Чингисийн төрсөн өдрийг тэмдэглэх нь төрийн солиорол
2013 оны 11 сарын 5
Чингисийн төрсөн өдрийг тэмдэглэх нь төрийн солиорол
Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1. Харин УИХ дахь олонхийг бүрдүүлэгч АН-ынхан энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилснаар өнөөдөр хоёр дахь өвлийн эхний сартай золгож байна. Нэг үгээр хэлбэл, Эзэн Чингисийнхээ шинэ төрсөн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа нь энэ.

Угтаа Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн эсэх нь одоо хэр эргэлзээтэй бий. Өнгөрсөн жил  Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ нь төрт ёсны хувьд томоохон зүйл байсан гарцаагүй. Гэвч Дэлхийн мянганы хүнээр тодорсон Чингис хааныхаа хорвоод мэндэлсэн сар, өдрийг өнөөг хүртэл албан ёсоор тодорхой болгож чадаагүй байхад өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн өдрийг нь тэмдэглэж байна гэсэн нь нэг талаар хийрхэл байсан гэхэд болно. Сурвалж бичгүүдэд Тэмүүжиний төрсөн өдрийг хоёр янзаар бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өвлийн болон зуны тэргүүн сар гэсэн хоёр хандлагаар бичиж үлдээсэн явдал бий. Тэр ч байтугай 1162 оны хар морин жилийн тавдугаар сарын 31-нд төрсөн гэж үзэж, монголчууд энэ өдрийг дагаж ирсэн нь саяхан.

Гэтэл Тэмүүжиний төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар тогтсон УИХ-аар гарсан ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн багтаад “Чингис хаан Тэмүүжин билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн төрсөн. Төрсөн газар нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байгаа Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдог” гэж заачихсан. Өөрөөр хэлбэл, олон эрдэмтэн Чингис хааны төрсөн өдрийн талаар маргалдаж, мэтгэлцдэг. Харин өнгөрсөн жил хэдэн эрдэмтэн гэв гэнэт “Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн” хэмээж, амаа үдүүлсэн мэт энэ асуудлаар маргахгүй болсон нь хачирхалтай. Гэхдээ маргах, маргахгүйдээ гол нь биш Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж тогтож, энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэж байхаар хуульчилсан явдал. Харин энэ байдалд олон дүгнэлт, гаргалаа бий ч “Чингисийн төрсөн өдрийг тэмдэглэх нь төрийн солирол” гэдэг тайлбар яалт ч үгүй анхаарал татаж байгаа юм. Монголчууд Чингис хааныхаа төрсөн өдөрт хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг. Гэвч Монголын төр нь Чингис хаанаар амьсгалж байхын оронд энэ хүнийхээ суу алдрыг хойч үеийнхэндээ бахдалтайгаар өвлөн үлдээх ажил хийж чадаж байна уу гэж асуумаар.
                              
    
С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив