээд юм хэлэх гэтэл өөрийн эрхгүй эхэр татаад уйлчихав. Зандан ерөнхийд нь гадарлаж байсан ч түрүүлж ам нээлгүй чимээгүй хоолоо идсээр.
- Өвгөөн, энэ хүүхэд гурван хоног юу ч идсэнгүй, жаахан уян хандъя л даа
- Хохь нь, хэн амыг нь барьж, хоолыг нь хассан юм. Өөрөө өөрийгөө зовоож л байг, тэгж байж ойлгох гээд байгаа юмуу
- Тийм л дээ, тэгэхдээ тэр охины ч буруу гэж юу байхав. Манайх ганц хүүтэй, түүнийхээ эхнэрийг аваад явчих байлгүй дээ...гэтэл Зандан өөдөөс нь аймшигтай хурцаар хараад
- Чи тэгээд манай бэр гээд гадаад эрчүүдийн доор хэвтэж гайгүй сайн алдар хүртсэн хүүхнийг бэрээ гэж танилцуулахдаа сайхан байж чадах уу
- Айн...үгүй байлгүй дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ хө?
- Би мэддэг болоод хэлж байна. Анхандаа хүн андуурч байгаа байлгүй гээд тэгэс гээд өнгөрөөж байсан. Харин дараа нь би ажлынхантай нэг газар сууж байтал тэнд бүжиглэж байсан охиныг хараад манай төслийн герман ажилтан уулздаг хэмээсэн. Би нэг их санаанд оролгүй анзаараагүй байж байсан чинь нөгөө залуу босч явсанаа одоо манай энэ тэнэгийн үхэх гээд байгаа хүүхнийг аваад ирсэн. Тэр чинь гадаадынхантай явалддаг алдартай янхан....мэдэв үү, одоо ойлгосон бол надад энэ талаар дахин нэг ч үг битгий дурс. Үнэндээ Оюунаад хэлэх үг олдсонгүй, амаа ангайн
- Ээ бурхан минь, энэ олон сайхан охид дотроос очиж очиж тиймийг нь олоод байхдаа яахав дээ гэснээ. Чамайг хараад юу гэж байна
- Юу гэдэг юм. Намайг таниагүй юм шиг л байна билээ. Эсвэл таньсан ч мэдэн будилсан юмуу. Арай ч ичих нүүрээ элгэндээ наачихаагүй бол таньчихаад хажууд тэгээд алцагнаад байхгүй биз. Би тэр бузар эмийг гэрийнхээ босгоор ч алхуулахаас ой гутаж байна.
- Нээрээ ч чамайг нэг удаа л харсан болохоор анзаараагүй ч байж болох юм. Болдоод би маргааш хэлж ойлгуулъя даа. Тэр хоёрын яриа үүгээр дуусав. Оюунаа хэрхэн яаж хүүдээ эвтэйхэн шиг хэлэх вэ хэмээн бодолд дарагдан хэвтсээр. Маргааш нь хүү нь бие засчихаад явж байхдаа үл ялиг гуйвасхийж байхыг хараад хажууд нь очин түшиж авах гэтэл тэрээр уцаарлангүй гараа авсанаа өрөөлүүгээ алхлаа. Оюунаа галын өрөө орон бушуухан аягахан зутан шөл хийгээд хар цайтай өрөөнд нь ортол орон дээр хэвтэх хүүгийнх нь царай цонхийн, нүд нь сүүмийн яг л үхчихсэн аятай гөлийн хэвтэнэ.
- Иш миний хүү, чи минь даанч яав даа, яагаад вэ...хүний амьдрал хичнээн баян гэдгийг мэдэх болоогүй гэж үү дээ хэмээн өөрийн эрхгүй нулимс дуслуулан бүлээн уруулаар хацар дээр нь үнстэл Болдоо инээмэр аядаад
- Ээжээ, би үхмээр байна...хэмээн ганцхан үг хэлэв. Оюунаа тээр хойно хяхтнан дуугарах хүүгийнхээ дууг сонсоод өөрийн эрхгүй хиртхийн цочлоо. Тэрүүхэн хооронд ямарч байсан хүүгээ аврах ёстой эхний ээлжинд хэмээн бодоод
- Миний хүү ээжийхээ үгэнд ганцхан удаа орчих. Чи минь хоол идээд босоод ир. Тэр үед чинь дахин ярилцаж үзье. Би аавтай чинь ч яръя. Чи дагуулаад ирсэн ч болно шүү дээ...гээд өөрийн мэдэлгүй нэг амьсгаагаар урсгав. Энэ л үгийг хүлээж байсан мэт Болдоо өөдөөс нь итгэл найдвар, энэрэл хайр, аврал, горьдлого тээсэн нүдээр ээжийгээ харан
- Нээрээ гэж үү ээжээ, та нээрээ надад туслах уу
- Тиймээ, тэгэлгүй яахав, ээж нь хүүдээ туслана. Харин миний хүү эхлээд энийг идчих
- Баярлалаа ээжээ...Болдоо хар цайнаас уун, зутанг идэж байхдаа хамаг биенийх нь хүйтэн хар хөлс нь цував. Тэрээр гарынхаа араар хөлсөө нэг шуударсанаа жаахан идээд ээжийнхээ өөдөөс яг л гэнэн нялх хүүхэд шиг баярласан нүдээр харангаа яаж баярлаж байгаагаа нууж ядна.
- Миний хүү жаахан аяар идээ...гээд алчуур авчиран хөлсийг нь арчиж өгөөд солих хуурай хувцас авч өгөв
- Ээжээ...аав та хоёрыг сууж байхад эмээ өвөө хоёр хэрвээ ингэж хорьж байсан бол та яах байсан бэ. Аав ч гэсэн уг нь өөрөө олуулаа бас л тарчиг амьдралтай байсан гэсэн. Таны хүчинд л дээшээ гарсан гэдэг биз дээ. Та нарын үед ч сайхан байж дээ. Баян ядуу гэж ялгахгүй, хайртай хүнтэйгээ суугаад, би ч азгүй ч үед төрчихсөн юмуу даа...
- Үгүй дээ хүү минь, юу гэж тэгж болох вэ....энэ хэдэн үгийг хэлж байхдаа Оюунаа маш ихээр биеэ барьж байлаа. Хүү нь хэг хийтэл зүүгээр хатгаад авсан аятай өнгөрсөн бүхнийг нь хөндсөнд тэрээр өөрийн эрхгүй зүрхээр нь хатгуулаад авав. Болдоо харин энэ бүхнийг анзаарсангүй яриагаа үргэлжлүүлэн
- Би Урнаадаа дэндүү хайртай ээжээ. Түүнтэйгээ хамт байхдаа л би инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалыг мэдэрдэг. Тэр минь ямар хөөрхөн инээдэг гээч. Бас надыг загнаж байгаа нь хүртэл хөөрхөн. Бид хоёр та хоёрт дараа болохгүй амьдрахыг хичээнээ. Хүү нь хичээлдээ явангаа ажил хийнэ. Урнаа минь хүүхдүүдээ хараад, бас би сургуульд сургана. Аавын тэр үхэн хатан хүсээд байгаа боловсролыг нь эзэмшүүлнэ. Та түүнтэй минь хамт байгаад ямар болохыг нь мэднэ. Оюунаа хүүгээ сэргээд ирсэнд багагүй санаа нь амарч
- За миний хүү хувцасаа сольчихоод жаахан амраад босоод ир...гээд духан дээр нь үнэрлээд өрөөнөөс гарахдаа энэ удаа өөрөө жаахан гуйвасхийж байлаа.
Тэрээр аягаа угаачихаад том өрөөндөө орон ном уншихаар хуудсыг нь сөхсөн ч хүүгийнх нь хэлсэн үг түүний сэтгэлийн тэр л мухарт үүрд далдлан хийсэн зүйлийг хөнджээ.
... Анх Зандантай бүжгэн дээр танилцаад түүний хөгжилтэй зан, сэргэлэн нүд, царайлаг төрхөнд өөрийн эрхгүй татагдаж билээ. Оюунаа тухайн үедээ аав нь худалдааны байгууллагад нилээн дээгүүр албан тушаал эрхэлдэг чинээлэг айлын хоёр охины бага нь гээд нилээн ч дураараа нэгэн байж. Хаана л бүжиг болно алгасахгүй нийлдэг хэдэн охидын хамт орон залуусын харцыг унагаж явсан ч өөрөө Занданд ингэж хөл алдан дурлана гэж зүүдлээ ч үгүй ёстой л хүрч боломгүй оргил гэдэг шиг л байж билээ. Зандан түүнийг зогсоо зайгүй эргүүлсээр өөрийн болгож чадсан аж. Тэрээр Зандандаа ухаангүй хайртай болж, түүнгүйгээр нэг ч өдөр амьдарч чадахгүй болсон тэр л үед түүнээсээ хөл хүндтэй болсоноо мэдсэн юм. Аав нь ар гэрийг нь судалж үзээд, бас хар нялхаараа хүүхдэд дарагдаад гээд мөн л шууд зөвшөөрөөгүй. Харин ээж нь өмөөрсөөр нийлүүлсэн юм. Зандан ч сайн хүргэн болж, аавынх нь итгэлийг олохыг хичээсээр, хоног өдрүүд өнгөрсөөр аав нь Занданг овоо гайгүй нааштай үзэх болж, сэргэлэн авхаалжтай, аливаад мэдрэмжтэйг нь хэлдэг байсан ч цаагуураа охиндоо байнга санаа зовдог байлаа.
Тэгтэл хүү нь гараад 2 жил гарангийн дараа гэнэт нэг өдөр эхнэр нь гээд нэг хүүхэн тэднийд хүрээд ирэв. Зандан хөдөө ажиллаж байхдаа тэр хүүхэнтэй албан ёсоор бус ч гэлээ дэр нэгтгэж тоонот гэрт толгой холбон, тостой тогоонд хошуу дүрэн 4 жил гаран амьдрахдаа тэр хоёрын дундаас хөөрхөн охин гарсан юмсанж. Харин хүүхдээ гарсаны дараа даан удалгүй хот хүрээ бараадаж, амьдрал хуйгаа дээшлүүлье, чи эндээ хүлээж бай гэж яваад тэр чигтээ алга болчихсон гэнэ. Тэгсэн тэр хойгуураа Оюунаатай танилцааад амьдрал зохиочихсон байдаг. Оюунаа юу хэлэх яахаа мэдсэнгүй. Хүүхэн ч шүүхдэх гэхээр албан ёсны гэр бүл биш болохоор болохгүй байна. Тэгээд ч би тэр хүний тарыг таньсан болохоор надад өөр ярих юм алга, харин адилхан бүсгүй хүн байна хэнтэй амьдарч байгаагаа мэдээсэй гэж хэлэх гэж ирсэн гээд гараад явчихав. Орой нь үүнээс болж бөөн хэрэг мандав. Оюунаа омголон ч байж, дураараа ч байж уурлан хүүхдээ аван гэрлүүгээ очоод уйлан байж ээждээ бүгдийг нь ярьж байхыг аав нь сонсчихоод ёстой нөгөө дэлбэртлээ уурлана гээч болов.Зандан ирж зогсоо зайгүй уучлал хүсэн өөрийгөө зөвтгөн тайлбарлана. Аав нь цохиод авсан ч тэрээр хөдөлсөнгүй уучлал гуйн тэр л байрандаа суусаар. Эцэстээ бүгд бууж өгч Оюунаа хүүгээ аван харьж билээ. Аав нь эр хүний ёсоор уучилж өнгөрөөсөн.
     Аав нь бурхан болохынхоо өмнөхөн Оюунааг дуудан: Миний охин наад хүнээ зөв залаад явбал гайгүй л байх. Эр хүн нэг ухамсарлахаараа амьдралаа үрдэггүй юм. Намайг амьд байхад ч яахав. Надаас хойш л хэцүүдэх вий дээ миний охин. Өмөөрч хамгаалах ах дүүгүй хүн. Муу эгч, ээж хоёрын чинь үгийг тэр бүр дуулаад байх нь юу л бол. Одоо яаая гэхэв, чи өөрөө л сонгож, өөрөө л зүтгэсээр байгаад суусан хүн. Энэ амьдралаа энэ хэвээр нь авч явахад чамаас, эмэгтэй хүнээс их зүйл шалтгаална шүү. Одоо чи жаахан охин биш. Нөхөр чинь яаж ч аашилж байсан эмэгтэй хүн эхлээд хэзээ ч гэрээсээ түрүүлж гарч болдоггүй юм шүү. Тэр хэрээрээ чи өөрийнхөө үнэ цэнээ алдана гэсэн үг. За тэгэхдээ гайгүй байлгүй дээ. Охин минь одоо жаахан амьдралын ухаан сууна шүү. Аав нь хэд наслаа билээ. Энэ бие ойрдоо нэг л тааруу. Их ч юм бодоод, та нартаа зөндөө л юм хэлмээр санагдаад байдаг болж. Муу эхийгээ бага зовоож байгаарай. Бас гэр бүлийн жижиг сажиг аливаа асуудлаа хов зөөж байгаа хүүхэд шиг битгий хүн болгонд хэлж бай. Бид хэд яахав эрхээ биш ойлгоно. Өөр хүнд бол чи тэр хэрээрээ л амных нь зугааг бэлдэж өгч байна гэсэн үг. Чамайг сайн явж байхад хэн ч юу ч хэлэхгүй. Харин жаахан хазайгаад ирэхэд чинь эргээд үгээр чинь үг хийж, амыг чинь асуух хүн захаас аваад гарах байх шүү....хэмээн зөндөө юм хэлж билээ. Оюунаа аав юу яриад үхэх барих гээд байгаа юм бэ гээд хэлсэн бүгдийг нь тэр үедээ нэг их ойшоож үзээгүй, харин хэзээ хойно өнгөрсөн хойно нь тархируу нь харван орж, толгойг нь шааж билээ. Мөнхөд хажууд нь байж өмөг түшиг болох юм шиг санаж явсандаа харамсаж, өөрийгөө зүхэж билээ.
Зандан, Оюунаа хоёрыг аав нь чадлынхаа хэрээр тусалж дэмжиж байсан. Зандан ч өөрөө сайн хадмын буянд гайгүй нөлөө бүхий ажилд орж, уг хүн нь сэргэлэн болохоор дороо өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан билээ. Оюунаа ч гэрт суулгүй энэ л амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэсэн. Харин Зандан ааваас нь хойш ааш авир нь өөрчлөгдөн, түүнтэй нэг л хүйтэн, хөндий харьцах болж, хаяа нэг хонуут өнжүүт явдагч болов. Оюунаа нас ахихын хирээр хүүгээ бодон, мөн аавын захиасыг санан улаан нүүрээрээ халз тулж, нүдээрээ хараагүй цагт хэмээн өнгөрөөсөөр...
Тэгтэл одоо хүү нь ийм болчихдог. Гэвч тэрээр Урнааг яагаад ч хүлээж авч чадахгүй гэдгээ л мэдэж байлаа. " Хүү минь ээж нь чинийхээ л төлөө, чамайгаа сайн ханьтай учирч сайхан яваасай гэсэндээ л ингэж байгаа юм шүү дээ. Чи минь хэзээ нэгэн цагт ээжийгээ ойлгоноо"
*****
Болдоо овоо дуу шуу орон усанд орж, хүн шиг болоод ирэв. Зандан орой орж ирээд хүүгээ хараад юм хэлээгүй ч нүдээрээ таашааж буй нь илт. Тэр гурав ширээ тойрон суугаад хооллосон ч хэн нь ч юм дуугарсангүй. Хооллож дуусаад зурагт харан сууж байтал үүдний хонх дуугарав. Болдоо гүйж очин онгойлготол өөдөөс нь бүлцийж улцайсан, гуниглангүй нүдээр хараад Урнаа зогсож байх нь тэр....
Болдоо Урнааг гэнэт хүрээд ирсэнд гайхсан хэдий ч баяртай байлаа. Тэрээр үүдэндээ гарч түүнийгээ тэврээд уучлаарай гээд зогсож байтал цаанаас нь Оюунаа гарч ирээд
- Харанхуй шөнө эмэгтэй юм байж эр эргүүлж явахаас ичихгүй байна уу чи...
- Ээж болил доо, би байтлаа хүнтэй ч уулзаж болохгүй юу тээ
- За айл амьтан унтах гэж байхад хар шөнөөр хэрүүл хийгээд яахав, чи бушуухан явж үз, чамаас болж энэ гэр амгалан тайван байхаа болилоо. Урнаа ам нь хий ангалзан нулимс цийлэгнэсэн нүдээр Болдоог хараад дуугүйхэн эргэтэл тэрээр гараас нь татаж зогсоогоод хүлээж бай, хамт явъя гээд гутлаа өмсөхөөр орлоо. Тэгтэл ээж нь үүдэн дээр нь хөндөлсөн
- Би чамайг явуулахгүй, чи ичихгүй бол намайг эндээс түлхэж унагачихаад гараарай. Болдоо ээжийнхээ гараас барин холдуулах гэтэл Оюунаа гэнэт муухай чарлан: Чи одоо байтлаа эхийгээ энэ муу янхан хүүхнээс болж зодох нь уу айн...зод л доо чи яасан хүний мах барж ханадаггүй хүүхэд вэ хэмээн орилтол цаанаас Зандан гарч ирж шууд Болдоог цохиод унагачихав. Болдоо ч байдгаараа орилон
- Тэгвэл намайг яг одоо алаад өг, хайртай хүний минь нүдэн дээр та хоёр нийлж байгаад алаад өг хэмээн чарлана. Урнаа болж байгаа бүхнийг хараад юу ч хэлж чадахгүй
- Болдоо хайрт минь уучлаарай би уг нь...гээд цааш ярих гэтэл Оюунаа эргэж хараад Урнаагийн үснээс нь зулгаан чирж гэртээ оруулав. Болдоо
- Ээжээ та арай ч дээ, тавиач наад хүнээ гээд ухасхийтэл Зандан түүнийг дарж унагаад барьцалдаж авлаа. Оюунаа ч урд нь хэзээ ч ингэж байгаагүйгээр тэнхээ мэдэн чарлаж
- Хар даа чи, сайхан байна уу, эцэг хүү эх гуравыг ийм байдалтай байхыг хараад бах чинь ханаж байна уу, муу бузартай эм чи....гээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч Урнааг нүүр нүдгүй балбалаа. Урнаа ч гараас нь мултарахыг хичээн ноцолдож, Болдоо тэндээс хөл гараа савчин тийчилж муухай орилон босохыг оролдсон ч аавынхаа булиа биен доороос өндийж ч үл чадна.
Эрдэнээ найзуудтайгаа гадаа жаахан байж байгаад гэртээ ирэн орцоор ортол бөөн дуу чимээ угтав. Гайхан шатаар өгсөнгөө хэнийх нь ингэж аймаар зодолддог байнаа гээд зүрх нь хурдан хурдан цохилон юунд ч юм мэдэхгүй айдас төрөн явтал Болдоо ахынх нь хаалга онгорхой аймшигтай дүр зураг харагдаж байлаа. Тэрээр үүнийг хараад өөрийн эрхгүй хөшиж, байдгаараа айн хөдөлж ч чадсангүй. Түүний нүдний өмнө: Зандан ах Болдоо ахынх нь дээрээс дарчихсан, Болдоо ах нь яг л алуулж байгаа аятай байдгаараа орилчихсон, наана үүдэн дээр Оюунаа эгчийнх нь үс нь сэгсийн, дан дээлнийх нь нэг ханцуй урагдаад унжчихсан, Урнаатай ноцолдоод банзал, гичийгээр нь дуудаад, Урнаа дэргэд нь уйлчихсан чихнийхээ доороос эрүү хүртэлээ маажуулан, цус нь ч хатаж амжаагүй шанааг нь даган урсаад, даашинзных нь энгэр урагдчихсан Оюунаагаас зууран байдгаараа чарлан " Та нар чинь хүн юмуу адгуус юмуу" хэмээн цөхөрсөн шинжтэй бахирч байв.
Эрдэнээ энэ үед бяцхан ухаандаа Болдоо ах, Урнаа эгч хоёрыг нь алж байна гэж ойлгов. Угын номхон дөлгөөн урд нь хэзээ ч уурлаж байгаагүй Оюунаа эгчийгээ ийм байдалтай байгааг хараад хайртай ах эгч хоёрыг нь яг л алахаар шийдэж гээд бат итгэчихэв. Гэтэл энэ дуу чимээнээр Амгалан гэрээс гарч ирээд Эрдэнээг аван гэртээ оруулаад ээж нь одоохон гээд буцаж гарлаа. Ээжийгээ яваад ирэх хооронд хэдий хэр хугацаа өнгөрсөнийг бүү мэд.  Ямарч байсан Эрдэнээ яг л тэр суулгасан газар нь гөлийгөөд сууж байв. Амгалан Оюунааг тайвшируулдаад Урнааг гэрт нь хүргэж өгчихөөд иртэл хүү нь мэдрэлгүй шахуу сууж байгаад эмзэглэн Эрдэнээ миний хүү нааш ир дээ гээд өвөр дээрээ хэвтүүлэн түүнийг тайвшируулахыг оролдлоо. Тэрээр ээжийнхээ өвдөгийг дэрлэн эхэр татан уйлж гарав. Эрдэнээ урд нь ийм зодоон харах нь бүү хэл хэрүүлч сонсож явсангүй. Ээж, аав хоёрынхоо хэрэлдэж байхыг хараагүй арван хэдхэн настай хүүхэд гүн цочролд орох нь тэр. Ийнхүү хэсэг уйлж байгаад ээжийнхээ өвөр дээр унтчихсан аж. Амгалан нөхрөө дуудан хүүгээ орон дээр нь тавиад өрөөнийх нь гэрлийг унтраагаад гарлаа.  Эрдэнээ хар даран аав ээж хоёрыгоо зодолдон нэгийгээ алж байна хэмээн зүүдлээд муухай чарлан, зочин сэртэл ээж нь хүрч ирээд түүнийг дагуулан хөлдөө унтуулав. Эрдэнээ тэр шөнөжингөө дав давхийн цочиж, зүүдэндээ яраглан хоноход аав, ээж хоёр нь ээлжлэн аргадаж байлаа.
- Амгалан минь хоёулаа хүүгээ хэтэрхий зөөлөн өсгөөд байна уу даа
- Харин л дээ хөгшин минь, амьдралын хар цагааныг ялгахгүй хэтэрхий нялхамсуу болж байх шиг байна
- Уг нь арван хэдтэй баньд чинь иймэрхүү хэрүүл уруулыг хараад ингэтлээ цочирдоод баймааргүй юм
- Үгүй тэгээд хүүхдэдээ юм үзүүлнэ гээд хоёулаа хэрэлдэж, зодолдолтой нь биш, энэ Урнааг энэ хоёр арай л дэндүүлээд байх шиг санагдах юм
- За Амгалан минь айл гэрийн дотоод хэрэгт чи бид хоёр хошуу дүрээд яахав. Би Занданг бас ч гэж тодорхой хэмжээгээр мэднэ. Яагаад ч болохгүй болоод л тэгж байгаа байх. Одооны хүүхдүүд осолтой болсон гэсэн. Амар хялбар амьдрал хайгаад, болж л өгвөл бэлэнчлэх гээд, ер нь хүний мөс чанар, үнэн сэтгэл буураад байна уу даа, чи бид хоёр ч хүнийг хэлэлт байхгүй, манай энэ хүү бас ямар юм дагуулж ирээд яаж явахыг мэдэхгүй хө. Одоо балчир байгаа ч гэсэн юу байхав, чи бид хоёрыг унтаж сэрээд явж байтал бас л нэг ийм өдөр ирэхийг үгүйсгэх арга алга даа. Хэн ч гэсэн гарал үүсэл, удам угсааг нь харна. Харин манай хоёр яагаад зодоон нүдээндээ тулав. Ер нь хоёулаа хүүдээ амьдралыг үргэлж өнгөлөг талаас нь харуулж, алив болохгүй юмыг нууж байхаа болъё. Энэ хүү нийгэм дунд энэ чигээрээ яваад орвол дороо хөлд нь чирэгдэнэ. Чи минь битгий одоо эрхлүүлээд бай. Жаахан бодит амьдрал уруу оруулна байгаа
- Хэцүү ч юмаа даа. Чиний минь ч зөв байх. Хүүхэд хүмүүжүүлж, хүнээр хүн хийнэ гэдэг чинь л хамгийн хэцүү бөгөөд, хариуцлагатай, хүнд анзаарагдамгүй хирнээ, анзаарч явахаас өөр аргагүй ярвигтай зүйлийн нэг байна даа....ийнхүү тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар унтацгаав.
Эрдэнээ маргааш нь өрөөндөө байж байтал гаднаас Сайн уу гэсээр Оюунаа эгч нь ирэх дуулдав. Тэрээр ээжтэй нь галын өрөөнд суун ямар нэг зүйлийг ярилцана. Эрдэнээ харин яагаад ч юм айн, орныхоо урд нугдайн суулаа.
- Амгалан минь өчигдөрийн явдалд уучлаарай, энэ хүүхдээс болж бид хоёр ч галзуурах нь ээ
- Надаас уучлал гуйх юу байхав дээ хө. Би Урнааг хүргэж өгчихөөд иртэл хүү минь байдгаараа айчихсан яг суусан газраа гөлийгөөд сууж байсан
- Ээ харлаа, тийм үү, Эрдэнээ минь харчихсан хэрэг үү?
- Гаднаас ирж яваад хараад шоконд орчихсон байна лээ. Манай хүү чинь хүнээс чангахан үг сонсож байгаагүй болохоор, шөнөжин хар дараад, цочоод унтсангүй
- Баларсан юм бэ, за би юу ч болсон орж аргадаадхье хө гээд Оюунаа Эрдэнээгийн өрөөлүү явлаа. Тэрээр хаалгыг нь зөөлөн тогшин Эрдэнээ Оюунаа эгч нь байна уучлаарай гэсээр онгойлгон оров. Харин Эрдэнээ Оюунааг хараад өчигдөрийн байдал шууд бодогдон түүнийг алах гэж байна хэмээн санагдаад байдгаараа орилон гартаа тааралдсан зүйлээ шидэж гарав. Оюунаа ч бушуухан өрөөнөөс гарч. Муу хүүгээс минь ялгаагүй хүүгээ ингэж айлгах гэж. Би тэгж байгаад хэд хоногоос тайвширахаар нь ороод ирье дээ.
Эрдэнээ хичээлдээ явсан болоод нөгөө цовоо цолгин байдал ч алга болсон байв. Түүнээс хэд хоногийн дараа мөн л гэртээ байж байтал Оюунаа эгч нь тор дүүрэн түүний дуртай мандариныг авчиран уучлаарай эгчийгээ гээд аргадангуй өгтөл Эрдэнээ авсангүй. Тэрээр бодохдоо " Урнаа эгч тэр өдрөөс хойш харагдсангүй эд нар түүнийг алчихаж, яагаад гэвэл Болдоо ах ч гэсэн нэг л дуугай гунигтай болчихсон юм чинь, ээж хүртэл хуйвалдсан байна, та нар муухай томчууд....Тийм болохоор би энэ жимсийг авахгүй, намайг хахуульдана гэж бүү горьд хэмээн бодож, хөмхийгөө зууж байлаа " Амгалан санаа нь зовон: Миний хүү хүн юм өгч байхад аваач хэмээн ятгаж байж авхуулав. Эрдэнээ мандаринд үнэхээр дуртай боловч нэгийг ч идсэнгүй, гараад явахаар нь ээждээ өгчихөөд өрөөндөө орон гомдол, цөхрөлөө дарж ядан суулаа.
 Энэ явдалаас хойш шинэ жил болтол Эрдэнээ тэднийхээр орсонгүй. Аргагүйн эрхэнд ээж, аавыгаа даган тэр нэг өдөр хулган байж бишүүрхэнгүй орлоо. Урд нь ороход нэг л дотно байдаг айл нь түүнд хүйт даан алуурчид хэмээх бодолд ороогдон биеэ бариад нэг л биш байв. Уг нь цагаан сар бүрээр Эрдэнээ тэдний жаварыг үргээж дуу дуулж өгдөг. Эхний бадагаа дуулаад дуусангуут нь Болдоо ах нь үргэлжлүүлээд түрээд авдаг байв. Харин Болдоо Эрдэнээгийнд орж жаварыг нь үргээн дуу дуулж өгнө. Тэр хоёр хэдий ямар ч хамааралгүй боловч яг л төрсөн ах дүүс шиг хоорондоо адилхан хэмээн найз нөхдөөс эхлээд эцэг эхчүүд нь хүртэл хэлдэг аж.
     Тэр нэгэн явдалаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. 1990-ээд оны эхээр юм ховордож картын бараанд орон улс даяараа гүн цочролд орсон тэр л жилүүдэд Болдоо балгах дуртай болов. Урнаа нэг ч удаа тэднийхээр бүү хэл тэр хавиар дахин үзэгдээгүй бөгөөд Болдоо сургууль соёлд ч оролгүй өөрийгөө гаргуунд нь хаялаа. Ховор байхад хаанаасаа олчихдог байнаа гэмээр л хэзээний архи олоод уучихсан байдаг байв. Тэгэхдээ тэрээр хэзээ ч муу хувцастай гундуу явдаггүй аж. Харин түүнээс баяр баясгалан, инээд хөөр, амьдралын тэмүүлэл бүгд хийсэн оджээ.
Эрдэнээтэй эртхэн таарвал уух нь харьцангуй гайгүй. Эрдэнээ хаа холоос харчихаад Болдоо ахаа гээд гүйгээд очиход түүнийг үргэлж инээмсэглэн угтдаг байв. Тэгээд тэр хоёр хамтдаа бүжиглэж гарна. Болдоо хэзээдээ хаанаас сурчихдаг юм гэмээр шинэ гарсан бүх бүжгийг аль хэдийн сурчихсан байдаг. Тэр үед рэп бүжиг моодонд орж байсан болохоор Эрдэнээд зааж өгч, хамтдаа хөлсөө гартал бүжиглэж байхдаа л жаахан ч атугаа жаргалыг амсдаг болов уу гэмээр царай нь туяараад ирнэ. Болдоо нэг удаа согтуу Эрдэнээтэй тааралдав. Тэрээр Эрдэнээг түшин анх удаа тэгэхэд ихээр уйлж билээ. Эрдэнээ яах ухаанаа олохгүй дэмий л хань бараа болон хажууд нь сууна. Болдоо хэсэг уйлж байснаа тамхи гарган асаагаад:  Эрдэнээ ах нь гэж нэг ийм л хүн болчихлоо доо. Би Урнаадаа хайртай. Даанч хэн ч намайг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй. Сүүлд нь Урнаа хүртэл надаас явсан. Би ч өөдгүй хульчгар эр дээ. Түүн дээрээ очихыг хичнээн хүссэн ч дэндүү гомдсон байх гэхээс өөрийгөө зүхэх юм. Надад энэ хорвоо дээр амьдрах хүсэл алга, хоргодоод байх ч юм алга...
...Эрдэнээ энэ бүхнийг санаад нэгэнтээ санаа алдаад дахин вискигээ нэмлээ. Тэрээр одоо хэрэв байсан бол Болдоо ахынхаа мөрийг алгадаад: " Сэтгэлээр бүү уна ах минь, дэлхий ертөнц бидний өмнө хаалгаа нээж байна, хүний амьдрал баялаг шүү дээ. Санаж явбал нэг л өдөр учирах болно" гэж хэлэх байсан биз. Тэрээр цагаа харвал шөнийн 03 цаг болж байлаа. Тэгсэн ч түүний нойр нэгэнтээ хулжжээ. Тэрээр дахин нэг тамхи асаагаад эргээд бодолдоо орлоо...
Эрдэнээ нэг өдөр хичээлээ тараад гараад иртэл Урнаа эгч нь түүнийг хүлээж зогсов. Тэрээр олон ч юм ярьсангүй Болдоо ахдаа өгчихөөрэй хэмээн нэг захиа өгөөд чимээгүйхэн цаашаа явсансан. Эрдэнээ яагаад ч юм хайртай ахыг нь хаяад алга болсонд Урнаад жаахан хэгжүүрхэнгүй байв. Тэрээр орцондоо ороод сониуч зан нь дийлэн Болдоог хүлээж ядахдаа нөгөө захиаг нь аль хэдийн дэлгээд уншиж эхлэв.
<<  Сайн байна уу хайрт минь. Хэл чимээгүй удаан алга болсонд уучлаарай. Чи бид хоёрт шийдэх амин чухал асуудал байна. Чи минь наддаа хайртай чинь үнэн байгаад, одоо болтол тэр сэтгэл чинь хэвээрээ бол чи эр хүний цэвэр хатуужил заагаад хүрээд ирээч дээ. Хоёулаа х.... >>  гээд цааш унших гэтэл захиаг нь нэг хүн булаагаад авчихав. Гайхан хартал тэдний орцны Сувдаа хэмээх Болдоо ахыг нь байнга эргүүлдэг эгч зогсож байх нь тэр. Сувдаа Болдоод үнэхээр сайн бөгөөд Эрдэнээ ч гэсэн Урнааг явсанаас хойш Болдоо ахыгаа Сувдаатай үерхээсэй гэж их хүсдэг байж билээ.
- Хүүе та яаж байнаа, наадах чинь Болдоо ахад өгөх захиа
- За эгч нь өгчихье, нууцаар өгөхгүй бол чи Оюунаа эгчийгээ мэдэж байгаа биз дээ
- Аанхан, тэгвэл та өгчихөөрэй, би найдлаа шүү гээд нэг л их том хүн шиг хэлээд яваад өгөв.
...Эрдэнээ толгойгоо шаан нүднээсээ урсах нулимсаа арчаад: Би гэж яагаад тиймхэн зүйлийг ойлгохгүй, хайр гэдгийг мэддэггүй байсан юм бэ. Хэрвээ тэр үед тэр захиаг би өөрөө өгчихсөн бол өдийд бүх зүйл өөр ч байх байсан юм билүү,  болдогсон бол цаг хугацааг нэг удаа ч болов ухраахсан хэмээгээд тамхинаасаа шуналтайяа сорон утааг нь үлээнгээ хүйтэн вискинээсээ нэгэнтээ балган тэртээх он жилүүдэд буцан очлоо...
Болдоо архинд нилээн гүнзгий орсон тэр л өдрүүдийн нэгэнд хороололын тэнд Эрдэнээ Урнаатай санамсаргүй тааралдчихав.
- Сайн уу Эрдэнээ
- Сайн та сайн уу...ингэж хэлээд Эрдэнээ Урнааг ажиглав. Тэрээр жаахан ядруу ч гэлээ улам хөөрхөн болсон мэт. Харин түүний хажууд үл ойлгогдох юм шулганан явах шар толгойтой бяцхан хүүг хараад яагаад ч юм 13 настай Эрдэнээ хүүгийн уур нь хүрээд ирэв. Тэрээр дотроо Урнаа эгч ёстой муухай хүн юм, Болдоо ахаас яваад өөр хүний хүүхэд гаргачихсан юм байна. Тэгээд Болдоо ах архинд орж, тэгж ч таньд ахынхаа мууг үзүүлэхгүй шүү хэмээн  бодоод явах гэтэл Урнаа сулхан дуугаар
- Ах нь сайн уу хэмээн асуув
- Сайн байгаа, манай ах чинь угаасаа мундаг хүн юм чинь юу гэж муу байдаг юм
- Тийм дээ, эхнэр авсан уу
- Мэдэхгүй...баяртай гэж хэлээд Эрдэнээ бушуухан тэр хоёрыг орхин явлаа.
...Одоо бодоод байхнээ хэрвээ тэр үед Болдоо ахыгаа архинд орсон гэж хэлсэн бол Урнаа эгч нь эргээд очих ч байсан юм билүү. Ер нь хожимдсон гэмшил хэнд хэрэгтэй юм, одоо нэгэнт өнгөрсөн юмыг тэгдэг байж гэж бодоод ч яах юм. Гэвч болохгүй юм. Хэрвээ өөрсдөө яриад, эв зүйгээ олчихсон бол нэгэн жаргалтай гэр бүл байх ч байсан юм билүү. Амьдралаа гэж...
Эрдэнээ яагаад ч юм Урнаатай таарсанаа түүний хүүхдийн талаар Болдоод нэг ч үг хэлсэнгүй. Бодвол түүнээс болоод Болдоо ахыгаа алдчих вий ч гэж айсан юмуу. Эсвэл тэр нэгэн үеийн аймшигт дүр зураг нэвт үлдсэн болохоор чадаагүй юмуу ямартаа ч хэлсэнгүй. Харин нэг өдөр Болдоо ах нь бас л согтуу тааралдаад ярьж байгаад гэнэт: Ахын дүү, чи миний намайг гэсэн ганц хүн шүү, тэгэхээр миний дүү ах шигээ хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй сул дорой хүн битгий болоорой, хэзээ нэгэн цагт хайр сэтгэлтэй таарвал битгий алдаарай, оргоод ч гэсэн яваад өгөөрэй. Одоо ахад нь энэ хорвоод хоргодох юм байхгүй болсон. Чамд хэлмээр байсан зүйлсийнхээ заримыг нь санадаггүй. Би үнэндээ архи ууж тайвширсан үед л амьдардаг юм. Олон жил сэтгэлдээ уйлж явлаа. Унтаж байсан ч би зовж зүүдэлдэг. Зовлон гэж юу болохыг чи мэдэх үү? мэдэхгүй л дээ, хүн зовлонг өөрөө л бий болгодог юм байна. Ойлгож байна уу миний хэлж байгааг гээд сүүмийсэн нүдээр өөдөөс нь харсанаа үргэлжлүүлэн, хүнд хоргодох юм байхгүй болохоор үхэл өөрөө хүрээд ирдэг юм байна. Үхэл одоо байнга надтай зэрэгцэж явдаг. Ах нь ээждээ  хайртай, ээждээ маш их хайртай болохоороо ээжийгээ бодоод амьд явъя гэж хичээсэн ч болохгүй байна. Чи одоо жаахан хүүхэд биш шүү. 14 настай том залуу болж байна. Ахынхаа үгийг битгий мартаарай. Хэзээд чи миний цорын ганц дүү минь байх болно гээд дал мөрийг нь алгадав. Эрдэнээ уйлан:
- Таныг явчихвал би яах юм бэ...
- Намайг орлож чи үлдэх болно. Бид хоёр ах дүү хоёр гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Ээжийг минь сайн харж хандаж байгаарай...чи бид хоёр ах дүү хоёр шүү дээ...яг л төрсөн ах дүү л гэсэн үг гэж хэлж байхдаа түүний хоолой нь сааралтан нүд нь нэг л сонин болоод ирэв. Эрдэнээ яагаад ч юм уйлсаар. Болдоо хэсэг сууж байснаа
- За том болсон эр хүн хэзээ ингэж уйлж байсан юм. Одоо гэртээ ор. Ах нь жаахан сууж байгаад орлоо гээд духан дээр нь үнсээд явууллаа.
Түүнээс хэд хоногийн дараа Эрдэнээ хичээлээ тараад сурсанаараа гэртээ орохоос өмнө Болдоо ахындаа орохоор хонхыг нь дартал танихгүй хүн хаалга онгойлгож өгөв. Эрдэнээ тэр хүний харцнаас бүгдийг ойлголоо.
- Ахаа....Болдоо ахаа та хаана байнаа...хаана нуугдчихсан юм бэ хэмээн яг л галзуу хүн шиг орилон өрөөнд нь ортол тэрээр байсангүй, ахаа та яагаад намайг айлгаад байгаа юм бэ....ахаа... хэмээн тэрээр ухаан жолоогүй зүрх зүсэм орилсоор. Та ингэж болохгүй ээ...та намайг бас гэрээ санана ш дээ...та явж болохгүй ээ хэмээн орилон уйлсаар. Ээж нь хүрч ирэн авч явахыг ч тэрээр мэдсэнгүй. Харин Эрдэнээгийн хэлсэн үгнээс санаа авсан уу Зандан, Оюунаа хоёр хүүгийнхээ шарилыг гэртээ авчирахаар болов. Амгалан санаа зовон хүүгээ галзуурчих вий гэж үхтэлээ айж байлаа. Учир нь Оюунаа, Зандан, Эрдэнээ гурав шиг элий балай хүн энэ дунд байсангүй.
...Эрдэнээ босч бие засчихаад зургийн альбомоо гарган нэгийг хайсан бололтой нааш цааш эргүүлж байгаад Болдоо ахынхаа зургийг гаргаж удаан гэгч нь харлаа. Ах минь та магадгүй миний төөрсөн төрсөн ах минь байсан байх. Сайн хүн гэдэг цаанаа л нэг өөр байх юм даа. Та бид хоёр эсвэл нэг сүнс хувааж төрсөн юм болов уу, тэгээд та намайг үлдээхдээ миний сул дорой бүхнийг өөрөө аваад явсан юм шиг санагдах болж. Би гэдэг хүн одоо баргийн юмыг тэсээд, даваад гарах...өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй нэгэн болж чадсан нь та сайн бүхнээ надад үлдээгээд миний багын тэр л арчаагүй өрөвдөм сул бүхнийг минь өөрөө аваад явчихсан ч юм шиг санагдах юм...
Талийгаачийг гаргасаны хэд хоногийн дараа Эрдэнээ гэртээ байж байтал Оюунаа эгч нь нэг хайрцагтай юм барьсаар ороод ирэв. Тэрээр орж ирэнгүүтээ Эрдэнээг тэврэн авч: Миний хүү ээжийгээ уучлаарай....ээжийнх нь буруу уучлаарай хэмээн цурхиран уйлав. Оюунаад Эрдэнээ яг л Болдоо шиг харагдсанд ийнхүү биеэ барьж чадсангүй. Тэрээр хэсэг уйлж байгаад тайвширсаныхаа дараа нэгэнтээ санаа алдаад: Эрдэнээ минь эгчийгээ уучлаарай. Ямар адилхан харагдаваа. Миний дүү манайхаар орж гарч бай л даа. Эгч нь ахынх нь юмыг янзалж байгаад энэ хайрцагтайг оллоо гээд дээр нь Эрдэнээд хэмээн нямбайлан бичсэн нэг хайрцагыг захианы хамт өгөөд гарлаа. Эрдэнээ бушуухан захиаг дэлгэтэл наалтаасгүй бичгийн цаас гадуур нь сул ороочихсон байв. Тэрээр захиаг дэлгэн уншвал:
<< Сайн уу ахын дүү. Энэ захиаг хүлээн авах өдөр ах нь аль хэдийн амгалан нойрсчихсон байна. Чамд хэлмээр юм зөндөө байна гэж байсан даа. Даанч энэ согтуу толгойд санах юм бараг алга болж. Би их баяртай байгаа болохоор ахынхаа хойноос битгий гашуудаж уйлаарай. Харин ээжийг минь эргэж тойрч байхаа мартаагүй биз. Бас нэг зүйлийг аминчлан захихад хайртай хүнтэйгээ учирсан бол түүндээ үнэнч байж, учрах саад бүхнийг даван туулж, зөвхөн түүнийхээ л төлөө амьдарч яваарай. Харин хайртай хүнээ, түүнийхээ тухай хамгаас хайртай ээждээ ч битгий хэлж бай. Ээж чинь ойлгохгүй байхад өөр хэн чамайг ойлгох юм бэ. За дүү минь эр хүн шиг амьдрана шүү.
Жич: Энэ хайрцагтай зүйлийг Урнаа эгчдээ дамжуулчихаарай...баяртай     ах Болдоогоос >>
Эрдэнээ нэгэнтээ санаа алдсанаа тэр хайрцагтайг задлалгүй тэр чигт нь далд хийгээд: Болдоо ахаа би таны сүүлчийн хүсэлтийг заавал биелүүлнэ. Би дамжуулах болно таньд амлаж байна. Тэрээр маргааш нь Болдоо ахынхаа нийлдэг байсан Доогийтой уулзан Урнаагын ажлыг заалган очиж байхдаа зүрх нь хичнээн хүчтэй цохилж байгааг мэдэрлээ. Хайрцагтайгаа тас атган юу хэлэхээ мэдэхгүй хүлээж байтал хүмүүс ч эхнээсээ ирлээ. Урнаа харин харагдсангүй. Тэрээр хүлээж цөхөөд нэг хүүхнээс асуутал
- Урнаа аль хэдийн ажлаасаа гарчихсан. Тэр хүүхдээ аваад Герман залуутай суугаад Монголоос явчихсан дүү минь... Эрдэнээ сонссон үгэндээ гайхан цоирдон, Урнаа эгчээ та үнэхээр ийм хүн байсан гэж үү. Тэрээр итгэж чадахгүй байлаа. Энэ сацуу Болдоо ахынх нь бас л нэг согтуудаа хэлж байсан Урнаа эгчийг нь гадаадуудтай явалддаг гээд манай ээж, аав хоёр бодоод байгаа юм гэж хэлж байсан нь санаанд нь оров. Тэрээр тэндээс гараад яахаа мэдэхгүй байснаа, ямартаа ч тэр хайрцагыг эзэнд нь өгөх тэр өдрийг хүртэл нээхгүй байхаар шийдлээ.
Он цаг ээлжлэн солигдсоор. Эрдэнээ хоёр хөөрхөн ихэр дүүтэй болов. Ээж аав хоёр нь юм л бол түүнийг Зандангийнх уруу явуулах гэнэ. Эрдэнээ ч одоо жаахан хүүхэд биш болохоор боломж бололцоогоороо орж гарна. Сүүлийн үест Эрдэнээг орох тоолонд Оюунаа эгч нь ганцаарахнаа уйлчихсан сууж байдаг байв. Эрдэнээг ороод ирэнгүүт өөрийн эрхгүй баярлаж, түүнтэй ойр зуурын юм ярилцан, хүүгээ ярин идэх дуртай байсан хоолыг нь хийж өгөх гэнэ. Эрдэнээ сэтгэлийг нь бодож бас ахынхаа хэлсэнийг санан хүслээр нь байдаг байлаа. Тэрээр хоол хийн өөрөө өөртэйгээ ярих Оюунаа эгчийгээ анх удаа харж байгаа юм шиг анзаарлаа. Тэрээр ийм хурдан ингэж их хөгширсөнийг нь хараад гайхаж билээ. Нөгөө сайхан намбалаг, сүрлэг Оюунаа эгчээс нь юу ч харагдсангүй. Оюунаа ч нилээн мунгинуу болж барьсан тавьсанаа ч мэдэхгүй, харин байнга хүүгийнхээ тухай л ярьж өнжинө.
Эрдэнээ сурсанаараа Зандан ахындаа орохоор хонхыг нь дарах гэтэл өөдөөс нь Зандан чемодантай хувцас барин гарч ирэв. Тэрээр санаанд нь ч орсонгүй бас л нэг тийшээ явах гэж байна даа гэж бодоод туслах гэтэл Зандан дальдчин зүгээрээ ах нь өөрөө гээд түүний хацар дээр нь нэгэнтээ үнсээд өөр юу ч хэлэлгүй яваад өгөв. Эрдэнээ нэг орох гэснээ хамт явж байгаа биз гэж бодоод шууд гэрлүүгээ явлаа. Харин ээж, аав хоёрынхоо ярианаас Зандан өөр хүнтэй суухаар болоод гэрээсээ явсаныг мэдээд арай ч дээ хэмээн өөрийн эрхгүй хашгирч билээ.
Занданг явсанаас хойш Оюунаа хүн хартай ч уулзахаа болив. Нэг өдөр Эрдэнээг ороод иртэл тэрээр уйлсаар байгаад ширгэж хуурайшсан ямарч галгүй нүдээр өөдөөс нь ширтээд: Миний хүү аав нь буруугүй шүү, ээж нь чамайгаа л маш их санаж байна. Үр хүүхдийнхээ хойно орж ингэж амьдын там эдлэх гэж. Хэзээ хийсэн үйлийн үр болоод ингэж явах тавилантай байсан юм бол. Миний хүү ээж нь чамайг л санаад байна....хэмээн Эрдэнээг нүүр нүдгүй үнсэж гарав. Эрдэнээ хэсэг үнсүүлж байгаад Оюунаа эгчээ та халуун цай уух уу хэмээн асууж байхдаа зүрхэндээ уйлж билээ.
- Өө миний дүү юу. Үгүй ээ баярлалаа...харин чи эгчдээ ахтайгаа дуулдаг байсан дуугаа дуулж өгөөч. Эрдэнээ за гэсэн боловч яаж ч хүчлээд хоолой нь олигтой гарч өгсөнгүй тэрүүхэн тэндээ аялмар болж байлаа. Оюунаа харин сонсоод инээмсэглэж байснаа дуусангуут нь
- Баярлалаа хүү минь. Ёстой сайхан дотор онгойчихлоо гээд нээх сайхан инээмсэглэж билээ. Эрдэнээ маргааш нь жаахан оройтон иртэл Оюунаа эгч нь хаалгаа тайлсангүй, тэр өдрөө ч, маргааш нь ч, нөгөөдөр нь ч хаалгаа тайлсангүй. Гурав дах өдөр нь Эрдэнээд нэг л сонин муу совин татан аав ээж хоёртоо хэлтэл нэг их тоосонгүй. Зандан эмчилгээнд авч явна гэж байсан. Тийшээгээ явсан байлгүй гээд өнгөрөв. Эрдэнээ маргааш нь нэг л биш санагдаад болдоггүй хичээлээ таслаад Зандангийн компани уруу хар хурдаараа гүйж байлаа. Тэрээр замдаа Зандан ах битгий байгаасай...та ажил дээрээ битгий л байж байгаасай гэж залбирах нь холгүй байв. Эрдэнээ амьсгаадсаар өрөөнд нь орон амьсгаагаа дарж ядан үгээ зөөн
- Зандан а..ахаа Оюунаа эгч гурван хоног гэрээсээ гарсангүй, хаалгаа ч тайлсангүй...гэж хэлж дуусаагүй байтал Зандан юу хэмээн ухасхийн машинлуугаа гүйлээ. Эрдэнээ ч арайхийн амжин машинд нь суув. Зандан гэрлэн дохиог ч анзааралгүй араасаа машин сигнаалдуулан хар хурдаараа давхисаар гэртээ ортол Оюунаа Болдоогийн зургийг тэвэрсэн чигтээ өнгөрчихсөн байв. Зандан Эрдэнээг айчихна гээд гэртээ ороод байж бай хэмээн явуулаад өөрөө зохих газарт нь утасдан аль хэдийн бие нь хөрсөн эхнэрийнхээ шарилыг тэврэн цурхиран уйллаа. Түүнд хэлэх ч үг олдсонгүй тэнхэл ч байсангүй.
Ажил явдал дууссаны дараа Зандан гэрээ нэгэнтээ тойруулан харсанаа хүүхэд үнэхээр совинтой юмаа гэхээс өөрийг үл хэлэв.
Даан удалгүй Зандан байраа зарж тэндээс нүүлээ. Эрдэнээгийнх ч гэсэн тэндээс нүүв. Тэрээр хөдөлж буй машиныхаа цонхоор сүүлчийн удаа эргэн харвал, түүний хувьд мартагдашгүй олон сайхан дурсамжтай хэдий ч дэндүү их гуниг агуулсан тэр л орцны цэнхэр төмөр хаалга нугасаараа салсан бололтой салхины аясаар нааш цааш савлан баяртай хэмээн гуниг бүхнээ өөртөө үлдээе гэх шиг.
Эрдэнээ одоо нэг үеэ бодвол юмны наад цаадахыг ойлгохтойгоо болсон аж. Тэр нэг цагаан сараар аав нь түүнийг Зандан ахындаа очиж золго хэмээн явуулав. Анх ороход эвгүй байсан ч жавар үргээж дуу дуулаад өгөөч гэхэд нь өөрийн эрхгүй өрөвдөв. Эрдэнээ дуугаа дуулж эхэлхэд тэрээр уйлан байж сонсч билээ. Зандангийн сүүлд суусан эхнэр муу хүн байсангүй. Эрдэнээ тэднийд жил жилийн цагаан сараар очиж золгодог байлаа.
1998 оны зэвэргэн тэр нэг өдөр Зандангийн бие гэнэт муудлаа гэнэ хүү минь ханьдаа явъя хэмээн аав нь түүнийг шавдуулан хамтдаа гарлаа. Гэрт нь яваад ортол Зандан хэвтэрт орчихсон хоёр дагавар охин нь түүнийг өөрийн аав шиг тойлж байхыг хараад жаахан ч гэсэн сэтгэл нь уужрав. Тэрээр Эрдэнээг дуудан духан дээр нь үнэрлээд: Аавыгаа уучлаарай миний хүү, удахгүй гурвуулаа дахиад хамтдаа байнаа. Тэр үед өөрөөр жинхэнэ жаргалтай гэр бүл байж, хэзээ ч салахгүй  хамт байх болно. Та хоёр минь намайг харин уучлаарай гэж шивнэж байхыг Эрдэнээ хальтхан сонсоод нурууных нь хүйтэн хөлс гарав. Гарч ирээд аавдаа хэлтэл аав нь шүүрс алдсанаа: Эднийх минь яачих нь энэв дээ. Бурханы орондоо хамтдаа сайхан амьдрах биз дээ...гэхээс өөрийг хэлэлгүй замаа ширтэн явлаа. Удалгүй Зандан ах нь ч өнгөрч хоёр дагавар охин нь төрсөн эцгээ алдсан юм шиг гашуудаж байхыг харахаас өр эмтэрмээр болов. Хүний тавилан гэж, Зандангийнх хэмээн нэгэнтээ дутуу бүхэнгүй дүүрэн байсан айлаас одоо юу ч үлдсэнгүй дэндүү харамсалтай, дэндүү хатуу хорвоо юм даа.
****
...Эрдэнээ нулимсаа арчаад цонхон дээр очвол тэртээ дээр тэнгэрт содон гурван одыг тойроод олон жижиг од бөөгнөрсөн харагдана. Та гурав минь наанаа өнөр өтгөн жаргалтай байгаа байхдаа...
2000 оны зун Эрдэнээ хайрттайгаа хоёулаа жинхэн халуун хайрандаа шатан жаргалтай явж байтал Сувдаатай санамсаргүй тааралдчихав. Угаасаа жаахан халамцуу байсан тэрээр шууд Сувдаа уруу дайран
- Гичий минь чи тэр захиаг эзэнд нь өгчихгүй яасан юм бэ, тэгсэн бол өдийд тэр гэрийнхэн бүгд амьд байх байсан юм хэмээн...давшилав. Тэгтэл нөхөр нь цаанаас нь хүрч ирэн
- Чи муу гөлөг хэнийг гичийгээр нь дуудаад байгаа юм, хэмээн ханцуй шамлан дайрлаа. Эрдэнээ ч цөс нь хөөрөн үзвэл үзье, чам байтугаа цаадахаас нь айж байгаагүй... гээд өөдөөс нь дайртал Сувдаа нөхрөө нэг сайн алгадаж өгөөд чирж гулдчин хулмалзсаар цааш булан тойрон явлаа. Харин Эрдэнээ хойноос нь алуурчин....муу алуурчин хэмээн ухаан сүггүй орилсоор.
Тэрээр хашлага налан уйлсаар харин хайр нь хажууд нь бүлтэгнэн яах учраа олохгүй тайван тайван хэмээн дэмий л гарыг нь илэхээс хэтэрсэнгүй.
Цаг хугацаа гэж хурдан юм даа. Эрдэнээ сургуульд сурч, ажил хийн, амьдрал зохиож нилээн олон жилийг ардаа өнгөрөөсөн ч Урнааг цөхрөлтгүй хайсаар л. Тэрээр Урнаа гэдэг нэр сонсогдох тоолонд лавлан асууж, лавшруулдаг байлаа. Өвсөнд хаясан зүү шиг л ямарч сураггүй аль хэдийн 12 жил өнгөрчээ. Гэвч тэрээр цөхрөлтгүй хайсаар л. Интернэтэд булантай болж Урнаа гэдэг үе орсон л бол бүх хүмүүсийг судалж эрсээр, шалгаасаар л байв.
Гэтэл саяхан тэрээр эхнэр хүүхдээ дагуулан аавындаа очлоо. Хоёр дүү нь ч баярлан хүүтэй нь тоглон эрхлүүлж гарав. Эрдэнээ хүн нэмэгдсэн болов уу хэмээн үзэхээр асаастай компьютерийн ард очин суутал дүүгийнх нь найз бололтой hi гэсээр өөдөөс нь нэг хүн ороод ирэх нь тэр. Түүний нэр нь Ганболд Уранчимэг гэсэн байхыг Эрдэнээ яг л өлөн нүдтэй чоно шиг хоромын төдий гүйлгэж хараад дүүгээ дуудан хашгирлаа. Эрдэнээ дүүгээ шавдуулан Германд байдгийг нь мэдэнгүүтээ улам яаравчлан тэр найзтай нь ярин ээжтэй чинь адилхан нэртэй хүнийг хайж байгаа юм. Миний дүү надтай ямар нэг аргаар ээжийгээ холбоо бариулаач хэмээн утасныхаа дугаарыг өгөөд залгахыг нь тэсч ядан хүлээлээ.
Эрдэнээ өнөөдөр бүхэл бүтэн 12 жил хайсан хүнээ олж, хайртай ахынхаа сүүлчийн хүсэлтийг биелүүлж чадсандаа сэтгэл нь бага ч атугаа онгойсон ч цаанаа л нэг уйтай. Тэрээр гэртээ яагаад ч юм тогтож сууж ядан байтал утас нь дуугарав. Арай гэж бодохын сацуу зүрх нь хатгуулж сандарсан ч аль болох тайван дуугаар утасаа авлаа. Тиймээ тэр бол миний зогсоо зайгүй цуцалтгүй хайж байсан тэр л хүн байсан юм. Тэр хоёр инээхдээ инээж, уйлахдаа уйлсаар бараг найман цаг яриад эргэж холбогдоноо гээд сая нэг яриагаа дуусгав.
Тэрээр хүүгийнх нь зургийг үзвэл яг л Болдоо ах нь дүрээрээ байлаа. Урнаа хүүдээ Болдоогийнхоо нэрийг оруулан нэр өгчээ. Эрдэнээ энэ бүхнийг нэхэн санаад гүнээ шүүрс алдсанаа тэртээх тод гялалзах гурван одруугаа харан: Болдоо ах минь ээ таны удам тасраагүй байгаа шүү. хайртай дүү Эрдэнээ чинь хэмээн хамаг тэнхээгээрээ орилов.
                                                                                         
 Төгсөв.


БОЛЖМОР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ